| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0205/Э |
| Дугаар | 280 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Цолмон |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 280
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Дашдондов,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Д.Цолмон /томилолт/,
иргэдийн төлөөлөгч Б.Цэгмэд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Даваахүү,
гэрч Б.Ариунзаяа, Б.Ариунцэцэг, Б.Батцолмон,
шинжээч Ц.Бадрал,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708010580057 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 596 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 205/2 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 6 хоногийн хорих ялаас өршөөн хасаж, суллагдсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аглаг Эрдэнэ” караоке баарны гадаа иргэн Б.Баттулгатай маргалдан, түүнийг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой гэртээ ирээд хүү Баттулгыг хэвтэж байхаар нь унтаж байгаа юм байх гэж бодсон. Гэтэл ийм асуудал болчихлоо. Оршуулгын зардалд 4 сая гаран төгрөг гарсан. Баримтуудыг охин бүрдүүлсэн. Энэ зардлаа нэхэмжилнэ. Талийгаачийн бүх хувцас эд зүйлийг оршуулгын үеэр шатаасан. Гомдолтой.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Б.Ариунзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг ороход ах хөнжлөө нөмөрчихсөн хэвтэж байсан. Ах бөөлжсөн байсан ба хөнжил нь бөөлжис болсон байсан. “Аглаг эрдэнэ” караоке нь Баянхошууны эцсийн буудал болон Жанцангийн буудал хоёрын голд нь байдаг, гэхдээ эцсийн буудалдаа харъяалагдаж явдаг. “Аглаг эрдэнэ” караокены гаднаас таксигаар манай гэр лүү очих боломжтой, алхах боломжгүй, тодорхой хэмжээний зайтай байдаг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Б.Ариунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Баттулга ах 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 21:40-21:50 цагийн хооронд согтуу орж ирсэн. Болдоо, Шинэхүү нартай хамт архи уусан гэсэн. Энэ тухай нөхөр Шинэхүү надад хэлсэн. Талийгаач надтай юм ярилгүй унтаад өгсөн. Амнаас нь цус гарчихсан байсан. Ах орж ирснийхээ дараагаар хэлэхдээ Баянхошууны эцэс дээр хүнд цохиулсан гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Тэгээд унтаад өглөө 09 цагийн үед ахыг сэрээх гэтэл сонин болчихсон байсан. “Аглаг эрдэнэ” караоке нь эцсийн буудалд харъяалагддаг. Замынхаа голд байдаг. Тухайн өдөр ах таксигаар 21:40-21.50 цагийн хооронд ирсэн. Жолооч нь ахыг машины суудал дээр шээчихсэн байна гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Б.Батцолмонгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид байгууллагынхаа дотоод журам, даргын тушаал, заавар зэргийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд баримталдаг хэдий ч эмчилгээ оношлогоо хийхдээ зөвхөн эмчилгээнийхээ стандартыг баримталж ажилладаг. Гавал тархины тасаг 2 хуваарийн дагуу ажилладаг. Тухайн үед өвчтөний биед үзлэг хийснээс гадна бүх шинжилгээнүүдийг үзсэний үндсэн дээр хагалгаа хийх боломжгүй байна, эхний ээлжинд эмийн эмчилгээ хийх нь зүйтэй гэж үзсэн. Эмч нар хоорондоо зөвлөлдөж байгаад хагалгаа хийх эсэхээ шийдвэрлэдэг, түүнээс эмчилгээ эрхэлсэн орлогч захирал уг асуудлыг мэдэхгүй, гавал тархины эмчилгээ, хагалгааны талаар тухайн чиглэлээр нарийн мэргэшсэн эмч нар л энэ талаар үндэслэл бүхий тайлбарлана уу гэхээс зүгээр нэг байгууллагын дарга мэдэх зүйл биш юм. Бид нарын ажлыг тэр болон хүн ойлгохгүй, амралтын өдөр, шөнө орой хүнд гэмтэлтэй хүмүүс ирж байгаа тохиолдолд бид нар яаралтайгаар шийдвэр гаргахаас аргагүй байдал зөндөө байдаг. Баттулгын хувьд амьдрал үл нийцэх хүнд гэмтэл учирсан гэж бичсэн нь хүний тархинд үүсэж болох бүхий л гэмтэл бүгд учирсан байсан учир эмч нар бид хоорондоо ойлголцохдоо хэрэглэдэг хэллэгээр бичсэн байна. Түүнээс анагаах ухааны нэр томъёонд байхгүй юм. Баттулгад яаралтай хагалгаа хийх боломжгүй байсан тул эрчимт эмэн эмчилгээ хийсэн..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шинжээч Ц.Бадралын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаачийн биед үүсэн гэмтэл нь 2 өөр газарт үүссэн байсан учир 2 удаагийн үйлдлээр гэж үзсэн. Тархинд үүссэн гэмтэл нь цохилт, өшиглөлтөөс гадна хатуу гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой. Уруулд үүссэн шарх гэмтэл бол цохилтоос болж үүссэн байсан. Архи уусан нь тухайн хүний биеэ авч явах байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж, өвчнийг саармагжуулах байдалтай байж болно. Талийгаачид учирсан гэмтэл нь хагалгаа хийсэн ч амь насыг аврах боломж муутай. Учир нь тархины олон тооны хүнд гэмтэл учирсан байсан. Талийгаачид учирсан тархины цусан хураа нь тархи дарах хүртэл, комд орох хүртэл үйл хөдлөл хийх боломжтой. Талийгаач нь гэмтэл авсны дараагаар гуйвах, доголох, өмдөндөө мэдрэлгүй шээх зэрэг үйлдэл хийсэн нь гэмтлээс үүдэн илэрч буй шинж тэмдэг мөн гэж үзнэ.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч С.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тараад явж байгаад Баттулгатай 18 цагийн үед тааралдсан. Надаас архи аваад өг гэхээр нь гадаа уугаад яахав гээд бааранд оръё гэсэн. Тэгээд би дэлгүүр орж тамхи авчихаад гараад ирэхэд Баттулга нэг хүнтэй хамт зогсож байсан. Талийгаачийг өмнө бол танина, ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Шинэхүүг бол өмнө нь танихгүй, тухайн өдөр танилцсан. 19 цагийн орчим Баттулга нь баарны гадаа нэг эмэгтэй хүнтэй маргалдсан. Тэр эмэгтэй надад Баттулгаас утас карт аваад өг гэхээр нь би Баттулгад юмыг нь өгчих гэхэд чамд ямар хамаатай юм гээд намайг цохихоор нь би буцаагаад 1 удаа цохьсон. Тэгээд бааранд орчихоод буцаад гараад ирэхэд Баттулга явчихсан байсан. Би Баттулгыг баруун гараараа түүний баруун талын шанаа руу нь цохьсон, тэгэхэд газар унасан байх. Баттулгын амь насыг хохирооё гэсэн санаа сэдэлт байгаагүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөн хавтаст хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 11-14х/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...дээд уруулын зүүн дотор салстад 0,6х0,4см язралтай /зах ирмэг тэгш бус бага зэрэг ангайсан/ орчны эдэд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай бага зэргийн хаван хавдартай дээд уруулын зүүн гадна хэсэгт дээрх язралын харалдаа 0,5х0,1 см хоёр ширхэг зэрэгцээ байрласан хүрэн улаан өнгийн зулгаралттай” гэх /хх-ийн 8-10х/
2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1708010580057 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1х/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны ...22-23 цагийн орчимд гэртээ ирэхэд Ариунзаяа ирчихсэн явах гэж байгаад таарсан ба “Баттулга ах бөөлжсөн байна, түргэн дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороход Баттулга гэрийн зүүн талд байх өөрийнхөө орон дээр хажуу тийшээ хараад согтуу байгаа бололтой хэвтэж байсан. ...Баттулгыг харахад амнаас нь жаахан цус шиг улаан хүрэн өнгийн зүйл гарчихсан байхаар нь бөөлжсөн байна гэж бодоод арчаад өнгөрсөн. ...Маргааш нь 11 цагийн орчимд Ариунцэцэг над руу залгаад “Баттулга ахыг хоолоо ид гээд дуудсан чинь сэрэхгүй хэрнээ амьсгаатай байгаад байхаар нь түргэд дуудсан чинь яаралтай авч явна гэж байна, би түргэний машинаар гэмтэл явж байна, та хүрээд ир” гэж хэлэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг рүү очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/
Гэрч Г.Шинэхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим Баттулга ах бид хоёр хадам ээжийн гэрээс хамт гараад архи уух гэж яваад архи олдоогүй. Тэгээд явж байгаад Баттулга ахын шоронд хамт байсан гэх Болд гэх хүнтэй тааралдсан. Би тэр Болдоо гэдэг хүнийг Болор гэдэг нэртэй болохыг сүүлд мэдсэн. Тухайн үед Болор нилээн халамцуу байдалтай байсан ба бид хоёртой таарчихаад “ганц юм уух уу” гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд Болор гэх хүнийг дагаж явж байгаад гудамжинд таарсан танихгүй 3.4 хүний хамт 1,75 /0,75/ литрийн нэг шил архи хувааж уугаад салсан. Тэгээд Болор, Баттулга бид гурав тэд нараас салаад Баянхошууны эцэс орчихоод тэндээсээ Болорын гэр лүү очиж нэг туурга аваад хүнд 50,000 төгрөгөөр зарсан. Тэгээд Болор мөнгөтэй болонгуутаа караоке орж дуулъя гээд явсан ба замдаа дэлгүүр орж 0,75 л нэг шил архи аваад пепсиний саванд хийгээд Баянхошууны эцсийн урд талд байдаг “Аглаг эрдэнэ” нэртэй караокед орж суусан. Караокед ороод нэг нэг пиво аваад сууж байхдаа архиа нууцаар гаргаж ирж ууцгаасан. Тэгээд дуу дуулаад 30, 40 орчим минут суусан. Би дуу дуулаад сууж байхад Баттулга, Болор хоёр нэг нэг ширхэг тамхи гаргаж ирээд тамхилъя гээд 21 цагийн орчимд цуг гарсан. ...Тэр хоёр гарч явсанаас хойш 5, 6 минутын дараа Болор ганцаараа орж ирэхээр нь би “Баттулга хааччихсан юм бэ” гэтэл Болд /Болор/ хэлэхдээ “муу пиздаа чинь дальчиганаад байхаар нь цохиод унагаачихлаа” гээд байсан. Тэгээд би Болдтой хамт караокед хэсэг сууж байгаад би тамхи татахаар гарсан чинь гадаа нэг эмэгтэй уйлаад зогсож байсан. Би очоод яасан гэхэд манай нөхөр хүүхэд аваад явчихлаа гэсэн, тэр хүүхэн нилээн согтсон байсан, тэгээд нилээд сууж байснаа тэр хүүхэн миний гар утас карт хааччихав гээд эхэлсэн. Тэгээд чи авсан уу гэхээр нь би аваагүй гээд нэгжүүлсэн. Тэгээд сууж байгаад гэртээ 00 цагийн орчим хариад унтаж амарсан. Уг эмэгтэй талийгаачийг явсанаас хойш ирсэн. Баттулга ах караокеноос гарч явах хүртлээ ямар нэгэн зодуулсан бэртсэн зүйл байгаагүй. Баарнаас зүгээр гараад явсан. Би өглөө босоход манай эхнэр Ариунцэцэг “Баттулга ах сонин болчихсон байна” гээд 103 дуудаад, түргэн ирээд Баттулга ахыг аваад гэмтлийн эмнэлэг явсан. ......” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-21х/
Гэрч Ш.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчим манай Аглаг-Эрдэнэ караоке бааранд бор цамцтай, намхан бор царайтай, халзан толгойтой, манай энүүгээр байнга архи уудаг 40 орчим насны ах, нөгөө хоёр нь арай залуу гурвуулаа орж ирсэн. Тэгээд манайхаас 6 шил Боргио пиво авсан. Тэгээд манайд дуулж, ууж, сууж байгаад бор цамтай 40 орчим насны ах, улаан хар өнгийн биеийн тамирын цамцтай залуугийн хамт баарнаас 21 цагийн үед гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө улаан хар цамцтай залуу ганцаараа ороод ирсэн. Тэгээд байж байхад дотор сууж байсан 2 залуугийн нэг нь ганцаараа гарчихаад орж ирэхдээ 1 эмэгтэйг дагуулж орж ирсэн. аль залуу дагуулж орж ирсэнийг анзаараагүй учир хэлж мэдэхгүй байна. Тэгээд тэд нар сууж байхад тэр улаан куртиктай залуу нь “талийгаачийг хүний гар утсыг авчихаад өгөхгүй байсан” гэсэн утгатай юм ярьж байсан. Би яриаг нь анзаарч сонсоогүй. Өөрийнхөө ойлгосноор хэлж байгаа юм. ...Тэр согтуу хүүхэн бүр нилээн согтсон юу ч ярьж чадахгүй, явах ч тэнхэлгүй гэмээр байдалтай орж ирсэн. ...Миний харсанаар талийгаачид илт мэдрэгдэхээр ямар нэгэн гэмтсэн бэртсэн гэхээр зүйл болон өвдөж шаналсан гэхээр зүйл байгаагүй. Уг хүмүүс манай караокед ирсэнээс хойш бусадтай болон өөр хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байгаагүй. Гадаа камертай боловч 2 хоногийн өмнө их устай бороо ороод цахилгааны масс гараад камер шатчихсан юм. ...нөгөө эмэгтэй нь согтоод нөгөө хоёр залуу сугадаад аваад гарсан ахин манай бааранд орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-25х/
Гэрч О.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны 18 цагт “Аглаг-Эрдэнэ” караоке буюу ажил дээрээ очсон. 19 цаг нилээн өнгөрөөд 20 цаг болох гэж байхад ...бор царайтай, намхан, халзан толгойтой, бор ноосон цамцтай, 40 орчим насны ах, 30 орчим насны 2 залуутай хамт орж ирсэн.Тэр гурав орж ирэхдээ миний харсанаар гурвуулаа халамцуу байдалтай орж ирсэн ба талийгаач нөгөө хэдээсээ арай их согтсон гэмээр байдалтай байсан. Тэд нарыг орж ирсэнээс хойш 20 орчим минутын дараа би гарчихаад удаагүй буцаад ирэхэд тэр гуравын улаан малгайтай цамцтай туранхай шар залуу нь дуулаад улаан хар алаг куртиктай залуу талийгаачтай цуг сууж байсан. Тэгээд түүнээс хойш цаг гарангийн дараа 21 цаг өнгөрч байхад би нэгж авахаар дэлгүүр гарсан. Тэгээд би дэлгүүр орчихоод удаагүй багцаагаар 5 минутын дараа буцаад ирэхэд манай караоке пабын гадаа талийгаач ах ганцаараа караокены үүдний амбаарын хойд талд газарт дээшээ хараад хэвтчихсэн байсан ба урагш өндийгөөд босч хаалганаас барих гээд чадахгүй /өндийж чадахгүй/ байхаар нь би урдаас нь гараас нь бариад татаад босгосон чинь тэр хүн амандаа нэг юм бувтнаад пизда чинь гэж хэлэх шиг болсон ба зам руу чиглээд алхсан. ...Тэр ахын аль хацар нь билээ цус болсон байсан, саарал фудболкны энгэр нь урагдсан байсан. Тэгэхээр нь би хүнд зодуулсан байна гэж бодсон. Тэр ахын цамц нь хойд хэсгээрээ хүзүү рүү нь овоороод бөөгнөрчихсөн байхаар нь харахад фудволк нь урагдсан юм уу гэмээр харагдсан. Гэхдээ буруу харсан байж магадгүй. Ямар ч байсан цамц, хувцас хунар нь цээжнийхээ дээш хуниралдаад овоорчихсон байсан. ...Тэр хүн алхахдаа явж чадахгүй доголоод байсан. Тухайн үед замын хажууд манай караокеноос гарсан 3 залуу такси барих гээд зогсож байсан. Өөр ямар нэгэн хүн ойр орчимд байгаагүй. Тэгээд би карааоке руу ороход талийгаачтай хамт байсан 2 залуу сууж байсан ба улаан малгайтай цамцтай туранхай шар залуу нь тамхи татах гэж байгаа бололтой гарсан ба удаагүй орж ирэхдээ нэг эмэгтэйн хамт орж ирсэн. Тэр эмэгтэй нилээн согтуу байсан ба орж ирээд нилээн удаан сууж байснаа гэнэт тэр шар залууг энэ миний утсыг авчихсан уу гар утас хаана байна гэж хэлсэн чинь нөгөө шар залуу нь би аваагүй нэгж гээд цуг явсан улаан хар алаг куртиктай залуу нь нэгжээд зогсож байгаад гурвуулаа гарсан. Талийгаач тухайн үед бор ноолууран цамцтай, дотуураа саарал фудволктай, цуг орж ирсэн нэг залуу нь улаан малгайтай цамцтай шар өмдтэй туранхай шар залуу, нөгөөх нь улаан хар алаг куртиктай бордуу царайтай залуу байсан. Баарны гадаа такси барих гээд зогсож байсан 3 залуу нь намайг дэлгүүрээс гарч ирэхэд талийгаачтай маргалдсан зүйл байгаагүй, ба хоорондоо яриад л тойрог орох уу гэсэн юм яриад такси барих гээд зогсож байсан. Талийгаач руу хандсан үйлдэл гаргаж үг хэлээгүй. Гадаа эмэгтэй хүн байгаагүй, тэр эмэгтэй чинь бүүр сүүлд талийгаачийг явсанаас хойш орж ирсэн. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 29-30х/
Гэрч З.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Баянхошууны эцсийн буудлын зүүн талд байдаг Андууд нэртэй таксины зогсоол дээр 31-30 УНС “Хонда эйч ар ви” маркийн үзмэн ягаан өнгийн машинтайгаа зогсож байтал хар хөх жинсэн өмдтэй бор өнгийн ноосон цамцтай 40 орчим насны нилээн согтуу байдалтай архи их үнэртүүлсэн
залуу машины урд суудалд суугаад Зүүнбаян-Уулын 12 дугаар гудамжаар зүүн тийшээ өгсөөд нилээн яваад хойшоо жижиг цагаан хаалганы өмнө зогссон. Тэгтэл нөгөө эрэгтэй хүн машинаас буухаар нь би мөнгөө авах гээд гэрлээ асаатал тэр хүн өмдөндөө шээсэн байдалтай өмдний ар хэсэг нь норсон байхаар нь хажуу суудлаа шалгаж үзтэл норсон шээс үнэртэж байсан. Би их сэжиглэсэн. Тэгтэл нэг хүүхэдтэй хүүхэн гараад ирэхээр нь “заваарсан юм чинь машинд шээчихлээ” гэж хэлээд угаасаа тэд нараас мөнгө асуугаад нэмэргүй гэж бодоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/
Гэрч Б.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим би хашааны үүдэнд охин Балжиннямын хамт байж байтал 21 цаг 50 минутын орчим 31-30 гэсэн дугаартай хөх цэнхэр өнгийн Пробоксийн өмнөх загварын машины жолоочтой хамт ах Баттулга согтуу ирсэн. Тэгтэл нөгөө таксины жолооч нь 35-40 орчим насны Баянхошууны эцэс дээр таксинд яваад байдаг хүн байсан. Тэр хүн “танай ах чинь миний машинд шээчихлээ, таксины 1.000 төгрөг өг” гэхээр нь би мөнгөгүй байсан учир “мөнгө байхгүй” гэтэл нөгөө хүн яваад өгсөн. Баттулга ах гэр лүүгээ ороод орон дээрээ гараад хэвтсэн. Тэгтэл Баттулга ахын хоёр жавьжнаас цус гарсан байхаар нь би “агаа таныг хэн зодсон юм бэ” гэтэл Баттулга ах “муу эцсийн пизда нар намайг зодчихлоо, ах нь өглөө өөрөө зодсон хүнээ мэднэ ээ” гэж хэлсэн. Тэгээд ах унтаад өгсөн. Тэгээд удалгүй эгч Ариунзаяа гаднаас орж ирсэн. Тэгээд агаа унтаж байна гэсэн. Эгч гарч яваад удалгүй ээж орж ирсэн. Тэгээд бид нар унтах гээд байж байтал гаднаас манай нөхөр Шинэхүү орж ирээд тэгээд бид нар унтаж амарцгаасан. Би өнөөдөр өглөө босоод цай чанаад сэрээх гэтэл ах сэрэхгүй байхаар нь би гудамжны хүний утсаар 103 дуудсан. Талийгаач уг нь яаж согтсон өмдөндөө шээдэггүй юм. Өмдөндөө шээчихсэн байхаар нь би гайхаж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34, 35-36х/
Гэрч Б.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цаг өнгөрч байхад би ээжийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ЗБУ-ын 11-43 тоотод очиход Баттулга ах зүүн талын орон дээр хөнжлөө нөмрөөд хөнжил рүүгээ улаан хүрэн өнгөөр бөөлжсөн байсан. Тэгэхээр нь би Баттулга ахын нүүр лүү хартал уруулын дээд хэсэгт хавдчихсан юм шиг байхаар нь “яасан юм бэ, хүн амьтанд зодуулсан юм уу, архины хордлого болчихсон юм уу, би 103 дуудах уу” гэхэд “хэрэггүй, зүгээр” гэсэн. Тэгээд би Баттулга ахыг өмдөндөө шээчихсэн байхаар нь “та чинь өмдөндөө шээгээдп арчаагаа алдаж байгаа юм байна даа” гэхэд Баттулга ах намайг “миний дүү маргааш амарч байгаа юм чинь амарч байгаа хоёр өдрөө гэр орноо очиж янзал” гэж хэлсэн....Маргааш нь 10-11 цагийн орчимд над руу хүргэн ах Ганбаатар “Баттулга ах чинь өнгөрчихлөө, миний дүү гэмтлийн эмнэлэг дээр яваад оч” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38х/
Гэрч Л.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болор 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэртээ архи уугаад хүүхдүүддээ аав нь бурхны оронд очно гэсэн утгатай юм ярьсан байсан. Өөрөө 10 гаран жил ял эдлэхээр сэтгэлзүйн хувьд хэцүү байгаа бололтой юм. Тэгээд хүүхдүүдээ гэрээсээ гаргаад хоолойгоо зүссэн байсан. Хүүхдүүд байсан тулдаа эмнэлэгт мэдэгдсэн байсан. Би одоо 40 настай хүн арван жил суугаад 50 настай гарч ирвэл надад ямар амьдрал байх юм гээд сэтгэлээр унаад амиа хорлох байсан юм гээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44х/
Насанд хүрээгүй гэрч А.Энхмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ эгч Энхжинтэй тоглож байгаад хашаанд байдаг эмээгийн гэрт ороход манай аав Болор ширээн дээр цаашаа хараад юм бичээд суугаад байсан. Тэгээд аав цаашаа харж сууж байснаа, эргэж намайг харчихаад “чи цаашаа гарч бай, хүүхэд харж болохгүй, чи аавыгаа дахиж харахгүй” гэж хэлээд нэг юм аваад хоолой дээрээ бариад нааш цааш хөдөлгөөд хоолойгоо зүсчихсэн. Тэгсэн чинь аавын хүзүүнээс цус гарахаар нь би айгаад, уйлаад хойд гэрт байсан аниа Энхжинг дагуулаад гудамжинд шийдэн дээр тоглож байсан агаа Алтанбаганад “аав хоолойгоо зүсээд ухаан алдах гээд байна” гээд хэлсэн чинь агаа аймар хурдан гүйгээд гэрт ирсэн. Агаа, аниа хоёртой гэртээ ороход аав маань ширээ мөргөөд унасан ба агаа түүнийг татаад босгож байхаар нь аниа бид хоёр манайхаас холгүй байдаг дэлгүүр ороод эмээд утсаар хэлсэн юм. Тэгээд цагдаа, эмнэлгийн машин удаагүй ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46х/
Гэрч Б.Батцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баттулга ирэхдээ биеийн байдал маш хүнд, ухаангүй, толгойны хуйханд хаван хавдар ихтэй байдалтай байсан. Ил харагдах гэмтэл зулайн ар хэсэгт хаван хавдартай, ...эмчилгээ хийж явцад өвчтөн нас барсан. Өвчтөн тархины маш хүнд гэмтэл учирсан. Гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины эдийн дотор цусан хураа,тархины дагз орчмын хатуу хальсан дээрх цусан хураа зэрэг амьдралд үл нийцэх хүнд гэмтэл учирсан байсан учир цусан хурааг аваад амь насыг аврах боломжгүй байсан. ...Амьдралд үл нийцэх гэдэг нь амь насыг аврах ямарч боломжгүй, хүний толгойд үүсэж болох бүх гэмтлүүд нэг дор үүсэхийг хэлнэ. ...Өвчний түүхээс харахад Баттулгад цусны хурааг шимэгдүүлэх, үрэвслийн эсрэг, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээг тус хүний биеийн байдлыг дээрдүүлэхээр хийсэн байна. Дээрх шийдвэрийг тухайн өдөр гарч байсан эмч нарын хамтарсан шийдвэрээр эцсийн шийдвэр гаргадаг. Эмчлэгч эмч нь Батмагнай эмч байсан. Тухайн өвчтний биеийн байдал, хэвтэсэнээс хойш хийгдсэн шинжилгээнүүдийг үндэслэн мэс ажилбар хийгээд үр дүн гарахгүй гэсэн шийдвэр гаргасан. Мэргэшсэн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр тухайн өдөр гарч байсан эмч нарын шийдвэрээр хагалгаа хийх эсэхийг шийдсэн. Үзлэг хийж шийдвэр гаргасан талаар өвчний түүхэнд бичсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48, 212-213х/
Гэрч Ж.Батмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тархины хүнд гэмтлийн үеийн эрхтэн тогтолцооны гаралтай /амьсгал, зүрх, судас, бусад эрхтэн/ хоёрдогч өөрчлөлт, хүндэрлээс урьдчилан сэргийлэх суурь болон үндсэн эмчилгээ, үүнд халдвараас урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээ, амьсгал зүрх судамны үйл ажиллагааг дэмжих эрчимт эмчилгээг өвчний эмнэлзүй болон шинжилгээн дээр үндэслэн хийгдсэн. Мөн тархины эдийн үйл ажиллагааг сайжруулах тархины цусан хангамжийг сайжруулах, тархины хаван бууруулах эмчилгээ хийгдсэн. Уг амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээний гол зорилго нь тухайн гэмтлээс үүдэн гарсан амьсгал зүрх судасны дутагдлаас гаргаж цаашид удаан хугацаанд тогтворжуулахад чиглэгддэг. Тухайн өмчтөн ирэхдээ гавал ясны хугаралтай, тархины баруун дух чамархайн аалзан бүрхүүл доорхи цус харвалттай, тархины эдийн цусархаг няцралттай тархи дагагдалттай, тархи дарагдалтын улмаас амьсгал зүрх судасны төвийн үйл ажиллагаа бүрэн дарангуйлагдсан /дутагдалд орсон/ өвчтөн гүн комын байдалтай байсан. Дээрх гэмтлин үед эрчимт эмчилгээ хийж биеийн байдал тогтворжуулж эмнэлзүй, өвчтний биеийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч эмчилгээг үргэлжлүүлэх эмчилгээний зарчимтай. Энэ эмчилгээний үр дүнд өвчтөний биеийн байдал сайжраагүй зүрхний үйл ажиллагаа зогсож өвчтөн нас барсан. Амь насыг аврах боломжгүй. Тархины мэс заслын үзлэгийн шийдвэр нь эмийн эрчимт эмчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх шийдвэр байсан учраас өвчтөнд амь тэнссэн үеийн эрчимт эмчилгээ хийсэн. Яг энэ гэмтлийн тохиолдолд хагалгаа хийх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 209-211х/
Гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өвчтөний амь насыг аврах боломжгүй, тархины хавсарсан олон хүнд гэмтэлтэй, ухаангүй гүн комын байдалтай амьсгал зүрх судасны үйл ажиллагаа доголдсон байсан тул яаралтай мэс засал хийх боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 214-215х/
Амь хохирогч Б.Баттулгын өвчний түүх /хх-ийн 130-136х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1710 дүгнэлтэд: “...Талийгаач Б.Баттулгын цогцост гавлын орой ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун дух, чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины баруун дух хэсгийн цусархаг няцрал, тархины хажуугийн болон 3,4-р ховдол дахь цус хуралт, зулайн хуйх, гавлын шар хальс, хатуу хальсны цус хуралт уруулд зулгаралт, язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба уг гэмтлийн улмаас нас барсан байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн №10071 тоот өвчний түүхт талийгаач нь 2017 оны 08 сарын 27-ны 02 цаг 30 минутанд нас баржээ...” гэжээ. /хх-ийн 52-54/
Шинжээч Ц.Бадралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаачийн уруулд учирсан язрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл буюу тархины гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гавал тархины гэмтэл нь тодорхой хугацаанд буюу тархи дарагдах хүртэлх хугацаанд ухамсарт үйл хөдөлгөөн хийх боломжтой. Тархи дарагдах хугацааг тогтоох боломжгүй. Тархины гэмтлийн хагарсан судасны хэмжээнээс хамаарч цус хураа нь аажмаар нэмэгдэж тархийг дардаг. Уг гэмтлийг авснаар толгой өвдөх, эргэх, гуйвах, биеийн тэнцвэр алдагдах, дотор муухайрах бөөлжих, гар, хөл таталд өгөх, үе үе ухаангүй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Гэмтлийг авснаас хойш тархи дарагдах хүртэл хохирогч амьд байна. Энэ хугацаа нь харилцан адилгүй учир тогтоох боломжгүй. Талийгаачийн толгойд учирсан гэмтэл нь үхэлд хүргэсэн. Хатуу мохоо хязгаарлагдсан бус гадаргуутай зүйл дээр унах, савах, үед үүсэх боломжтой. Талийгаач уруул, эрүү орчимд цохигдсоны улмаас толгойгоороо хатуу гадаргуу дээр цохигдож унасан бол уг гэмтэл нь үүсэх боломжтой. Талийгаачийн цогцост гавлын орой хэсэгт суман заадсыг даган зүүн урагш духны зүүн хэсэг рүү, арагш дагзны баруун хэсэг рүү 20 см үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл тогтоогдсон. Ийм гэмтлийг авсан хүн эмнэлгийн тусламжийг тэр даруй авсан ч амь насыг нь аврах боломж бага. Яагаад гэвэл дээрх хатуу хальсан доорх цусан хурал нь тархи дарагдах хүртэлх хугацаанд үйл хөдөлгөөн хийж явах, алхах зэрэг боломжтой. Харин толгой, өвдөг, дотор муухайрах, бөөлжих, таталт өгөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрч байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед дээрх шинж тэмдэг бүдэг илэрч болно. Талийгаачид хийгдсэн эмийн эмчилгээ оноштой тохирсон байна. Биеийн байдал туйлын хүнд, мэс заслын эмчилгээнд үр дүн өгөхөөргүй, гавал тархины хавсарсан гэмтлүүд байжээ. Эмийн эмчилгээ нь тархины эдийн цусны эргэлтийг сайжруулах, хаван хөөх хоёрдогч халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50, 216-217х/
Шүүх сэтгэц эмгэг судлалын №823 дүгнэлтэд: “...С.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Мэдүүлэг өгөх чадвартай байна. Өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна...” гэжээ. /хх-ийн 60-61х/
С.Бын гар бичвэр /хх-ийн 158х/
Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 18-19 цагийн орчим Баянхошууны эцсийн буудлын орчим Баттулга, түүний хүргэн Шинэхүү гэх залуу нартай тааралдсан. Тэгээд бид 3 уулзаад надад 50.000 төгрөг байсан болохоор бид нар архи уухаар болоод жанцангийн уруудах зам дагуу байдаг нэг дэлгүүрээс /нэрийг нь мэдэхгүй/ 1 шил архи аваад тэгээд бид нар нөгөө архиа аваад Жанцангийн зам дагуух караоке бааранд орсон. Тэгээд бид нар баар луу орох зам дагуу нөгөө хоёр архиа хувааж уугаад дууссан байсан. Тэгээд бид 3 уг бааранд ороод нийт 6 шил пиво уусан. Тэгээд уг бааранд ороод нэг эмэгтэйтэй танилцсан. Тэгтэл нөгөө эмэгтэйгийн банкны карт, Нокиа маркийн товчлууртай улаан энгийн гар утсыг нь Баттулга авчихаад өгөхгүй байхаар нь би Баттулгыг гадаа дагуулж гараад “чи тэр утас, картыг нь өгчих” гэтэл өгөхгүй, Баттулга миний өөдөөс ам руу салаавч өгөхөөр нь би баруун гараараа эрүү рүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл Баттулга сөхрөөд урагшаагаа газар унасан. Тэгээд би шууд бааранд орж ширээн тавьсан ундаагаа аваад буцаад гараад иртэл Баттулга байхгүй явсан байсан. Тэгээд би буцаж бааранд ортол Шинэхүү байсан. Тэгтэл Шинэхүү “Баттулга ах хаана байна” гэхээр нь “Баттулга явсан байна” гэж хэлээд бид хоёр уг бааранд хэсэг сууж байгаад бид хоёр хамт баарнаас гараад хоёр тийшээ салсан.. Би Баттулгыг баарны гадаа маргалдаад эрүү рүү нь гараараа 1 удаа цохиход цаад талд баарны ажилтан 20 орчим насны эмэгтэй зогсож байсан. Танихгүй согтуу 3 залуу байсан өөр хүн байгаагүй...”
“...би Баттулгын эрүү орчимд нь гараараа 1 удаа цохиж авахад Баттулга унаад өгсөн. Би яг аль тал руугаа унасан талаар нь сайн хэлж мэдэхгүй байна. Би согтсон байсан. ...Газар нь толгойгоороо цохиж унасан байх. Тэрнээс юм мөргөөгүй. Тэр газар цементэн гадаргуутай байсан. Би Баттулгыг яг цохих үед хүмүүс байсан эсэхийг сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр 3 залуу такси барих гээд гараа өргөөд зогсож байсан...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 80-81, 83-84, 223-224х/
С.Бын хувийн байдлын талаар:
Гэрч Д.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болор нь үг дуу цөөтэй, даруу талдаа зантай. Ширүүн дорвин аашгүй, их зөөлөн зантай, бусадтай маргалдаад, хэрүүл зодоон хийгээд байдаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40х/
Гэрч Д.Баярмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болор нь элдэв зангүй, инээж хөөрөөд л явж байдаг. Хүнтэй яриа хөөрөө гайгүй, хүнтэй маргалдаад байдаггүй, тэвчээр сайтай, аймхай талдаа зантай учир хүнтэй маргалдаад, зодолдоод байдаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42х/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 167х/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86х/
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 596 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-91х/ зэрэг болно.
Шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аглаг Эрдэнэ” караоке баарны гадаа иргэн Б.Баттулгатай маргалдан түүнийг зодож алсан болох нь:
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...амь хохирогчийн дээд уруулын зүүн дотор салстад 0,6х0,4см язралтай /зах ирмэг тэгш бус бага зэрэг ангайсан/ орчны эдэд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай бага зэргийн хаван хавдартай дээд уруулын зүүн гадна хэсэгт дээрх язралын харалдаа 0,5х0,1 см хоёр ширхэг зэрэгцээ байрласан хүрэн улаан өнгийн зулгаралттай” гэх /хх-ийн 8-10х/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны ...22-23 цагийн орчимд гэртээ ирэхэд Ариунзаяа ирчихсэн байсан ба “Баттулга ах бөөлжсөн байна, түргэн дуудаарай” гэж хэлсэн. ...Баттулгыг харахад амнаас нь жаахан цус шиг улаан хүрэн өнгийн зүйл гарчихсан байхаар нь бөөлжсөн байна гэж бодоод арчаад өнгөрсөн. ...Маргааш нь 11 цагийн орчимд Ариунцэцэг над руу залгаад “Баттулга ахыг хоолоо ид гээд дуудсан чинь сэрэхгүй хэрнээ амьсгаатай байгаад байхаар нь түргэд дуудсан чинь яаралтай авч явна гэж байна, би түргэний машинаар гэмтэл явж байна, та хүрээд ир” гэж хэлэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг рүү очсон. Талийгаач нь миний хүү бөгөөд ингэж амь нас хохирсонд гомдолтой байна. Оршуулгын зардалд нийт 4 сая гаран төгрөг гарсан, үүнээс нэг ч төгрөг төлөөгүй тул энэхүү зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х, шүүх хуралданы тэмдэглэл/
Гэрч Г.Шинэхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим Баттулга ах бид хоёр хадам ээжийн гэрээс хамт гараад архи уух гэж яваад архи олдоогүй. Тэгээд явж байгаад Баттулга ахын шоронд хамт байсан гэх Болд гэх хүнтэй тааралдсан. Би тэр Болдоо гэдэг хүнийг Болор гэдэг нэртэй болохыг сүүлд мэдсэн. Тухайн үед Болор нилээн халамцуу байдалтай байсан ба бид хоёртой таарчихаад “ганц юм уух уу” гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд Болор гэх хүнийг дагаж явж байгаад гудамжинд таарсан танихгүй 3.4 хүний хамт 1,75 /0,75/ литрийн нэг шил архи хувааж уугаад салсан. Тэгээд Болор, Баттулга бид гурав тэд нараас салаад ...караоке орж дуулъя гээд явсан ба замдаа дэлгүүр орж 0,75 л нэг шил архи аваад пепсиний саванд хийгээд Баянхошууны эцсийн урд талд байдаг “Аглаг эрдэнэ” нэртэй караокед орж суусан. Караокед ороод нэг нэг пиво аваад сууж байхдаа архиа нууцаар гаргаж ирж ууцгаасан. Тэгээд дуу дуулаад 30, 40 орчим минут суусан. Би дуу дуулаад сууж байхад Баттулга, Болор хоёр нэг нэг ширхэг тамхи гаргаж ирээд тамхилъя гээд 21 цагийн орчимд цуг гарсан. ... Тэр хоёр гарч явсанаас хойш 5, 6 минутын дараа Болор ганцаараа орж ирэхээр нь би “Баттулга хааччихсан юм бэ” гэтэл Болд /Болор/ хэлэхдээ “муу пиздаа чинь дальчиганаад байхаар нь цохиод унагаачихлаа” гээд байсан. Тэгээд би Болдтой хамт караокед хэсэг сууж байгаад би тамхи татахаар гарсан чинь гадаа нэг эмэгтэй уйлаад зогсож байсан. Би очоод яасан гэхэд манай нөхөр хүүхэд аваад явчихлаа гэсэн, тэгээд хамтдаа дотогш орсон, тэр хүүхэн нилээн согтсон байсан, тэгээд нилээд сууж байснаа тэр хүүхэн миний гар утас карт хааччихав гээд эхэлсэн. Тэгээд чи авсан уу гэхээр нь би аваагүй гээд нэгжүүлсэн. Тэгээд сууж байгаад гэртээ 00 цагийн орчим хариад унтаж амарсан. Уг эмэгтэй талийгаачийг явсанаас хойш ирсэн. Баттулга ах караокеноос гарч явах хүртлээ ямар нэгэн зодуулсан бэртсэн зүйл байгаагүй. Баарнаас зүгээр гараад явсан. Би өглөө босоход манай эхнэр Ариунцэцэг “Баттулга ах сонин болчихсон байна” гээд 103 дуудаад, түргэн ирээд Баттулга ахыг аваад гэмтлийн эмнэлэг явсан. ......” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-21х/
Гэрч Ш.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчим манай Аглаг-Эрдэнэ караоке бааранд бор цамцтай, намхан бор царайтай, халзан толгойтой, манай энүүгээр байнга архи уудаг 40 орчим насны ах, нөгөө хоёр нь арай залуу гурвуулаа орж ирсэн. Тэгээд манайхаас 6 шил Боргио пиво авсан. Тэгээд манайд дуулж, ууж, сууж байгаад бор цамтай 40 орчим насны ах, улаан хар өнгийн биеийн тамирын цамцтай залуугийн хамт баарнаас 21 цагийн үед гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө улаан хар цамцтай залуу ганцаараа ороод ирсэн. Тэгээд байж байхад дотор сууж байсан 2 залуугийн нэг нь ганцаараа гарчихаад орж ирэхдээ 1 эмэгтэйг дагуулж орж ирсэн, аль залуу дагуулж орж ирсэнийг анзаараагүй учир хэлж мэдэхгүй байна. Тэгээд тэд нар сууж байхад тэр улаан куртиктай залуу нь “талийгаачийг хүний гар утсыг авчихаад өгөхгүй байсан” гэсэн утгатай юм ярьж байсан. Би яриаг нь анзаарч сонсоогүй. Өөрийнхөө ойлгосноор хэлж байгаа юм. ...Миний харсанаар талийгаачид илт мэдрэгдэхээр ямар нэгэн гэмтсэн бэртсэн гэхээр зүйл болон өвдөж шаналсан гэхээр зүйл байгаагүй. Уг хүмүүс манай караокед ирсэнээс хойш бусадтай болон өөр хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байгаагүй. Гадаа камертай боловч 2 хоногийн өмнө их устай бороо ороод цахилгааны масс гараад камер шатчихсан юм. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-25х/
Гэрч О.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны 18 цагт “Аглаг-Эрдэнэ” караоке буюу ажил дээрээ очсон. 19 цаг нилээн өнгөрөөд 20 цаг болох гэж байхад ...бор царайтай, намхан, халзан толгойтой, бор ноосон цамцтай, 40 орчим насны ах, 30 орчим насны 2 залуутай хамт орж ирсэн. Тэд нарыг орж ирсэнээс хойш 20 орчим минутын дараа би гарчихаад удаагүй буцаад ирэхэд тэр гуравын улаан малгайтай цамцтай туранхай шар залуу нь дуулаад улаан хар алаг куртиктай залуу талийгаачтай цуг сууж байсан. Тэгээд түүнээс хойш цаг гарангийн дараа 21 цаг өнгөрч байхад би нэгж авахаар дэлгүүр гарсан. Тэгээд би дэлгүүр орчихоод удаагүй багцаагаар 5 минутын дараа буцаад ирэхэд манай караоке пабын гадаа талийгаач ах ганцаараа караокены үүдний амбаарын хойд талд газарт дээшээ хараад хэвтчихсэн байсан ба урагш өндийгөөд босч хаалганаас барих гээд чадахгүй /өндийж чадахгүй/ байхаар нь би урдаас нь гараас нь бариад татаад босгосон чинь тэр хүн амандаа нэг юм бувтнаад пизда чинь гэж хэлх шиг болсон ба зам руу чиглээд алхсан. ...Тэр ахын аль хацар нь билээ цус болсон байсан, саарал фудболкны энгэр нь урагдсан байсан. Тэгэхээр нь би хүнд зодуулсан байна гэж бодсон. ...Тэр ахын цамц нь хойд хэсгээрээ хүзүү рүү нь овоороод бөөгнөрчихсөн байхаар нь харахад фудволк нь урагдсан юм уу гэмээр харагдсан. Гэхдээ буруу харсан байж магадгүй. Ямар ч байсан цамц, хувцас хунар нь цээжнийхээ дээш хуниралдаад овоорчихсон байсан. ...Тэр хүн алхахдаа явж чадахгүй доголоод байсан. Тухайн үед замын хажууд манай караокеноос гарсан 3 залуу такси барих гээд зогсож байсан. Өөр ямар нэгэн хүн ойр орчимд байгаагүй. Тэгээд би карааоке руу ороход талийгаачтай хамт байсан 2 залуу сууж байсан ба улаан малгайтай цамцтай туранхай шар залуу нь тамхи татах гэж байгаа бололтой гарсан ба удаагүй орж ирэхдээ нэг эмэгтэйн хамт орж ирсэн. Тэр эмэгтэй нилээн согтуу байсан ба орж ирээд нилээн удаан сууж байснаа гэнэт тэр шар залууг энэ миний утсыг авчихсан уу гар утас хаана байна гэж хэлсэн чинь нөгөө шар залуу нь би аваагүй нэгж гээд цуг явсан улаан хар алаг куртиктай залуу нь нэгжээд зогсож байгаад гурвуулаа гарсан. Баарны гадаа такси барих гээд зогсож байсан 3 залуу нь намайг дэлгүүрээс гарч ирэхэд талийгаачтай маргалдсан зүйл байгаагүй, ба хоорондоо яриад л тойрог орох уу гэсэн юм яриад такси барих гээд зогсож байсан. Талийгаач руу хандсан үйлдэл гаргаж үг хэлээгүй. Гадаа эмэгтэй хүн байгаагүй, тэр эмэгтэй чинь бүүр сүүлд талийгаачийг явсанаас хойш орж ирсэн. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 29-30х/
Гэрч З.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Баянхошууны эцсийн буудлын зүүн талд байдаг Андууд нэртэй таксины зогсоол дээр 31-30 УНС “Хонда эйч ар ви” маркийн үзмэн ягаан өнгийн машинтайгаа зогсож байтал хар хөх жинсэн өмдтэй бор өнгийн ноосон цамцтай 40 орчим насны нилээн согтуу байдалтай архи их үнэртүүлсэн
залуу машины урд суудалд суугаад Зүүнбаян-Уулын 12 дугаар гудамжаар зүүн тийшээ өгсөөд нилээн яваад хойшоо жижиг цагаан хаалганы өмнө зогссон. Тэгтэл нөгөө эрэгтэй хүн машинаас буухаар нь би мөнгөө авах гээд гэрлээ асаатал тэр хүн өмдөндөө шээсэн байдалтай өмдний ар хэсэг нь норсон байхаар нь хажуу суудлаа шалгаж үзтэл норсон шээс үнэртэж байсан. Тэгтэл нэг хүүхэдтэй хүүхэн гараад ирэхээр нь “заваарсан юм чинь машинд шээчихлээ” гэж хэлээд угаасаа тэд нараас мөнгө асуугаад нэмэргүй гэж бодоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/
Гэрч Б.Ариунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим би хашааны үүдэнд охин Балжиннямын хамт байж байтал 21 цаг 50 минутын орчим 31-30 гэсэн дугаартай хөх цэнхэр өнгийн Пробоксийн өмнөх загварын машины жолоочтой хамт ах Баттулга согтуу ирсэн. Тэр хүн “танай ах чинь миний машинд шээчихлээ, таксины 1.000 төгрөг өг” гэхээр нь би мөнгөгүй байсан учир “мөнгө байхгүй” гэтэл нөгөө хүн яваад өгсөн. Баттулга ах гэр лүүгээ ороод орон дээрээ гараад хэвтсэн. Тэгтэл Баттулга ахын хоёр жавьжнаас цус гарсан байхаар нь би “агаа таныг хэн зодсон юм бэ” гэтэл Баттулга ах “муу эцсийн пизда нар намайг зодчихлоо, ах нь өглөө өөрөө зодсон хүнээ мэднэ ээ” гэж хэлсэн. Тэгээд ах унтаад өгсөн. Тэгээд бид нар унтах гээд байж байтал гаднаас манай нөхөр Шинэхүү орж ирээд тэгээд бид нар унтаж амарцгаасан. Би өнөөдөр өглөө босоод цай чанаад сэрээх гэтэл ах сэрэхгүй байхаар нь би гудамжны хүний утсаар 103 дуудсан. Талийгаач уг нь яаж согтсон өмдөндөө шээдэггүй юм. Өмдөндөө шээчихсэн байхаар нь би гайхаж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34, 35-36х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Б.Ариунзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 22 цаг өнгөрч байхад би ээжийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ЗБУ-ын 11-43 тоотод очиход Баттулга ах зүүн талын орон дээр хөнжлөө нөмрөөд хөнжил рүүгээ улаан хүрэн өнгөөр бөөлжсөн байсан. Тэгэхээр нь би Баттулга ахын нүүр лүү хартал уруулын дээд хэсэгт хавдчихсан юм шиг байхаар нь “яасан юм бэ, хүн амьтанд зодуулсан юм уу, архины хордлого болчихсон юм уу, би 103 дуудах уу” гэхэд “хэрэггүй, зүгээр” гэсэн. Тэгээд би Баттулга ахыг өмдөндөө шээчихсэн байхаар нь “та чинь өмдөндөө шээгээд арчаагаа алдаж байгаа юм байна даа” гэхэд Баттулга ах намайг “миний дүү маргааш амарч байгаа юм чинь амарч байгаа хоёр өдрөө гэр орноо очиж янзал” гэж хэлсэн....Маргааш нь 10-11 цагийн орчимд над руу хүргэн ах Ганбаатар “Баттулга ах чинь өнгөрчихлөө, миний дүү гэмтлийн эмнэлэг дээр яваад оч” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1710 дүгнэлтэд: “...Талийгаач Б.Баттулгын цогцост гавлын орой ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун дух, чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины баруун дух хэсгийн цусархаг няцрал, тархины хажуугийн болон 3,4-р ховдол дахь цус хуралт, зулайн хуйх, гавлын шар хальс, хатуу хальсны цус хуралт уруулд зулгаралт, язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба уг гэмтлийн улмаас нас барсан байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн №10071 тоот өвчний түүхт талийгаач нь 2017 оны 08 сарын 27-ны 02 цаг 30 минутанд нас баржээ...” гэжээ. /хх-ийн 52-54/
Шинжээч Ц.Бадралын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаачийн уруулд учирсан язрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл буюу тархины гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гавал тархины гэмтэл нь тодорхой хугацаанд буюу тархи дарагдах хүртэлх хугацаанд ухамсарт үйл хөдөлгөөн хийх боломжтой. Тархи дарагдах хугацааг тогтоох боломжгүй. Тархины гэмтлийн хагарсан судасны хэмжээнээс хамаарч цус хураа нь аажмаар нэмэгдэж тархийг дардаг. Уг гэмтлийг авснаар толгой өвдөх, эргэх, гуйвах, биеийн тэнцвэр алдагдах, дотор муухайрах бөөлжих, гар, хөл таталд өгөх, үе үе ухаангүй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Гэмтлийг авснаас хойш тархи дарагдах хүртэл хохирогч амьд байна. Энэ хугацаа нь харилцан адилгүй учир тогтоох боломжгүй. Талийгаачийн толгойд учирсан гэмтэл нь үхэлд хүргэсэн. Хатуу мохоо хязгаарлагдсан бус гадаргуутай зүйл дээр унах, савах, үед үүсэх боломжтой. Талийгаач уруул, эрүү орчимд цохигдсоны улмаас толгойгоороо хатуу гадаргуу дээр цохигдож унасан бол уг гэмтэл нь үүсэх боломжтой. Талийгаачийн цогцост гавлын орой хэсэгт суман заадсыг даган зүүн урагш духны зүүн хэсэг рүү, арагш дагзны баруун хэсэг рүү 20 см үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл тогтоогдсон. Ийм гэмтлийг авсан хүн эмнэлгийн тусламжийг тэр даруй авсан ч амь насыг нь аврах боломж бага. Яагаад гэвэл дээрх хатуу хальсан доорх цусан хурал нь тархи дарагдах хүртэлх хугацаанд үйл хөдөлгөөн хийж явах, алхах зэрэг боломжтой. Харин толгой, өвдөг, дотор муухайрах, бөөлжих, таталт өгөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрч байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед дээрх шинж тэмдэг бүдэг илэрч болно. Талийгаачид хийгдсэн эмийн эмчилгээ оноштой тохирсон байна. Биеийн байдал туйлын хүнд, мэс заслын эмчилгээнд үр дүн өгөхөөргүй, гавал тархины хавсарсан гэмтлүүд байжээ. Эмийн эмчилгээ нь тархины эдийн цусны эргэлтийг сайжруулах, хаван хөөх хоёрдогч халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн байна. Талийгаачид илэрч буй гуйвах, өмдөндөө шээж байгаа үйлдэл нь тухайн гэмтлээс үүдэлтэй шинж тэмдэг илэрч байна гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50, 216-217х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Б.Батцолмонгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баттулга ирэхдээ биеийн байдал маш хүнд, ухаангүй, толгойны хуйханд хаван хавдар ихтэй байдалтай байсан. Ил харагдах гэмтэл зулайн ар хэсэгт хаван хавдартай, ...эмчилгээ хийж явцад өвчтөн нас барсан. Өвчтөн тархины маш хүнд гэмтэл учирсан. Гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины эдийн дотор цусан хураа,тархины дагз орчмын хатуу хальсан дээрх цусан хураа зэрэг амьдралд үл нийцэх хүнд гэмтэл учирсан байсан учир цусан хурааг аваад амь насыг аврах боломжгүй байсан. ...Амьдралд үл нийцэх гэдэг нь амь насыг аврах ямарч боломжгүй, хүний толгойд үүсэж болох бүх гэмтлүүд нэг дор үүсэхийг хэлнэ. Амьдрал үл нийцэх гэсэн нэр томъёо анагаах ухааны хэллэгт байхгүй ч эмч нар хоорондоо ойлголцохдоо хэрэглэдэг. ...Өвчний түүхээс харахад Баттулгад цусны хурааг шимэгдүүлэх, үрэвслийн эсрэг, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээг тус хүний биеийн байдлыг дээрдүүлэхээр хийсэн байна. Дээрх шийдвэрийг тухайн өдөр гарч байсан эмч нарын хамтарсан шийдвэрээр эцсийн шийдвэр гаргадаг. Эмчлэгч эмч нь Батмагнай эмч байсан. Тухайн өвчтний биеийн байдал, хэвтэсэнээс хойш хийгдсэн шинжилгээнүүдийг үндэслэн мэс ажилбар хийгээд үр дүн гарахгүй гэсэн шийдвэр гаргасан. Мэргэшсэн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр тухайн өдөр гарч байсан эмч нарын шийдвэрээр хагалгаа хийх эсэхийг шийдсэн. Үзлэг хийж шийдвэр гаргасан талаар өвчний түүхэнд бичсэн байна. Бид байгууллагынхаа дотоод журам, даргын тушаал, заавар зэргийг баримталдаг хэдий ч эмчилгээ үйлчилгээ хийхдээ зөвхөн эмчилгээнийхээ стандартыг баримталж ажилладаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48, 212-213х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Ж.Батмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өвчтөн ирэхдээ гавал ясны хугаралтай, тархины баруун дух чамархайн аалзан бүрхүүл доорхи цус харвалттай, тархины эдийн цусархаг няцралттай тархи дагагдалттай, тархи дарагдалтын улмаас амьсгал зүрх судасны төвийн үйл ажиллагаа бүрэн дарангуйлагдсан /дутагдалд орсон/ өвчтөн гүн комын байдалтай байсан. Дээрх гэмтлийн үед эрчимт эмчилгээ хийж биеийн байдал тогтворжуулж эмнэлзүй, өвчтний биеийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч эмчилгээг үргэлжлүүлэх эмчилгээний зарчимтай. Тархины хүнд гэмтлийн үеийн эрхтэн тогтолцооны гаралтай /амьсгал, зүрх, судас, бусад эрхтэн/ хоёрдогч өөрчлөлт, хүндэрлээс урьдчилан сэргийлэх суурь болон үндсэн эмчилгээ, үүнд халдвараас урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээ, амьсгал зүрх судамны үйл ажиллагааг дэмжих эрчимт эмчилгээг өвчний эмнэлзүй болон шинжилгээн дээр үндэслэн хийгдсэн. Мөн тархины эдийн үйл ажиллагааг сайжруулах тархины цусан хангамжийг сайжруулах, тархины хаван бууруулах эмчилгээ хийгдсэн. Амь насыг аврах боломжгүй. Тархины мэс заслын үзлэгийн шийдвэр нь эмийн эрчимт эмчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх шийдвэр байсан учраас өвчтөнд амь тэнссэн үеийн эрчимт эмчилгээ хийсэн. Яг энэ гэмтлийн тохиолдолд хагалгаа хийх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 209-211х/
Гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өвчтөний амь насыг аврах боломжгүй, тархины хавсарсан олон хүнд гэмтэлтэй, ухаангүй гүн комын байдалтай амьсгал зүрх судасны үйл ажиллагаа доголдсон байсан тул яаралтай мэс засал хийх боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 214-215х/
Амь хохирогч Б.Баттулгын өвчний түүх /хх-ийн 130-136х/
Гэрч Л.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болор 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэртээ архи уугаад хүүхдүүддээ аав нь бурхны оронд очно гэсэн утгатай юм ярьсан байсан. Өөрөө 10 гаран жил ял эдлэхээр сэтгэлзүйн хувьд хэцүү байгаа бололтой юм. Тэгээд хүүхдүүдээ гэрээсээ гаргаад хоолойгоо зүссэн байсан. Хүүхдүүд байсан тулдаа эмнэлэгт мэдэгдсэн байсан. Би одоо 40 настай хүн арван жил суугаад 50 настай гарч ирвэл надад ямар амьдрал байх юм гээд сэтгэлээр унаад амиа хорлох байсан юм гээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44х/
Насанд хүрээгүй гэрч А.Энхмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ эгч Энхжинтэй тоглож байгаад хашаанд байдаг эмээгийн гэрт ороход манай аав Болор ширээн дээр цаашаа хараад юм бичээд суугаад байсан. Тэгээд аав цаашаа харж сууж байснаа, эргэж намайг харчихаад “чи цаашаа гарч бай, хүүхэд харж болохгүй, чи аавыгаа дахиж харахгүй” гэж хэлээд нэг юм аваад хоолой дээрээ бариад нааш цааш хөдөлгөөд хоолойгоо зүсчихсэн. Тэгсэн чинь аавын хүзүүнээс цус гарахаар нь би айгаад, уйлаад хойд гэрт байсан аниа Энхжинг дагуулаад гудамжинд шийдэн дээр тоглож байсан агаа Алтанбаганад “аав хоолойгоо зүсээд ухаан алдах гээд байна” гээд хэлсэн чинь агаа аймар хурдан гүйгээд гэрт ирсэн. Агаа, аниа хоёртой гэртээ ороход аав маань ширээ мөргөөд унасан ба агаа түүнийг татаад босгож байхаар нь аниа бид хоёр манайхаас холгүй байдаг дэлгүүр ороод эмээд утсаар хэлсэн юм. Тэгээд цагдаа, эмнэлгийн машин удаагүй ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46х/
С.Бын гар бичвэр /хх-ийн 158х/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 11-14х/
Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баттулгыг баарны гадаа маргалдаад эрүү рүү нь гараараа 1 удаа цохиход газар унасан. Танихгүй согтуу 3 залуу байсан өөр хүн байгаагүй, тэр 3 залуу такси барих гээд гараа өргөөд зогсож байсан...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 80-81, 83-84, 223-224х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Б нь “амь хохирогч нь гадаа зогсож байсан эмэгтэйгийн гар утсыг авчихаад өгөхгүй байсан учир Б.Баттулгыг эд зүйлийг нь өг гэхэд өгөхгүй байсан учир баруун гараараа баруун талын шанаанд нь 1 удаа цохьсон” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн буюу тухайн нэр нь үл мэдэгдэх эмэгтэй нь амь хохирогчийг явснаас хойш тус караоке бааранд орж ирсэн болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч С.Быг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгаас дараах санал, хүсэлтийг гаргасан болно. Үүнд:
1. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийгээгүй, амь хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Үндэслэл, амь хохирогч нь гэртээ орсон хойноо Ариунцэцэгт “эцсийн буудлын пизда нарт зодуулчихлаа” гэж хэлсэн байдаг, энэ дагуу эцсийн буудлаар нийлж архи уудаг гэх хүмүүсийг энэ асуудалтай холбогдуулан шалгаагүй, хохирогчид үүссэн гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоогоогүй гэсэн саналын тухайд:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзвэл, амь хохирогч Баттулга, өөрийн хүргэн болох Г.Шинэхүүгийн хамт 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим гэрээсээ гарч яван 19 цагийн орчим шүүгдэгч С.Бтой тааралдан хамтдаа Баянхошууны эцсийн буудалд харъяалагдах “Аглаг эрдэнэ” караокед орж пиво авч уух болон нууж авч орсон гэх архиа хувааж ууж сууцгаасан, 21 цагийн үед амь хохирогч Б.Баттулга, шүүгдэгч С.Б нар нь хамтдаа тамхи татах гээд гарсан, хэсэг хугацааны дараа С.Б нь караокед ганцаараа буцаж орон “Б.Баттулгыг далжиганаад байхаар нь цохьчихсон чинь явчихлаа” гэж гэрч Шинэхүүд хэлсэн талаараа гэрч Г.Шинэхүү болон шүүгдэгч С.Бын хэн аль нь үгүйсгээгүй,
- тус караоке баарыг ажлуулж байсан гэх гэрч Ш.Саранчимэг, О.Жаргалсайхан нар нь “Б.Баттулга, Г.Шинэхүү, С.Б нарыг 19 цагийн орчим караокед орж ирсэн, гаднаас орж ирэхд үедээ, дотор сууж байхдаа, гадагш гарах үедээ тэдгээрийн хэн аль нь бусадтай болон өөр хоорондоо маргалдаж зодолдоогүй, тэдгээрийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй тухай, мөн шүүгдэгч С.Б, амь хохирогч Б.Баттулга нар нь сууж байгаад 21 цагийн орчимд караокеноос тамхи татахаар гарсан, 5,6 минутын дараа шүүгдэгч С.Быг ганцаараа буцаж орж ирсэн тухай зөрүүгүйгээр мэдүүлцгээсэн ба гэрч О.Жаргалсайхан нь 21 цагийн үед гарч дэлгүүрээс нэгж авчихаад удалгүй буцаж ирэх үед нь амь хохирогч Б.Баттулга нь караокены гадаа газарт дээшээ хараад уначихсан, босох гээд босож чадахгүй байхаар татаж босгосон, Б.Баттулгын хацар нь цус болчихсон, цээжин хэсгийн хамаг хувцас нь дээшээ огшоод хүзүү хэсэгтээ овоорчихсон байдалтай, түүнийг босгосны дараагаар амь хохирогч нь доголсон байдалтайгаар зам руу явсан талаар мэдүүлсэн,
- гэрч Г.Шинэхүү нь Аглаг эрдэнэ караокены байршлыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагдах ...Жанцангийн буудлаас өгсөөд замын зүүн талд байрладаг гэж, гэрч Б.Ариунцэцэг, Б.Ариунзаяа нар нь “Аглаг эрдэнэ” караокег Баянхошууны эцсийн буудал Жанцангийн буудлын хоёрын голд байрладаг ч Баянхошууны эцсийн буудалд хамаардаг талаар мэдүүлсэн, түүнчлэн гэрч З.Нэргүй нь Баянхошууны эцсийн буудлын зүүн талд байрлах Андууд нэртэй таксины зогсоол дээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байхад 22 цагийн орчим Б.Баттулга нь машинд нь ирж суусан, гэрч Б.Ариунцэцэг нь “ах Баттулгыгаа 21:40-21:50 цагийн хооронд таксигаар гэртээ ирсэн, гэртээ ороход 22 цаг болж байсан талаар мэдүүлсэн,
- шинжээчийн 1710 дугаартай дүгнэлтээр амь хохирогчид гавлын орой ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун дух, чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины баруун дух хэсгийн цусархаг няцрал, тархины хажуугийн болон 3,4-р ховдол дахь цус хуралт, зулайн хуйх, гавлын шар хальс, хатуу хальсны цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан гэж,
шинжээч Бадрал нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “уг гавал тархины гэмтэл нь тодорхой хугацаанд буюу тархи дарагдах хүртэлх хугацаанд ухамсарт үйл хөдөлгөөн хийх боломжтой. Тархи дарагдах хугацааг тогтоох боломжгүй. Тархины гэмтлийн хагарсан судасны хэмжээнээс хамаарч цус хураа нь аажмаар нэмэгдэж тархийг дардаг. Уг гэмтлийг авснаар толгой өвдөх, эргэх, гуйвах, биеийн тэнцвэр алдагдах, дотор муухайрах бөөлжих, гар, хөл таталд өгөх, үе үе ухаангүй болох, өмдөндөө шээх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Гэмтлийг авснаас хойш тархи дарагдах хүртэл хохирогч амьд байна гэсэн дүгнэлт, мэдүүлэг тус тус авагджээ.
Дээрх байдлаас үзвэл, амь хохирогч Б.Баттулга нь тус караокед орохоос өмнө бусдад зодуулсан зүйл байхгүй, харин оройн 21 цагийн үед С.Быг дагаж гарсны дараагаар хохирогчийн биеэс нь цус гарсан, хувцас нь дээшээ огшиж бөөгнөрсөн, өөрийн биеийн рефлексээрээ босож чадахгүй, доголсон байдалтай байсан, улмаар тэндээсээ гэртээ шууд харьсан зэрэг нь гэрч нарын мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлэгт дурдагдсан цаг хугацаагаар тогтоогдсон байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг буюу амь хохирогч Б.Баттулга гэмтэл авсан цаг хугацаа нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21 цаг гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч С.Бын үйлдэл, хохирогчид учирсан амь насанд аюултай хүнд гэмтэл тодруулбал, хохирогчийн уруул, тархинд үүссэн хүнд гэмтэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудад амь хохирогч нь Баянхошууны эцсийн буудлаар архи уудаг гэх хүмүүстэй тухайн өдрийн орой уулзсан, маргалдсан, зодолдсон гэх байдал тогтоогдоогүй, амь хохирогч нь гэрч Б.Ариунцэцэгт “муу эцсийн пизда нар намайг зодчихлоо, ах нь өглөө өөрөө зодсон хүнээ мэднэ ээ” гэж хэлсэн нь хохирогч олон хүнд зодуулсан талаараа бус харин нэг хүнд тодруулбал, С.Бт зодуулсан талаараа хэлсэн байхыг үгүйсгэхгүй, тухайн өдөр амь хохирогч нь зөвхөн Г.Шинэхүү, С.Б нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхошууны эцэс хавиар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй бүх хүмүүсийг бүгдийг нь шалгах, тэд нараас байцаалт, мэдүүлэг авах шаардлагагүй, энэ нь хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөхөөргүй болно.
2.Мөн гэмтлийн эмнэлэгийн эмч нар болох Батцолмон, Батмагнай нарын мэдүүлгээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн, тэдгээр эмч нар нь хохирогчид яагаад хагалгаа хийгээгүй, тэд нарын хувьд эс үйлдэхүйтэй холбоотой асуудал байгаа эсэхийг шалгах шаардлагатай, тус эмнэлгийн эмч нар нь байгууллагынхаа дотоод журам, барих ёстой стандарт, байгууллагынхаа даргын тушаал зааврыг хэрхэн биелүүлж ажилладаг, хагалгаа хийлгүй эмэн эмчилгээ хийсэн нь ямар учиртай болох, амьдралд үл нийцэх хүнд гэмтэл гэсэн нэр томъёо анагаах ухааны хэллэгт байхгүй байхад эмч нар хохирогчид ийм онош тавьсан байсан, иймд эмч нар үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг тогтоож өгнө үү гэжээ.
ГССҮТ эмнэлгийн эмч нар болох гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Батмагнай, Б.Батцолмон, Б.Ган-Эрдэнэ нар нь “Баттулга нь тархины хавсарсан олон хүнд гэмтэлтэй ухаангүй, гүн комын байдалтай, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа доголдсон байсан тул яаралтай мэс засал хийх боломжгүй байсан, иймээс тархины цусан хурааг шимэгдүүлэх, хоёрдогч өөрчлөлт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх суурь болон үндсэн эмчилгээ буюу үрэвслийн эсрэг зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эрчимт эмчилгээг өвчний эмнэлзүй болон шинжилгээн дээр үндэслэж хийсэн” талаараа мэдүүлцгээснээс /хх-ийн 47-48, 209-211, 212-213, 214-215х/ гадна гэрч Б.Батцолмон нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гавлын тархины тасгийн эмч нар бид ер нь эмнэлэгт ажиллаж байгаа бүх эмч нар нь байгууллагынхаа дотоод журам, даргын тушаал зааварт захирагдаж ажиллах хэдий боловч өөрсдийн мэргэшсэн чиглэл бүрээр ажлаа гүйцэтгэхдээ эмчилгээний стандартын дагуу өвчтний биед үзлэг хийх, шинжилгээний хариунууд зэргийг үндэслэн хагалгаа хийх үү, үгүй юу, ямар эмчилгээ хийх нь тухайн өвчтөнд тохирсон эмчилгээ болох талаар тухайн өдөр гарч буй эмч нар нь хоорондоо зөвлөлдөж байгаад шийдвэр гаргадаг. Бид нарын ажлыг тэр болон хүн ойлгохгүй, амралтын өдөр, шөнө орой хүнд гэмтэлтэй хүмүүс ирж байгаа тохиолдолд бид нар яаралтайгаар шийдвэр гаргахаас аргагүй байдал зөндөө байдаг. Түүнээс эмчилгээ эхэлсэн орлогч захирлаас хагалгаа хийх эсэх талаар зөвшөөрөл авах асуудал байхгүй. Эмч нар өөрсдөө зөвлөлдөж шийдвэрлэдэг. Баттулгын хувьд амьдрал үл нийцэх хүнд гэмтэл учирсан гэж бичсэн нь хүний тархинд үүсэж болох бүхий л гэмтэл бүгд учирсан байсан учир эмч нар бид хоорондоо ойлголцохдоо хэрэглэдэг хэллэгээр бичсэн байна. Түүнээс анагаах ухааны нэр томъёонд байхгүй юм. Баттулгад яаралтай хагалгаа хийх боломжгүй байсан тул эрчимт эмэн эмчилгээ хийсэн” гэж мэдүүлсэн, /шүүх хуралдааны тэмдэглэл/ ба 10071 дугаартай өчний түүхэнд Б.Баттулгад ямар эмчилгээ хийгдсэн талаар тодорхой дурдагдсан /хх-ийн 130-136х/ байх тул Б.Батцолмон, Ж.Батмагнай, Б.Ган-Эрдэнэ нарыг амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгах, холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн саналд дурдагдсан асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн дээрх нэр бүхий эмч нарын тавьсан онош нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан оноштой тохирсон, эмчлэгч эмч нар болон шинжээч нь амь хохирогчийн амь насыг аврах боломжгүй байсан талаарх мэдүүлгийг удаа дараа үндэслэлээ гаргаж тайлбарлаж өгсөн байх тул зөвхөн эмчлэгч эмч нарын мэдүүлгээр хүндрүүлэн зүйлчилж байна гэсэн өмгөөлөгчийн санал нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах гэсэн саналын тухайд:
Шинжээчийн 1710 дугаартай дүгнэлтэд “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош”-д гавал тархины битүү гэмтэл: “гавлын орой ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун дух, чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины баруун дух хэсгийн цусархаг няцрал, тархины хажуугийн болон 3,4-р ховдол дахь цус хуралт, зулайн хуйх, гавлын шар хальс, хатуу хальсны цус хуралт, тархи дарагдал, тархи уушгины хаван, дотор эрхтнүүдийн цус эргэлтийн хямрал, цуллаг эрхтнүүдийн тэжээл хувирал, уруулд зулгаралт, язрал, цус хуралт” гэсэн онош тавигдсан /хх-ийн 54х/ байх бөгөөд шинжээч Ц.Бадрал нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчид дээрх задлан шинжилгээгээр тогтоогдсон гэмтлүүд учирсан, уг гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой болох, тус гэмтлийг авсанаас хойш буюу тархи дарагдах хүртэлх хугацаанд тодорхой үйл хөдлөл хийх боломжтой, тархи дарагдах хугацааг нарийн тогтоох боломжгүй, тухайн хүний биеийн онцлогоос хамаарах, тус гэмтлийг авсан хүнд ямар шинж тэмдэг илэрч болох талаар хангалттай тайлбарлаж мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд тавигдсан онош нь амь хохирогчийн өвчний түүхэнд бичигдсэн оноштой зөрүүгүй байх тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.
Иймд шүүгдэгчийн өмөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч хангаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь оршуулгын зардалд нийт 4 сая гаран төгрөг гарсан гэж нэхэмжилсэн боловч тус хэргийн 139-155 дугаар хуудсанд нийт 2.965.510 төгрөгийн баримтыг хавсаргасан байна.
Иймд шүүгдэгч С.Боос 2.965.510 /хоёр сая, есөн зуун жаран таван мянга, таван зуун арав/ төгрөгийг энэ тогтоолоор гаргуулах нь үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаанд түүнээс хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нт олгож, Б.Н нь баримтгүй зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь гэрч О.Жаргалсайхан, Г.Шинэхүү, Ш.Саранчимэг, З.Нэргүй, Б.Ариунцэцэг, Б.Ариунзаяа, Б.Батцолмон, Ж.Батмагнай, Б.Ган-Эрдэнэ, Л.Сүнжидмаа, насанд хүрээгүй гэрч А.Энхмаа нарын мэдүүлэг, шинжээчийн 1710 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Ц.Бадралын мэдүүлэг, шүүгдэгч С.Бын амь хохирогчийг цохьсон талаараа мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч С.Бын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан арван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 2 хоног, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 213 хоног, нийт 215 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов. /хх-ийн 65, 69, 75, 77, 176, 181-182, 218х/
Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Быг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч С.Бын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Боос 2.965.510 /хоёр сая, есөн зуун жаран таван мянга, таван зуун арав/ төгрөгийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нт олгож, Б.Н нь баримтгүй зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан С.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.БААТАР
Б.ДАШДОНДОВ