Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/339

 

      2024             3           20                                          2024/ДШМ/339                     

 

      Ө.Нид холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цэнгэлбаярын бичсэн 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Ө.Нийн өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах гомдлоор Ө.Нид холбогдох эрүүгийн 2305000002136 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Ө.Н нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвөөс Нарны гүүр явах чиглэлд BMW загварын 62-62УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь хэсэгт заасан эгнээ байр эзлэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Аын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ө.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ө.Нид холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ө.Нийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах“ гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Ө.Нид шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ө.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Ноос нийт 7,450,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Аын эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт олгож, шүүгдэгч Ө.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид 7,450,000 төгрөг төлсөн болохыг дурдаад шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаад шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Цэнгэлбаяр бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.А нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагчийн ажил эрхэлдэг тул түүнийг хууль сахиулагч гэж үзэх бөгөөд тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн алба хаагчдын ажлын хуваариар нотлогдож байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг. Шүүгдэгч Ө.Н нь замын цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, маргалдаж, хууль сахиулагчийн дохиурыг авч хугалан улмаар түүний биед нь халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан "Хууль сахиулагчийг эсэргүүцэх" гэмт хэргийн шинж нь хууль сахиулагч буюу хохирогчийн тавьсан хууль ёсны шаардлага байх ба гэм буруутай этгээд нь алба хаагчийн ажил үүргийн хүрээнд тавьсан шаардлагыг хүч хэрэглэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл хийсэн байхыг шаардана. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Аын өгсөн “...чигээрээ явахыг шаардсан боловч шүүгдэгч зүүн эргэх гэрэл асангуут зүүн эргэсэн тул машины ар хэсэгт би цохисон" гэх мэдүүлэг, шүүгдэгч Ө.Нийн "...миний машины багажийг /ар хэсгийг/ маш хүчтэй цохисон" гэх мэдүүлэг, шүүгдэгч Ө.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.7-г зөрчсөний улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27-д зааснаар түүнд оногдуулсан 3100006231204525 дугаартай шийтгэлийн хуудас зэргээс дүгнэхэд алба хаагчийн тавьсан "чигээрээ явах" буюу Замын хөдөлгөөний дүрмийн 9.7-д заасан заалтыг биелүүлэх шаардлагыг шүүгдэгч нь үл биелүүлж зүүн эргэх дохио асмагц зүүн эргэхэд хохирогч буюу алба хаагч Б.А тээврийн хэрэгслийн ар хэсгийг "цохисон" буюу шүүгдэгчийн эд хөрөнгөд халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч Ө.Н нь алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.7-г биелүүлэх шаардлагыг яллах дүгнэлтэд дурдсанчлан хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний эс үйлдэхүйд буюу Замын хөдөлгөөний дүрмийн 9.7-д заасныг зөрчсөн үйлдэлд нь 20.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, алба хаагчийн тавьсан чигээрээ явах шаардлага нь зүүн эргэх гэрэл дохио асаж, шүүгдэгч Ө.Н нь шаардлагыг үл биелүүлж замын хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлснээр дууссан, хохирогч алба хаагч Б.А нь шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн ар хэсгийг цохих хүртэл алба хаагчийн тавьсан Замын хөдөлгөөний дүрмийн 9.7 дугаар заалтыг биелүүлэх шаардлагыг шүүгдэгч хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүх хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэр гаргахаар байхад бусад хөндлөнгийн гэрч нарын мэдүүлэгт ундэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримт болох үед хэргийн газарт байсан гэрч Н.Буяндэлгэрийн “....тухайн машины жолооч бууж ирээд замын цагдаагийн өөдөөс “чи надад шаардлага тавьдаг хэн бэ” гээд орилоод дайраад, давшилсан. Замын цагдаа залуу өөрийгөө хамгаалж хойшоо 2-3 алхам ухарсан. Тэгтэл машины жолооч замын цагдаагийн зүүн шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Буян-Өлзийгийн “...Тэр цагдааг жолооч нь нэг удаа цохиод чи намайг зогсоодог хэн бэ, чи надад шаардлага тавьдаг хэн бэ гэж хэлж байсан, эхлээд цохих үед нь цагдаа хоёр гарыг нь өөрөөсөө холдуулах гээд гараа өргөх үед гарт байсан дохиур модыг жолооч улаан хэсгийг нь салгаж хугалсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Аын “...та дүрэм зөрчөөд байна чигээрээ яв” гэсэн шаардлага тавихад тухайн жолооч би энд чинь бараг 20-30 минут түгжирлээ, чигээрээ явж чадахгүй зүүн эргэнэ гэсэн. Би тухайн хүний бичиг баримтыг шалгах гээд “та бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд тухайн жолооч “надад бичиг баримт байхгүй, би чамд шалгуулахгүй” гэсэн мэдүүлэг зэрэгт шүүх дүгнэлт хийгээгүй. Харин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ө.Нийн "...миний машины багажийг /ар хэсгийг/ маш хүчтэй цохисон" гэх мэдүүлэгт үндэслэж цагдаагийн алба хаагч Б.Аыг шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн ар хэсгийг цохисны улмаас шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харилцаа үүсэж, улмаар шүүгдэгч Ө.Н нь алба хаагчийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэргийн материалд авагдсан дээрх хөндлөнгийн гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Н.Буяндэлгэрийн гар утсанд үзлэг хийж, 27 секундийн бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар Ө.Н нь анхнаасаа замын цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний биед халдсан болох нь нотлогдож байна. Шүүхээс хэргийн үйл баримтыг бүхэлд нь дүрслэн тогтоохгүйгээр алба хаагчийн тавьсан чигээрээ явах шаардлага нь зүүн эргэх гэрэл дохио асаж, шүүгдэгч Ө.Н нь шаардлагыг үл биелүүлж замын хөдөлгөөнийг цааш үргэлжпүүлснээр дууссан, хохирогч алба хаагч Б.А нь шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн ар хэсгийг цохих хүртэл алба хаагчийн тавьсан Замын хөдөлгөөний дүрмийн 9.7 дугаар заалтыг биелүүлэх шаардлагыг шүүгдэгч хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийн яллаж байгаа зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулга” -ыг тусгана гэж заасан байхад яллах дүгнэлтэд дурдсан дээрх яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

 

Шүүгдэгч Ө.Нийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ялтан Ө.Н нь тухайн өдөр эхнэр, бага насны хүүгийн хамт цэвэр агаарт гарахаар Богд уулын зүгт явахаар замын хөдөлгөөнд оролцож байжээ. Хохирогч замын хөдөлгөөнийг зохицуулах ажил үүрэг гүйцэтгэж байсан ба ялтан Н  шаардлагыг үл биелүүлж шаардсан зүгт хөдөлгөөнөө үргэлжлүүлээгүй зорчих хэсгийг чөлөөлж уулзварын голд орох үед хохирогч машиных нь багажны хаалган дээр хэд хэдэн удаа хүчтэй цохиж, эхнэр, хүү, өөрийг нь цочоосон байна. Ялтан замаа чөлөөлж зогсоод хохирогчид дургүйцлээ илэрхийлж цагдаагийн албан хаагч гэхээрээ хүний эд хөрөнгөд халдаж, жолооч, зорчигчийг цочоож, амгалан тайван байдлыг алдагдуулж болдог юм уу гэх агуулгатай шаардлага тавьж очсон байна. Хохирогч авто замаас ялтанг түлхэн холдуулах, аюулгүй  байдлыг хангаж явган зам дээр гаран маргалдаж эхэлсэн. Энэ үед ялтны эмзэг эрхтэн лүү зохицуулагчийн дохиураараа хатгахад ялтан тонгойж баруун гараараа дохиурыг нь барьж авсан байна. Хохирогч дохиураа татаж ялтан эсрэг зүгт даран базах үед бяцарч хугарсан байна. Ялтанг дохиурыг нь хугалсанд хохирогч уурлан шанаан тус газар нь дохиурын хугархайгаар хүчтэй цохисон байна. Яг энэ үед ялтан зөрүүлээд хамар луу нь цохисноор маргаан дуусжээ.

Болсон үйл явдалд дүгнэлт хийвэл, хохирогч ялтны эмзэг эрхтэн лүү дохиураар хатгасан байна. Ялтан өвдөлтийн улмаас тонгойж рефлексээрээ дохиурыг барьж улмаар эсрэг зүгт даран хугалсан байна. Үүнд дургүйцсэн хохирогч дохиурын хугарсан ишээр ялтны хацар луу хүчтэй цохисон байна. Ялтан 2 удаагийн үргэлжилсэн цохилтын дараа өөрийн рефлексээрээ хохирогчийг нэг удаа цохисноор довтолгоон дууссан байна. Хохирогчийг дараалсан 2 довтолгооны эсрэг ялтны нэг удаагийн цохилтоор довтолгоо дууссан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хянаж, Ө.Нийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ө.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед маш их түгжрэлтэй байсан бөгөөд би зүүн эргээд 3 дугаар эгнээний хамгийн урд орж зогссон байсан. Энэ үед замын голд зогсож байсан цагдаа над руу ирж “та чигээрээ яв” гэж хэлэхэд нь би “ах нь зөндөө түгжрээд ирлээ” гэж өөрт тулгарсан нөхцөл байдлаа тайлбарласан. Тухайн үед замын хөдөлгөөн маш их түгжрэлтэй байсан тул 3 дугаар эгнээ рүү ямар ч машин оруулахгүй байсан. Хэрэв би зам хаагаад зогсвол надаас болж 2 урсгал хаагдах байсан. Мөн гэрлэн дохио асаж ардаас машинууд сигналдаж байсан. Би замын түгжрэлийн асуудлаас болж маш их бухимдсан байсан тул хойно байгаа машинуудыг ч өөр шигээ байдалд оруулахыг хүсээгүй. Би “ах нь замаа чөлөөлөөд зогсъё” гэж хэлэх үед цагдаа миний өөдөөс хараад зогсож байсан. Ингээд би машинтайгаа хөдлөхөд намайг ингээд зайлаарай гэж байгаа мэт машины минь ард хэсэг рүү цохисон. Тухайн үед машинд хамт явж байсан эхнэр, хүүхэд минь айж, цочиж орилж байсан. Яг л бууны чимээ шиг хүчтэй сонсогдсон. Энэ үед би замаа чөлөөлж зогсоод машинаасаа буугаад “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд машинд минь ямар нэгэн гэмтэл үүссэн эсэхийг шалгасан. Би замын голд очиход тухайн цагдаа энгэрийн камераа асаасан. Улмаар бид хоорондоо маргалдсан бөгөөд миний бэлэг эрхтэн рүү цохиж, миний хацрыг барьж байсан зүйлээрээ урсан. Би хойшоо нэг алхаад зөрүүлээд нэг цохиход цагдаа шууд доошоо суусан. Тухайн үед хүмүүс над руу “та цагдаа зодлоо” гэж дайрч байсан. Энэ үед би “цагдаагийн энгэрийн камерын бичлэг байгаа. Цагдаа чинь эхэлж хүн цохиж болдог юм уу” гэж хэлсэн. Ингээд би Замын цагдаагийн газар очиход “тэнд байсан бүх камерын бичлэгүүдийг шалга” гэж хэлж байсан. Мөн намайг цагдаагийн машинд гавтай сууж байхад нэг цагдаа орж ирээд “чи яах ч үгүй юм байна л даа, хэрэв чамайг шүүхээс яах ч үгүй бол би чамайг өөрөө олж байгаад хариуцлага тооцно” гэж хэлсэн. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод би “намайг үнэхээр уучлаарай, би тухайн үед сандарсандаа болоод болчимгүй үйлдэл хийсэн байна, энэ хэргийг аль болох хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэж хэлсэн. Мөн дотоод хяналтаас хурандаа ирж намайг тусдаа байцаасан. Надаас “танд ямар нэгэн гомдол санал байна уу” гэхэд нь би “байхгүй, миний болчимгүй алдаанаас болж ийм зүйл болсон. Наад хүүхэд чинь дөнгөж ажилд орсон залуу хүн байна. Хүний муу үзэх гэж яах вэ” гэж хэлсэн. Тухайн үеийн камерын бичлэг байгаа гэж бодож байсан учраас би үнэхээр өөртөө итгэлтэй байсан. Хэрэв тухайн үеийн камерын бичлэг задарсан тохиолдолд тухайн цагдаа ажлаасаа халагдах байсан. Өмгөөлөгч минь надад хууль зүйн зөвлөгөө өгсөн учраас яагаад зөвхөн би хохирч үлдэх ёстой юм бэ гэж бодсон. Цаашид миний намтарт ял шийтгэл эдэлж байсан гэж байнга гарч ирэх тул гомдолтой байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

            Прокуророос шүүгдэгч Ө.Нийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвөөс Нарны гүүр явах чиглэлд BMW загварын 62-62УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь хэсэгт заасан эгнээ байр эзлэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Аын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Ө.Нийн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдлийг “… алба хаагчийн тавьсан чигээрээ явах шаардлага нь зүүн эргэх гэрэл дохио асаж, шүүгдэгч нь шаардлагыг үл биелүүлж замын хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлснээр дууссан, албан хаагч нь шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн ар хэсгийг цохих хүртэл алба хаагчийн тавьсан Замын хөдөлгөөний дүрмийн 9.7 дугаар заалтыг биелүүлэх шаардлагыг шүүгдэгч хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “… эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.

           

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокурорын яллах дүгнэлтэд заасан Ө.Нийг буруутгаж буй гол нотлох баримт болох гэрч Н.Буяндэлгэрийн “... тухайн машины жолооч бууж ирээд замын цагдаагийн өөдөөс “чи надад шаардлага тавьдаг хэн бэ” гээд орилоод дайраад, давшилсан. Замын цагдаа залуу өөрийгөө хамгаалж хойшоо 2-3 алхам ухарсан. Тэгтэл машины жолооч замын цагдаагийн зүүн шанаа хэрэгт гараараа 1 удаа цохисон. ...”, гэрч Н.Буян-Өлзийн “... тэр цагдааг жолооч нь нэг удаа цохиод “чи намайг зогсоодог хэн бэ, чи надад шаардлага тавьдаг хэн бэ” гэж хэлж байсан. Эхлээд цохих үед нь цагдаа хоёр гарыг нь өөрөөсөө холдуулах гээд гараа өргөх үед гарт байсан дохиур модыг жолооч улаан хэсгийг нь салгаж хугалсан. ...”, хохирогч Б.Аын “... “та дүрэм зөрчөөд байна, чигээрээ яв” гэсэн шаардлага тавихад тухайн жолооч “би энд чинь бараг 20-30 минут түгжирлээ чигээрээ явж чадахгүй зүүн эргэнэ” гэсэн. Би тухайн хүний бичиг баримтыг шалгах гээд “та бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд тухайн жолооч “надад бичиг баримт байхгүй, би чамд бичиг баримтаа шалгуулахгүй” гэсэн. ...” гэх мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглээгүй гэж үзсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийтгэх тогтоолд тодорхой заалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүйгээр хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлсэн үйлдлийг төгссөн гэж дүгнэх үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгч Ө.Нийн үйлдэл цагдаагийн албан хаагчийг шаардлагатай нь холбогдуулан маргасан буюу албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотойгоор маргаан үргэлжилсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийн энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Иймд Ө.Нид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр дүүргийн прокурор Н.Цэнгэлбаярын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ө.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ө.Нийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ө.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                          ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ