Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01374

 

Г.Очтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00431 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1624 дүгээр магадлалтай,

Г.Очтөгсийн нэхэмжлэлтэй

Ажилчин залуучуудын ээлжийн сургуульд холбогдох,

1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч  Н.Ганхуягийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Н.Ганхуяг, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Очтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирал Н.Ганхуяг намайг 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр утсаар дуудаж уулзаад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн ордонд болох тус сургуулийн 35 жилийн ойн арга хэмжээнд хоёр цагийн тоглолт хийж өгөхийг хүссэн. Тоглолтын маргааш буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр өгнө гэж тохиролцсон. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тоглолт хийж захиалгаа биелүүлсэн боловч төрийн сангаас сургуулийн дансанд мөнгө орж ирмэгц төлнө гээд 6 сар болж байна. Олон удаа утсаар ярьж өөрийн биеэр очиж уулзахад одоохон өгнө гэсээр өнөөдрийг хүрч байна, одоог хүртэл нэг ч төгрөг аваагүй болно. Надад хийж өгсөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн бичигт миний нэрийг “Очтөгс”-т гэж бичих байсан юм гэтэл “Оч” хамтлагт гэж бичсэн байна. Иймд Ажилчин залуучуудын ээлжийн сургуулиас тоглолтын хөлс болох 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 онд манай сургуулийн 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гарч үүний дагуу хийгдэх ажлуудын төлөвлөгөө, хөтөлбөр зэргийг боловсруулан гаргаж батлуулан ойн арга хэмжээг зохион байгуулах комисс удирдан зохион байгуулсан. Миний бие ойн комиссыг удирдаж байсны хувьд 2014-2015 онд манай эчнээ ангид суралцагч Г.Очтөгс тэргүүтэй хэсэг залуучуудтай уулзаж санал бодлыг нь сонссоноор концертод хөнгөн хөгжмийн номер орох болсон. Анх яриа ингэж өрнөхдөө тэд сургуулийнхаа ойд барьж буй сэтгэлийн бэлэг, хариуд нь багш нар сургууль төгсөхөд дүн дээр харж үзээрэй гэж ярьсан. Ойн өмнөх нь манай сургуульд миний өрөөнд ой тэмдэглэх комисстой Г.Очтөгсийн дүү ирж уулзан ярилцаж, бид тоглолтын хөлс мөнгө авмаар байна, бид зүгээр тоглохгүй гэхээр нь тэгвэл та нар нийт 2-3 удаа сургуулийг таниулсан, ойг сурталчилсан хандивын тоглолт хий, түүнээс олсон хандивын орлогоос хөлсөө ав гэж харилцан тохиролцсон. Энэ аман яриаг сонссон багш ажилтнууд юу гэж хөлстэй тоглох вэ, хэрэв тэгж байгаа юм бол болиулахгүй юу гэсэн саналууд орж ирсэн. Миний бие нэгэнт бэлдэж байгаа юм чинь болиулаад яах вэ тоглуулчихья гэсэн сэтгэл өвөрлөсөн нь буруу болж шүүхэд нэхэмжлэл гаргасныг огт ойлгохгүй байна. Угтаа сургуулийн ой тэмдэглэх комисс төгсөгч сурагчидтай ярьж тохирсноос би “Оч” гэсэн хамтлагтай огт ярьж тохироогүй ба ой өнгөрсний дараа Г.Очтөгсийн дүү хамтлагийнхаа нэг гишүүнтэй миний өрөөнд орж ирэн шалж шаардсаар байгаад уг бичгийг гаргуулан авсан.

Нэгдүгээрт, тэд хэлсэн үгэндээ хүрээгүй хандивын тоглолт нэг ч удаа хийгээгүй,

хоёрдугаарт, манай сургуулийг төгсөгч нар биш болсноороо харилцан тохиролцсоноосоо буцах болж “Оч” гэсэн хамтлагийн нэр барин мөнгө нэхэх болсон, гуравдугаарт, концертон дээр 2 номер тоглосон зэрэг нь аман яриагаа зөрчсөн тул нэхэмжлэлд гаргасан мөнгийг нь өгч чадахгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00431 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-т зааснаар Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулиас 1.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Очтөгст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1624 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00431 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ганхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн анхан шатны шүүх дэндүү өрөөсгөл харалган нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзээд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдлоо гаргасан боловч мөн адил шийдвэр гаргасан.

Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр хурлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавихад огт анхаарч авч үзээгүйд маш их гомдолтой байна. Хойшлуулж өгөх үндэслэлээ нэхэмжлэгчийн өөрийн байлцуулах, нөгөө нь ойг зохион байгуулах комиссын концертыг хариуцсан гишүүдийг байцуулах зэрэг хүсэлтийг тавихад авч хэлэлцээгүй болно.

Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдах тэр үед сургуулиараа амарчихсан байсан тул нотлох нотолгоог авчрах боломжгүй байсан үе нөгөө талаасаа үнэн бодит байдлыг тогтоож өгөхийг хүссэн тайлбар хүсэлтийг анхааран нарийвчилж авч хэлэлцээгүй зэрэгт гомдолтой байна.

Үүнд

1. Хавтас хэрэгт Очттөгсийн шүүхэд гаргасан тайлбарын үнэн худлыг ялган шүүн тогтоож өгнө үү.

2. "Оч” хамтлаг гэж бичгээр баримт гаргуулж авсан Мөнхжаргалыг дуудан авчруулж үнэн худлыг шалгуулах.

3. Харилцан тохиролцсон аман хэлцлээ биелүүлээгүй байтал нэхэмжлэгч галд ашигтайгаар асуудлыг шийдвэрлүүлснийг дахин шүүн шалган тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Ажилчин залуучуудын ээлжийн 2 дугаар сургуулийн 35 жилийн ойн арга хэмжээнд Г.Очтөгс, Ц.Ганбаатар, Э.Гансүх нар хөгжмийн номероор оролцсон нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн “...тоглолтын хөлсийг 1.500.000 төгрөгөөр тохиролцсон” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “...хөлс өгөхөөр тохиролцоогүй, хандивын тоглолт хийгээгүй...гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтад хариуцагч нь тоглолтын хөлс 1.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх ба тэрээр уг баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагчаас 1.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00431 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1624 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Ганхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ