Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 281

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Ц.Гансүлд,

            шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох 1808001200216 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16 дугаар гудамж, 43 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16 дугаар гудамжны 43 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Цыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Ж.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 Тодруулбал, Ж.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16 дугаар гудамжны 43 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Цыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 16-43 тоот гэртээ 17 цагийн үед ирэхэд манай хамтран амьдрагч Бээжин нь ганцаараа хоолоо хийгээд байж байсан. Тэгээд Бээжингийн найзууд болох Цээгий нь нэг залуугийн хамт ирээд бид нар 1 шил архи хувааж уугаад Бээжин бид 2 гэртээ үлдсэн. Бээжин гэнэт манай хүүхдүүдийг доромжлоод байхаар нь би өмөөрч бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад Бээжин манай хүүхэд рүү ярина гэхээр нь би утсыг нь аваад яриулахгүй гэхэд Бээжин гараад хажууд байх бэр Мөнхсүрэнгийн гэрт орсон. ...Тэгээд гэрт нь ороход Мөнхсүрэн намайг юундаа маргалдаад байгаа юм гар гэсэн, би гарахгүй зогсож байхад Бээжин босож ирээд намайг заамдаад зүүн гарнаас татаад үүдний довжоон дээр унагаасан. Тэгээд чирч гараад дахиж унагаахдаа миний амны дээд тал руу гараараа цохьсон. Гар луу өшиглөсөн бөгөөд би хэдэн удаа цохьсон гэдгийг мэдэхгүй байна. ...Манай хүү Амартайван ирэхэд Бээжин хутга бариад ална гээд Амартайван руу дайрахаар нь би боль гээд болиулсан. ...Бээжин надад 500.000 төгрөг өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 30-31х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №132 дүгнэлтэд: “...Ц.Цын биед дээд уруул, бугалга, шилбэний цус хуралт, өвдөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 26 х/

 

            Шинжээч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Цын дээд уруул, бугалга, шилбэний цус хуралт, өвдөгний шарх гэмтлүүд нь цохих болон, өшиглөх, унах үед аль альнаас нь үүсэх боломжтой гэмтлүүд юм. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72х/

 

            Гэрч М.Мөнхсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай хадам аав Бээжингийн гэрт хүмүүс гаднаас ирсэн Цэнд-Очир эгч тэд нар хамтдаа архи ууж байсан. ...Би 19 цагийн орчим гэртээ 2 хүүхдийн хамт байж байхад манай хадам аав болох Бээжин согтуу гэрт орж ирээд намайг утсаа өгч бай яриад өгье гээд Цэнд-Очир эгчийн хүүтэй яриад байсан байх, ямартай ч танай ээж чинь гэрт орилж чарлаад байна гээд ирж ээжийгээ ав гээд байсан. ...Тэгээд хадам аав гэрт сууж байхад Цэнд-Очир эгч гаднаас орж ирээд аавыг оръё гээд тэр 2 хоорондоо маргалдаад намайг доромжлоод байсан. ...Цэнд-Очир эгчийг хүүхэд айчихлаа гар гэхэд гарахгүй байхаар нь аав гарнаас нь угзарч татаад гэрээс гаргах гэхэд үүдэнд унасан. Тэгээд тэр 2 гараад явсан бөгөөд гадаа гараад Цэнд-Очир эгч бас орилоод аавтай маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33х/

 

            Гэрч Б.Баярбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговьд ажлаа хийж байсан. Тэр орой манай эхнэр Мөнхсүрэн залгаж өдөр аав, Цэнд-Очир эгч 2 манай гэрт шинэ ор авч тавьсан талаар хоёулаа архи уусан хоорондоо маргаад Цэнд-Очир эгчийн хүүхэд нь ирээд аваад явсан гэхээр нь Цэнд-Очир эгчийн хүүхэдтэй нь утсаар ярихад “танай аав Бээжин согтуу манай ээжийг хэл амаар доромжилж гар хүрсэн байна” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/

 

            Гэрч О.Амартайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байхад ээж Цэнд-Очиртой хамтран амьдардаг Бээжингийн бэр гэх хүнээс ээжийгээ ирж ав, гэсэн утгатай мессеж бичсэн байсан. ...Тэгээд би гэрээс гараад Бээжингийн гэрт очиход ээж Цэнд-Очир том өрөөнөөс гарч ирж байсан бөгөөд уруул нь хөхөрсөн байсан, харин Бээжин нь цаад талын өрөөнөөс гартаа хутга барьсан гарч ирээд ална шүү гээд байсан. ...Би ээжийн хамт гэрээс нь гарч ирэхэд Бээжин нь араас гартаа барьсан хутгаа орхиод гарч ирсэн бөгөөд Бээжинтэй ээж маргалдаад байж байхад хажуу гэрээс нь бэр гарч ирээд бас л ээжтэй та агсам тавиад байсан гээд маргалдсан. ...Би машинд ээжийг суулгаад явж байхдаа ээжээс наад уруул, гараа яасан юм гэхэд ээж надад мэдэхгүй гээд нуугаад байхаар нь битгий худлаа яриад бай гэхэд ээж надад Бээжин гадаа хашаан дотор ам руу гараараа цохьсон, бас газар унагааж мөр лүү өшиглөсөн, би газар гараараа дарж унасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37х/

 

            Шүүгдэгч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16-42 тоот гэртээ хамтран амьдрагч Цэнд-Очирын хамт байсан. ...Тухайн үед би архи ууж дуусаад Ц.Цыг чи байнга хүүхдийнхээ хүүхдийг хардаг гэрт байдаггүй, гээд хүүхдийнх нь талаар яриад би хүүхдийг нь муу хэлэхэд Цэнд-Очир хүүхдээ өмөөрөөд манай бэрийг муулаад бид 2 маргалдсан. ...Тэгээд би бэр Мөнхсүрэнгийн гэрт ороод сууж байхад хойноос Цэнд-Очир орж ирээд надтай хэрүүл хийгээд байсан бөгөөд манай бэр хүүхэд уйлаад байна, та 2 манай гэрээс гар гэсэн. Би Ц.Цын гарнаас татаж гаргах гэтэл гарахгүй байсан бөгөөд би хүчээр гарнаас нь татахад гэрийн үүдэнд байдаг шалан дээр өвдгөөрөө унасан. Тэгээд би гаръя гээд гарных нь бугуйнаас бариад гадаа гарсан. Тэгээд гадаа гараад Цэнд-Очир уурлаад надтай маргалдаад орилоод байхаар нь би уруул хавьцаа нь гараараа нэг удаа цохьсон, бас хөл гар луу нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Ж.Бнь хохирогч Ц.Цын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №132 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан  хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.2 дугаар зүйлд “...хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Ж.Бнь Ц.Цтой хамт амьдардаг, хамт нэг гэрт амьдарч байх хугацаандаа түүнд хүч хэрэглэн зодсон болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд  шүүгдэгч Ж.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Ж.Бгийн хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31х/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60х/

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 61х/

“Рээжил” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 62х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Ж.Бнь хохирогч Ц.Цын эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж түүнд 500.000 төгрөг төлсөн болох шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг /хх-ийн 30-31,70х/ нь мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-ийн 40х/-аар тогтоогдсон бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Бээжингийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Х.Бээжин нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60х/, “Рээжил” ХХК-ийн тодрхойлолт /хх-ийн 62х/ зэргээс үзэхэд түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

            Шүүгдэгч Х.Бээжингийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Бнь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ