Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/293

 

      2024             3           6                                            2024/ДШМ/293                     

 

      С.Бэд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч С.Б,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/817 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2311000001337 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгч С.Б нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчимд хохирогч О.Бн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны Шадивлангийн 14 дүгээр гудамжны 7-796 тоот хашаанд байх хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

            Чингэлтэй прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч С.Бийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолон шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хүлээн зөвшөөрч ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрийн болчимгүй үйлдлээс болж ар гэрээ хүнд байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Миний бие эхнэр, хоёр хүүхдийн хамт нийтийн байр түрээсэлж амьдардаг бөгөөд эхнэр Онь Нийслэлийн 152 дугаар сургуульд үйлчлэгчийн ажил хийдэг, хоёр хүүхэд маань 12 дугаар анги болон 4 дүгээр ангид тус тус суралцдаг. Би өөрөө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далайхүү” худалдааны төвд галчаар ажиллаж байсан. Надаас болж эхнэр маань байрны түрээсээ төлж чадахгүй, хүнд нөхцөл байдалд ороод байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Булаг-Ундрал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэх заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай. Гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэргийн шинж болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Шүүгдэгч С.Б нь өмнө нь 8 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Хулгайлах гэмт хэргийн хувьд 6 дахь удаагаа үйлдэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх, урьдчилсан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг. Иймд С.Бэд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

              Прокуророос С.Бийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчимд хохирогч О.Бн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны Шадивлангийн 14 дүгээр гудамжны 7-796 тоот хашаанд байх хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч С.Бийг дээрх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцон тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

 

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад буюу шүүгдэгч С.Бийг ямар эд зүйл хулгайлахыг завдсаныг, хулгайлахаар завдсан эд зүйлийн үнэлгээ зэрэг нь тодорхойгүй байхад прокурор болон анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 10969 дугаартай “С.Бийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, эрүү, цээж, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд шүүгдэгч С.Бийн биед гэмтэл учруулсан О.Бн үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” үндэслэлд хамаарч байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/817 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч С.Бийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/817 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч С.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                      Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ