Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 126/ШШ2025/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И************  ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Л************

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т************

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б************ нарын хоорондын тендерийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т************  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б************ , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    Нэхэмжлэгчээс анх Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж гүйцэтгэгч сонгох тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

1.2.    2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болон хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж гүйцэтгэгч сонгох тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

            2.1. Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас БШУЯ/20240102160 дугаар бүхий Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж (Ховд, Хөвсгөл) гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалтыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зарласан байх бөгөөд тус тендер шалгаруулалтын баримт бичиг буюу техникийн тодорхойлолттой холбоотой гомдлыг нэхэмжлэгчээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасан.

2.2. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/1048 тоот албан бичгээр уг тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулан, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдэгдсний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг даалгаж шийдвэрлэсэн боловч хариуцагчаас тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулаагүй, мөн тендер шалгаруулалтыг үргэлжлүүлээгүй байна.

2.3. Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-276/2024 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх талаар хариуцагчид хандсан боловч хариу өгөөгүй, улмаар 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл

3.1. Нэхэмжлэгч И************  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Засаг даргаас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зарласан БШУЯ/20240102160 дугаартай Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж гүйцэтгэгч сонгох тендерт манай байгууллага оролцсон.

Тус тендерийн техникийн тодорхойлолтод номын нэрийг тухайлан нэрлэн зөвхөн нэг компанийн номуудыг худалдан авахаар зохицуулж, номын хэмжээ, хуудасны тоо, тухайн номын нэгж үнэ зэргийг заасан хууль зөрчсөн тендер байсан тул манай байгууллагаас хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/1044 дүгээр албан бичгээр захиалагч тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа тодорхой нэг аж ахуйн эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүний нэр, гарал үүслийг тухайлан заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, хуульд заасныг үндэслэн тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг захиалагчид даалгасан.

Гэтэл одоо хүртэл тендерийг үргэлжлүүлэхгүй, төрийн худалдан авах ажиллагааны цахим системд өөрчлөлтийн хүсэлт гаргасан төлөвтэй хэвээр байгаа. Тус тендерт оролцогчийнхоо хувьд 7 хоног бүр хэд хэдэн удаа тогтмол тендер үргэлжилсэн эсэхийг шалгадаг бөгөөд тендерийг үргэлжлүүлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байна.

Манай байгууллагаас Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн огноотой албан бичгээр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт, Төрийн худалдан авах ажиллагааны газарт, Боловсролын яаманд, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус хандсан боловч тендерийг үргэлжлүүлэхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамны 20240102160 дугаартай Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж гүйцэтгэгч сонгох тендерийн техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т************, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр худалдан авах ажиллагааны үнэлгээний хороо байгуулагдсан. 5 дугаар сарын 15-ны өдөр ийм маргаан бүхий тендер зарлагдсан байсан. Тендер зарлагдсантай холбоотой нэхэмжлэгчийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон аймгийн Засаг даргын Тамгын газар тендерийг захиалагч болон худалдан авах ажиллагааны газар тендерийг зохион байгуулж байгаа эдгээр этгээдүүдэд гомдол хүргүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол тухайн зарласан тендер нь тендерийн тодорхойлолтод байгаа баримт бичгүүдээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн байна гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Энэ гомдлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянаад Хөвсгөл аймгийн худалдан авах ажиллагааны газарт тендерийн баримт бичгийг хянасан тухай 5 дугаар сарын 31-ний өдрийн албан тоотыг хүргүүлсэн. Уг албан тоотод захиалагч нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа тодорхой нэг аж ахуйн нэгж эрхлэгчийн бараа бүтээгдэхүүн, нэр, гарал үүслийг тусгайлан заасан нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 12.4-т заасныг тус тус зөрчсөн байна. Ийм учраас техникийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулан хэрхэн шийдвэрлэсэн талаараа эргэж мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг даалгасан. Ингээд энэ тендертэй холбоотой баримт бичгийг түдгэлзүүлсэн байдаг. Энэ хүсэлт бол өнөөдрийг хүртэл түдгэлзсэн хэвээрээ явж байна гэж маргаж байгаа байгууллагын зүгээс үзэж энэ нэхэмжлэлийг гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн техникийн тодорхойлолтоо өөрсдөө оруулаад тендерийг хуульд нийцүүлэн үргэлжлүүлж явуулахыг худалдан авах ажиллагааны газар болон захиалагчид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлсээр байхад хариуцагч эдгээр ажлыг хийгээгүйгээр өнөөдөр тендерийг үргэлжлүүлээгүй.

Энэ хийхгүй байгаа үндэслэлээ юу гэж байна вэ гэхээр 2024 оны төсөвт байсан 100.000.000 төгрөг буюу 130 нэр төрлийн ном сурах бичгийг авах тендерийн төсөв одоо байхгүй ээ. Дээрээс нь манайх захиалагч биш. Боловсролын яам захиалагч. Ийм агуулгаар энэ хугацаанд явж ирсэн байдаг. Гэтэл Боловсролын яамнаас Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газарт тухайн тендерийг хуульд нийцүүлж явуул гэсэн агуулгатай бичгийг хүргүүлсэн байдаг. Гэтэл хуульд нийцүүлж явуулах үүрэг чиг үүрэг бүхий холбогдох газрууд нь тухайн тендерийн баримт бичгийг 1 компанид буюу Соёмбо принт компанийн гаргасан 130 нэр төрлийн ном сурах бичиг бүхий тендерийг өөрийн гаргасан, хэвлэсэн сурах бичгийг хямд үнээр нийлүүлэх агуулгатай тендерийг зарласан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн агуулгатай асуудал болсон. Тэгэхээр тендер хуульд нийцсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагууд явж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд Худалдан авах ажиллагааны газарт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тендерийг хуульд нийцүүлж явуулахыг шаарджээ. Үүнтэй холбоотойгоор хугацаа заасан. Заасан хугацаанд тендерийн талаар хуульд нийцүүлсэнтэй холбоотой хэн нь ч буюу Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хариу ирүүлээгүй байна гэдэг нь хэрэгт авагдсан баримтад дурджээ.

Өөрөөр хэлбэл, Монополын эсрэг газраас Худалдан авах ажиллагааны газар, аймгийн Засаг даргын Тамгын газраас манай өгсөн албан шаардлагын дагуу хариу ирүүлээгүй гэдэг агуулгатай байсан. Хариуцагч хэлэхдээ бид захиалагч биш. Боловсролын яамнаас ирсэн асуудлыг бид нар зүгээр л хэрэгжүүлсэн гэдэг. Гэтэл тендерийн баримт бичиг дээр захиалагч нь Хөвсгөл аймгийн Засаг дарга гэж байгаа. 130 нэр төрлийн дэлхийн шилдэг зохиолыг орон нутгийн номын фондыг баяжуулахаар Засгийн газар 2024 оны төсөл хөтөлбөрийн арга хэмжээг зохион байгуулах тогтоол шийдвэртээ гаргасан. Өөрөөр хэлбэл 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 480 дугаар тогтоолд 100.000.000 төгрөгийн төсөв арга хэмжээ тавигдсан байдаг. Энэ маргаан явж байх хугацаанд буюу өнгөрсөн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын 72 дугаар тогтоолоор өмнөх 480 дугаар тогтоол хүчингүй болж жагсаалт батлахдаа мөн 100.000.000 төгрөгийг 2024 оны төсвийн хөрөнгөөр аймагт эрхийг нь шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, аймаг бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх ийм боломжтой байсан. Энэхүү хэрэгжүүлэх ажлаа хийгээгүй гээд өнөөдөр энэ маргаан үүссэн. Техникийн хүснэгтийн өгөгдлийн баримт бичгийн 3 дугаар бүлгийн техникийн тодорхойлолтод тавигдах шаардлага дээр байгаа. Техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагын шалгуур үзүүлэлтүүдэд хязгаарласан шинжтэй байж болохгүй гээд заачихсан байгаа. Барааны тэмдэг, нэр гэх мэт эдгээр нь хэт нэг компанид давуу байдал олгохгүй гээд тендерийн холбогдох хууль, тендерийн баримт бичигт заасаар байхад тухайн хариуцагч нар энэ нь Боловсролын яамнаас захиалсан ажиллагаа, манайх зөвхөн гүйцэтгэгч гэж байгаа юм. Гэтэл тендерийн баримт бичиг болон Засгийн газрын тогтоолоор аймгийн Засаг даргад энэ бүрэн эрхийг нь өгсөөр байтал энэ тендерийг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасантай нь холбоотойгоор үүнийг эс үйлдэхүй болохыг нь тогтоолгоё, хоёрдугаарт, энэ тендерийн үйл ажиллагаа түдгэлзчихсэн явж байгаа. Түдгэлзсэн үйлдэлтэй нь холбоотойгоор түдгэлзүүлсэн акт өнөөдөр хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл, тендерийн баримт бичгийг түдгэлзүүлсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 5 дугаар сарын 31-ний акт өнөөдөр хүчин төгөлдөр байна. Гэтэл энэ тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлээд явуулах хугацааг заасан байхад нэгдүгээрт, хугацаанд нь ямар нэгэн хариу өгсөнгүй, хоёрдугаарт, энэ тендерийг үргэлжлүүлэх ажиллагааг өнөөдрийг хүртэл хийгээгүй байгаа нь үргэлжлүүлэн явуулахгүй байгаа эс үйлдэхүй болохыг нь хууль бус болгон тогтоолгоё гэсэн нэг шаардлага байна.

Тендерийн баримт бичигт техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулъя гэсэн хоёр дахь шаардлагын тухайд хэтэрхий нэг компанид давуу байдал олгосон байдлаа эргэж хараад 130 дэлхийн шилдэг хүүхдийн ном зохиолыг хүүхдийн нас, хүйс, онцлогт тохирсон мөн одоо үе цаг үеийнх нь хэвлэлттэй, цаг үед нь хэвлэгдэж гарсан хүүхдийн хэрэгцээ шаардлага хангасан ном сурах бичгээр солих давуу байдал олгохгүй байх агуулгаар техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулах, хуулиар олгогдсон эрх болон үүргээ биелүүлэх шаардлагын дагуу өөрчлөлтөө оруулаад түдгэлзсэн тендер шалгаруулахыг үргэлжлүүлэн явуулахыг даалгах шаардлагууд байгаа юм. Засгийн газрын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 72 дугаар тогтоолоор аймагт 100.000.000 төгрөгийн төсөл арга хэмжээг явуулах эрхийг өгсөөр байтал өнөөдрийг хүртэл тендерийг явуулахгүй байгаа энэ асуудлыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тэгэхээр шүүх хэрэгт хавсаргасан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэсэн хүсэлт байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж тендерийг үргэлжлүүлэн явуулахыг даалгасантай холбоотой хариуцагчаас нэхэмжлэгчид боловсролын яам энэ тендерийн захиалагч.Төсөв байхгүй гэдэг хариу тайлбар өгдөг. 2024 оны төсөв 2025 онд байхгүй. Тийм болохоор энэ тендер явах боломжгүй гэдэг хариу тайлбар хэн хэнээс нь ирж байгаа. Бодит байдал дээр Засгийн газрын тогтоол ч өнөөдөр хүчинтэй байна. Сангийн яаман дээр төсөвлөгдсөн 100.000.000 төгрөгийг тендерийг явуулахтай холбоотойгоор 100.000.000 төгрөгийг тендерийг явуулах энэ шүүхийн шийдвэрийн хүрээнд явах боломжтой. Мөн Засаг даргын Тамгын газраас 100.000.000 төгрөгийнхөө тендерийг зарлах 100.000.000 төгрөгийн төсөв нь нэгэнт төсөвлөгдчихсөн төсөл арга хэмжээндээ байгаа болохоор энийг хэрэгжүүлэх боломжтой. Буцаад татагдсан гэж дүгнэлт өгөөд байгаа нь үндэслэлгүй. Тэгэхээр буцааж татагдсан бол тухайн тендерт хэрэгжээд дууссан юм уу? Хэрэгжихгүй дууссан юм уу? Хэрэгжих шатандаа явж байгаа юм уу? Энэ асуултад хариу тайлбар хариуцагчаас ирүүлээгүй. Ер нь төсөв байхгүй. Төсөв нь татагдсан гэдэг. Гэтэл үүнийгээ нотлох ямар ч баримт байхгүй. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б************ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: И************  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж /Ховд, Хөвсгөл/ гүйцэтгэгч сонгох тендерийн техникийн тодорхойлолтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга баталсан.

2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тендер шалгаруулалт зарласан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/940 дугаартай албан бичгээр тус тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, холбогдох баримт бичгийг ирүүлэхийг мэдэгдсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тендер шалгаруулалтын баримт бичгийг хянасан тухай албан бичгээр дээрх тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулж ирүүлэх тухай 2024 оны 6 дугаар сарын 07- ны өдрийн 1/192 тоот албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй.

Уг төсел арга хэмжээний санхүүжилт 2024 оны тесвийн жилд хэрэгжихээр батлагдсан бөгөөд санхүүгийн жил дууссан тул дахин зарлах боломжгүй, мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас техникийн тодорхойлолтыг дахин боловсруулж ирүүлээгүй учир тендер шалгаруулалтыг дахин зарлах боломжгүй.

Мөн уг тендер шалгаруулалт зарлагдаагүй байгаа нь И************  ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И************  ХХК-иас аймгийн Засаг дарга тендер зарлахгүй байгаа түдгэлзүүлсэн эс үйлдэхүйг тогтоож өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргаж байна гэж ойлголоо.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэгдүгээрт И************  ХХК-д тендер зарлаагүй үйлдэл нь ямарваа нэгэн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй байна. И************  ХХК ямар нэгэн тендертэй холбоотойхар жагсаалтад оруулсан зүйл байхгүй. Эсвэл урьдчилгаа шилжүүлнэ гэсэн гэрээ хийсэн зүйл байхгүй. Ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу Монополын эсрэг газраас техникийн тодорхойлолт нь хэт нэг компани руу чиглэсэн байна. Техникийн тодорхойлолтоо өөрсдөө дахин зарла гэдэг шаардлага ирсэн. Үүний хүрээнд уг тендерийн захиалагч нь манайх боловч техникийн тодорхойлолтыг Боловсролын яамнаас баталсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас баталж ирүүлдэг. Уг баталсан техникийн тодорхойлолтыг бид нар өөрсдөө дур мэдэн засах эрх байхгүй. Уг тодорхойлолтыг боловсруулсан яам нь техникийн тодорхойлолтоо засаж ирүүлэх ёстой. Үүнийг нь Боловсролын яам руу удаа дараа албан бичгээр хандсан боловч огт хариу өгч байгаагүй. Энэ талаар баримтуудыг хавсаргаад өгчихсөн байгаа. Уг тендер зарлагдлаа гэж бодоход И************  ХХК шалгарна гэдэг баталгаа байхгүй. Ер нь тендерт үйл ажиллагаатай холбоотой шалгаруулалтыг үнэлгээний хороо нь шалгаруулна. Хэдэн компани өрсөлдөхийг хэлж мэдэхгүй. Тендерийг зарлахад И************  ХХК орно. Өөр ямар ямар компани орох юм билээ. Магадгүй 5,6 компани орохыг ч үгүйсгэхгүй. Тэр дундаас И************  ХХК хэрхэн яаж шалгарах вэ гэдгийг бас хэлж мэдэхгүй. Хамгийн чухал зүйлийг хэлэхэд И************  ХХК-тай манай зүгээс ямар ч эрх зүйн харилцаа үүсгээгүй, эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байхад эс үйлдэхүй гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн дээрээс нь төрийн байгууллага жил болгон оны сүүлээр төсвийн жил дуусахад төсөв нь татагддаг. Энэ нь Төсвийн тухай хуулийн 43.3, 18.6, 4.1.50 дахь хэсэгт зааснаар зохицуулагддаг. Төрийн сангийн үйл ажиллагааны журмын Засгийн газрын 2023 оны 443, 444 дүгээр тогтоол буюу төрийн сангийн үйл ажиллагааны тогтоолын 2.10.5 дахь заалтаар төсвийн жил дуусахад төрийн бүх байгууллагуудын уг төсөв татагддаг. Үүнтэй холбоотой ч гэсэн Боловсролын яамнаас техникийн тодорхойлолтоо шинэчилж боловсруулж ирүүлэхгүй байсаар уг тендер зарлагдах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрвээ зарлалаа гэсэн ч И************  ХХК шалгарна гэж би бодохгүй байна. Өөр компани шалгарахыг үгүйсгэхгүй. И************  ХХК нь шалгарахыг ч бас үгүйсгэхгүй учраас яг 100 хувь баталгаатай шалгарах юм шиг ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймагт уг тендер зарлагдсан тэгээд манай компани шалгарсан гэдэг зүйл бичсэн байсан. Өмнө манайд нэг удаа хүсэлтээ гаргаж байсан. Тухайн үнэлгээний хороо нь И************  ХХК-ийг шалгаруулсан болохоос биш манай аймаг дээр зарлагдахад хэдэн компани оролцоод ямар ямар компани шалгарахыг үгүйсгэхгүй. Тухайн үедээ баримт нь ч гэсэн бүрэн ирэх эсэхийг ч гэсэн яг хэлж мэдэхгүй учраас шалгарна гэх баталгаа байхгүй. Яг ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй. Тодорхойгүй гэхээсээ илүүтэйгээр угаасаа И************  компанийн энэ тендерт оролцохгүй байгаа нь ямар ч И************  ХХК-ын эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгчээс ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас захиалагч тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа тодорхой нэг аж ахуйн эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүний нэр, гарал үүслийг тухайлан заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, хуульд заасныг үндэслэн тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг захиалагчид даалгасан байтал хариуцагч уг ажиллагааг үргэлжлүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй... гэж, хариуцагчаас ...уг тендерийн захиалагч нь манайх боловч техникийн тодорхойлолтыг Боловсролын яамнаас баталсан. Уг баталсан техникийн тодорхойлолтыг бид нар өөрсдөө дур мэдэн засах эрх байхгүй. Боловсролын яам руу удаа дараа албан бичгээр хандсан боловч огт хариу өгөөгүй, улмаар төсвийн жил дуусч төсөв татагдсан гэж тус тус маргажээ.

3.  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/83 тоот тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар тал) Боловсрол, шинжлэх ухааны салбарын 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан барилга байгууламжийн төсөл арга хэмжээний 2024 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг баталсан байх бөгөөд уг ерөнхий төлөвлөгөөнд Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж /Хөвсгөл/ нээлттэй тендер шалгаруулалт багтаж, улмаар тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2/1224 тоот албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар тал) дээрх тендерийг зохион байгуулах эрхийг аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж, тус худалдан авалттай холбоотой техникийн тодорхойлолтыг батлан хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 137-140 дүгээр тал)

4.  Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталж хүргүүлсэн техникийн тодорхойлолтын дагуу БШУЯ/20240102160 дугаар бүхий Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж (Ховд, Хөвсгөл) гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалтыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зарласан байх бөгөөд тус тендер шалгаруулалтын баримт бичиг буюу техникийн тодорхойлолттой холбоотой гомдлыг нэхэмжлэгчээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан байна.

5.  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/940 тоот албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилт, тендер хүлээн авах, нээлт хийх үйл ажиллагааг түдгэлзүүлж байгааг мэдэгдэж байна гэж дурдан тендерийн баримт бичиг, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон холбогдох бусад шаардлагатай баримт бичгийг тус газарт ирүүлэхийг мэдэгдэж, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/260 тоот албан бичгээр холбогдох баримт бичгийг хүргүүлжээ.

6.  Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/1048 тоот албан бичигт Захиалагч тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүний нэр, гарал үүслийг тухайлан заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Иймд ... тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулан, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг даалгаж байна гэж дурдан Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газарт уг албан бичгийг хүргүүлсэн байна.

7.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиалагч нь Хөвсгөл аймгийн Засаг дарга тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан бичгийн дагуу тендерийн тодорхойлолтдоо өөрчлөлт оруулаад тендерээ үргэлжлүүлэх боломжтой... гэж тайлбарлажээ.

8.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана гэж заасан.

9.  Хэрэгт авагдсан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд (1 дүгээр хавтаст хэргийн 155-159 дүгээр тал) зааснаар БШУЯ/20240102160 дугаар бүхий Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж (Ховд, Хөвсгөл) гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалтын захиалагч нь Хөвсгөл аймгийн Засаг дарга байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу тендерийн тодорхойлолтыг боловсруулах, өөрчлөх эрх хэмжээ Хөвсгөл аймгийн Засаг даргад олгогдсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан ... техникийн тодорхойлолтыг Боловсролын яамнаас баталсан. Уг баталсан техникийн тодорхойлолтыг бид нар өөрсдөө дур мэдэн засах эрх байхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

10.   Хэдийгээр Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/272, 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 1/404, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/445, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/679 тоот албан бичгүүдээр тендерийн тодорхойлолтыг өөрчилж ирүүлэх талаар Боловсролын яаманд удаа дараа хандсан байгаа ч тус яамнаас хариу ирүүлээгүй гэсэн шалтгаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулан, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байна.

11.   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Төсвийн шууд захирагч болон захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бусад этгээд энэ хуульд заасан захиалагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48.2-т Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48.2.1-д Худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг дарга нь захиалагч болохынхоо хувьд Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж (Ховд, Хөвсгөл) гүйцэтгэгч сонгох арга хэмжээг тогтоосон хугацаанд зохион байгуулж ажиллах учиртай байтал хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан тендерийн баримт бичиг болон хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

12.   Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 72 дугаар тогтоолоор Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт-ыг[1][1] шинэчлэн баталж, уг төсөл арга хэмжээний жагсаалтад нэхэмжлэгчийн маргаж буй энэхүү худалдан авах ажиллагаа хамаарч байгаа бөгөөд уг тогтоолын 2 дахь заалтад тогтоолын хавсралтад дурдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2024 оны төсвийн жилд багтаан зохион байгуулж ажиллахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандад тус тус үүрэг болгосугай. гэж заасан байхад Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж (Ховд, Хөвсгөл) гүйцэтгэгч сонгох худалдан авах ажиллагааг 2024 онд багтаан зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

13.   Харин Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д Төсвийн жил дуусахад Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан эргэлтийн сангийн үлдэгдэл хөрөнгийг төсөвт татан төвлөрүүлэх асуудлыг энэ хуулийн 18.6-д заасны дагуу шийдвэрлэх бөгөөд тухайн хөрөнгийг дараагийн жилийн батлагдсан төсвийн дагуу зарцуулна, 18 дугаар зүйлийн 18.6-д Энэ хуулийн 4.1.50-д заасан эргэлтийн сангийн үлдэгдлийг төсөвт татан төвлөрүүлэх асуудлыг тухайн жилийн төсвийн тухай хуулиар шийдвэрлэнэ гэж, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 444 дүгээр тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 2.10.5-д Төсвийн захирагч нь захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ хэрэгжсэний дараа захиалагчийн хяналтын үлдэгдэл санхүүжилтийг тухайн төсвийн жилд багтаан улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ тус тус заасны дагуу 2024 оны төсвийн жил дууссантай холбоотой нэхэмжлэгчийн маргаж буй төсөл, арга хэмжээний төсөв улсын төсөвт татагдсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараар нотлогдож байна.

14.   Нөгөөтэйгүүр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш нэг сарын дотор харьяа захиалагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн хянаж, баталгаажуулан цахим системд нийтэлнэ гэж заасан байх бөгөөд Боловсролын яамны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12/3132 тоот албан бичигт ...албан бичигт дурдсан тендертэй холбоотой төсөв манай яамны 2025 оны төсөвт тусгагдаагүй болно (1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар тал ) гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй төсөл, арга хэмжээнд зориулсан төсөв 2025 онд төсөвлөгдөөгүй байна.

15.   Иймд нэгэнт төсөв байхгүй төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулах, цаашлаад үргэлжлүүлэхийг даалгах боломжгүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, түүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

16.   Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/940 тоот албан бичгээр тендерийн ажиллагааг түдгэлзүүлсэн, одоог хүртэл уг албан бичиг хүчинтэй тул тендер үргэлжлэх боломжтой... гэж тайлбарлан маргажээ.

16.1.     Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө тус тус хүлээн авна, 58.2-т Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана гэж тус тус заасан байна.

16.2.     Дээрх зохицуулалтын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (хуучнаар) нь тендер шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд захиалагчаас аливаа хэлбэрээр үйлдэл хийж тендер шалгаруулалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй байх шийдвэрийг гаргах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан гомдолд тус газраас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/1044 тоот албан бичгээр хариу өгснөөр уг түдгэлзүүлсэн үйл ажиллагаа дуусгавар болсон байна.

16.3.     Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээд болох И************  ХХК-ийн гомдлыг шийдвэрлэх хугацаанд түдгэлзэх тул одоог хүртэл түдгэлзүүлсэн нөхцөл байдал байгаа гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

17.  Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж гүйцэтгэгч сонгох тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах шаардлага бүхий И************  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дэлхийн шилдэг хүүхдийн зохиол болон ерөнхий боловсролын сургуулийн номын фонд, тоног төхөөрөмж гүйцэтгэгч сонгох тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлт оруулан, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах шаардлага бүхий И************  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР