Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Оргилд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Уранчимэг,

Ялтан Э.Оргилийн өмгөөлөгч Д.Цэрэнханд,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Оргил, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Оргилд холбогдох эрүүгийн 201625030092 дугаартай хэргийг 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Магалан овогт Энх-Амгалангийн Оргил, 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 cap 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 100 тоот захирамжаар 1 жил 7 cap 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар: /УШ91062031/.

 

            Э.Оргил нь давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 20 минутаас 13 цаг 45 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Эрдэм судлал" дээд сургуулийн 200 тоот сургалтын албаны өрөөний хаалгыг эвдэн орж, иргэн Г.Гуамаралын "Dell" загварын зөөврийн компьютер, түрийвчтэй бичиг баримт, 100.000 төгрөг зэргийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Өргөө амаржих газрын байранд байрлах Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн байрны хаалгыг эвдэн орж, "Dell" загварын зөөврийн компьютер, “Саnоn” загварын зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Оргилд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Энх-Амгалангийн Оргилын ялтай хугацааг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Энх-Амгалангийн Оргилыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Оргилын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, Э.Оргил нь төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Оргилын цагдан хоригдсон 23 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Э.Оргилыг цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Оргил гаргасан давж заалдах гомдолдоо: “…2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүү минь мэндэлж, манай гэр бүл дөрвүүлээ болсон. Өмнө миний эхнэр 2008 онд анхны охиноо өлгийдөж аваад өөрөөрөө овоглон, өрх толгойлсон эцэг, дүүгийн хамтаар амьдарч байсан. Надтай суух үедээ намайг өмнө гэмт хэрэгт холбогдож байсан гэдгийг мэддэггүй байсан. Намайг хэрэгт холбогдох үед эхнэр минь жирэмсэн байсан, мөнгөний хэрэглээ маш их гарсан, энэ үедээ би болчимгүй үйлдэл гэдгийг мэдсээр байж, 2 удаагийн хулгайн хэрэг үйлдсэндээ маш ихээр харамсаж байна. … Эхнэр минь нялх биетэй, том охин минь Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн 2 дугаар ангид суралцдаг, зөөх хүн олдохгүй байгаа. Эхнэр минь хоёр хүүхэдтэй, нөхөргүй боллоо гэж бодож байгаа гэсэн. Эхнэр минь 5 дугаар сарын эхээр хүүхдээ тэвэрч яваад нүх рүү унаад, хөлөө хүнд бэртээсэн, алхаж чадахгүй байгаа гэсэн. Одоо эхнэр минь нялх биетэй, хөдөлмөр эрхлэх чадваргүй, хоёр хүүхдийн хамт гэртээ байгаа, эх минь том охиныг минь зөөж өгч байгаа гэсэн. Миний бие анх удаа гэр бүл зохиож, айл гэр авч явж байна. Миний гэр бүлийн элэг бүтэн амьдралыг минь үлдээж өгнө үү. Ард үлдэж байгаа эхнэр, сургуулийн насны охин, 3 сартай хүүг минь бодолцож үзнэ үү гэж гуйж байна. Ганц миний буруутай үйлдлээс болж эхнэр, хоёр хүүхдээ бусдын харцнаас доогуур алхуулж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Миний бие дахиж хуулиас гадуур зүйл хийхгүй гэдгээ төрийнхөө сүлдэнд тангараглаж байна. Хэлсэн тангаргаасаа буцаж, дахин шүүхийн өмнө зогсвол төрийн хатуу шийтгэлийг хүлээхэд миний бие бэлэн. … Анхан шатны шүүх “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамааруулж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон боловч жирийн дэглэмтэй хорих ангид биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялаас өөр шийтгэлээр шийтгэж өгнө үү” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Цэрэнханд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүх Э.Оргилыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Э.Оргилын гэм буруу, зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргах зүйлгүй болно. Гэвч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: "... шүүгдэгч Э.Оргил нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 cap 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 1 жил 7 cap 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Түүний ялгүйд тооцох хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. ..." гэж заасан боловч Э.Оргилд ял оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэлгүй, хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулжээ. Шүүх нэгэнт шийтгэх тогтоолдоо заасанчлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй ял оногдуулах боломжтой байдаг.

Мөн Э.Оргилын хувьд анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон байгаа бөгөөд өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин буруу замаар явахгүй гэж өөртөө хатуу дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзах боломжтой байгаа юм. Хэдийгээр Э.Оргил нь давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн боловч түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар бага, түүний хувийн байдлын хувьд анх удаа амьдрал зохиож гэр бүл болж, анхны хүүхэд нь төрж мэндэлсэн, цаашид ямар нэгэн хэрэг зөрчил гаргахгүй, зөв шударгаар амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа зэргийг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж, төр түүнд итгэл хүлээлгэснээр нэг ч гэсэн иргэнийг гэмт хэргийн замаар явахыг холдуулах, засарч хүмүүжих боломж олгох ач холбогдолтой, зөв мэргэн шийдвэр болно гэж үзэж байна. Иймд Э.Оргилд 2 жилийн хорих ял шийтгэсэн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 434 дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Ялтан Э.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би дахиж хуулиас гадуур зүйл хийхгүй гэж амлалт өгч байна. Хийсэн зүйлдээ гэмшиж байна” гэв.

 

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Оргил нь давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэм хэрэгт анх удаа үйлдсэн, хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол нөхөн төлсөн байдал буюу гэм хорыг арилгасан тохиолдолд биечлэн эдлүүлэх ялыг эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн тохиолдолд хорих ялыг тэнсэхээр заасан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551,  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар эдгээр ялыг заавал хэрэглэнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Тийм болохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Прокурор “Ял нэмж сонсгох тухай тогтоол” үйлдэн Э.Оргилын бусдын орон байранд нэвтэрч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 20 минутаас 13 цаг 45 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Эрдэм судлал" дээд сургуулийн 200 тоот сургалтын албаны өрөөний хаалгыг эвдэн орж, иргэн Г.Гуамаралын "Dell" загварын зөөврийн компьютер хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл дээр,

 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос 2016 оны 1 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Өргөө амаржих газрын байранд байрлах Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн байрны хаалгыг эвдэн орж, "Dell" загварын зөөврийн компьютер, “Саnоn” загварын зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг нэмж, бусдад нийт 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял нэмж сонсгожээ.

 

Э.Оргил нь дээрх прокурорын “Ял нэмж сонсгох тухай” тогтоолтой танилцаж, улмаар мэдүүлгээ өөрөө бичиж өгсөн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед сонсгосон ялыг өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулах үндэслэл гарвал яллагдагчид энэ хуулийн 199, 201 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шинээр ял сонсгох бөгөөд шинээр сонсгосон ялын талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт “Ялыг хүндрүүлэх буюу жинхэнэ бодит байдлаараа урьд сонсгосон ялаас онцын ялгаатай болгож өөрчлөх шаардлагатай бол прокурор хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шинээр ял сонсгож, байцаалгах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тус тус зааснаас үзвэл ялыг хүндрүүлэх буюу жинхэнэ бодит байдлаараа урьд сонсгосон ялаас онцын ялгаатай болгож өөрчилсөн тохиолдолд яллагдагчаас заавал байцаалт авахаар хуульчилсан байна.

 

Ийнхүү байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 36 дугаар зүйлд заасан эрхийг нь тайлбарлан өгч, байцаалтын тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулахаар заасан байхад Э.Оргилд шинээр үйлдэл нэмж, урд сонсгосон ялаас онцын ялгаатай болгож өөрчилсний дараа түүнд дээрх хуульд заасан эрхийг тайлбарлан өгөөгүй байгааг хууль зөрчсөн гэж үзэв.

 

Э.Оргилд хуульд заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтэн, яллагдагчид ... тэдгээрийн эрх, үүрэг болон үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг тайлбарлан өгч, байцаан шийтгэх ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй” гэсэн заалтыг мөрдөн байцаалтад хэрэгжүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж, Э.Оргилийн Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхийг нь тайлбарлан өгч, байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Яллагдагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлгээ өөрөө бичиж болох боловч мөн хуулийн 202 дугаар зүйлд заасан байцаалтыг хэзээ, хаана, хэнээс явуулсныг байцаасан тэмдэглэлд тусгадагтай адилтган үзэж, яллагдагчийн өөрөө бичиж өгсөн мэдүүлгийг хууль ёсны нотлох баримт болгох ажиллагааг хийж гүйцэтгэснээр уг баримт нь нотолгооны чадвар бүхий нотлох баримт болохыг анхаарвал зохино.

 

Э.Оргилын ялтай байдлыг өршөөн хэлтрүүлсэн нь Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн болохыг дурдаж байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт хийгээгүй тул ялтан Э.Оргил, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхив.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Оргилд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Э.Оргилд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ДАВААСҮРЭН   

                                    

                         ШҮҮГЧИД                                                          Д.ГАНСҮХ

                                                                        

              Т.ӨСӨХБАЯР