Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/294

 

 

 

 

 

 

      2024             3            6                                           2024/ДШМ/294                     

 

П.Ц, Б.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г, түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Ө.Учрал,

шүүгдэгч П.Цы өмгөөлөгч Х.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1387 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор П.Ц, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 2108013450973 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ө” хотхоны цахилгааны КТПН суурийг тойруулаад бетон цутгах ажлыг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилга үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас ажил гүйцэтгэж байсан А.Г нь цахилгааны гэмтлийн улмаас зүрх шууд зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн,

            шүүгдэгч П.Ц нь өөрийн эзэмшлийн “Ө” ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ёстой байсан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ө” хотхоны цахилгааны КТПН-ын засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг хариуцан ажиллах үүргээ биелүүлээгүй буюу Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг зөрчин тус объектын орчин тойронд аюул эрсдэлээс хамгаалах хаалт хамгаалалт, дохио санамжийг байрлуулан, (ажилтан) иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэлгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хос өргөө 2 хотхоны цахилгааны КТПН суурийг тойруулаад бетон цутгах ажлыг гүйцэтгэж байсан А.Г нь цахилгааны гэмтлийн улмаас зүрх шууд зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ж, П.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.Жд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, П.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 508.5 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч А.Гийн сэтгэл санааны хохиролд 90.750.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон энэ нь амь хохирогчийн гэр бүлийн гишүүн эдийн бус гэм хорыг нэхэмжлэхэд саад болохгүй насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны гэм хор болон бусад гэм хорын төлбөрийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г, түүний өмгөөлөгч Ө.Учрал нар давж заалдах гомдолдоо: “... Б.Ж засварын ажлыг хийлгэхээр Н.Б, хохирогч/талийгаач/ А.Г нартай тохиролцож, тэд засварын ажлыг хийж эхэлсэн байхад шүүх Б.Жыг цахилгаан эрчим нарийн мэргэжлийн тусгай мэдлэг бүхий хүн биш байх бөгөөд Ө хотхоны оршин суугчдын эрх ашгийн үүднээс өөрт хуулиар оногдуулаагүй үүргийг зөрчсөн буюу өөртөө чиг үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна. Хохирогчийн үхэлд Б.Жын үйлдэл объектив шууд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл А.Г /талийгаач/ нас барсан нь дээрх засварын ажлыг хийлгэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу уг ажлыг хийлгэхээр тохиролцож, хийлгэсэн хүн нь Б.Ж байтал өөртөө чиг үүрэг хүлээсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй юм. Гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, Б.Жын үйлдэл хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гаргасан байтал шүүх анхаарч үзсэнгүй. Мөн гэмт хэргийн хохирол төлбөрийг 50%-иар бууруулж шийдвэрлэхдээ хохирогчийн буруутай, хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн нь, түүнчлэн сэтгэл санааны хохирлыг хууль ёсны төлөөлөгч А.Г нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь тус тус үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гийн өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ж засварын ажлыг хийлгэхээр Н.Б, хохирогч/талийгаач/ А.Г нартай тохиролцож, тэд засварын ажлыг хийж эхэлсэн байхад шүүх Б.Жыг цахилгаан эрчим нарийн мэргэжлийн тусгай мэдлэг бүхий хүн биш байх бөгөөд Ө хотхоны оршин суугчдын эрх ашгийн үүднээс өөрт хуулиар оногдуулаагүй үүргийг зөрчсөн буюу өөртөө чиг үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна. Хохирогчийн үхэлд Б.Жын үйлдэл объектив шууд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл А.Г /талийгаач/ нас барсан нь дээрх засварын ажлыг хийлгэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу уг ажлыг хийлгэхээр тохиролцож, хийлгэсэн хүн нь Б.Ж байтал өөртөө чиг үүрэг хүлээсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй юм. Гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, Б.Жын үйлдэл хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гаргасан байтал шүүх анхаарч үзсэнгүй. Мөн гэмт хэргийн хохирол төлбөрийг 50%-иар бууруулж шийдвэрлэхдээ хохирогчийн буруутай, хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн нь, түүнчлэн сэтгэл санааны хохирлыг хууль ёсны төлөөлөгч А.Г нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь тус тус үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ц нь дур мэдэн Б гэх хүнд хөлс өгч, улмаар хүний амь нас хохирсон. Д.Ц нь урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд өөр, өөр агуулгатай тайлбар, мэдүүлэг өгдөг. Мөн шүүх ажил олгогч, ажил гүйцэтгэгч нарыг хамтад нь буруутгаж байгаа атлаа шүүхийн шийдвэрт зөвхөн хохирогчийг буруутгасан байдаг. Өөрөөр хэлбэл, амь хохирогч өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан гэж үзэж нийт нэхэмжилсэн хохирлын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Б.Жын өмгөөлөгч Ж.Энхтуяа надад “шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан Бадамханд хохиролгүй гэж хэлж байсан” гэж надад худал хэлсэн. Урьд нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ахын минь эхнэр хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан. Гэвч тэрээр удаагүй өөр хүнтэй сууж, хүүхэдтэй болсон. Мөн өмгөөлөгч Ж.Энхтуяа нь анхан шатны шүүх хуралдаанд “Б нь хувийнхаа машиныг зарж Бадамхандын хохирлыг барагдуулсан” гэж тайлбарласан. Энэ талаар би Бадамхандаас тодруулахад “ийм зүйл болоогүй” гэж хэлсэн. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Б.Жын өмгөөлөгч Ж.Энхтуяа “машинаа зарж хохирлыг барагдуулсан” гэж хэлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт би мөнгө авахын тулд ингэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ж “би энэ хүмүүст болгоомжтой ажиллаарай гэж хэлсэн” гэдэг атлаа шүүхийн шийдвэрт түүнийг ямар нэгэн цахилгааны мэдлэггүй учраас тухайн ослыг гаргасан гэж дурдсан байдаг.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гийн өмгөөлөгч М.Билгүтэй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хэрэгт мэргэжлийн цахилгааны инженер, цахилгааны мониторын ажилчид мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед “цахилгааны КТПН нь үерийн усанд автсан тул тогийг нь салгасан байдаг. Үүний дараа өндөрлөсөн байсан. Шалгах үед шаардлага хангасан байсан тул тогийг залгасан. Тухайн дуудлагын дагуу очиж буцаж явахдаа цахилгааны КТПН-ийн доод талын суурийг бөглөөрэй бөглөхгүй бол нохой, муур, хүүхэд орж амь эрсдэх аюултай шүү” гэсэн байдлаар сануулга өгөхөд Б.Ж нь уг сануулгыг хүлээн авч бетон цутгах ажлыг хийсэн байдаг. Бетон цутгах ажлыг хийсний улмаас тухайн осол гарсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт “цахилгааны КТПН-д зөвхөн тусгай үнэмлэхтэй мэргэжлийн хүн ойртох ёстой. Бусад хүмүүс огт ойртох боломжгүй” гэдэг. Гэтэл шүүгдэгч нар нь цахилгааны огт мэдлэггүй атлаа цахилгааны мэдлэгтэй эсэхийг нь мэдэхгүй хүмүүсээр ажил хийлгэж, амь хохирогчийн амь насыг хохироосон. Уг гэмт хэрэгт Б.Жыг буруутай гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Жын өмгөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын хамтран давж заалдах гомдол гаргахдаа шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлд ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй байдаг. Анхнаасаа энэ хэргийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны, эрүүл ахуйн гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, эсхүл хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, журам зөрчсөн гэмт хэрэг эсэх талаар хохирогчийн өмгөөлөгч үнэлэлт, дүгнэлт өгдөггүй. Энэ хэрэгт хууль зүйн үндэслэлтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх ёстой. Хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс Б.Жыг цагаатгасан яагаад хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарладаггүй. Миний хувьд талуудын хооронд иргэний хэлцэл явагдсан гэж үздэг. Иргэний хэлцэл, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хоорондоо өөр ойлголтууд юм. Энэ ажиллагааг хийх шаардлагатай байсан. Хохирогчийн өмгөөлөгч М.Билгүтэй “үүнийг тойруулж ямар нэгэн хамгаалалт хийхгүй бол муур, нохой, хүүхэд орж амь нас нь эрсдэх магадлалтай гэсэн асуудал хөндөгдсөн” гэж тайлбарлаж байна. Б.Ж нь “Ө” хотхоны оршин суугч боловч ганц Б.Ж тухайн хотхонд оршин суудаггүй. Тухайн хотхонд оршин суудаг айлуудын эрх ашгийн төлөө, амь насыг нь урьдчилан хамгаалахын тулд бетон цутгах ажлыг хийлгэхээр болсон. Гэрээ хийгдээгүй боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Б.Ж нь Бтай тохирсон. Энэ асуудалд А.Г гэж хүн огт байхгүй байсан. Харин ажил эхэлдэг өдөр А.Г ирсэн. Хохирогч талаас “цутгах ажил хийгдсэн байсан” гэж тайлбарладаг. Гэтэл тухайн бетон цутгах ажил нь огт хийгдээгүй байсан. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Мөн Бын өсвөр насны хүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр мэдүүлэгтээ “...цементээ буулгаад өөр газар зууралт хийж байсан” гэдэг. Эхлээд хамгийн түрүүнд цахилгааны КТПН-ыг тойруулаад шаардлагатай бетон цутгахын тулд суурийг нь ухах ёстой. Гэтэл суурь ухсан зүйл байдаггүй. Энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн баримтаар тодорхой харагдана. Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургуудаас үзвэл урссан шуудуу шиг зүйл байдаг. Үүнийг харчихаад ажил эхэлсэн байсан гэж үздэг. Гэтэл тухайн цахилгааны КТПН руу үерийн ус бууж, Онцгой байдлын газар ирж даланг сэтэлж тэнд цугларсан усыг урсгаж байсан. Үүний ялгааг бид мэдэх ёстой. Гэтэл тойруулаад хэв хашмалаа хийж бетон цутгал явагдаж байх үед хүний амь нас хохирсон мэтээр тайлбарлаж байна. Иргэний эрх зүйн харилцаагаар бол тухайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа нь өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байх үүргийг хөлсөөр ажил хийгч хариуцах ёстой. Олон гэрчүүдийн мэдүүлгээр зуурмагаа зуураад Б, Б.Ж 2 ярилцаад байж байхад нь тас гэсэн чимээ гараад явсан. Үүнийг ажил үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөн шинжээчийн дүгнэлтүүдээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй хүмүүст Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Эрчим хүчний дүрэм, журмыг баримталдаг. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Тухайлбал, шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг үзэхэд нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...процесс ажиллагааг хэрэгжүүлэгчид нь шинжээчийн дүгнэлт гаргуулах процесс ажиллагааны журмын зөрчил байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь нотлох баримтаар тооцно гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх зөрчил байгааг нь хүлээн зөвшөөрсөн. Тухайн эрчим хүчний КТПН-д өмчлөгч хариуцлага хүлээдэг журамтай. “Ө” ХХК-ийн өмчлөлд байгаа цахилгааны КТПН-ын хамгаалалт, аюулгүй байдал, үер ус буусны дараа сэргээн босгох ажиллагаануудыг хэн хариуцах ёстой эсэх асуудлыг тавьдаг. Энэ асуудлыг Б.Ж хариуцахгүй. Анхан шатны шүүх Б.Жыг ямар үндэслэлээр гэм буруугүй гэж үзсэн талаараа шийтгэх тогтоолд маш тодорхой, хууль зүйн үндэслэлтэй дүгнэж бичсэн. Хүний амь нас хохирсонд харамсаж байна. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гт “хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүн мөн үү” гэсэн асуудлыг тавьж байсан учраас надад гомдсон байж болно. Б “хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Бадамханд машинаа зарж хохирлыг нь барагдуулсан” гэж хэлж байсан. Би үүнийг зохиогоогүй. Хуульд хууль ёсны төлөөлөгч хэн байхыг тодорхой заасан. Амь хохирогчийн эцэг, эх байдаг. Хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хохирогчийн төрсөн эцэг, эхийг тогтооно гэж байгаа. Бадамханд эрхээ А.Гт шилжүүлсэн тохиолдолд хамгийн эхэнд хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн эцэг, эхийг тогтоох ёстой байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлнэ. Хөдөлмөрийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудтай холбосон. Иргэний хэлцэлд энэ орох эсэхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотлох ёстой. Г, Б нарыг хамтран хөдөлмөрлөгч гэдэг. Энэ талаар баримт хэрэгт байхгүй. Зөвхөн Бын мэдүүлгээр явж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч П.Цы өмгөөлөгч Х.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Энэ хэрэг шүүх, прокурорын байгууллагаар шалгагдаад 3 гаруй жил өнгөрч байна. Прокурорын бүх шатанд хянагдсан. Энэхүү хэргийг 2 удаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн. Прокурорын зүгээс Б.Ж, П.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан нь энэхүү гэмт хэрэгт тохирсон. Миний үйлчлүүлэгч П.Ц нь “Ө” хотхоны цахилгааны КТПН-ыг хариуцдаг өмчлөгч гэж байгаа боловч Б.Ж, П.Ц нар нь урьд тухайн цахилгааны КТПН-ыг улсын хяналтад байлгах саналыг удаа дараа дэвшүүлж, үүнтэй холбоотой хүсэлт өгч байсан боловч “Улсын мэдэлд шилжээгүй байна” гэж хариу ирдэг. Тухайн зуслангийн газар нь Засгийн газрын ордны харьяа юм. Засгийн газрын харьяа байгууллагаас хүртэл тухайн газрыг улсын өмчлөлд шилжүүлж чадаагүй. П.Цы эрүүл мэндийн байдал муу байсан тул 2018 онд Дархан-Уул аймагт оршин сууж, эмчлүүлж байсан. Гэхдээ тухайн цахилгааны КТПН-ын үйл ажиллагааг сайжруулах, засвар хийх асуудлыг Б.Жын зүгээс тухайн үед тавьж байгаагүй. Осол болсон долоо хоногт тэнд Сонгинохайрхан дүүргийн шугам, сүлжээний Онцгой байдлын хэлтсээс очиж шугамыг тасалж, тодорхой үйл ажиллагаа явуулсан. Уг үйл ажиллагаа нь дуусаагүй байхад тасалсан байсан тогийг буцаан залгасан. Энэ үед нь Б.Ж нь Онцгой байдлын албанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу тухайн зай, засварыг бөглөх ажиллагааг хийлгэж байсан. Энэ талаар П.Цд мэдэгдээгүй байсан. Хэрэв Б.Ж нь энэ талаар П.Цд мэдэгдсэн бол тодорхой арга хэмжээг авч ажиллах байсан. Тухайн үед 6 дугаар сард борооны улирал байсаар байхад мэргэжлийн бус хүмүүсээр тухайн ажлуудыг хийлгэсэн. Энэ талаар П.Ц мэдэж байсан бол мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах байсан. Миний үйлчлүүлэгч П.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. П.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8.400.000 төгрөгийг төлсөн. Гэмт хэрэг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гарсан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдол, тайлбарууд нь П.Цд хамааралгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Одоогийн байдлаар миний үйлчлүүлэгч П.Ц нь элэгний хагалгаанд орсон байдалтай байна.” гэв.

      

Прокурор Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэргийн шийтгэх тогтоолд холбогдуулан прокурорын зүгээс эсэргүүцэл бичих ёстой байсан боловч хугацаа алдсаны улмаас эсэргүүцэл бичиж чадаагүй. Өмчлөгч П.Ц нь эс үйлдэхүйгээр, харин эрсдэл бүхий нөхцөл байдалд тогийг залгасан болохыг мэдсээр байж дур мэдэн ажил гүйцэтгүүлсэн үйлдлээр Б.Жыг буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх нэг гэмт хэрэг боловч 2 хөдөлмөр хамгаалалтын хэргийн жишээг ашиглаж хэргийг шийдвэрлэх байсан. Гэтэл дан ганц эзэмшигч буюу компани гэх талаас нь харж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь, иргэн өөрийнхөө амьдарч байгаа орон байранд ажил гүйцэтгүүлэхдээ бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд субъект гэж үзэхгүй гэж цагаатгадаггүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт бусад болгоомжгүй болон эс үйлдэхүйг хамааруулж байгаа. Тухайн үед засвар хийхэд баруун бүсийн цахилгаан станцаас ирж тогийг салгасан байдаг. Гэтэл засвар хийж дуусаагүй атлаа тогийг залгуулж, эрсдэлтэй нөхцөл байдал болохыг мэдсээр байж ажил гүйцэтгүүлсэн этгээд нь Б.Ж юм. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх амь хохирогчийн гэр бүлийн гишүүн эдийн бус гэм хорыг нэхэмжлэхэд саад болохгүй насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны гэм хор болон бусад гэм хорын төлбөрийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

            Прокуророос Б.Жыг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ө” хотхоны цахилгааны КТПН суурийг тойруулаад бетон цутгах ажлыг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилга үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас ажил гүйцэтгэж байсан А.Г нь цахилгааны гэмтлийн улмаас зүрх шууд зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

            шүүгдэгч П.Цыг өөрийн эзэмшлийн “Ө” ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ёстой байсан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ө” хотхоны цахилгааны КТПН-ын засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг хариуцан ажиллах үүргээ биелүүлээгүй буюу Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг зөрчин тус объектын орчин тойронд аюул эрсдэлээс хамгаалах хаалт хамгаалалт, дохио санамжийг байрлуулан, (ажилтан) иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэлгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хос өргөө 2 хотхоны цахилгааны КТПН суурийг тойруулаад бетон цутгах ажлыг гүйцэтгэж байсан А.Г нь цахилгааны гэмтлийн улмаас зүрх шууд зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж тус тус үзэн тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Б.Жын үйлдлийг болгоомжгүй гэмт хэргийн шалтгаант холбооны объектив хамааралгүй, үүргийн ойлголт дутсан, цахилгааны тусгай мэргэжлийн хүн биш тул дэд станцын ойролцоо ажил гүйцэтгэх нь өндөр эрсдэлтэй, осол болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй, мэргэжлийн мэдлэг, туршлага дутсан гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болох гэрч Н.Бын “... тус хотхоны Ж гэх залуу надтай ирж уулзаад манай хотхоны цахилгааны КТПН-д үерийн ус ороод байгаа учраас КТПН-ний доод талыг цементээр цутгуулах шаардлагатай байна гэж надтай холбогдсон. ... би цахилгааны КТПН-д ойрхон ажил, үйлчилгээ явуулж болно гэж бодоод ажил үйлчилгээ эхлүүлсэн байсан. ... би талийгаачид хөдөлмөр хамгааллын зааварчилгаа болон гарын үсэг зуруулсан зүйл байхгүй, ... талийгаач бид хоёр хамтарч хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. ...” /2хх 119/, гэрч С.Нын “... Манай байгууллагад 2021 оны 6 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө 00 цаг 57 минутын үед тус хотхоны оршин суугчийн утсаар цахилгааны КТПН шийд рүү ус орсон гэсэн дуудлагын дагуу манай байгууллагаас шуурхай ажиллагааны бригад газар дээр нь ажиллаж уг хотхоны КТПН цахилгааныг салгасан. Харин 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ...оршин суугчаас КТПН усыг соруулж усгүй болсон гэх дуудлага мэдээлэл өгч уг хотхоны КТПН-ийн цахилгааныг залгуулахаар хүсэлт ирсний дагуу цахилгааныг залгасан. Харин КТПН-ийн суурийг өндөрлөсөн байсан. Уг цахилгааны КТПН засвар үйлчилгээг тусгай зөвшөөрөл, мэргэжлийн ХХК-аар хийлгэх ёстой юм. ...” /1хх 224-225/, гэрч П.Батбаатарын “... Би 2021 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө" хотхоны КТПН-ийн цахилгааны хүчдэлээс чөлөөлж тогийг салгасан. Харин би 2022 оны 6 дугаар сарын хэдний өдөр тогийг салгасан талаараа санахгүй байна. Харин хүчдэлээс салгах үед КТПН-ийн хаалга цоожтой байсан. Харин 2022 оны 6 дугаар сард КТПН-ны тогийг залгах үед КТПН-ийн суурь хэсэг усгүй болгож, дээш нь өндөрлөгөө хийсэн байхаар нь хянаж үзээд диспетчиртэй холбогдож тогийг залгасан. Харин тог залгах үед КТПН-ийн хаалга онгорхой байхаар нь цоожлоод тэнд байсан хотхоны хүнд түлхүүрийг хүлээлгэж өгсөн. ...” /2хх 123/ гэсэн мэдүүлгүүд  хэрэг учрал болсон тухайн тохиолдолд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч А.Урангуа, Х.Наранбаатар нарын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3 дугаар дүгнэлт /1хх 114-117/, дахин шинжилгээ хийсэн шинжээч П.Чойсүрэн, Г.Найрамдал, З.Отгонбаяр нарын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 3 дугаар дүгнэлт /1хх 240-244/-үүд зэрэг нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ тодорхой заалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймээс П.Ц, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, шинжээчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Учралын гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1387 дугаар шийтгэх тогтоолыг тогтоолыг хүчингүй болгосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлын зарим үндэслэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдолтой холбоотой гаргасан тайлбарт дүгнэлт өгөөгүй, шүүх хуралдаанд оролцсон прокурор  эсэргүүцэл бичээгүй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлын энэ талаар гаргасан үндэслэлтэй санал нэг байсан болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1387 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. П.Ц, Б.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ