Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 86

 

“Хөх Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Х.Батсүрэн, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 673 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар магадлалтай, “Хөх Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Хөхмонгол групп” ХХК-ийн захирал Р.Цэрэн-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн юм.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон талбай болох Дорнод аймгийн Гурванзагал сумын Толгод гэх газрын 5858 га талбайд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Х201504061046 өргөдлийн дугаараар мөн солбицол тогтоосон талбай болох Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Толгод гэх газрын 2107 га талбайд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Х201504061061 өргөдлийн дугаараар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг тус тус гаргасан юм.

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс манай гаргасан өргөдлүүдийг хуулийн үндэслэлгүйгээр хүлээн авч бүртгээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан заалтыг зөрчиж, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзсэн учраас дээрх эс үйлдэхүйн талаар Ашигт малтмалын газрын даргад 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу гомдол гаргасан болно.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн албан бичгээр “Хөхмонгол групп” ХХК-ийн Х201504061061, Х201504061046 дугаарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Мөн Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг зөрчиж, өргөдлийг хүлээн аваад албан ёсны хариуг бичгээр өгөөгүй.

Иймд, дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбат шүүхэд гаргасан тайлбартаа: Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөрөгөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөрөгөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно.

Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөрөгөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан. 2015  оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр өргөрөгөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн.

Энэ нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна...” гэж заасан захиргааны акт болно.

Иймд, нэхэмжлэгч компаниас гаргасан Х201504061046, Х201504061061 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25-д тус тус заасныг баримтлан “Хөхмонгол групп” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Х201504061046, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Х201504061061 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлүүдийг хүлээн авч, бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлүүдийг бүртгэхийг даалгуулах” тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хөхмонгол групп” ХХК-ийн захирал Р.Цэрэн-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг дутуу үнэлж, хариуцагч талын гаргасан үндэслэлгүй тайлбараас хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолд "... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон ...", "Уул уурхай сайд нь ... Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрх хэрэгжүүлнэ" гэснийг Засгийн газрын дээрх тогтоолоор тогтоосон талбайг 104 дүгээр уртрагийн зүүн, баруун тал гэж хуваасан нь тогтоогдсон гэж ойлгож тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэсгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолд "... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ..." газар нутгийг тогтоосон байхад хуулийн дагуу зохион байгуулах талаар Уул уурхайн сайд болон Засгийн газрын агентлаг болох Ашигт малтмалын газраас одоогийн байдлаар нийтээр дагаж буй эрх зүйн баримт бичигт 104 дүгээр уртрагийн зүүн болон баруун талд өөр өөр цаг хугацаанд өргөдөл хүлээж авах талаар шийдвэр байхгүй байхад шүүхээс хийсэн дүгнэлт нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Шүүх Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын агентлаг болох Ашигт малтмалын газраас Засгийн газар, Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд хандсан гэх боловч тэдгээрээс гаргасан "шийдвэр"-ийг албан бичиг болон бусад хэлбэрээр авч байсан эсэх нь тодорхой баримт байхгүй байхад "байгаа мэт"-ээр дүгнэлт хийсэн нь ЗХХШТ хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах заалтыг зөрчиж байна.

Ашигт малтмалын газраас Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар захиргааны гаргуулаагүй нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Засгийн газрын Агентлагын тухай хуулийн 4, 7 дугаар зүйлийн 7.1.9, 8 дугаар зүйлийн 8.3.1-8.3.2 дэх заалтыг ноцтойгоор зөрчиж байсныг нотлож байгаа юм.

Манай компани нь Ашигт малтмалын тухай хууль заасны дагуу холбогдох төрийн захиргааны байгууллага болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан өргөдлөө гаргасан бөгөөд уг хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрийг баруун зүүн гэж хуваан өргөдөл хүлээн авна гэж заасан эрх зүйн баримт бичгийн нэг ч зүйл заалт байхгүй байхад шүүхээс Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан харилцаа нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүсэхээргүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аж ахуйн нэгж гаргахад хуулийн ямар нэг хориг, хязгаарлалт байхгүй бөгөөд харин хүлээн авсны дараа "өргөдөл"-ийг хянан шийдвэрлэх тухай заасан байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн ажилтан хуульд зааснаар зөвхөн тухайн өргөдлийн бүрдүүлбэрийг хянах эрхтэй эсэх нь тодорхойгүй ажилтан аль ч хуульд байдаггүй хэлбэрээр "Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваагүй тухай тодорхойлолт" бичиг хийж "дээрх өргөдөл"-үүдийг хүлээж авахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл билээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн ажилтан хуульд зааснаар өргөдлийг шийдвэрлэх бүрэн эрхтэй ажилтан мөн биш, өргөдлийг хүлээж авахаас татгалзах шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Маргаан бүхий тохиолдлын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны хуульд заасан үүргээ биелүүлээгүй "эс үйлдэхүй"-н шинжийг агуулж байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан байгууллага, албан тушаалтан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдлийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтны ажлын байрны тодорхойлолт "хэрэг"-т авагдаагүй тул өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн "дээрх өргөдөл"-үүдийг хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг тодруулан өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх байсан. Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд "...104 дүгээр уртрагийн зүүн болон баруун талд" өөр өөр цаг хугацаанд өргөдөл хүлээж авах талаар хаанаас, ямар шийдвэр гарсан, уг шийдвэр нь олон нийтэд хэрхэн мэдээлэгдсэн талаарх нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийгээгүй тул нэхэмжлэгч "Хөх Монгол групп" ХХК-ийн "...өргөдлийг хүлээн авч бүртгээгүй захиргааны байгууллагын ажиллагаа" хууль бус гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т зааснаар "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна." гэж заасны дагуу шүүхийн шийдвэр нь бодит байдал дүгнэлт хийсэн хууль зүйн үндэслэлтэй байх ёстой гэж үзэж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн шаардлагыг хэтрүүлэн дүгнэж, биднийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай маргаан үүсгэх мэтээр ирээдүйд болж магадгүй гэж дүгнэсэн байгаа нь ямар хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/3290 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Хөхмонгол групп” ХХК-ийн Дорнод аймгийн Гурванзагал сумын Толгод, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Толгод хэмээх газруудад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х201504061061, Х201504061046 цахим дугаартай өргөдлүүдийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүйг тус компанид мэдэгдсэн нь өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй болохыг шүүхийн шийдвэрүүдэд тодорхой, зөв дүгнэжээ.  

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон байна.

Үүний дагуу Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 16-наас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагаас баруун тийшэх хэсэгт хамрагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхийг олон нийтэд мэдээлж, өөрийн цахим хуудсанд байрлуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэж заасантай нийцжээ.

Хариуцагч байгууллага нь дээрх байдлаар тусгай зөвшөөрөл олгох талбайг  тодорхойлж, эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хагаст буюу 104 дүгээр уртрагийн баруун хэсэгт, дараа нь зүүн хэсэгт олгохоор зохион байгуулсан нь Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эмх цэгцтэй олгох үүднээс хийгдсэн, захиргааны байгууллагын өөрийн чиг үүргийн хүрээнд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох” гэж заасны дагуу гаргасан шийдвэр гэж үзнэ.  

Нэхэмжлэгчийн хүсэлт болгосон талбай нь 104 дүгээр уртрагийн зүүн хэсэгт хамаарч байгаа талаар маргаагүй байна.

Иймд, захиргааны байгууллагын тодорхойлсноос өөр газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан “... шаардлага хангасан ...” гэж үзэхгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлт зөв болно.    

Мөн захиргааны байгууллагын “өргөдлийг хүлээн авахгүй буцаах” тухай шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан “эс үйлдэхүй гэж ... үүргээ захиргааны байгуууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлээгүй орхигдуулсаныг хэлнэ” гэх ойлголтод хамааралгүй, хариуцагчийг нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авах, эсхүл хүлээн авахгүй байх шийдвэрийн аль нэгийг гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч “Хөхмонгол групп” ХХК-ийн захирал Р.Цэрэн-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 673 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй охисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

               ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ