| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0236/Э |
| Дугаар | 241 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 117.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 241
2018 03 19 241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э-,
улсын яллагч Д.Ганчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.П,
өсвөр насны шүүгдэгч Э.Х-, түүний хууль ёсны төлөөлөгч Л.А, өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0446/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Э.Х Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Өсвөр насны шүүгдэгч Э.Х- нь хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж тоотод оршин суух иргэн Ч.Ч-ийн гэрт 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн төрүүлсэн хүүхдийг хаясан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Х- мэдүүлэхдээ:
Би 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүүхдээ төрүүлээд, _____тоотод оршин суух Ч.Ч-ийн гэрт очиж амьдарсан. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ч.Ч- хүүхдийг чинь “108” хүүхэд асрах газарт аваачиж өгнө, эсхүл чи хүүхдээ манай охинд өргүүлээд хааяа уулзаж байхгүй юу гэж ярьж байсан. Би 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүнтэй уулзахаар Ч.Ч-ийн гэрээс гарч явсан. Тэгээд найз Э-ийнд орой 20 цагийн үед очсон. Ч.Ч- нь Э-ийн утас руу яриад намайг хүүхдээ хаяад явсан гэж ярьсан байсан. 4 дүгээр сарын 17-ны орой автобус зогсчихсон тул хүүхэд дээрээ очиж чадаагүй юм. Маргааш нь хүүхэд дээрээ очих гэтэл Ч.Ч-ийн ээж Г.Ч- гэдэг нь “хүүхдийг чинь өргөж авсан, А- гэдэг нэр өгсөн, битгий хүүхдийн сэтгэл санаа үймүүлээд бай” гэж хэлэхээр нь би тэр айлд дахиж очоогүй юм. Цаашид хүүхдээ авъя гэсэн бодол байна. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгийг мэднэ. Хүүхдээ авчихвал Д- гэдэг айлд байна. 2015 оноос хойш жирэмсэн болох хүртлээ Д- гэдэг айлд амьдарч байсан. Д- нь миний найз Ц-ийн ээж нь юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.П- мэдүүлэхдээ:
Э.Х-гийн төрүүлсэн хүүхэд нь Эрүүл мэндийн яамны харьяа хүүхдийн төв сувилалд байгаа. Тус сувилал Э.Х-гийн хүүхдэд Г- гэж нэр өгч, асрамжлан сувилж байна. Х.Г- нь одоо 11 сартай. Би сувилал дээр 2018 оны 1 дүгээр сард очсон. Тэгэхэд сувиллаас Х.Г-гийн талаар юм хэлээгүй. Э.Х- нь гэр орон байхгүй байх тул түүнийг хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх чадваргүй гэж үзэж байгаа учраас түүнд охин Х.Г-г нь өгөхөөс татгалзаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг үндэслэн тус сувилалд хүүхдийг үлдээх саналтай байна. Эрүүл мэндийн яамны харьяа сувилал нь эцэг, эх нь хаясан хүүхдийг эх нялхсын эмнэлгээс хүлээж авдаг. Эцэг, эх асран хамгаалагч нь байгаа тохиолдолд 7 хоногоос 3 жил хүртэл хугацаанд тэднийг нь байлцуулан хамтран асардаг. Тус сувилал нь хүүхдийг 5 нас хүртэл нь асрамжлан сувиладаг юм. Хүүхдийг нь бие даасных нь дараа бусад асрамж, сувилалд хүргүүлэх саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-мэдүүлэхдээ:
Сонгинохайрхан дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төв нь гадуур тэнэдэг хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэж өгөх үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын ажилтан С нь Э.Х-г хүүхэд төрүүлсэн талаар мэдэж хэлснээр анх мэдсэн. Гадуур тэнэдэг хүүхдүүд бүлгээрээ нийлж явдаг. Харин Э.Х-гийн хувьд 2-3 хүүхэдтэй нийлж явдаг юм байна лээ. Э.Х- нь бие дааж гадуур явдаг, хараа хяналтгүй хүүхдүүдийн нэг нь юм. Э.Х-гийн хувийн зан чанарыг нь мэдэхгүй байна. Манай байгууллага хүүхдүүдийг хүүхэд хүмүүжлийн газар байлгах арга хэмжээг авдаг. Энэ нь гэдэг төвд байлгаж, сургалт, хүмүүжлийн арга хэмжээ авдаг. Энд хүүхдүүдийг авахдаа өөрсдийнх нь сурах сонирхол, хүсэл эрмэлзлийг нь харгалздаг. Э.Х-гийн хувьд нөхцөл байдлыг судалж, ар гэрээс нь гэрээ байгуулах, хоорондын итгэлийг үндсэн дээр сургалтанд хамруулж болно гэв.
Хоёр. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс:
1.Гэрч Ч.Ч-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Манайх 2014 онд жижүүр хийдэг байсан юм. Тэгэхэд манай хамаатны эрэгтэй дүү Б, Э-тэй үерхээд Э- нь тэр байрны 7 дугаар орцонд жижүүрээр орсон. Тэгэхэд Э.Х гэж эмэгтэй хүүхэд Э-тэй хамт ирээд бид нар Э.Х гэж хүүхдийг таньдаг болсон. Э.Х манайд ирэхдээ Э-тэй хамт ирдэг байсан. Жил юм уу заримдаа 5 сар болоод манайд Э-тэй ирээд 2, 3 хоноод явчихдаг байсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Э- Э.Хг дагуулаад Э.Х өвдөөд байна гээд одоо манай амьдарч байгаа Алтан овоогийн 39 тоотын задгайд авчирч үлдээгээд Э- явсан. Тэгээд Э.Х манайд байж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эх нялхас-д түргэнээр хүргэгдээд төрсөн. Э.Х эрүүл саруул эмэгтэй хүүхэд төрүүлсэн. Э.Х Эх нялхасын эмнэлэгт хоёр хонож 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс гараад манайд байж байсан. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Э- манайд ирээд Э.Хг хүүхдээ авчих, манайд очоод байя гэхээр нь ээж бид хоёр өгч явуулаагүй юм. Тэгээд Э- явахдаа Э.Хтэй гадаа гарч уулзсан, юу ярьсныг мэдэхгүй байна. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө ээж бид хоёр 108 дугаарын утас руу залгаад бичиг баримтгүй 16 настай хүүхэд төрсөн, манайд байгаа тухай хэлсэн юм. Тэгээд 04 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн үед Э.Х бие засаад ирье гээд гарсан. Араас нь 6 настай хүүхдээ гаргаад Э.Хг хараадах гээд гарсан чинь Э.Х эгч байхгүй байна гэхээр нь би гараад Э.Х гэж дуудаад орилсон байхгүй байхаар нь ургашаа харсан манайхаас холдоод засмал зам дээр явж байсан. Миний нуруу өвчтэй хугархай нуруутай тул араас нь хөөж барьж авч чадаагүй орилоод үлдсэн. Тэгээд Э.Х буцаж ирэхгүй болохоор нь 20 цагийн үед цагдаа дуудаад 23 цагийн үед цагдаа ирсэн. Түүнээс хойш Э.Х манайхаар ирээгүй. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын дундуур би Э-ийн 0000000 дугаар руу залгаж ярьсан Э-ийн дүү Т- гэх хүүхэд утсыг нь авахаар нь Энхүүлээ /Э-ийг Энхүүлээ гэж дууддаг юм./ анай чинь байна уу гэсэн чинь байхгүй ээ гэхээр нь хаашаа явсан, Э.Х хаана байгаа юм гэж асуухад Э.Х Хайлаастад байгаа, Энхүүлээ анай Э.Х эгчид хоол аваачиж өгчихөөд ирнэ гээд явсан гэсэн. Тэрнээс хойш 3 хоногийн дараа Э- миний утас руу хойд аав Хорлоо гэж хүний 00000000 гэсэн утаснаас залгаад анай би Э.Хтэй Өргөө дээр уулзаад бид хоёр караоке, паб, буудалд орсон гэсэн. Э.Хгийн хүүхдийг асуухаар нь би “Э.Хг манайд ирэх болов уу гэж бодоод Э.Хгийн хүүхэд манайд байгаа, би нэр дээрээ авчихсан, Э.Хг хүүхэд дээрээ ир гэж хэлээрээ” гэсэн “за” гээд утас нь тасарсан. Тэрнээс хойш ямарч холбоогүй байна гэх...” гэх мэдүүлэг [1],
2. Гэрч Г.Ч-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Э.Х гэж хүүхдийг 4-өөс 5 жилийн өмнөөс таних болсон. Сая мэдүүлэг өгдөг Ч- манай том охин байгаа юм. Ч- бид хоёрын мэдэх зүйл бол адилхан. Э.Х 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрж эмэгтэй хүүхэд төрүүлсэн. 04 дүгээр сарын 17-ны өдөр Э.Х хүүхдээ манайд хаяад явсан. Би Э.Хд их гомдож байгаа, бичиг баримтгүй гэж байхад нь түргэний эмчээс гуйж байгаад Эх нялхасад хэвтүүлж төрүүлж байхад хүүхдээ хаяад явсан. Э.Хг төрсний дараа Э.Хгийн аав гэх хүнтэй утсаар ярихад аав нь битгий тэрний тухай ярь, би цус харвах гээд байна гэж хэлж байсан. Э.Хг хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй. Э-тэй уулзвал Э.Хг олох байх. Э- Э.Хг уруу татаж буруу зам руу оруулсан хүн. ...” гэх мэдүүлэг [2]
3.Гэрч С-ийн /Сайн ирээдүйн төлөө Төрийн бус байгууллагын ажилтан/ мөрдөн байцаалтад 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Би Э-ын Э.Х гэж хүнийг танина. Би хараа хяналтгүй хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг сүүлийн 7 жил гаргаж байгаа юм. Би өөрөө “Сайн ирээдүйн төлөө” Төрийн байгууллагыг ажиллуулдаг. Одоогоос 5 жилийн өмнөөс Э-ын Э.Х гэх охины талаар сонсож байсан. Харин сүүлийн жилүүдэд Э.Х-тэй 2-оос 3 удаа уулзалт хийсэн. Ар гэрийн нөхцөл байдал болон нялх хүүхдийнх нь талаар мэдэх болоод холбоо харилцаагаа Э.Х-тэй идвэхжүүлсэн юм. Одоо Э.Х-тэй байнгын холбоотой байгаа. Э.Хг хүүхэдтэйгээ хамт байгаа гэж бодоод яваад байсан. Хүүхэдтэйгээ хамт байхгүй байгааг нь сүүлд мэдээд эрэл сурал болж Улаанчулуутын хогийн цэгийн тэнд байх айлд хүүхдээ орхиж явсныг нь мэдээд тэр айлд хүүхдийг нь авахаар очиход хүүхдийг нь цагдаа дуудаж өгөөд явуулсан гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагатай холбогдож энэ талаар мэдсэн. Э.Хгийн найз Энхүүлээ гэх хүүхэд Э.Хг тэр айлаас дагуулж гараад явсан байна лээ. Тэгээд Э.Х Энхүүлээгээр хүүхдээ асуулгахаар хүүхэд нь тэр орхиж явсан айлдаа байгаа гэж Э.Хд хэлээд байсан юм шиг байна лээ. Э.Х өөрөө 15 насандаа жирэмсэн болсон хүүхэд байгаа юм. Э.Х-гийн хүүхдийн аав нь 14 настай нэг хүүхэд байдаг. Би тэр хүүхдийн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Энэ талаар Э.Х- өөрөө мэдэж байгаа. Э.Х-гийн ар гэр, өссөн амьдрал нь их хүнд нөхцөлд өссөн хүүхэд байгаа юм. Аав, ах хоёртойгоо 1 дүгээр хорооллын саппарогийн тэнд байрны подвальд байдаг юм билээ. Аав нь гадуур гар дээрээс худалдаа хийж амь зогоодог хүн юм билээ. Ээж нь Э.Х-г бага байхад нас барсан, хаяад явсан гэх мэдээлэл байгаа. Яг аль нь болохыг хэлж мэдэхгүй. Ямартай ч ээжгүй өссөн хүүхэд байгаа юм. Э.Х- одоо Ц- гэх найзтайгаа байгаа. Яг тогтсон газар байхгүй байгаа. Ихэвчлэн Ц-гийнд хамт байгаа. Гэхдээ бид нартай байнга холбоотой байдаг. ...” гэх мэдүүлэг [3],
4.Гэрч Ю.Д-ын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “... Э.Х- анх манайд 2014 оны сүүлээс байх болсон. Манайд байнга байж байгаад 2016 онд жирэмсэн болчихоод 11 сард гарч яваад алга болж байгаад 2017 оны цагаан сараар нэг ирэхдээ гэдэс нь том болчихсон ирэхээр нь би загнаад чи одоо эмчид үзүүлэхгүй, бичиг баримтгүй яах гэж байгаа юм, төрөхийн хүндрэл болвол яана гэж хэлсэн чинь гараад явсан. Сураг сонсохнээ 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн гэж байсан. 2017 оны 8 дугаар сард манайд ирээд одоог хүртэл байгаа. Э.Х-гийн хүүхдийн эцэг Эрдэнэбулганы П-э гэдэг хүүхэд байдаг юм. 2001 оны хүүхэд шиг санагдаж байна Төрсөн өдөр нь 05 дугаар сарын эхээр болдог. Э.Х-г жирэмсэн болохоос өмнө манайд байж байхад байнга ирдэг байсан. Пүүжээ гадуур хулгай зэлгий хийгээд цагдаад олддоггүй хүүхэд гэж байсан. ...” гэх мэдүүлэг [4],
5. Гэрч Э.Т-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн:
“...Манай дүү Э.Х- 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 80 дугаар сургуульд сурч 5 дугаар анги төгсөөд 36 дугаар сургуульд анги дэвшиж суралцаад 2015 онд 9 дүгээр анги төгссөн. Дахиж сургуульд сураагүй. Манай ээж дүү бид хоёрыг бага байхад нас барсан гэж байсан. Э.Х бид хоёр уг нь аав Э-той амьдардаг юм. Гэтэл Э.Х болж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлээд 2011 оноос гэрээсээ алга болчихдог болсон. Тэгээд би араас нь хөөцөлдөж олж ирдэг байсан. 2012 оноос хойш Э.Х гэртээ тогтохоо больсон. Олж ирээд гэртээ байлгахаар 1 хоноод маргааш нь алга болчихдог болсон. Тэгээд цагдаагийн байгууллагаар хүртэл хайлгуулж байсан. Хамгийн сүүлд Э.Х хоёр жилийн өмнө гэрээсээ явсан, дахиж гэртээ ирээгүй. Хайгаад ч олдохгүй байгаа. Гэрийнхэнтэйгээ огт холбоо бариагүй. Э.Хг төрснийх нь дараа 2, 3 хоног болсон байхад юм шиг байна лээ. Нэг эгч миний утас руу залгаад дүү чинь хүүхэдтэйгээ манайд байгаа, хөхний толгой нь гарч ирээгүй байна. Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна. Бичиг баримт нь байгаа юу гэхээр нь би байхгүй байна. гэж хэлсэн. Тэгээд би Э.Хг хүүхэд гаргасан гэж мэдсэн. Түүнээс өмнө бол огт мэдээгүй. Э.Хг хаана байгааг ч мэдээгүй байсан. Манай аав надтай хамт амьдарч байгаа. Сонгинохайрхан дүүрэгт саппорогийн автобусны буудал дээр хүмүүс утсаар яриулж, бохь зардаг. Манай аавын бие муу байгаа. Э.Хг сүүлд алга болоход Э.Хгээс болоод даралт нь харвасан. Одоо Э.Хгийн талаар юм ярьвал бие нь муудах тул Э.Хгийн талаар ямар нэгэн юм яриулмааргүй байна. Э.Хгийн хүүхдийг асрах боломж байхгүй. Э.Хгийн бичиг баримт байхгүй. Э.Хгийн төрсний гэрчилгээг манай аав шатаачихсан. Э.Х гэртээ ирэхээрээ хулгай хийгээд гэртээ ирэхгүй байхаар нь аавын уур нь хүрээд Э.Хгийн гэсэн бүх юмыг шатаачихсан юм ...” гэх мэдүүлэг [5],
6. Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Би Э.Х-г хаана байгааг мэдэхгүй байна. Э.Х-г 2 настай байхад нь Э.Хгийн ээж Уранчимэг надаас салаад явсан юм. Түүнээс хойш Э.Х болон Э.Хгийн ах Т-г би өсгөж харах болсон. Миний амьдрал хүнд ядуу зүдүү амьдарч подволын өрөөнүүд түрээслэж амьдардаг. Эрхэлсэн ажилгүй. “Саппоро” дээр гар дээрээс жижиглэнгийн зүйл зарж өдөр хоногийн өлмөн цөлмөн өнгөрөөж байдаг тул манай охин Э.Х 5, 6 дугаар ангиасаа гэрээсээ яваад ирэхээ больчихдог болсон. Ингээд нилээн хэдэн удаа гэрээсээ яваад гэртээ ирэхгүй байхаар нь цагдаад олон удаа хандаж Э.Х-г асууж байсан. Хамгийн сүүлд одоогоос 3 жилийн өмнө Э.Х- гэрээсээ гарч яваад дахиж гэртээ ирээгүй. 2016 онд шиг санадаж байна, нэг удаа Э.Х-г цагдаа авчирч өгсөн. Би Э.Х-г хажуунаасаа салгахгүй байсан. Гэрээс миний гар утас, ахынхаа гар утаснуудыг аваад зугтаад явсан. Дахиж гэртээ ирээгүй. Э.Х-гийн ээж салж явснаас хойш нэг ч удаа холбоо бариагүй. Одоо амьд үхсэн талаар мэдэхгүй байна. Э.Х-г хүүхэд төрүүлсэн талаар хорооны цагдаагаас сонссон. Э.Х-гийн хүүхдийг асран хамгаалах, халамжлах бодит бололцоо алга. Би хоёр жилийн өмнө тал цус харвасан, бие муу байдаг. Амьдрах тодорхой орон гэр алга байна. Одоо байрны подволд амьдарч байгаа боловч хэзээ хөөгдөж гарах нь тодорхойгүй тул хүүхэд асрах ямар ч боломж алга. Би Э.Х-г цохиж зодож хүчирхийлж байгаагүй. Э.Х- хэд хоногоор хамаагүй гэрээсээ алга болоод хүний үгэнд орохгүй болохоор нь хааяа нэг алгадаж байсан. Э.Х- маш зөрүүд зантай, уурлахаараа хүнтэй дуугардаггүй хүүхэд байгаа юм. Би өглөө гэрээс гараад жижиглэнгийн бараа зараад орой гэртээ ордог болохоор тэр хойгуур янз бүрийн орцны жижүүрийн хүүхэдтэй нийлээд элдэв зан сурсан юм шиг байна лээ. Э.Х-гийн төрсний гэрчилгээ байсан, үрэгдээд алга болсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг [6] ,
7. Шүүгдэгч Э.Х-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Миний бие 15 настай байхдаа гадуур тэнэж байхдаа танилцсан 2003 онд төрсөн П-э гэдэг бандитай нэг удаа секс хийсэн юм. П-этэй секс хийхээс өмнө хүнтэй секс хийж байгаагүй. Тэгээд П-этэй нэг удаа секс хиисэн чинь жирэмсэн болчихсон юм. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ч- эгчийн Ч-ээр дамжуулан яриулж байж Эх нялхасын эрүүл мэндийн төвд хэвтэж, төрөөд охинтой болсон. 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс гараад Ч- эгчийнд байсан. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүнтэй уулзах гэж гараад найз нартайгаа уулзаад 3 хоносон юм. Гэхдээ би нэг хоногийн дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ч-тэй утсаар ярихад “энэ охиныг чинь би өргөөд авчихсан. А- гэдэг нэр өгсөн” гэж ярьсан юм. Тэгэхээр нь би 3 хоногийн дараа эргээд Ч- эгчийнд очиход намайг цагдаад өгчихсөн байсан. Тэгэхээр нь би буцаж гараад Э- гээд найзындаа амьдрах болсон. Ч-, Ч- хоёр намайг “108”-д дуудаж өгнө гээд байхаар нь би гараад явчихсан юм. Ч-, Ч- хоёр намайг хүүхдээ аваад явна гэхэд өгч явуулаагүй. Ч- уул нь миний охиныг өргөөд авчихсан гэж хэлж байсан. Тэгээд л тайвширчихсан юм. П-ийг хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй. П-этэй гадуур дэмий сэлгүүцэж байхдаа танилцаж байсан. Би аав, ах нарынхаа хамтаар амьдардаг. Аав маань Э-, ах Т- гэж хүмүүс байдаг. Аав маань тал цус харвасан, “Саппоро” дээр тамхи жижиглэнгээр зардаг хүн байгаа. Ах Т- хаана юу хийдэг талаар мэдэхгүй. Миний хувьд ахтайгаа таардаггүй. Ах надтай байнга барьцаад байдаг. Тэгээд би гэрээсээ гадуур хоног төөрүүлж дэмий тэнэх болсон. Манай ээжийг Уранчимэг гэдэг хүн байдаг юм байна лээ, сая төрсний гэрчилгээ хөөцөлдөж байхдаа ээжийг Уранчимэг гэдэг гэж мэдэж авсан. Намайг бага байхад л ээж байдаггүй байсан. Одоо хаана юу хийдэг талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [7],
8. Э.Х-гийн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бүртгэл, Эрүүл мэндийн яамны харьяа нялхсын клиник сувилалын “хүүхэд хүлээн авсан тухай мэдүүлэг” [8], Э.Х-гийн төрөлтийн түүх [9], Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 101 дугаартай албан бичиг [10]
9. Э.Х-гийн төрсний бүртгэлийн лавлагаа[11] , түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [12], нас тоолсон тэмдэглэл [13] , Э.Х-гийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [14], Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Э.Х-гийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг талууд шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт Э.Х- нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 18 цаг 26 минутад 3200 кг охин төрүүлсэн байх ба, тус эмнэлгээс охины хамт гарч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Алтан овооны 39 дүгээр гудамжны задгай тоотод өөрийн танил иргэн Ч.Ч-ийн гэрт очиж, тус айлд 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл охиноо асран хамгаалж, тус айлд амьдарч байсан байна.
Тэрээр Э.Х- нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “бие засаад ирье” гэж хэлж Ч.Ч-ийн гэрээс гарч яваад эргэж ирээгүй байна. Э.Х- нь тус айлд төрүүлсэн охиноо орхиод эргэж ирээгүй тул иргэн Ч.Ч-ээс цагдаагийн байгууллагад хүүхдээ орхиж явсан тухай дуудлагыг өгсөн байна.
Иймээс өсвөр насны шүүгдэгч Э.Х- нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 39 дүгээр гудамжны задгай тоотод оршин суух иргэн Ч.Ч-ийн гэрт хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн төрүүлсэн 13 хоногтой хүүхдийг хаясан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-гэрч Ч.Ч-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Манайд 2014 онд ... Э-тэй хамт Э.Х гэж эмэгтэй хүүхэд ирээд бид Э.Хг таньдаг болсон. ...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Э- Э.Хг дагуулаад Э.Х өвдөөд байна гээд одоо манай амьдарч байгаа гээд Алтан овоогийн 39 тоотын задгайд авчирч үлдээгээд явсан. ...Э.Х манайд байж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эх нялхасад түргэнээр хүргэгдээд төрсөн. Э.Х эрүүл саруул эмэгтэй хүүхэд төрүүлж, Эх нялхасын эмнэлэгт хоёр хонож 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс гараад манайд байсан. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Э- манайд ирээд Э.Хг хүүхдээ авчих, манайд очоод байя гэхээр нь ээж бид хоёр өгч явуулаагүй юм. ...2017 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө ээж бид хоёр “108” дугаарын утас руу залгаад бичиг баримтгүй 16 настай хүүхэд төрсөн, манайд байгаа тухай хэлсэн юм. 4 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн үед Э.Х бие засаад ирье гээд гарсан. Араас нь 6 настай хүүхдээ гаргаад Э.Хг хараадах гээд гаргасан чинь Э.Х эгч байхгүй байна гэсэн. Би гараад Э.Х гэж дуудаад орилсон, байхгүй байхаар нь урагшаа харсан манайхаас холдоод засмал зам дээр явж байсан. Миний нуруу өвчтэй хугархай нуруутай тул араас нь хөөж барьж авч чадаагүй орилоод үлдсэн. Э.Х буцаж ирэхгүй болохоор нь 20 цагийн үед цагдаа дуудаж, 23 цагийн үед цагдаа ирсэн. Түүнээс хойш Э.Х манайхаар ирээгүй. ...3 хоногийн дараа Э- миний утас руу хойд аав Хорлоо гэж хүний 00000000 гэсэн утаснаас залгасан. ... Э.Хг хүүхэд дээрээ ир гэж хэлээрээ” гэсэн “за” гээд утас нь тасарсан. Түүнээс хойш ямар ч холбоогүй байна. ...” гэх мэдүүлэг [15],
- Гэрч Г.Ч-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Э.Х гэж хүүхдийг 4-өөс 5 жилийн өмнөөс таних болсон. ...Э.Х 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрж эмэгтэй хүүхэд төрүүлсэн. 04 дүгээр сарын 17-ны өдөр Э.Х хүүхдээ манайд хаяад явсан. ...Э.Хг хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй. Э-тэй уулзвал Э.Хг олох байх. ...” гэх мэдүүлэг [16] ,
-Гэрч С-ийн /Сайн ирээдүйн төлөө Төрийн бус байгууллагын ажилтан/ мөрдөн байцаалтад 2017 оны 07 дугаар сарын21-ний өдөр мэдүүлсэн “...Би Э-ын Э.Х гэж хүнийг танина. Би хараа хяналтгүй хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг сүүлийн 7 жил гаргаж байгаа юм. Би өөрөө “Сайн ирээдүйн төлөө” Төрийн байгууллагыг ажиллуулдаг. Одоогоос 5 жилийн өмнөөс Э-ын Э.Х гэх охины талаар сонсож байсан. Э.Х-тэй 2-оос 3 удаа уулзалт хийсэн. Ар гэрийн нөхцөл байдал болон нялх хүүхдийнх нь талаар мэдэх болоод холбоо харилцаагаа Э.Х-тэй идэвхжүүлсэн юм. Хүүхэдтэйгээ хамт байхгүй байгааг нь сүүлд мэдээд эрэл сурал болж Улаанчулуутын хогийн цэгийн тэнд байх айлд хүүхдээ орхиж явсныг нь мэдээд тэр айлд хүүхдийг нь авахаар очиход хүүхдийг нь цагдаа дуудаж өгөөд явуулсан гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагатай холбогдож энэ талаар мэдсэн. ...Э.Х өөрөө 15 насандаа жирэмсэн болсон хүүхэд байгаа юм. Э.Х-гийн хүүхдийн аав нь 14 настай нэг хүүхэд байдаг. ...Э.Х- одоо Ц- гэх найзтайгаа байгаа. Яг тогтсон газар байхгүй. ... гэх мэдүүлэг [17],
-Өсвөр насны шүүгдэгч Э.Х-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Миний бие 15 настай байхдаа гадуур тэнэж байхдаа танилцсан 2003 онд төрсөн П-э гэдэг бандитай нэг удаа секс хийсэн. Тэгээд жирэмсэн болчихсон юм. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ч- эгчийн охин Ч-ээр дамжуулан яриулж байж Эх нялхасын эрүүл мэндийн төвд хэвтэж, төрөөд охинтой болсон. 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс гараад Ч- эгчийнд байсан. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүнтэй уулзах гэж гараад найз нартайгаа уулзаад 3 хоносон юм. ...нэг хоногийн дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ч-тэй утсаар ярихад “энэ охиныг чинь би өргөөд авчихсан. А- гэдэг нэр өгсөн” гэж ярьсан юм. ...би 3 хоногийн дараа эргээд Ч- эгчийнд очиход намайг цагдаад өгчихсөн байсан. Тэгэхээр нь би буцаж гараад Э- гээд найзындаа амьдрах болсон. Ч-, Ч- хоёр намайг “108”-д дуудаж өгнө гээд байхаар нь би гараад явчихсан юм. Ч-, Ч- хоёр намайг хүүхдээ аваад явна гэхэд өгч явуулаагүй. Ч- уул нь миний охиныг өргөөд авчихсан гэж хэлж байсан. Тэгээд л тайвширчихсан юм. П-ийг хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй. П-этэй гадуур дэмий сэлгүүцэж байхдаа танилцаж байсан. ...” гэх мэдүүлэг [18], түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Э.Х-гийн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бүртгэл, Эрүүл мэндийн яамны харьяа нялхсын клиник сувилалын “хүүхэд хүлээн авсан тухай мэдүүлэг” [19], Э.Х-гийн төрөлтийн түүх [20], Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 101 дугаартай албан бичиг [21] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.Х- нь “би хүүхдээ авч явах гэхэд Ч.Ч- өгөөгүй, бас Ч.Ч-, Г.Ч- нар миний охиныг өргөөд авсан гэхээр нь би тайвширчихсан юм...” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл өсвөр насны яллагдагч Э.Х- нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Ч-ийн гэрээс “бие засаад ирье” гэж хэлж гараад эргэж ирээгүй нь, мөн түүний охиныг харж байсан иргэн Ч.Ч-, Г.Ч- нар нь Э.Х- эргэж ирээгүй учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Э.Х-гийн үйлдсэн гэмт хэрэг нь төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хэргээс нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтын талаар санал хэн аль нь гаргаагүй болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Э.Х-д 2015 оны Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “... Э.Х- нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай нотлогдсон бөгөөд түүнд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэстэй гэж үзэж байгаа тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэгээс гэм буруугийн талаар маргахгүй, улсын яллагчаас гаргасан саналыг зөвшөөрч байна. Э.Х-д хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг хэрэглэж, тус зүйл заалтад зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
2017 оны 4 дүгээр сард 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан ба, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байна.
2002 оны Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “ Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр хуульчилсан байх ба тус гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамаарахаар байна.
Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлд насанд хүрээгүй этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, оногдуулж болохоор хуульчилсан.
Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Дээрх хуулиудын холбогдох зүйл, хэсгийн ялыг харьцуулан үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг нь торгох, албадан ажил хийлгэх, баривчлах ял шийтгэхээр, 2015 оны Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай байх ба хорих ял нь 1-5 жилийн хугацаагаар тогтоосон, тус зүйл заалт нь хүнд ялтай буюу хорих ялтай байна.
Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Х-д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан зүйл, хэсгээр түүнд холбогдох хэргийг өөрчлөн зүйлчлэх үндэстэй байна.
Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Э.Х-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, хөнгөрүүлэх, тус зүйл, хэсэг, заалтад зааснаар Э.Х-г гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Э.Х-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэгээс Э.Х- нь насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, ар гэрийн байдал хүнд, бага наснаасаа гадуур тэнүүчилж амьдарсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Э.Х-гийн ар гэрийн нөхцөл байдлаас үзэхэд тодорхой хаяггүй тул улсын яллагчаас оногдуулж байгаа албадан ажил хийлгэх ял нь биелэгдэх боломжгүй байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.4 дэх заалтуудыг хэрэглэж Сонгинохайрхан дүүргийн сургалт хүмүүжлийн газарт даалгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Э.Х-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.Х- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ арван найман насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, өсвөр насны шүүгдэгч Э.Х- нь 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 6 сар 9 хоногтой байсан буюу насанд хүрээгүй байсан.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Х-гийн арван найман насанд хүрээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, 6 сарын хугацаанд тэнэмэл амьдралаа орхиж, зан үйлээ засаж, өөрийн эцэг, ах нарын оршин сууж буй хаягтаа очиж амьдрах, засарч хүмүүжихийг даалгаж, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болох Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хөгжлийн төвийн ажилтны зөвшөөрснөөр Э.Х-г тус байгууллагын хяналтад байлгахаар шилжүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ажилтан нь иргэн Ч.Ч-ийн дуудлагын дагуу гэрт нь очиж, Э.Х-гийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн охиныг хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ээж болох Э.Х- нь орхин явсан 13 хоногтэй эмэгтэй хүүхдийг асрамжлуулах тухай албан бичгийг Эх нялхсын клиник сувилалд хүргүүлсэн байна.
Мөн хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал нь 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 101 дугаар албан бичигт “... тус сувилал нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн дэд хурандаа Э.Цогт-Эрдэнийн тодорхойлолтоор Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 39-н задгай тоотод 13 хоногтой эмэгтэй хүүхдийг төрсөн ээж болох Э.Х гэгч орхиж явсан болохыг хүлээн авч Э.Х овогтой Г- гэж нэр өгөн өнөөдрийг хүртэл асрамжлан сувилж байна. Хүүхэд эрүүл бойж байгаа” гэжээ.
Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Э.Х- нь өөрийн төрсөн охин Х.Г-г өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлэх бодолтой байна. Хүүхдээ авчихвал Ю.Дулмаа гэх айлд байна” гэж мэдүүлсэн.
Харин шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.П-гээс “...Э.Х- гэр орон байхгүй байх тул түүнийг хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж чадваргүй гэж үзэж байгаа учраас түүнд охин Х.Г-г нь өгөхөөс татгалзаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг үндэслэн Хүүхдийн төв сувилалд хүүхдийг үлдээх саналтай байгаа. ...Тус сувилал нь хүүхдийг 5 нас хүртэл нь асрамжлан сувиладаг юм. Хүүхдийг нь бие даасных нь дараа бусад асрамж, сувилалд хүргүүлэх гэсэн саналыг гаргасан.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл өсвөр насны шүүгдэгч Э.Х-гийн төрсөн эцэг Н.Э- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “...Би Э.Х-г хаана байгааг мэдэхгүй. Э.Х-г 2 настай байхад нь ээж Уранчимэг нь надаас салаад явсан. Түүнээс хойш Э.Х, түүний ах Т-г би өсгөсөн. Миний амьдрал хүнд ядуу зүдүү амьдарч подволын өрөөнүүд түрээслэж амьдардаг, эрхэлсэн ажилгүй. ...3 жилийн өмнө Э.Х- гэрээсээ гарч яваад дахиж гэртээ ирээгүй. ...Э.Х-г хүүхэд төрүүлсэн талаар хорооны цагдаагаас сонссон. Э.Х-гийн хүүхдийг асран хамгаалах, халамжлах бодит бололцоо алга. Би хоёр жилийн өмнө тал цус харвасан, бие муу байдаг. Амьдрах тодорхой орон гэр алга байна. Одоо байрны подволд амьдарч байгаа боловч хэзээ хөөгдөж гарах нь тодорхойгүй тул хүүхэд асрах ямар ч боломж алга. ...” гэж, [22]
-мөн Э.Х-гийн төрсөн ах Э.Т- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “...Манай дүү Э.Х- бид хоёр уг нь аав Э-той амьдардаг юм. Гэтэл Э.Х болж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлээд 2011 оноос гэрээсээ алга болчихдог болсон. ... 2012 оноос хойш Э.Х гэртээ тогтохоо больсон. ...Сүүлд Э.Х хоёр жилийн өмнө гэрээсээ явсан, дахиж гэртээ ирээгүй. ...Э.Хгийн хүүхдийг асрах боломж байхгүй. ...” гэж тус тус мэдүүлжээ. [23]
Мөн хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар Э.Х- нь тус өдрийн байдлаар 17 нас 6 сар 18 хоногтой байна.
Дээрх баримтуудаас дүгнэвэл өсвөр насны шүүгдэгч Э.Х- нь өөрийн гэртээ амьдардаггүй, тогтсон оршин суух хаяг байхгүй, гадуур найзынхаа гэрт, эсхүл танилындаа, гадуур хоноглох зэргээр амьдардаг, мөн арван найман насанд хүрээгүй байна.
Түүнчлэн Э.Х-гийн төрүүлсэн охин Х.Г-гийн эцэг П-э нь насанд хүрээгүй талаар гэрч нараас мэдүүлсэн.
Мөн Э.Х-гийн төрүүлсэн охин Х.Г- нь өнөөдрийн байдлаар 11 сартай, нярай хүүхэд байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Х- нь өөрөө арван найман насанд хүрээгүй, оршин суух тогтсон хаяггүй, өөрийн гэртээ амьдардаггүй гадуур тэнэмэл амьдралаар амьдардаг байдал, мөн эрхэлсэн ажилгүй, санхүүгийн эх үүсвэргүй зэрэг байдлаас дүгнэвэл төрсөн охин Х.Г-г эрүүл саруул өсгөн бойжуулах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалах эхийн үүргээ биелүүлэх чадваргүй, хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчин, айлд хаясан, эхийн хууль заасан асран хамгаалах үүргээ биелүүлээгүй байх тул 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн, 11 сартай, нярай Х.Г-г өсвөр насны шүүгдэгч Э.Х-гийн асран хамгаалалтад шилжүүлэх боломжгүй юм.
Иймд Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд асрамжлуулан сувилуулж байгаа 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн, 11 сартай, нярай охин Х.Г-г дээрх байгууллагын асран хамгаалалтад үлдээж, 3 нас хүртэл нь асран хамгаалалтдаа байлгахыг тус байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Харин өсвөр насны шүүгдэгч Э.Х- нь арван найман насанд хүрсний дараа хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх талаар хуульд заасан үүргээ биелүүлэх чадамжтай болсон үедээ холбогдох байгууллагад нь хандаж, өөрийн төрсөн охин Х.Г-г өөрийн асран хамгаалалтдаа авах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт гэж шүүхэд ирээгүй болохыг, мөн Э.Х- нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 31 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Э.Х-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй суллаж, шийтгэх тогтоол хүчин Т- болох хүртэл хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Э.Х-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117. 1 дэх хэсэг болгон өөрчилөн зүйлчилсүгэй.
2. Өсвөр насны шүүгдэгч Э.Хг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.4 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Х-д 6 (зургаа) сарын хугацаанд тэнэмэл амьдралаа орхиж, зан үйлээ засаж, засарч хүмүүжихийг даалгах албадлагын арга хэмжээг оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хөгжлийн төвийн зөвшөөрснөөр Э.Х-г тус байгууллагад шилжүүлж, хяналтдаа байлгахыг даалгасугай.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х- нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 31 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Э.Х- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн Э.Хгийн Г-г 03 нас хүртэл нь өөрийн асран хамгаалалтандаа байлгахыг Эрүүл мэндийн яамны харъяа Хүүхдийн төв сувилалд даалгасугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Э.Х- нь 18 насанд хүрсний дараа төрүүлсэн хүүхэд Х.Г-г өөрийн асран хамгаалалтдаа авах асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулалсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т- болтол Э.Х-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 25-27 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[3] Хавтаст хэргийн 33-35 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 92-92 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 90-91 дүгээр тал.
[7] хавтаст хэргийн 105-106 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 9-14 дүгээр тал.
[9] Хавтаст хэргийн 61-76 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 110 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 37 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 53 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[14] Хавтаст хэргийн 47 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 25-27 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[17] Хавтаст хэргийн 33-35 дугаар тал.
[18] хавтаст хэргийн 105-106 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 9-14 дүгээр тал.
[20] Хавтаст хэргийн 61-76 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 110 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 90-91 дүгээр тал.
[23] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.