Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2021/00021

 

 

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2021/00151 дүгээр шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: 1967 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Алтанговийн гудамжны ***-* тоотод оршин суух, О овогт С-ийн Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Хүүхдийн * дугаар цэцэрлэгт холбогдох,

 

Хорио цээрийн дэглэмтэй байх үеийн цалин 2 337 250 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 292 031 төгрөг, нийт 2 629 281 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Н-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Солонгос Улсад очсоны дараагаар 2020-02-24-ний өдөр агаарын хилийг 1 сарын хугацаатайгаар Монгол Улсаас хаасан мэдэгдэл ирсэн. Миний бие 2020-03-21-ний өдөр буцаж ирэх тийзтэй байсан. Агаарын хил хаасантай холбогдуулан 2020-03-21-ний өдрийн тийзийг хүчингүй болгосон. Үүний дагуу сар болгон агаарын хил хаалттай байсан тул монгол иргэний агаарын тээврийн компаниас сар болгон миний тийзийг сунгаж байсан. Солонгос улсын хил хаалттай учир очиж чадахгүй байгаа талаарх бичиг баримтуудыг эрхлэгч рүүгээ явуулсан. 3, 4, 5 саруудад цар тахлын улмаас хөл хорионд байгаа үндэслэлээр надад сарын үндсэн цалингийн 50 хувиар цалин олгож байсан. 2020-06-22-ны өдрөөс манай байгууллагын бүх ажилчдын ээлжийн амралт эхэлдэг учир 2020-06-02-ны өдрөөс 2020-08-14-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралтыг бодож олгосон. 2020-08-14-ний өдрөөс эхлэн ажилдаа орох байсан боловч агаарын хил хаалттай байсан учир Солонгос Улсад хөл хорионд хэвээр байсан.

Надад ирэх боломж байгаагүй. Би Монгол Улс руу буцах хүсэлтээ 2020-07-27-ны өдөр охинтойгоо хамт аяллын визтэй хүмүүсийн буцах хүсэлтийг авахад нь онлайнаар 2677 дахь хүн болж бүртгүүлсэн. 2020-10-20-ны өдрийн байдлаар 547 дахь хүнээр бүртгэгдсэн. Миний өмнөх хүмүүс арагшаа ухарч байж, би 2020-11-12-ны өдөр дарааллын дагуу нислэгт багтсан гэсэн хариу өгсөн. Монгол Улсад 2020-11-11-ний өдрөөс хатуу хол хорио тогтоосон учир бүх нислэгүүдийг цуцалсан байсан. 11 дүгээр сард Солонгос Улсаас нийт 6 нислэг хийх хуваарьтай байсан. Би 2020-11-12-ний өдрийн нислэгээр ирэхээр байсан боловч Монгол Улсад хатуу хол хорио тогтоож, Солонгос Улсаас бүх нислэгийг цуцалсан. Дараагийн нислэг хэзээ болох талаар бид нарт ямар нэгэн мэдээлэл өгдөггүй. 2020-12-25-ны өдөр Улаанбаатар руу 1 нислэг байна та энэ нислэгт багтсан гэж хэлсэн. Би 2020-12-25-ны өдөр явах болсон байна гэж бодоход Монгол Улсад дахин хатуу хол хорио тогтоож, бүх нислэгүүд цуцлагдсан. 2020-12-25-ны өдөр нэрс нь баталгаажсан хүмүүсийг 2021-01-15-ны өдөр Монгол Улсад ирж 14 хоногийн турш тусгаарлалтад байж байгаад 2021-02-06-ны өдөр Сайншанд суманд ирсэн. 2021-01-15-ны өдөр Улаанбаатар хотод ирэхэд 2021-01-15-ны өдрөөс 2021-03-15-ны өдрийг хүртэл хил хаалттай гэсэн бичгийг сар бүр МИАТ ХК-иас гаргаж өгч байсан. Би 2021-01-01-ний өдрөөс 2021-03-31-ний өдрийг хүртэл агаарын хил хаалттай байсан бичгийг хавтаст хэрэгт орчуулж өгсөн нь намайг Монгол Улсад ирэх хүртэл хэвийн горимдоо шилжээгүй байсан гэдгийг нотлох баримт юм.

2020-08-14-ний өдөр миний ээлжийн амралт дуусаж ажилдаа орох байсан боловч үүнийг хичээл сургууль эхлэх болсонтой холбоотойгоор таны оронд түр хугацаанд өөр хүн ажиллуулна. Иймээс цалин давхцаж төсөв хэтрэх тул өөр хүн ажиллуулж таныг ажлаас түр чөлөөлнө гэж хэлсэн надад ажлаас чөлөөлөгдөх шалтгаан байхгүй. Би Дорноговь аймагт ирээд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа харахад цалингүй чөлөө олгосугай, нийгмийн даатгалаа өөрөө төлөхийг зөвлөсүгэй гэсэн тушаал байсан. Надад анх хэлэхдээ 2020-08-14-ний өдрөөс эхлэн ажлаас түр чөлөөлж, ирэхээр чинь ажилд томилно гэж хэлсэн. Би үүнийг ойлгохдоо ажлаас чөлөөлөгдсөн тушаал авна гэж бодсон. 2020-08-14-ний өдөр хичээл сургууль орохыг би мэдэж байсан гэвч хил хаалттай, 5 онцгой шалтгаантай хүмүүсийг улсын хилээр нэвтрүүлж байсан болохоор надад ирэх ямар ч боломж байхгүй. Удаа дараа элчин сайдын яам руу өргөдөл, бичиг өгч байж өөрийн оочир дугаарыг урагшилсан гэж ойлгож байна. Би ерөөсөө чөлөө хүсээгүй байхад 2020-08-14-ний өдрөөс эхлэн цалингүй чөлөө олгосугай гэдэг тушаалыг ямар үндэслэлээр гаргасан юм. Солонгос Улс руу явахдаа чөлөө хүссэн. Би давагдашгүй хүчин зүйлийн улмаас Солонгос Улсад байсан. Тиймээс миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлчихгүй яав даа гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Багш 2020-02-26-ны өдөр Солонгос Улс руу ниссэн. Чөлөө аваад явахад нь хугацаандаа ирж ажилдаа орох юм байна гэж аман яриагаар ярьж байсан. Өргөдлөө миний гарт өгөөгүй ширээнийхээ нүдэнд хийж үлдээсэн байсныг дараа нь туслах багшаас нь авсан. Тухайн өргөдөлд цохолт хийгээгүй, өргөдлийн дагуу чөлөө өгөөгүй байсан. 02 дугаар сард цагаан сар болох гэж байсан тул цалингаа эрт өгсөн. Багш цалингаа бүтэн авсан. Дараа нь багш Солонгос Улс руу явчихсан, цалингаа бүтэн өгчихсөн асуудал гарсан.

Багш байх хугацаандаа хатуу хол хорионд байсан гэж ярьж байгаагаас албан ёсны бичиг баримт, хүсэлт өгч байгаагүй. Цахим хөгжсөн үед явуулж байсан бол болох байсан болов уу гэж бодож байна. 03, 04, 05 дугаар саруудад үндсэн цалингийн 50 хувиар цалинжуулж 06 дугаар сараас эхлэн ээлжийн амралтын 48 хоногийг өгсөн. Би багшийг 2020-08-14-ний өдөр ирнэ гэж бодож байсан. Над руу хувь чатаар захиа бичиж байхдаа 07 дугаар сар хүртэл ажиллачихвал байрны мөнгөтэй болчих гээд байна гэж хэлж байсан. 07 дугаар сард багш байртай болох хүслээ биелүүлчихлээ гэж бодож байсан боловч 08 дугаар сард ирээгүй. Хичээл сургууль эхлэх болсонтойгоор дараагийн хүнээ авч ажиллуулах шаардлага гарсан. Би дээд зохих шатны хүмүүсээс зөвлөгөө авахад ажлаас халах үндэслэл байхгүй. Ийм тохиолдолд цалингүй чөлөө олгож болно гэсэн зөвлөгөөний дагуу цалингүй чөлөө олгосон. Дараагийн ажилтнаа багш С.Э-г ирэх хүртэлх хугацаанд томилсон. Би 2020-11-13-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авсан” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Н анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч С.Э нь өөрийн хувийн ажлаар чөлөө хүсэж Солонгос улс руу явсан. Тухайн өргөдөлд сар, өдөр байдаггүй. Талууд 1 сарын чөлөө хүссэн талаар маргаангүй.  Үүнээс хойш чөлөө хүсээгүй, ажил олгогчдоо хүсэлт гаргаж байгаагүй. Байгууллагаас чөлөө сунгасан, дахин чөлөө хүссэн өргөдөл ирээгүй гэж ярьж байна. Энэ хугацаанд гаргасан тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй тушаалууд байна. Харин цалингүй чөлөө олгох тушаалыг харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримталж байна. Уг заалтад Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно гэж заасан. Энэ нь цалин болон цар тахалд ямар ч хамааралгүй, цалин, олговор хоёр нь өөр ойлголт юм.

Тэтгэмж олгох эсэхийг Сайншанд сумын * дугаар цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ болон цэцэрлэгийн дотоод журамд заасан бүх заалтад С.Э-ийн нөхцөл байдалд цалинтай чөлөө өгөх зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирээгүй гэдэг ажилтанд олговор олгоно. Давагдашгүй хүчин зүйл байлаа гэхэд энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй. Иймээс нэхэмжлэгч С.Э-ийн хувийн ажлаар, чөлөөний хугацаагаа хэтрүүлсэн, чөлөөний хугацаа хэтрүүлсэн явцдаа байгууллагадаа нэг ч удаа хандаж, хүсэлт гаргаагүй эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэгээс 2,139,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, үлдэх 489,401 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаагаар нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Хүүхдийн * дугаар цэцэрлэгээс 49,188 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдсан гомдолдоо: “...Нэхэмжлэгч цалингүй тушаал олгосон тушаал гарсныг буюу эрхээ зөрчигдсөнөө тухайн үед мэдсэн ч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байтал шүүхээс сэргээн тогтоож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, С.Э албан газартаа нэг ч удаа чөлөө авах, чөлөөний хугацаа сунгах шалтгаан нөхцөлийн талаар өргөдөл хүсэлт огт гаргаагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан олговор авах үндэслэлгүй” гэв

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч олговрын тооцоолол болон хоногийг дутуу тооцож, шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Э Дорноговь аймгийн Хүүхдийн * дугаар цэцэрлэгт холбогдуулан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговор буюу 2020 оны 08 дугаар сарын 14-нөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны  үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор, 2 337 250 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 292031 төгрөг, нийт 2 629 281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн 6 дугаар цэцэрлэгээс 2,139,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, үлдэх 489,401 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч “...нэхэмжлэгч цалингүй тушаал олгосон тушаал гарсныг буюу эрхээ зөрчигдсөнөө тухайн үед мэдсэн ч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байтал шүүхээс сэргээн тогтоож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, С.Э албан газартаа нэг ч удаа чөлөө авах, чөлөөний хугацаа сунгах шалтгаан нөхцөлийн талаар өргөдөл хүсэлт огт гаргаагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан олговор авах үндэслэлгүй ” гэсэн  агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

1/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас СОVID-19-ийг цар тахал хэмээн зарласан ба энэ өвчний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирч болзошгүй нөхцөл байдал улс орон, дэлхий нийтэд үүссэн учир, шалтгааны улмаас Монгол Улс агаарын хилээ тодорхой хугацаагаар хааж, БНСУ-аас иргэдээ тогтоосон журмын дагуу, тусгай үүргийн онгоцоор авчрахаар Засгийн газраас холбогдох тогтоолыг гаргасан байна.

           

Тиймээс нэхэмжлэгч С.Э-г хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар “Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй” гэж үзнэ.

 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч/ажилтан/ С.Э охиныхоо визний асуудлаар өөрийн багшаар ажилладаг 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс 1 сарын хугацаатай чөлөө хүссэн, 2020-02-16-ны өдөр Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад очсоны дараа буюу Монгол Улсын Засгийн газраас /Корона вирус халдвар цар тахал гарсан учир/ 2020-02-24-ний өдрөөс агаарын хилээ хааж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэн тэргүүнд тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрахаар шийдвэрлэсэн байх ба тэрээр охины хамт бусад гэсэн ангилалд бүртгэгдэж улмаар 2021-01-15-ны өдөр эх орондоо ирсэн үйл баримт тогтоогджээ.

 

2/ Нэхэмжлэгч С.Э,  Хүүхдийн * дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн “...2020-08-14-ний өдрөөс түүнд ажилдаа ирэх хүртэл цалингүй чөлөө олгох, нийгмийн даатгалын шимтгэлээ хувиараа төлөхийг зөвлөсөн” тушаалыг зөвшөөрөхгүй талаархи гомдлоо хүндэтгэн үзэх дээрх шалтгааны улмаас гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргаагүйн гадна түүний шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар уг тушаалын талаар мэдэж байсан боловч 2021-01-15-ны өдөр эх орондоо ирсний дараа цар тахлын үед авах арга хэмжээний дагуу УБ-т болон Сайншандад тусгаарлалтад байсан ба 2021-02-22-ны өдөр  ажилдаа орсны дараа  2021-04-05-ны өдөр шүүхэд холбогдох нэхэмжлэлээ гаргасан болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу ажил олгогчийн уг тушаалын талаар 2020 оны 08-14-ний өдөр мэдсэн гэж үзэхэд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан “Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох” үндэслэл хамаарах буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно.

 

Хуулийн энэхүү шаардлагад нийцүүлбэл шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар “хэтрүүлсэн” гэж үзэхгүй харин хөөн хэлэлцэх хугацаа “түр зогсоно” гэж үзэх үндэслэлтэй юм.

 

            3/ Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан “...үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоход” ажилтан зайлшгүй ажил үүргээ гүйцэтгэж байхыг шаардахгүй бөгөөд харин гамшиг, саатлын хор уршгийг арилгахад биеэр оролцсон ажилтанд түүний үндсэн цалингийн хэмжээгээр олговор олгохыг мөн хуулийн 66.2 дахь хэсэгт тодорхой тусгасан учир нэхэмжлэгчид үндсэн цалингийн хэмжээгээр биш үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгох нь зүйтэй юм.

 

            Нэхэмжлэгчийн 2021-01-02-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлх 10 хоногийн олговрыг түүний шүүхэд өгсөн 2020 онд авсан цалингийн хүснэгтэд үндэслэн улмаар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааг тооцоход үндсэн цалин 934 899 төгрөгийн/50%/ 467449 төгрөг x 21,5=21742/1өдрийн цалин/ төгрөг х 107/нийт хоног/=2 326 394 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.    

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.1-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Хуульд заасан энэхүү шаардлагын дагуу нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болох үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор болох 2 326 394 төгрөгөөс Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээ/хувиар/-ний дагуу ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 136/ШШ2021/00156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэгээс 2,139,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, үлдэх 489,401 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаагаар нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.” гэснийг,

 

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 66 дугаар зүйлийн 66.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн 6 дугаар цэцэрлэгээс 2 326 394 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид С.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 302 887 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  2 326 394 төгрөгөөс нэхэмжлэгч С.Э-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж,

 

 2 дугаар заалтын “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар цэцэрлэгээс 49,188 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг,

 

 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 346 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Хүүхдийн * дугаар цэцэрлэгээс 52 172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Н-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49 188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.     

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                            Н.БОЛОРМАА