| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2016/0199/З |
| Дугаар | 698 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 698
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Ш******агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******ь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Га*****а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ш******а болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******ь нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэн Ганхүү овогтой Ш******а миний бие нь Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-203 тушаалаар Дорноговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр Яамнаас комисс ирж ажил хүлээлцүүлснээр үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авсан болно. Надаас өмнө тус Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг Б.Уг******р, Б.Ад*****ш, Д. А*****ш нар гүйцэтгэж байгаад чөлөөлөгдсөн байсан. Ийнхүү 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаа албан ёсоор хүлээж аваад, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад 2015 оны 12 дугаар сарын 11-нд зарлагдсан сонгон шалгаруулалтанд оролцохоор 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод тус Яаман дээр ирж шалгалтанд орж тэнцсэн.
Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь руу буцахаар галт тэргэнд явж байтал Яамны Мэргэжлийн боловсролын газрын Багшийн хөгжпийн асуудал хариуцсан мэргэжилтэн На******ж утасдаж “Үр дүнгийн гэрээний тайлан өгөх хугацаа чинь өнгөрчихлөө. Таны түрүүнд ажиллаж байсан захирлын үүрэг гүйцэтгэгчээс үр дүнгийн гэрээний тайлан өг гэж удаа дараа шаардсан өгөөгүй, иймд энэ асуудлаа яаралтай шийдвэрлэ” гэсний дагуу би очсон даруйдаа байгууллагын албадуудаас тайланг нь авч нэгтгээд, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн биеэр Хөдөлмөрийн Яаманд тайлан хоцроосон тайлбарын хамт хүргэж, хүлээлгэж өгсөн. Гэтэл Монгол Улсын Хөдөлмөрийн Сайд 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Б/07 тоот тушаал гаргаж намайг гэнэт үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.
Уг тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1 дэх заалтыг үндэслэн 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, F үнэлгээ авсан тул 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Дорноговь аймгийн Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Дээрх тушаалын хуулбарыг миний бие Дорноговь аймгийн Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн И-мэйл хаягаар 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ирснийг хүлээн аваад уг тушаалыг эс зөвшөөрч, 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн Яамны Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан ба гомдлын хариуг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан болно.
Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь дараах хууль журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Миний бие нь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш 45 хоног ажилласан байна. Гэтэл намайг ажлаас чөлөөлсөн тушаалд “үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж F үнэлгээ авсан” гэжээ. Хэдийгээр би 45 хоног ажилласан ч гэсэн төрийн албаны залгамж халааг бодож, үр дүнгийн гэрээний тайланг гаргаж хүргүүлсэн. Миний ажлаа хүлээж авсан хугацаа нь тайлангийн хугацаатай давхцаж байсны улмаас тайлангийн илтгэх хуудсыг хоцроосон шалтгаан болсон.
Үр дүнгийн гэрээг чухам хэзээ яаж дүгнээд, F үнэлгээ өгсөн талаар надад ямар нэгэн тайлбар, гэрээ дүгнэсэн үнэлгээний хуудас ирүүлээгүй юм. Иймд үр дүнгийн гэрээг хэрхэн яаж дүгнэсэн талаар хариу хүсэхэд 2016 оны 2 дугаар сарын 24-нд 3/522 албан бичгээр надад бичсэнээс үзэхэд үр дүнгийн гэрээг огт дүгнээгүй болох нь тодорхой байгаа юм. Иймд үр дүнгийн гэрээг огт дүгнээгүй мөртлөө F үнэлгээ өгч, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн надтай ямар ч гэрээ байгуулаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.
Хэрвээ үр дүнгийн гэрээний биелэлт F үнэлгээтэй тохиолдолд шууд ажлаас халах үндэслэл байхгүй байх ба би урьд нь ямар нэг ажлын хариуцлага алдаж, арга хэмжээ авагдаж байгаагүй болно.
Дээрх тушаал нь намайг ажлаас захиргааны санаачлагаар чөлөөлж байгаа тушаал байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтаар халж байгаагаа заагаагүй нь уг тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.
Захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтын дагуу надад нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх ёстой.
Хэрвээ мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа бол энэ нь хангалттай нотлогдсон мэргэжлийн комиссын дүгнэлтээр баталгаажсан байх бөгөөд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь өөрөөс шалтгаалсан байх зэрэг шаардлагуудыг хангасан байхыг Улсын дээд шүүхийн тайлбарын 15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т тодорхой заагдсан байна.
Ийм учраас намайг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны Б/07 дугаар тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Танай шүүхэд иргэн Г.Ш******агийн гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох “... тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүүлэн томилуулах, ажлаас халагдсаны тэтгэмж авах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тодорхойлсон нь төр, түүний байгууллага, албан тушаалтан зөвхөн “хуулиар зөвшөөрсөн үйлдэл хийх” үүрэгтэй бол, иргэн хуулиар хориглосноос бусдыг хийх эрхтэй билээ.
Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4 дэх хэсэг /Апбан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх ажиллагаа/-т тухайн байгууллагын даргыг эзгүй байх үед дэд дарга, орлогч, үгүй бол ойр хамааралтай бүтцийн нэгжийн даргаар гүйцэтгүүлэхээр заасан.
Хөдөлмөрийн сайд 2015 онд Б/209 дүгээр тушаалаар Дорноговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус төвд ажилладаггүй иргэн Г.Ш******аг томилсон нь эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан, дээр дурдсан журмыг зөрчсөн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг /захиргааны актад тавигдах шаардлага/-ийн 40.2.3 дахь заалт буюу “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар томилсон тушаал илт хууль бус захиргааны акт болох нь нотлогдож байгаа тул хүчингүй болгох арга хэмжээ авах шаардлагатай нь тодорхой байна.
Илт хууль бус захиргааны актын үндсэн дээр Г.Ш******а нь төсвийн шууд захирагч /Төсвийн тухай хуулийн 16.4.18 төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн/ буюу Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсны зэрэгцээ Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7-д заасан “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” гэсэн төсвийн шууд захирагчийн үүргээ биелүүлээгүй. Энэ нь журам зөрчиж иргэнээр захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний үр дагавар гэж дүгнэж байна.
Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.3 /... төсвийн жил эхлэхээс өмнө ... тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулна/-т заасан хугацаа хоцроож үр дүнгийн гэрээ буюу Дорноговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2015 оны үйл ажиллагааны тайланг 2016 оны 01 дүгээр сарын 15-нд ирүүлсэн. Энэ явдал нь мөн журмын 2.4-ийн /хүнд өвчтэй байх, өвчтөн асарсан, сургалтад хамрагдсан, ээлжийн амралттай байх, гарцаагүй болон давагдашгүй хүчийн зүйлийн нөлөөгөөр тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй байх/ хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан болно.
Ажилтан, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн тухайн жилийн үйл ажиллагааны мэдээ, тайланг нэгтэн тухайн байгууллагын жилийн эцсийн тайланг боловсруулж хүргүүлэх, үнэлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах нь дарга, захирлын үүрэг гэдэг нь туйлын ойлгомжтой зүйл билээ.
Тайланг заасан хугацаа /12.10-ны дотор тайлагнаж, төсвийн ерөнхийлөн захирагч 12 дугаар сарын 20-ны дотор багтаан биелэлтийн дүгнэнэ/ нь Г.Ш******а ажлын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт-1-ийн “... хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах”, Ажлын байрны үндсэн зорилт-2-ын “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах’’-д чиглэсэн үйл ажиллагааг хийж гүйцэтгээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, харъяа байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайланг дараа он эхлэхээс хүлээн авч яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хяналт, шинжилгээ хийхэд тодорхой хугацаа шаардлагатай байдаг бөгөөд үүнээс шалтгаалан яамны үйл ажиллагааны тайлангуудыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд хугацаа тулсан асуудал үүссэн юм.
Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хууль бусаар томилогдсон, Төсвийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй Г.Ш******аг ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус “захиргааны актыг хүчингүй болгож үйлчлэлийг таслан зогсоосон”, Төсвийн тухай хууль тогтоомжид хуульд заасны дагуу авах ёстой арга хэмжээг хийж гүйцэтгэсэн Хөдөлмөрийн сайдын 2016 оны Б/07 дугаар тушаал үндэслэлтэй тул ажлаас халагдсан тэтгэмж олгохгүй, ажилд нь эгүүлэн тогтоохгүй, ажил байсан хугацааны цалингийн олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу олгох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаан бүхий актын талаар
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ш******а Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, F үнэлгээ авсан тул түүнийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
2. Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар
Г.Ш******а нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг эс зөвшөөрч Монгол Улсын Хөдөлмөрийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3/522 дугаар албан бичгээр “...Г.Ш******а таныг Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байх үед Хөдөлмөрийн сайдтай 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны дотор яаманд ирүүлэх чиглэлийг яамнаас өгсөн боловч тайланг заасан хугацаанд тайлагнаагүй байна. ...Нэгэнт танай байгууллагын ажил үүргийн зохион байгуулалтгүйгээс шалтгаалан “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг тайлангаа заасан хугацаанд ирүүлээгүй байх тул уг гэрээг нөхөн дүгнэх хууль, эрх зүйн боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг авсны дагуу 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хандсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.
3. Маргаан бүхий актын үндэслэлийн талаар
Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “... Дорноговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар 45 хоног ажилласан. Ажлаа хүлээж авсан хугацаа нь тайлангийн хугацаатай давхцаж байсны улмаас тайлангийн илтгэх хуудсыг хоцроосон шалтгаан болсон. Үр дүнгийн гэрээг чухам хэзээ яаж дүгнээд, F үнэлгээ өгсөн талаар надад ямар нэгэн тайлбар, гэрээ дүгнэсэн үнэлгээний хуудас ирүүлээгүй юм. Үр дүнгийн гэрээг огт дүгнээгүй мөртлөө F үнэлгээ өгч, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн надтай ямар ч гэрээ байгуулаагүй”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Хөдөлмөрийн сайд 2015 онд Б/209 дүгээр тушаалаар Дорноговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус төвд ажилладаггүй иргэн Г.Ш******аг томилсон нь эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан, дээр дурдсан журмыг зөрчсөн, Г.Ш******а нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хууль бусаар томилогдсон, Ажилтан, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн тухайн жилийн үйл ажиллагааны мэдээ, тайланг нэгтэн тухайн байгууллагын жилийн эцсийн тайланг боловсруулж хүргүүлэх, үнэлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй учраас чөлөөлсөн” гэж тайлбарлан маргаж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/203 дугаар тушаалаар Г.Ш******аг Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Хөдөлмөрийн сайд 2015 онд Б/203 дугаар тушаалаар Дорноговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус төвд ажилладаггүй иргэн Г.Ш******аг томилсон нь эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан, дээр дурдсан журмыг зөрчсөн, Г.Ш******а нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хууль бусаар томилогдсон” гэж тайлбарлах боловч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу Төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалтыг явуулж, сонгон шалгаруулж уг орон тоог нөхөх ёстой байсан бөгөөд сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Г.Ш******аг Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “...Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрөө дур мэдэн сонгон шалгаруулалтыг явуулах боломжгүй юм.
Түүнчлэн Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилоход сонгон шалгаруулалтаар томилох хуулийн зохицуулалт байхгүй тул сонгон шалгаруулалт явуулаагүй байхад түүнд ороогүй гэх нь үндэслэлгүй бөгөөд өмнөх Хөдөлмөрийн сайдын буруутай үйл ажиллагааг зөвтгөх нэрийдлээр төрийн албан хаагчийн эрхийг зөрчиж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хэрэв сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилсон, хууль нийцээгүй гэж үзэж байгаа бол уг томилгоог хуульд нийцүүлэх ажиллагааг нэхэмжлэгчийн болон бусдын эрхийг хөндөхгүйгээр зохион байгуулж шийдвэрлэх боломжтой тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Г.Ш******а нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хууль бусаар томилогдсон, Ажилтан, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн тухайн жилийн үйл ажиллагааны мэдээ, тайланг нэгтэн тухайн байгууллагын жилийн эцсийн тайланг боловсруулж хүргүүлэх, үнэлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь дараахь байдлаар үндэслэлгүй байна.
Учир нь Төсвийн ерөнхийлөн захирагч Хөдөлмөрийн сайд нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан Б.Ад*****штэй үр дүнгийн гэрээ байгуулсан байх бөгөөд Б.Ад*****штэй байгуулсан үр дүнгийн гэрээний 2.2.2-т Төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны дотор багтаан ирүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор багтаан түүний биелэлтийг дүгнэнэ” гэж заасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “...Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн сайд нь Г.Ш******атай үр дүнгийн гэрээ байгуулаагүй, хариуцагч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, талууд үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэдэгтэй маргаагүй тул үр дүнгийн гэрээг Г.Ш******атай байгуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Г.Ш******а нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уг албан тушаалд томилогдож, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хүлээж авсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх үр дүнгийн гэрээнд заасан 12 дугаар сарын 10-ны өдрийн доторх хугацаанд үр дүнгийн гэрээний тайланг нэгтгэн хүргүүлэх боломжит хугацаа олгоогүй байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 тоот албан бичгээр Төсвийн ерөнхий менежерийн 2015 оны үр дүнгийн гэрээний тайланг Хөдөлмөрийн яаманд хүргүүлснийг Монгол Улсын Хөдөлмөрийн сайд дүгнэж, гарын үсэг зураагүй болох нь үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар тогтоогдож байна.
Хэдийгээр Г.Ш******а нь үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг хугацаа хожимдуулж, Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн боловч энэ нь Г.Ш******агийн албан тушаалд томилогдож, ажлаа хүлээж авсан хугацаатай холбоотой байх бөгөөд нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаас үүдэлтэй гэж дүгнэхээр байна.
Маргаан бүхий актаар Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1 дэх заалтыг үндэслэн Г.Ш******аг Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, “F” үнэлгээ авсан тул ... үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэсэн байх бөгөөд Г.Ш******а нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уг албан тушаалд томилогдсон, Хөдөлмөрийн сайд нь Г.Ш******атай үр дүнгийн гэрээ байгуулаагүй, Хөдөлмөрийн сайд Г.Ш******агийн хүргүүлсэн үр дүнгийн гэрээг дүгнээгүй атлаа түүнийг 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1 дэх заалтаар “F” буюу хангалтгүй үнэлэгдсэн бол сахилгын шийтгэл ногдуулах эсхүл Төрийн албанаас халах зохицуулалтай атал дээрх журмыг баримталж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “... Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “... Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.1-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; 24.1.2-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; 24.1.З-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлөгдөхөөр хуульчилсан байх бөгөөд Г.Ш******а нь дээрх ажлаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн хууль болон журамд нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, 28 дугаар зүйлийн 28.2.2-т “төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс;” Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Г.Ш******агийн ажилгүй байсан хугацааны 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 09 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх нийт 8 сар 8 /ажлын 6/ хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор / 725044*8 сар/ + 725044/21*6 =6,007,507 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж, харин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “...Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хангагдаж байгаа нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд шийдвэрлэгдэж байх тул давхардуулан даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ш******агийн нэхэмжлэлийн “....Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “...нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар тус тус баримтлан ажилгүй байсан 8 сар ажлын 06 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,007,507 /зургаан сая долоон мянга таван зуун долоо/ төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА