| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00158/И |
| Дугаар | 305/ШШ2025/00261 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2025/00261
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: “***” ХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-гийн ***-т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 14,552,984.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 14,552,984.13 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч “***” ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “***” банк нь харилцагч ***-гийн *** цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 09 сарын 17-ний өдөр 1050128281 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 13,406,983 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. “***” банк дахь ***-ийн *** тоот харилцах дансанд 2024 оны 09 сарын 17-ний өдөр 13,406,983 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 467.08 төгрөгийг төлсөн. “***” банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 10 сарыг 25-ны өдрийн хуваарьт төлөлтөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд эхэлсэн бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Иймд хугацаа хэтэрсэн хоног 145, зээлийн үлдэгдэл 13,406,983.00 төгрөг, хγγ 1,128,804.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 17,196.20 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 14,552,984.13 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 14,552,984.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** банкны нэхэмжилсэн 14,552,984.13 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь ***-гийн ***-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,552,984.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь “...*** банкны нэхэмжилсэн 14,552,984.13 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна…” гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 14,552,984.13 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,000 төгрөгнөөс 115,500 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 115,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “***” ХК-ийн нэхэмжлэлтэй, ***-гийн ***-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,552,984.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-гийн *** нь 14,552,984.13 (арван дөрвөн сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун наян дөрвөн төгрөг, арван гурван мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,000 төгрөгнөөс 115,500 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 115,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР