Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01243

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01243

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01446 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч БГД ИТХАА холбогдуулан хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: БГД ИТХАА-д 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тус дүүргийн 14 дүгээр хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орсон. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээтэй байсан. Гэтэл 2020 онд ИТ хурлын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөлдөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гэж тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт хууль бус шалгалт зохион байгуулж тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалт өгөөгүй байхад шалгалтад унагасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүнг хангалтгүй үнэлсэн зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой.

Намайг ажлаас халах талаар урьдчилж мэдэгдээгүй. Иймд ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхим хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн ИТ хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Хурлын Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоохоор ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталсан. Мөн ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дугаартай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүн нь дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж дүгнэлтийг ирүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шалгалтад Б.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тул журамд заасны дагуу тэнцээгүй гэсэн үнэлгээ өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн.

Б.А-ын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсан нь ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн дүгнэлтээр маш хангалтгүй байсан учир хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн. Сонсох ажиллагаа хийж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан баримтгүй. Хавтаст хэргийн 101 дүгээр талд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл байгаа үүгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг хангасан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Б.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ыг хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан БГД ИТХАА-ны 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинд 5 455 338 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.22-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хххх тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан. БГД ИТХАА-ны даргын 2020.11.30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам, А/09 дүгээр тушаалаар Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан буюу тухайн байгууллагаас ийнхүү комисс томилсон.

Мөн Ажлын албаны даргын 2020.12.08-ны өдрийн Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дүгээр тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу 2020.12.09-ний өдөр мэргэжил ур чадварын түвшин тоггоох шалгалт авахад нэхэмжлэгч нь шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тул Тэнцээгүй гэсэн үнэлгээ авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу дээрх шалгалтын үр дүнг үндэслэн нэхэмжлэгч Б.А-ыг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэж ажлаас чөлөөлж байгааг 2020.12.18-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг танилцуулж нэхэмжлэгчийн мэдэх эрхийг хангасан. Нэхэмжлэгч нь мэдэгдэлд гарын үсэг зураагүй тул сонсох ажиллагааны явц үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч БГД ИТХАА-д холбогдуулан ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 14-15, 146, 149/

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 24ий өдрөөс Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Иргэний танхимын зохион байгуулагчаар томилогдон ажилласан үйл баримт талуудын тайлбар, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/63 дугаар захирамж, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдсон. /хх 21,37/

 

Мөн БГД ИТХААны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 130 дугаар зүйлийн 130.2, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4-т зааснаар Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 14 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга Б.А нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал зэргээр тогтоогджээ. /хх 37, 41/

 

Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дугаартай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шалгалт явуулахад Б.А нь уг шалгалтад ирээгүй талаар талууд хэн аль нь тайлбарласан. Мөн Шалгалт зохион байгуулах журамд зааснаар тэнцээгүй гэсэн үнэлгээг нэхэмжлэгчид өгсөн үйл баримт тогтоогдсон. /хх 89, 101/

 

Б.А нь мэргэжил, ур чадварын хувьд эрхэлж буй ажилдаа тэнцэх эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар ажил олгогч ажилтанд нэг сарын өмнө зохих ёсоор мэдэгдсэн эсэх асуудлаар зохигчид маргаж байна.

 

Хариуцагч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар  хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.Ат хуульд заасан хугацаанд мэдэгдэл гардуулсан, гарын үсгийг нь зуруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд ажил олгогч энэ журмыг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Харин нэхэмжлэгчийн ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгох нь шаардлага биш нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахыг анхан шатны шүүхээс анхаараагүй, мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад ажилгүй байсан хугацааны цалин гэж хууль зүйн техник алдагдуулсан нэр томьёог хэрэглэсэн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсэн, нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал нэхэмжлэгч чөлөөлөгдөнө гэж буруу тодорхойлсныг залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Аыг урьд эрхэлж байсан БГД ИТХААны 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5 455 338 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн,

 

тогтоох хэсгийн 2 дах заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн гэж, нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг гэснийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг гэж,

 

тогтоох хэсгийн 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, хариуцагч БГД ИТХААнаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БГД ИТХАА нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД