Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/300

 

      2024             3             7                                          2024/ДШМ/300                                 

 

      З.Зд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, шүүгч М.Солонгоо, Ч.Алдар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Згийн нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2306000001548 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

               Шүүгдэгч З.З нь 2023 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод амь хохирогч Б.Лг Д.Бтай хардаж, улмаар нуруун тус газар нь хутгаар 1 удаа хутгалж амь хохирогчийн эрүүл мэндэд цээжний баруун ар хэсэгт далны шугамаар 8, 9 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины доод дэлбэнг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж алсан, мөн 2023 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод хохирогч Д.Бг амь хохирогч Б.Лтэй хардаж, улмаар хохирогчийн зүүн талын цээжин хэсэгт зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж хохирогчийн эрүүл мэндэд цээжний зүүн талыг нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины 3 дугаар сегмент, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндийн цусан хураа /2.0 л/, цус багадалт, зүүн 3 дугаар хавирганы хавирга мөгөөрсний хэсгийн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Зг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн, “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар З.Зд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Зд оногдуулсан 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Згийн урьд цагдан хоригдсон 260 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Згаас гэм хорын хохирол 99,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Жд, гэм хорын хохиролд 8,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.З давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хохирогч Б, гэрч Т, У нар өөрсдийгөө хамгаалж гарахын тулд үгсэн тохиролцож, илт худал намайг гүтгэсэн шинжтэй мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Хуулийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлчихээд, хүний алтан амь эрсдээд байхад санаатай худал мэдүүлэг өгөх, бусдыг гүтгэх нь гэмт хэргийн шинжтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар шалгуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй, шийдвэрлээгүй байна. Мөрдөгч биднээс анх удаа мэдүүлэг авахдаа намайг тэднээс тусгаарлаж гэрчүүдийг нэг дор байлгасан нь үгсэн хуйвалдах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ нь хэргийг ээдрээтэй болоход нөлөөлсөн. ... Хохирогч Б худал мэдүүлэг өгөхөөс гадна урд өдөр авсан гэмтлээ намайг үйлдсэн мэтээр гүтгэж мэдүүлсэн байсан. Зүүн 3-р хавирганы мөгөөрсний хэсгийн хугарал гэх гэмтлийг намайг үйлдсэн гэж байгаа юм. Гэтэл Б мэдүүлэгтээ газар унагаж, цээж рүү цохисон гэж мэдүүлсэн. Цээж рүү цохиход хавирга хугарч болох уу?, миний зүүн гар тохойгоороо мултарч байсан гэмтэлтэй, хүчтэй хөдөлгөөн хийх боломжгүй, баруун гартаа мэс барьсан байхад цохих ямар ч боломжгүй байхад намайг гүтгэсэн. Миний бие хохирогч нарын ёс зүйгүй хэвтэж байсан үйлдлийг 2 нүдээрээ харсан бөгөөд мэс аваад очих хугацаа 5-6 секунд гэж тооцсон. Энэ хугацаанд хохирогч нар хувцсаа тайлаад үнсэлцээд суух боломжгүй юм. ... гэрч Т нь намайг талийгаачийн утсыг аваад хэвтсэн гэж мэдүүлдэг. Гэтэл өөрөө талийгаачийн утаснаас У руу залгаад аваад гарч явахад Утай уулзсан байдаг. Энэ үед цагдаагаас олон удаа залгахад утсыг нь аваагүй, тусламж үзүүлэх нөхцөлийг өөрөө хаагаад намайг утас авсан гэж худал мэдүүлсэн байдаг. ... Иймд хохирогч Б, гэрч Т, У нарын худал мэдүүлэг өгсөн, бусдыг гүтгэсэн мэдүүлгүүдийг хэргээс тусгаарлаж шалгуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүх талийгаачийн төрсөн эгч Жд сэтгэл санааны хохирол 99 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Ж нь талийгаачийн төрсөн эгч мөн боловч талийгаачтай нэг гэрт амьдардаггүй, гэр бүлийн гишүүн биш юм. Иймээс сэтгэл санааны хохирлыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие хэрэг үйлдэгдэх тэрхэн хормыг яаж ч санах гээд чадахгүй байгаа боловч, дотны хоёр хүний зүй бус үйлдлийг нүдээрээ харсан учраас би босож гүйсэн. Би бусдыг хамт хориулахгүйн тулд “хутга авсан” гэж өөрийгөө буруутгаж, хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд бусдыг худал үнэн ярих, харлуулах, гүтгэх зэрэг ямар нэгэн саад учруулаагүй билээ. Мөн хохирогч нарт учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан. Энэ байдлуудыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялаас хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч З.Згийн зүгээс 3 агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Т, хохирогч Д.Б нарын мэдүүлэг хэргийн бодит байдлаас илт зөрүүтэй байдаг. Иймд эдгээр худал мэдүүлэг өгсөн хүмүүсийг тусад нь шалгаж өгнө үү гэж гомдол гаргасан. Шүүгдэгч З.З нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хэргийн талаар үнэн, зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчдод учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тухайн үед хэргийн газар амь хохирогч, хохирогч Д.Б, шүүгдэгч З.З, гэрч Т нар байсан. Хэргийн үйл баримтын тухайд нэг л үйл баримт болж байгаа. Гэтэл гэрч Т нь илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Тухайлбал, хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан гэрч Тгийн мэдүүлэгт “...архиа дуусгаад 21 цагийн орчимд орон дээр Д.Б унтаж байсан. Харин Л газар завилаад сууж байхад З.З нь Лг Д.Бтай хардаж шүүгээнээс хутга авч Д.Бгийн бие рүү 1-2 удаа хатгасан. Харин Лг сууж байхад нь дал хэсэг рүү нь хатгасан.” гэдэг. Гэтэл хохирогч Д.Б “талийгаач тухайн үед нэлээн согтсон байсан. Нэг шил архи уугаад сууж байхад Л миний цамцыг тайлж, хөхнөөс барьж үнсэлцээд байж байхад З.З нь Тгийн гэрт байсан хар иштэй хутгыг авч Лгийн гар хэсэгт хатгах шиг болсон. Над руу дайрч, намайг газар унагааж цээж хэсэг рүү цохиж хутгалсан” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэрч Т унтаж байсан гэж мэдүүлсэн атлаа хохирогч Д.Б үнсэлцээд сууж байсан гэж зөрүүтэй мэдүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэхдээ илт зөрүүтэй 2 мэдүүлгийг үнэлж, шүүгдэгч З.Зг гэм буруутайд тооцсон. Дээрх 2 мэдүүлгийн нэг нь худал байх боломжтой. Гэрч, хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн, зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн атлаа худал мэдүүлэг өгсөн нь тусдаа өөр гэмт хэргийн шинжийг агуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;” анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж заасан. Мөн шүүхээс шүүгдэгч З.Згаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу амь хохирогчийн төрсөн эгч Жд гэм хорын хохиролд 99.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ж нь амь хохирогчийн төрсөн эгч болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж нь амь хохирогчтой хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Жын 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан биеийн байцаалтад “Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо 21-31А тоотод оршин суудаг” гэж байдаг. Харин түүний мэдүүлэгт “талийгаач нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо овоотын 8 дугаар гудамжинд 288 тоотод Б, бэр нарын хамт амьдардаг байсан” гэдэг. Харин 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд амь хохирогчтой хамт амьдардаг байсан Бын гэрчийн мэдүүлэгт “амь хохирогч 2010 онд ээж нь нас барснаас хойш манай гэрт хамт амьдарч байсан” гэдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж шүүх хуралдааны явцад “би 2012 оноос хойш дүүтэйгээ хамт амьдарч байсан” гэж мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүхээс Жыг 2012 оноос хойш амь хохирогчтой хамт амьдарч байсан тул хохирлыг нэхэмжлэх эрх бүхий субъект мөн гэж дүгнэж, гэм хорын хохирлыг Жд олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар З.Зд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч З.З нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. З.З нь өрх толгойлсон эх юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Зд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч З.З нь гартаа барьж байсан хутгаараа 2 хүнийг хутгалж, нэгийнх нь амь насыг хохироож, нэгэнд нь хүнд гэмтэл учруулсан. Ямар ч тохиолдолд хүний амь насыг хохироож, хүнд гэмтэл учруулж болохгүй. Шүүгдэгч З.З нь амь хохирогчийг хутгалснаа хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол нь ач холбогдол багатай харагдаж  байна. Тэрээр Д.Б, Т нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн гэж гомдолдоо дурдсан. Д.Бд хууль сануулж, мэдүүлэг авсан тул хохирогч худал мэдүүлэг өгөх үндэслэл байхгүй. Хохирогчийн мэдүүлэг нотлох баримт болно. Шүүх хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэж гэм буруугийн асуудлыг дүгнэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч З.Зд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа уян хатан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Сайнхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч З.З “гэрч нарыг хуйвалдуулж, худал мэдүүлэг өгүүлсэн” гэж гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар гэрч нарыг нэг дор байлгаж мэдүүлэг авсан асуудал байхгүй. Гэрч нараас хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан. Хэдийгээр шүүгдэгч З.З хардах  эрхтэй боловч гэрч, хохирогч нарт хууль сануулж авсан мэдүүлгийг шүүх, прокурор үнэлэх ёстой. Гэрч, хохирогчдын өгсөн мэдүүлгээр хэргийн үйл баримт тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтуудаар гэрч, хохирогч нар худал мэдүүлэг өгсөн болох нь нотлогдоггүй. Энэ талаар зөвхөн шүүгдэгч З.З тайлбарлаж, мэдүүлдэг. Худал мэдүүлэг өгсөн асуудал байгаа бол энэ талаар тусад нь гомдол гаргаж, шалгуулах боломжтой. Харин энэ хэргийн хүрээнд яригдах асуудал биш юм. Мөн хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж нь “талийгаач манай хашаанд гэртээ амьдардаг байсан.” гэж мэдүүлсэн. Өөрөр хэлбэл, амь хохирогч нь тэдний хашаанд тусдаа гэрт амьдардаг байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Жыг тогтоож, гэм хорын хохирлыг Б.Жд олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ хуулийн хүрээнд анхан шатны шүүх хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж тайлбарлаж байна. Харин прокурорын зүгээс дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр зохицуулсан. Энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан. Шүүгдэгч З.Згийн үйлдлийн улмаас 2 хүний амь нас ч хохирох боломжтой байсан. Мөн энэ гэмт хэргийн хор уршиг өндөр тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Мөн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоос үзэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал харагдахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч З.З нь 2023 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод амь хохирогч Б.Лг Д.Бтай хардаж, улмаар нуруун тус газар нь хутгаар 1 удаа хутгалж амь хохирогчийн эрүүл мэндэд цээжний баруун ар хэсэгт далны шугамаар 8, 9 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины доод дэлбэнг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж алсан, мөн 2023 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод хохирогч Д.Бг амь хохирогч Б.Лтэй хардаж, улмаар хохирогчийн зүүн талын цээжин хэсэгт зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж хохирогчийн эрүүл мэндэд цээжний зүүн талыг нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины 3 дугаар сегмент, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндийн цусан хураа /2.0 л/, цус багадалт, зүүн 3 дугаар хавирганы хавирга мөгөөрсний хэсгийн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            хохирогч Д.Бгийн “... би тухайн үед нилээн согтчихсон байсан. Нэг шил архи уугаад сууж байхад Б.Л миний цамцыг тайлаад хөхнөөс бариад үнсэлцээд байж байхад З Тгийн гэрт байсан хар иштэй хутгыг аваад Лгийн ар хэсэг рүү хатгах шиг болсон. Над руу дайрч намайг газар унагаж цээж хэсэг рүү цохисон, хутгаар зүүн талын хөхний хэсэгт нэг хатгасан. Тэгэхээр нь би Зд хандаж “чи намайг хутгалчихлаа” гэхэд “яадаг юм, та хоёрыг нийлүүлээд алчихсан ч яадаг юм” гээд бахираад орилоод байсан. ...Тэр үед Т Згийн барьж байсан хутгыг булааж аваад цааш нь тавьж байсан. Тэгсэн миний хөхний даруулга цус болсон байсан бөгөөд би хөхний даруулгаараа цус гарч байсан хэсэгт дараад, шарх маань гайгүй юм шиг болохоор нь “айлд албатай юм шиг ирчихээд цагдаа сэргийлэх гээд яахав” гэж бодоод цагдаа дуудаагүй хэвтэж байсан. Тэр хугацаанд би жоохон шоконд орчихсон байсан. З Лг тэврээд хэвтэж байсан. Тэрхэн зуур би хэсэг унтчихсан байсан. Сэрээд харахад У бэлэн гоймон аваад ирчихсэн байсан бөгөөд Лд гоймон өгөх гэсэн чинь царай нь сонин болчихсон байсан. У 103-т дуудлага өгөөд үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. ...Би бол бодохдоо намайг Лтэй хардсанаас болсон байх, тэрнээс З бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй. ...” /1хх 32-33/,

 

            гэрч Б.Тгийн “... Тэгээд архиа дуусгаад 21 цагийн орчимд орон дээр Б унтаж байсан. Харин Л газар завилаад сууж байхад З эгч Лг Бтай хардаад манай гэрийн шүүгээнээс хар өнгийн иштэй хутга аваад Бгийн бие рүү 1-2 удаа хатгаад, Лг сууж байхад нь дал хэсэг рүү нь араас нь хутгалсан. Тэгэхэд Л хойш хэвтчихсэн бөгөөд Б босч ирэхээр нь би З эгчээс хутгыг нь булааж аваад шүүгээн дээр тавьсан. Тэгэхэд Л юм ярьж байснаа “миний бие муудаад байна, 103 юм уу цагдаа дуудчих” гэж хэлэхэд З эгч Лг “наадах чинь худлаа маяглаад байгаа юм, зүгээр” гээд Лгийн гар утсыг аваад Лг тэврээд хэвтээд байсан. Тэгэхээр нь би У руу залгаад “хоёулаа уулзъя, хоол хийгээд өгөөч” гэж хэлээд Уыг тосож авахаар болоод Баянмонгол хорооллын автобусны буудал дээр уулзаад ТҮЦ-с бэлэн гоймон аваад гэр лүү орсон. Тэгээд гэр лүү ороход У ус буцалгаад Лг босоод “гоймон идчих” гэж хэлэхэд Лгийн өмд нь цус болчихсон байсан. Тэгэхэд У айгаад өөрийнхөө утаснаас цагдаа дуудсан. ...З эгч зан байдлын хувьд уг нь гайгүй, харин Бг харахаараа миний уулздаг залуутай явалдлаа гээд уурлаад байдаг юм. Өчигдрийн хувьд ч гэсэн З эгч газраас шруп аваад “энэ хоёрын дургүй хүргэх юм бол хоёуланг нь ална” гэх мэт зүйл яриад байсан. ...” /1хх 46/,

 

            гэрч Н.Уын “... Тэгтэл 22 цаг 38 минутад Лгийн утаснаас Т над руу залгаад Л, Б, З нар тасарчихлаа. Чи “хүрээд ир” гэхээр нь би гэрээсээ гарч алхаад Натураас урагш явж байхад Т өөдөөс ирж таарсан бөгөөд бид хоёр автобусны буудлын ТҮЦ-ээс 2 ширхэг бэлэн гоймон аваад 00 цагийн орчимд Тгийн гэр лүү орсон. Тэднийд ороход Л газар 2 гараа алдлаад дээшээ харсан байдалтай, дээгүүрээ нүцгэн, доогуураа жинсэн өмдтэй хэвтэж байсан бөгөөд өмд нь цус болчихсон, Лгийн дэргэд З эгч хэвтэж байсан. Харин Б буйдан дээр хэвтэж байсан. ...Би Лг “бэлэн гоймон идэх үү” гэхэд юм дугарахгүй байхаар нь тасарчихсан байна гэж ойлгоод З эгч болон Б нараас “юу болсон юм” гэж асуухад надад тодорхой зүйл хэлээгүй бөгөөд би бодохдоо “З эгч Лг Бтай хардаад хутгаар хатгачихсан юм болов уу” гэж бодсон. Яагаад тэгж бодсон гэхээр бид нар өглөө Дүнжингарав худалдааны төв рүү алхаад явж байхад З эгч газраас урт шруп олоод халаасандаа хийсэн бөгөөд “яах гэж байгаа юм” гэж асуухад “Л над руу дайраад байна, болохгүй бол уур хөдөлгөөд байвал хатгачихна” гэж хэлж байсан тул тэгж ойлгосон. Тэгтэл Бгийн хөхний даруулга нь цус болсон байхаар нь “гадуураа юм өмсөөч” гэж хэлээд тэр үед Л юм ярихгуй чимээгүй байгаад байхаар нь “би түргэн дуудъя” гээд өөрийнхөө утаснаас 103 руу залгаад Бг яриулсан. Миний хоолой сөөгөөд дуу сул байсан учир Бгаар яриулсан юм. Тухайн үед Т хаягаа хэлж өгөөд Б цааш дамжуулж хэлсэн бөгөөд эмч ирж үзээд “нас бараад 1 цаг орчим болчихсон байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа араас нь орж ирсэн. ...” /1хх 53/,

 

            гэрч Д.Бын “... 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө Б Л гэрээсээ гараад эргэж ирээгүй бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийнхөө 99205490 дугаарын утсаар Б.Лгийн 93027579 дугаарын утас залгахад утсаа огт авахгүй байсан. Тэгээд орой 22 цаг 30 минутын орчимд Л өөрийнхөө дугаараас миний утас руу залгаад эгчээ хүнд хутгалуулчихлаа гэхээр нь “юу худлаа яриад муу ёрлоод байгаа юм бэ, чи эсвэл цагдаа дууд, би яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд би буцаагаад утас руу нь 2-3 удаа залгасан боловч утсаа аваагүй.” /1хх 63-64/ нарын мэдүүлгүүд,

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1230 дугаартай “Талийгаач Б.Лгийн цогцост цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8, 9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвууны 2 дугаар хуруу, хоёр хөлийн шилбэнд зулгаралт, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цээжний баруун ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Цээжний баруун ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь нас барахын өмнө, зулгаралт нь 1-2 хоногийн дотор, цус хуралт 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8,9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулгаралт, цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8, 9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 4,4 промилли, ходоодны шингэнд промилли илэрсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” /1хх 72-73/,

 

            2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 548 дугаартай: “Д.Бгийн биед цээжний зүүн талын нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины 3-р сегмент, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт. цээжний хөндийн цусан хураа /2,0л/, цус багадалт, зүүн 3-р хавирганы хавирга мөгөөрсний хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” /1хх 188-190/,

 

            2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 212 дугаартай “Гэмт хэргийн улмаас Д.Бгийн сэтгэцэд гэмтэлтийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Д.Бгийн сэтгэцэд үүссэн гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” /2хх 225/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

           

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторын ахлах шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2130 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх ягаан өнгийн цамцанд үүссэн 20 мм хар хөх өмдөнд үүссэн 20мм хар футболконд үүссэн 20мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй эүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно.” /1хх 204-205/ дүгнэлт,

 

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 11-18/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 23-26/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч З.Зг хүнийг алах мөн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Зг амь хохирогч Б.Лгийн нуруун тус газар нь хутгаар 1 удаа хутгалж цээжний баруун ар хэсэгт далны шугамаар 8, 9 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины доод дэлбэнг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Д.Бгийн зүүн талын цээжин хэсэгт зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж цээжний зүүн талыг нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины 3 дугаар сегмент, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндийн цусан хураа /2.0 л/, цус багадалт, зүүн 3 дугаар хавирганы хавирга мөгөөрсний хэсгийн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч З.З нь “... хохирогч Б болон гэрч Т, У нар нь худал мэдүүлэг өгсөн, ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Жд 99 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ... хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Згийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сар, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

 

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 5-12 жилийн хорих ялаас, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8-10 жилийн хорих ялуудаас хамгийн бага хэмжээгээр хорих ялыг сонгож шийтгэсэн нь тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор хорих ялыг шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал зэрэгт тохирсон байх тул хорих ялыг хөнгөрүүлэхээр гаргасан шүүгдэгч З.Згийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч З.Згийн гаргасан “хохирогч, гэрчүүд худал мэдүүлэг өгсөн” гэх давж заалдах гомдлын хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж зааснаар тус шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй өөр гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч хэлэлцэх боломжгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан гэх боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

            Харин түүний гаргасан “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жын сэтгэцэд учирсан хохирлын 99,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Згаас гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Жд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан байх бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлж байна.  

 

Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.

 

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна. 

 

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

 

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй байх тул дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч З.Згийн гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жын сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсан шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Иймд шүүгдэгч З.Згийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын 8 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч З.З нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолын

 

8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Згаас гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, 21-31а тоотод оршин суух Боржигон овогт Буриадын Ж /РД:ИЮ88112462/-д ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

Тогтоох хэсэгт “хохирогч Д.Б болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч З.Згаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Згийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Згийн цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.ОЧ

 

                      ШҮҮГЧ                                            Д.ОЧМАНДАХ

 

                 ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ