| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/01190/И |
| Дугаар | 191/ШШ2025/03720 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/03720
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 191/ШШ2025/03720 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамж, , тоот хаягт оршин суух, *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг хороо, , гудамж байр тоот хаягт оршин суух, *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
гэрээний үүрэгт 12,918,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, өмгөөлөгч С.*******, хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т.******* нь ******* дүүрэг хороо, , гудамж, тоот хаягт байршилтай орон сууцны барилгыг захиалан бариулсан бөгөөд барилгыг бариулах явцдаа уг байрны 12 давхрын, тоот, 44.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулан, хариуцагчид 142,101,300 төгрөгөөр худалдан боруулахаар торхирсон боловч О.******* нь гэрээ байгуулсан өдөр уг байрны үнэ болох 142,101,300 төгрөгөөс нэмэгдсэн өртөгийн албан татвар болох 12,918,300 төгрөгийг өөрөө татварын албанд очиж өөрийн нэр дээр төлөх хүсэлтэй байгаа тул 129,183,000 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээг байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсний үндсэн дээр 129,183,000 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Ингээд О.******* нь 129,183,000 төгрөгийг төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, тус орон сууцанд амьдарч байгаа билээ. Иймд О.*******аас орон сууцны үлдэгдэл төлбөр 12,918,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.******* нь ******* дүүрэг, хороо, , гудамж дугаартай орон сууцны барилгыг захиалан бариулсан бөгөөд уг барилгыг бариулах явцдаа байрны 12 давхрын тоот, 44.7 м.кв талбатай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулан хариуцагч иргэн О.*******д 142,101,300 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирсон боловч О.******* нь гэрээ байгуулсан өдөр уг байрны үнэ болох 142,101,300 төгрөгөөс НӨАТ-ыг хасуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн гол агуулга нь О.******* миний бие нэмэгдсэн өртгийн албан татвар болох 12,918,000 төгрөгийг өөрөө татварын албанд очиж өөрийн нэр дээр төлөх хүсэлтэй байна. Гэрээнээс суутган төлөх шаардлага байхгүй, татвартай холбоотой асуудлыг би өөрөө 100 хувь бүрэн хариуцах учраас нэмэгдсэн өртгийн албан татвар хассан дүнгээр гэрээ хийж өгөх хүсэлт гарсан. Нэхэмжлэгч тал хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. О.*******ын хүсэлттэй холбоотой агуулгыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнд тодорхой тусгасан. Гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнэ гэж байгаа. Гэрээний 3.1., 3.2.-т тус тус энэ тохиролцоог буюу нэмэгдсэн өртгийн албан татвар шингээгүй дүн болохыг талууд гэрээнд тодорхой дурдсан байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлаар и-баримт авах тохиолдолд гэрээний үнэ дээр 10 хувь нэмж тооцогдохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг. Манай тал нэмэгдсэн өртгийн албан татварыг гэрээний үлдэгдэл үнэ гэдэг байдлаар хариуцагчийн дутуу төлсөн 10 хувь болох 12,918,300 төгрөгийг хариуцагч О.*******аас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
3.Хариуцагч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын хасаж тооцоод, дараа нь төлнө гэсэн хэлцэл, гэрээ хийгээгүй. Нийтэд зарласан үнээр нь би гэрээ байгуулсан. Энэ хүмүүсийг луйварчин хүмүүс гэж бодож байна. Ямар ч ойлголт надад өгөөгүй. Орон сууцны гэрээн дээр зур гэхэд нь би зурсан. Нарийн уншиж танилцаагүй. Харин байрны үнийг 129,183,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулснаа бол ойлгож мэдэж байгаа. Энэ дунд хүсэлт явж байгааг би мэдээгүй гарын үсэг бол миний гарын үсэг мөн. Би хуулийн мэдлэггүйгээс болоод иймд гэрээ байгуулсан гэж *******ийг хэлж байгаад гайхаж байна. Энэ талаар би татвар дээр очоод ойлгосон.
Анх удаа орон сууц авч байгаа болохоор надад тийм мэдлэг, буруу зөрүү ойлголт бодол байхгүй. Харин нэхэмжлэгч тал өч төчнөөн барилга барьж байж яагаад НӨАТ-ын талаар ойлголтгүй, хуулийн мэдлэггүй байх боломжгүй гэж бодож байна. Анхнаасаа гэрээ хуулийн дагуу хийх ёстой байсан гэж бодож байна. Би зарын дагуу анх байр авах гэж очиход нэг м.кв талбайн үнэ нь 2,890,000 төгрөг буюу нийт 129,183,000 төгрөгөөр байрыг худалдан авахаар тохиролцож, тухайн үед миний бие 30 хувь болох 38,754,900 төгрөгийг бэлэн өгч, үлдсэн 90,428,100 төгрөгийг банкны зээлээр төлж орон сууцны үнийг бүрэг төлж барагдуулсан. Нэмэгдсэн өртөгтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Би тийм хүсэлт гаргаагүй, НӨАТ татвар төлөх үүрэг нь нэхэмжлэгчид өөрт нь байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, гэрээний хавсралт-1 буюу 2022 оны 12 сарын 27-ны өдрийн № дугаартай хүсэлт, НӨАТ-ын буцаан олголтын баримтыг,
Хариуцагчаас нотлох баримтаар, хувь хүний орлогын албан татварын тайлан, банктай байгуулсан 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтуудыг тус тус шүүхэд гаргасан өгсөн.,
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хүсэлтээр ******* дүүргийн Татварын хэлтсээс О.*******ын татварын тайлан болон хавсралт баримтууд, дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 4 сарын 07-ны өдрийн албан бичиг, хавсралтыг баримтууд хэрэгт авагдсан.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан, гэрээний үүрэгт 12,918,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-гээр ******* дүүрэг, хороо, , гудамж байр, 12 дугаар давхрын тоот хаягт байршилтай, 44.7 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 142,101,300 төгрөгөөр худалдсан бөгөөд гэрээний үүрэгт дутуу төлсөн 12,918,300 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчийн хүсэлтийн дагуу Нэмэгдсэн өртөгийн албан татвар багтсан үнэ болох 142,101,300 төгрөгийг гэрээнд тусгалгүй, Нэмэгдсэн өртгийн албан татвар 12,918,300 төгрөгийг хасч тооцож, 129,183,000 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагчаас татгалзлын үндэслэлийг, гэрээгээр орон сууцны нэг м.кв талбайн үнийг 2,890,000 төгрөгөөр тооцож, 44.7 м.кв талбайтай орон сууцыг 129,183,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 30 хувь болох 38,754,900 төгрөгийг бэлнээр, 70 хувь болох 90,428,100 төгрөгийг банкХК-ийн зээлээр тус тус төлж, үнийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.
3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар, Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулсан.
Талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас ******* дүүрэг, хороо, , гудамж, дугаартай орон сууцны барилгын 12 давхрын тоот хаягт байрлах, 44.7 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг хүлээлгэх өгөх, нөгөө талаас орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 5-11 дүгээр тал/
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
4. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн утгыг шууд анхаарна гэж заасан.
Талууд гэрээний үнийн дүн дээр маргаж байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний холбогдох заалтад хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1.-д 12 давхрын тоот, 44.7 мкв, 2 өрөө орон сууцны нийт үнэ 129,183,000 төгрөг болно. 1 м.кв талбайг 2,890,000 төгрөгөөр тооцож байгаа болно гэж заасан байна. /хх-ийн 5 дугаар тал/
Энэхүү заалт дахь үгийн шууд утгаас үзэхэд талууд орон сууцны нийт үнийг гэрээгээр 129,183,000 төгрөг байхаар тохиролцсон болох нь нотлогдож байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.
Харин гэрээний 3.2.-т уг гэрээний 129,183,000 төгрөгийн үнэ нь захиалагчийн өөрийн хүсэлтээр, захиалагчийн тоот хүсэлтийн дагуу НӨАТ ороогүй үнэ бөгөөд захиалагчийн тоот хүсэлтийн дагуу гүйцэтгэгч талаас НӨАТ-ын баримт болон и-баримт олгогдохгүй. Хэрэв захиалагч тал НӨАТ-ын баримт болон и-баримт авахыг хүсвэл өмнөх гаргасан тоот хүсэлтээ цуцалж буйгаа баталсан бичиг өгч гэрээний үнэн дээр 10 хувийн төлбөр дахин нэмж төлвөл гүйцэтгэгч тал НӨАТ-ын баримт болон и-баримт гаргаж өгч болно гэж заасан.
Гэрээний 3.2. дахь заалт нь НӨАТ-ын болон и-баримт олгогдохгүй. Хэрэв и-баримт авахыг хүсвэл гэрээний үнэ дээр 10 хувийг нэмж төлвөл НӨАТ-ын баримт болон и-баримтыг гаргаж өгч болно гэсэн агуулга бүхий НӨАТ-ын баримт олгохтой холбоотой гэрээгээр тохиролцсон тохиролцоо гэж үзэхээр байх бөгөөд энэ заалтаар орон сууцны үнийг тодорхойлох үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас 2022 оны 12 сарын 27-ны өдөр гаргасан № дугаар хүсэлтийн хувьд, НӨАТ-ыг хассан үнээр гэрээ байгуулж өгнө үү гэсэн агуулга бүхий нэг талын санал бөгөөд энэ хүсэл зоригийн илэрхийлэлээр гэрээний үнийг 142,101,300 төгрөг байна гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй болно. /хх-ийн 12 дугаар тал/
Дурдсан бичгийн баримт болон талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч О.******* нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт орон сууцны үнэ болох 129,183,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн хариуцагч О.*******д холбогдуулан гаргасан, орон сууцны үлдэгдэл төлбөр 12,918,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3. дахь хэсэг, 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243..1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ийн хариуцагч О.*******д холбогдуулан гаргасан, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 12,918,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА