Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/292

 

      2024             3            06                                         2024/ДШМ/292                     

 

      Д.Эт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнзаяа,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/970 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Эт холбогдох эрүүгийн 2302000002125 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 16 цаг 40 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвд үйлчлүүлж байсан Ц.Оийн гар цүнхнээс 450,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол прокурорын газраас: Д.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирол төлбөрийг цаг тухайд нь төлж барагдуулжан гэм хорыг арилгасан боловч миний урьд өмнөх удаа дараа ял эдэлсэн гэх хувийн байдлыг үндэслэн хоёр жилийн хорих ялыг оногдуулсанд гомдолтой байна. Иймээс миний гэм буруугаа ухамсарласан, гэм хорыг арилгасан, өсвөр насны хүүхдүүдтэй өрх толгойлон амьдардаг, архаг астматай, 60% группд байдаг зэрэг хувийн байдуудыг харгалзан үзэж, эцсийн удаа итгэл үзүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Э нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Оийн гар цүнхнээс 450,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, эрүүл мэндийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалттай, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны 2 хүүхэдтэй зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөр төрлийн ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шинж чанар, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Эээс “ямар зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдэх болсон бэ” гэж асуухад “Миний 18 настай хүү хүн зодож гэмт хэрэгт холбогдож хохирол төлөх шаардлага гарсан. Тийм учраас хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16 цаг 40 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвд үйлчлүүлж байсан Ц.Оийн гар цүнхнээс 450,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            хохирогч Ц.Оийн “... 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16-17 цагийн үед /сайн санахгүй байна/ өдөр зээ хүү Бат-Оргилд куртик худалдан авч өгөх зорилгоор ганцаараа Баянгол дүүрэгт байрлах "Алтан төгрөг" худалдааны төвийн 1 давхарт куртик үзэж сонирхож байтал цэнхэр өнгийн цахилгаантай куртиктэй бор шаргал өнгийн арьсан гар цүнхтэй 40 орчим настай үл таних эмэгтэй хүн миний хажуу талд ирж надаас “та куртик авах гэж байгаа юм уу, хэдэн размер сонирхож байгаа вэ, хятад размер худлаа байдаг шүү, та дахин нэг куртик авч ирээд давхарлаж бариад үзээрэй, би бас хүүхдүүдээ куртик худалдан авах гэж байна” гэж хэлж ярьж байсан ба би тухайн үед зээ хүү Бат-Оргил руу чатаар залгах зорилгоор өөрийн хар өнгийн жижиг гар цүнхнээсээ гар утсаа гаргаж залгаж ойролцоогоор 10 минут орчим ярьсан. Тухайн үед цэнхэр өнгийн цахилгаантай куртиктэй бор шаргал өнгийн арьсан гар цүнхтэй 40 орчим настай үл таних эмэгтэй хүн миний хажууд зогсож байгаад явчихсан юм. Би дэлгүүрийн касс хэсэгт очиж худалдан авсан куртикны тооцоо хийх зорилгоор цүнхэнд байсан мөнгөө хартал ямар ч мөнгө байхгүй байсан юм. Тухайн үед миний гар цүнхэнд бэлэн 450.000 төгрөг байсан. Миний хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх 37-38/,

           

            Д.Эийн яллагдагчаар өгсөн “... би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвд ганцаараа куртик үзэхээр орсон юм. Тэгээд миний хажуу талд нэг эмэгтэй өөрийн гар цүнхнээс гар утсаа аваад хувцасны зураг, гар утсаараа авч байсан бөгөөд тухайн эмэгтэйн гар цүнхэнд задгай 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байхаар нь нууцаар аваад тус худалдааны төвөөс гарч явсан. ...” /хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

 

            эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-14/,

            эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 28/,

            Хаан банкны орлогын мэдүүлэг /хх 30/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

Шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нар “... хорихоос өөр төрлийн ялаар сольж, хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм бурууд нь хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.

 

Шүүгдэгч Д.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хэдий ч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өмнө нь үйлдсэн гэм буруугаа ойлгож ухамсарлаагүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгч нь өсвөр насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, эрүүл мэндийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус зааснаар хүү Эийн Номин-Эрдэнэ /РД:УП07242818/-ийн асрамжийн асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгахаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Эийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/970 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.“ гэснийг,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.“ гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Д.Эийн асрамжид байсан түүний хүү Эийн Номин-Эрдэнэ /РД:УП07242818/-д асран хамгаалагч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. Д.Эийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 78 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

 

                      ШҮҮГЧ                                                        С.БОЛОРТУЯА

 

                 ШҮҮГЧ                                                       Б.БАТЗОРИГ