Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2018/0229/Э |
Дугаар | 234 |
Огноо | 2018-03-14 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 234
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч Ж.М,
шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1808004750112 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 319 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян-Уулын 11-10 тоот хашааны гадна байсан иргэн Ж.Мын жолоодон явсан 19-85 УНИ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгсэл болон түүн доторх эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 4.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд:
шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян-Уулын 11-10 тоот хашааны гадна байсан иргэн Ж.Мын жолоодон явсан 19-85 УНИ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 4.360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4х/
Хохирогч Ж.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний 19:00 цагт ...өөрийн Тоёота Приус-10 маркийн 19-85 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон авга эгч Пэрлиймаагийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян-Уулын 11-10 тоот хашаанд ирсэн байсан. Шөнийн 01:00 цагийн үед гэртээ харих болоод ...хашааны гадаа байх машинаа асаагаад үлдээсэн. Миний машин 2 түлхүүртэй. Нэг түлхүүрээр нь машинаа асааж машиндаа үлдээгээд, нөгөө түлхүүрээрээ машинаа түгжээд авга эгчийндээ орсон. 10 орчим минутын дараа гараад иртэл миний машин алга болсон байсан. ...Ирсэн айлынхаа ахынхаа ахын машинд суугаар машинаа хайгаад явахад бараг 01 цагийн дараа Жанцангийн уулзвар гэх газарт миний машиныг нэг хүн уначихсан явж байхаар нь ахын машинаар урдуур нь орж зогсож хааж байгаад машинаа олж авсан. ...Тэгтэл машинд дотор нэг согтуу нөхөр пиво уучихсан явж байсан. ...Цагдаагийн хэлтсийн гадаа ирэхэд миний машины урд талын гупер хагарч будаг нь хуурсан байсан. Бас багаажид байсан аккумлятор алдагдсан. ...Мөн машины голын хайрцганд байсан хүний бичиг баримт болон 20.000 төгрөгийг авсан байсан. Цагдаа дээр ирсэн байхад түүний биеэс түрийвч гарч ирсэн мөртлөө түрийвчинд байсан 20.000 төгрөг гарч ирээгүй. Машина цагдаагаас тухайн үед хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Эд зүйл хураан авч, хүлээлгэ өгсөн тэмдэглэлд: “...хар өнгийн түрийвч 1 ширхэг, U money карт 1 ширхэг, Ц.Бямбацогтын жолооны үнэмлэх 1 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Г.Шгээс хураан авч, Ж.Мад хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 6х/
Гэрч Ц.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би гадуур явж байгаад гэр лүүгээ ирж байхад манай ээж над руу залгаад гэрийн гаднаас машинаа алдчихлаа гэж хэлж байсан. Тэгээд гэртээ ирэхэд Мөнхбатын машин нь байхгүй байсан ба миний машиныг аваад машинаа хайхаар явсан. Тэгээд шөнө дунд Мөнхбат машинаа олж ирээд авч явсан хүнийг нь цагдаад өгсөн гэж хэлж байсан. ...Манайх машиндаа шинэ аккумлятор авсан юм. Тэгээд хуучин машиндаа ашиглаж байсан аккумлятороо Мөнхбатад өгсөн. Би бараг тухайн хэрэг гарсан өдөр өгсөн санаж байна. Мөнхбат тухайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр машин нь асахгүй байхаар нь миний хуучин аккумляторыг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/
Эд зүйлийн үнэлгээ: Toyota Prius 10 маркийн автомашин - 4.200.000, урд гупер - 100.000 төгрөг, аккумлятор - 60.000 төгрөг, нийт 4.360.000 төгрөг /хх-ийн 21х/
Шүүгдэгч Г.Шгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 18:00 цагийн үед Баянхошууны Ногоончулуутад байдаг Баттулга гээд найзынхаа гэрт очоод ...гурвуулаа 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад тэднийхээс 20:00 цагийн үед гараад Баянхошууны эцсийн буудал дээр Өрнөл гэдэг дэлгүүрийн ард талд Болдоо гэдэг ангийн найзтайгаа тааралдаад дахиад нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад би харьлаа гээд салаад явсан. Тэгээд хадмынхаа гэр лүү буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 11-43 тоот руу харих гэж явж байснаа санаж байгаа юм, тэгээд би согтоод юу болсон талаар сайн санахгүй байгаа. Ямар ч байсан нэг мэдэхэд Жанцангаас 112 дугаар сургууль руу өгсөөд явж байхдаа ухаан ороод харахад хажуугаар цагаан машинтай хүн шахаж орж ирээд хөөе зогс гээд байхаар нь зогсоход 3 залуу намайг уг машинаас буулгаад яагаад машин аваад явчихав гэж хэлэхээр нь би мэдэхгүй байна уучлаарай гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд намайг авч явсан. Би Зүүнбаян-Уулын 11-10 тоот айлын гаднаас асаалттай майсан машиныг унаад явсан байсан. ...Би уг машиныг ямар зорилгоор авч явснаа мэдэхгүй байна. Тухайн үед их согтсон байсан. Би ер нь машин барих сонирхолтой юм. ...Би гэм буруугаа ойлгож байгаа. Хүний автомашиныг зөвшөөрөлгүй авч явсандаа гэмшиж байна. ...Тэр машины багаажинд байсан аккумляторыг яасныг мэдэхгүй байна. ...Машиныг унаж явахдаа юм шүргээд гуперыг хагалсан байх. Цагдаа дээр ирэхэд цагдаа нар намайг халаасанд байгаа эд зүйлсээ гарга гэхэд хохирогчийн түрийвч, бичиг баримт надаас гарч ирсэн. Надад мөнгө байгаагүй, гэтэл би пиво авсан байсан, бодвол хохирогчийн мөнгөөр авсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30, 33х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл, шүүгдэгч Г.Ш нь иргэн Ж.Мын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хулгайлж, өөртөө эдийн ашигтай байдал үүсгэсэн нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчээс хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг хураан авч, хохирогч Ж.Мад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Шг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Г.Шгийн хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34х/
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 33х/
Гэрч Б.Ариунцэцэг, Б.Наранчимэг нарын мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-19х/
Түүний 4 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55-58х/
Тэрээр урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 319 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35х/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-50х/ зэргээр тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Г.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хохирогч Ж.Мын эд зүйлээс биет байдлаар “хар өнгийн түрийвч 1 ширхэг, U money карт 1 ширхэг, Ц.Бямбацогтын жолооны үнэмлэх 1 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг” буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6х/-ээр, мөн хохирогч нь өөрийн эзэмшлийн автомашинаа цагдаагаас хүлээн авсан тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Г.Шгээс хохирогч Ж.Мын автомашиныг хулгайлан авч явахдаа автомашины урд гуперийг эвдэж, мөн автомашинд байсан аккумляторыг үрэгдүүлсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул дээрх эд зүйлүүдийн үнэлгээ буюу 160.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Ингэхдээ шүүгдэгч Г.Шгийн ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, өрхийн орлогын байдал зэргийг харгалзан 160.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хэсэг:
Шүүгдэгч Г.Ш нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ш нь өөрийн гэм буруу дээр маргаагүй, түүнийгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын шинж чанар, түүний хувийн байдал, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Шгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Шгийн иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шгээс 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Ж.Мад олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ