| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2206000000482 |
| Дугаар | 2024/ДШМ/317 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 15.1.2., 10.1.2.1., 10.1.2.7., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ДШМ/317
2024 03 13 2024/ДШМ/317
Ж.Б , Ж.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Арсланбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э , түүний өмгөөлөгч Г.Бадамханд,
шүүгдэгч Ж.Б , Ж.Ж нарын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э , түүний өмгөөлөгч Г.Бадамханд, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2206000000482 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ж.Б /РД: .... тоотод оршин суух,
Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2. Ж.Ж /РД: ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө ... тоотод 64 настай буюу өндөр настан биеэ хамгаалж чадахгүй иргэн А.Э-ны эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл үүсгэж, нуруун тус газар нь нэг удаа хутгалж, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өвтгөн шаналгаж, бусдаас тусламж үзүүлэхэд нь саад учруулж, өлсгөж, осгоож алсан,
Ж.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 10 цагаас оройн 19 цаг хүртэл ... тоотод бэртэл гэмтэлтэй бусдын туслалцаа шаардлагатай иргэн А.Э-ны амь насанд аюул учирсан нөхцөлд Цагдаагийн албаны тухай, Эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас:
Ж.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар,
Ж.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “зэвсэг хэрэглэж”, “уг гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бэртэл гэмтэлийн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ зориуд биелүүлэлгүй орхисны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5 дахь заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Ж-н цагдан хоригдсон 54 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 810 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 810.000 төгрөгийг түүнд оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаас хасаж, Ж.Ж-д оногдуулсан торгох ялыг 19.190.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б , Ж.Ж нараас хувь тэнцүүлэн тус тус 41.250.000 /нийт 82.500.000 төгрөг/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э д олгож шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э , түүний өмгөөлөгч Г.Бадамханд нар нь хамтран гаргасан гомдолдоо: “...1. Шүүгдэгч Ж.Б нь миний аав Энхтайваныг өндөр настай, хөл муутай, хөгжлийн бэрхшээлтэй, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн 6-аас дээш удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх, хэвлийн хөндий нэвтлэн хутгалах зэрэг үйлдлээр хүнд гэмтэл учруулж, өөрийгөө аврах, өөртөө туслах, явах, хөдлөх, ярих чадваргүй болгож, түүний улмаас шаналан зовж тарчилж байхад нь ямарч анхан шатны тусламж үзүүлэхгүй, цагдаа эмнэлгийн байгууллагад мэдэгдэхгүйгээр, нөмөрч дулаалах зүйлгүйгээр, цээж нүцгэнээр шалан дээр хэвтүүлж, цус болсон шал бусад орчин болон түүний цээжин биеийн шарх, түүнээс алдсан цусыг угаан цэвэрлэж, хэргийн ул мөрөө баллан 2 хоног тарчлаан зовоож, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ба прокурор Ж.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь бүрэн үндэстэй байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2 4, 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилснийг эс зөвшөөрч байна.
2. Ж.Ж нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 10 цаг өнгөрч байхад Ж.Б ынд очиж, 9 цаг гарангийн хугацаанд Ж.Б тай хамт байхдаа, амандаа бувтнахаас өөр үйлдэл хийж чадахгүй /Ж.Жавзандуламын өөрийнх нь хэлсэнээр/, аврал энэрэл хүссэн, илт үхлийн хүнд гэмтэлтэй байгаа түүнд ямарч анхан шатны тусламж үзүүлэхгүй, цагдаа эмнэлгийн байгууллагад мэдэгдэхгүй, дэлгүүрээс угаалгын нунтаг авч хэргийн ул мөрийг угаан баллаж, түүнийг тарчлаан зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохирооход үйлдэл, эс үйлдэхүйгээр хамтран оролцсон байхад прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх уг зүйл хэсгээр шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
3. Мөн энэ хэрэгт гэрчээр оролцсон М.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний 22 цагийн үед, түүний эхнэр Ж.Ж нь 23 цагийн үед Ж.Б ын гэрт очиж 2023 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цаг хүртэл 4-5 цаг Ж.Б тай хамт байхдаа мөн л анхан шатны тусламж үзүүлэхгүй, цагдаа, эмнэлгийн байгууллагад мэдэгдэхгүй, хэргийн ул мөрийг баллан цэвэрлэж, түүний дэргэд архи ууж, хоол хийж идэж байгаад, түүнийг амьсгал хураах үед /миний сэжиглэл болон шинжээчийн дүгнэлтийн нас барсан цагийг тодорхойлсноор тооцвол амьсгал хураахад нь/ гэрлүүгээ явцгаасан нь түүнийг тарчлаан зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохирооход үйлдэл, эс үйлдэхүйгээр хамтран оролцсон гэж үзэж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1465 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Б нь А.Э-г өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 6-аас дээш буюу олон удаагийн үйлчлэлээр хүнд гэмтэл учруулсан бөгөөд тухайн үедээ эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Өөрийгөө аврах, өөртөө туслах, явах, хөдлөх, ярих чадваргүй болгож, түүний улмаас шаналан зовж, тарчилж байхад нь анхан шатны тусламж үзүүлэхгүй, цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй, хоол унд өгөхгүй байсаар А.Э нь 2 хоног өлсөж, цангаж, осгож, тарчилж нас барсан. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2 4, 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүгдэгч Ж.Ж нь Ж.Б ын дүү бөгөөд утсаар ярьж энэ байдлыг мэдсэнээр Ж.Б ынд очиж, 9 цаг орчим хугацаанд байхдаа илт үхлийн хүнд гэмтэлтэй байгаа А.Э-д тусламж үзүүлээгүй, цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй, дэлгүүрээс угаалгын нунтаг авч хэргийн ул мөрийг балласан түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ж.Ж нь хэргийн ул мөрийг баллаж, А.Э үхэлд хүргэх хүнд гэмтэлтэй байгаа нь илт байхад тусламж үзүүлэхгүй байснаар энэ гэмт хэргийн хамтран оролцогчийн шинжийг хангасан гэж үзэж байна.
Шүүгдэгч Ж.Б ын дүү Ж.Ж, түүний нөхөр М.Б нар Ж.Б ын гэрт очиж 4-5 цаг хамт байхдаа мөн л анхан шатны тусламж үзүүлээгүй, цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй, хэргийн ул мөрийг баллан цэвэрлэж, архи ууж, хоол хийж идэж байгаад А.Э амьсгал хураах үед явцгаасан байдаг. Шүүгдэгч Ж.Б нь А.Э нас барсны дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн эдгээр нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон байдаг. Ж.Ж , Б нар нь А.Э-н амь насыг хохирооход үйлдэл, эс үйлдэхүйгээр хамтран оролцсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э тус шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нар нь хамтран гаргасан гомдолдоо: “...Ж.Ж-н тухайд:
Анхан шатны шүүхээс Ж.Ж-г Эрүүгийн хуулийн 15.2 дугаар үйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас:
2.2. хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу гэм буруутайд тооцож, Ж.Ж-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэлд заасан тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй гэж буруутгасан.
Гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн үндэслэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, гэмт хэргийг илрүүлэх” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ. Уг хуулийн зохицуулалт нь Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд эдлэх бүрэн эрх бөгөөд системийн хэмжээнд мөрдөж байгаа чиг үүрэг болохоос цагдаагийн албан хаагчийн хувьд хэрэгжих бүрэн эрх биш бөгөөд субъектын хувьд ялгаатай байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/201 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2.9-т “алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил, золгүй тохиолдлоос хохирсон болон биеэ хамгаалж чадахгүй өөр бусад байдлаар амь нас нь аюултай байгаа иргэнд хүнлэг энэрэнгүй хандаж, юуны өмнө эмчийн өмнөх туслах үзүүлэх ёстой бөгөөд саатуулагдсан хүмүүсийн эрүүл мэндийг бүрэн хамгаалах, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн туслах үзүүлэх яаралтай арга хэмжээ авах”, 2.3.2-т “албан хаагч нь хувийн болон нийгмийн амьдралдаа нэр төртэй, үнэнч, зарчимч, хүндлэл төрүүлэхцүй байдлыг эрхэмлэж байх” ёс зүйн дүрмээ зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн гэмт хэрэг 2022 оны 01 дүгээр сарын 28-29-ний өдрийн шилжих шөнө үйлдэгдсэн ба шүүх цаг хугацааны хувьд хойно гарсан байгууллагын ёс зүйн дүрмийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23 дугаар зүйлийн 23.3-т “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг бэхжүүлэх, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хангах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд учирсан саадыг арилгах зорилгоор хүнийг тодорхой байр, газрыг орхин явахгүй байх, эсхүл өөр газар шилжин байрлахыг шаардаж болно” гэж заасны дагуу нийтлэг үүрэг, ёс зүйн хэм хэмжээг хүлээдэг гэж шүүх тодорхойлсон боловч Ж.Ж-н хувьд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн ах Ж.Б ынд очихдоо албан үүргээ гүйцэтгээгүй байсан, хэргийн үйл байдлын талаар очоод харахад миний ах л хамгийн их хохирсон байсан, нөгөө хүн нь толгой дээрээ жаахан шалбархайтай байсан талаар болон хүний нурууны ард байгаа мэсийн шархыг мэдэх боломжгүй, ойр тойронд байсан цусыг ахынхаа цус гэж ойлгосон тухай удаа дараа мэдүүлдэг, төрсөн ах Ж.Б ын хувьд нуруунд нь хутгалсан үйл байдлаа тодорхой санадаггүй, шинжээчийн дүгнэлт танилцуулах үед мэдсэн байдаг.
Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-т “хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх” гэж заасны дагуу иргэн А.Э-ны амь насанд аюул учирсан нөхцөлд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлээгүй, холбогдох эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй зэргээр эс үйлдэхгүй гаргасны улмаас амь хохирогч осгож нас барсан гэж шүүх буруутгасан ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохицуулалт нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байхаар заасан ба тухайн гэрт осгож нас барах нөхцөл тогтоогдоогүй, амь хохирогчийн хутгаар тасалсан халуунаар үлээгч тенийг холбон өгч залгасан, хоол унд хийж өгөх талаар дүү нартаа хэлж захиж байсан болохыг дурдах нь зүйтэй ба өмгөөлөгч нарын зүгээс Ж.Ж нь гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа болно.
Гэмт хэргийн улмаас улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүхээс дүгнэхдээ амь хохирогч нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 64 настай байсан бөгөөд хүн амын дундаж наслалтын зөрүүгээр сэтгэл санааны хохирлыг гаргуулах нь ашиггүй тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсиий доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” заасны дагуу нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн ч Иргэний хуулийн дээрх зохицуулалт нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэгдэн батлагдсан бөгөөд гэмт хэрэг болсноос хойш батлагдсан хууль бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасныг зөрчиж Ж.Б , Ж.Ж нарын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн, шүүгдэгч нарт нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тэнцүү хэмжээгээр хуваасан нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа учир Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/1465 дугаар шийтгэх тогтоолын Ж.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн сэтгэл санааны хохирлыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Ж.Б , Ж.Ж нарын өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Ж.Б , Ж.Ж нар нь төрсөн ах, дүү юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Жавзандуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн үндэслэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтад заасан субъектийн хувьд хийх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн. Уг хуулийн зохицуулалт нь Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй хамааралтай болохоос цагдаагийн албан хаагчийн хувьд хэрэгжих бүрэн эрх биш байгааг шүүх анхаарч үзнэ үү. Хууль зүйн үндэслэлээ Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/201 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2 дугаар зүйлийн 2.2.9 дэх хэсэгт заасны дагуу гэж тодорхойлсон боловч тухайн ёс зүйн дүрэм нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойно батлагдсан байдаг. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон. Ж.Жавзандуламын хувьд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн ах Ж.Б ынд очихдоо албан үүргээ гүйцэтгээгүй байсан бөгөөд цус, нөж байсан талаар өгсөн мэдүүлгүүддээ дурдсан төдийгүй хохирогчийн нурууны ард байгаа мэсний шархыг мэдэх боломжгүй байсан нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Тухайн 2 хүний цусыг цэвэрлэх нөхцөл байдалд энгийн байдлаар хамтарсан, цахилгааны утас нь шалбарсан байсныг холбон боож халаагуурыг ажиллуулсан, хоол хийлгэхээр эмэгтэй дүүгээ дуудсан, гэр орныг нь цэвэрлэсэн явдлыг хохирогч талаас хэргийн ул мөрийг балласан гэж үзсэн. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.4 дэх заалтад заасан үндэслэлийг шийтгэх тогтоолдоо дурдсан байдаг. Ж.Жавзандуламын үйлдэл хохирогч нас барсантай яаж холбогдож байгаад дүгнэлт хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр мэсний шархны улмаас хүнд гэмтэл авч, осгож нас барсан гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхээс Ж.Жавзандуламыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхүүд гэм хорын хохирлыг шийдвэрлэх практик нэг мөр тогтоогүй гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоосон эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй. Гэм буруугийн шүүх хуралдаан болох өдөр хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гараар бичсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг журамлан шийдвэрлэсэн байдаг. Уг зохицуулалт нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэгдэн батлагдсан бөгөөд гэмт хэрэг болсноос хойш батлагдсан хууль тул хууль буцаан хэрэглэх эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, Ж.Жавзандуламд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ж.Б , Ж.Ж нарын өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Прокурор Б.Арсланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Ж.Жавзандуламын тухайд прокуророос зүйлчилсний дагуу анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон байдаг. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан, нуруу хэсэгт нь хутгалсан үйлдлийн улмаас хохирогч их хэмжээний цус алдаж нас барах нөхцөл байдал бий болсон бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан байдаг. Тухайн үед Ж.Б ын гэрт очсон дүү Ж.Ж , түүний нөхөр М.Б нарын хариуцлагагүй байдал нөлөөлсөн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс мэдэх боломжгүй байсан гэж ярьж байна. Ж.Ж “Эмнэлэгт үзүүлэхгүй юм уу” гэхэд Ж.Б “Хутгаар зүсчихсэн юм аа, цагдаад хэлчихнэ, болохгүй” гэсэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б ыг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Ж.Жавзандуламын хувьд тухайн үед эмнэлгийн тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагад хандах үүргээ биелүүлээгүй тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Ж.Б ын үйлдлийн улмаас А.Э нас барсан тул нэмж хүмүүсийг татах шаардлагагүй бөгөөд Ж.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2022 оны 1 дүгээр сарын 30-ны 03:01:43 цагт .... дугаартай хэрэглэгчээс “нөхөртэйгөө маргалдсан” гэх утгатай 137 дугаар сургуулийн урд талаар баруун эргээд цэнхэр хаалга гэсэн хаяг бүхий дуудлагыг өгч, У-112 цагдаагийн дэслэгч П.М-н ахлах ахлагч О.А-н хамт очиж шалгахад уг хаяг нь олдоогүй дуудлага өгсөн утас руу нь залгаж тодруулахад “нэг эмэгтэй утсаа аваад энд байсан 2 хүн нэгнийгээ хутгалсан байна, би түргэн дуудах гэсэн чинь цагдаа дууд гэсэн, манай ах над руу яриад цагдаа дуудаад хэрэггүй, би очиж явна гэсэн би хаягаа зааж өгөхгүй” гээд утсаа салгав. Дахин өөрийн ... дугаараас 5-8 удаа залгахад утсаа авахгүй байж байгаад утсаа салгасан 137 дугаар сургуулийн урдуур баруун эргээд ойр орчмын айлуудыг шалгахад гэрэлтэй айл байгаагүй камерын бичлэг хийж, жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Бундхоролд танилцуулж хэлтэс тасгийн хяналтад авч эргэн шийдвэрлэхээр болов. ... дугаараас холбогдоход утсаа аваагүй болно...гэсэн шийдвэрлэлтийн мэдээлэл бүхий 2022 оны 1 дүгээр сарын 30-ны 04:17:14 цагт дуудлагаас буцсан гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8/,
гэрч О.А-н: “...Тухайн дуудлага мэдээллийг эргүүлийн офицер П.Мөнхтөр бид хоёр хүлээж аваад дуудлага мэдээллийн хаяг тодорхойгүй байсан тул дуудлага мэдээлэл өгсөн ... гэх дугаарт холбогдож хаягийг асууж тодруулахад тухайн эмэгтэй нь “би энэ хаягийг сайн хэлж мэдэхгүй байна, энд бөөн юм болсон байна. Манай ах нэгнийгээ хутгалаад нэг нь гараад явсан, бөөн цус байна би түргэн дуудсан чинь цагдаагаа дууд гээд дуудлага хүлээн аваагүй” гэсэн. Тэгэхээр нь би та хаягаа заагаад өгчих хэдэн тоот юм бэ яаж ороод хэд дэх хаалга вэ гэхэд би сайн мэдэхгүй байна, манай ах та нартай адилхан цагдаа хүн битгий дуудлага дууд, би өөрөө очиж зохицуулах болно гэж хэлсэн гэхээр нь би наана чинь нэг хүн нь нас барсан тохиолдолд та хариуцлага хүлээх болно наадах чинь хүний амь настай холбоотой тийм учраас түргэн тусламж дуудчих хаягаа заах хэрэгтэй байна, хутгалуулсан хүний нэр хэн бэ гэхэд би хэлэхгүй гээд хаягаа зааж мэдэхгүй манай ах намайг загнана гээд утсаа тасалсан. Мөн тухайн эмэгтэй манай ах өөрөө ирнэ, отоод байж байгаа гэсэн утгатай зүйл яриад байсан...” /1-р хх-ийн 106-107/,
гэрч П.М-н: “...дуудлага мэдээлэл нь 137 дугаар сургуулийн баруун эргээд гудамжны цэнхэр хаалгатай айл гэсэн тул тэр хавийн цэнхэр хаалгатай айлуудыг шалгаж үзэхэд ямар нэгэн гэрэл ассан дуу чимээтэй айл байгаагүй тул табны камераар бичлэг хийж баталгаажуулсан...” /1-р хх-ийн 109-110/,
Ж.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...... тоотод байх ахын гэрт очиход манай ах Б нилээд согтуу байсан бөгөөд гэр орон нь ундуй сундуй байдалтай, ор, хөнжил нь цус болчихсон, ширээн дээр байсан архины шил, аяга, стакан зэрэг зүйлүүд болон цахилгаан халаагуур нь газар уначихсан, ахын эрүү, баруун гар нь хавдсан байдалтай байсан. Нөгөө хүн нь орон дээр нь унтаж байсан бөгөөд амандаа бувтнаад байсан. Тэгээд би худгаас ус аваад, дэлгүүрээс угаалгын нунтаг аваад шалыг нь арчиж, хогийг нь цэвэрлэж, архины шилийг гаргаж хаясан. Би ахын гэрт 19 цаг 30 минут хүртэл байж байгаад 20 цагаас хуралтай байсан тул гэр рүүгээ явсан. Намайг явахад манай ах сэргээд босч ирсэн бөгөөд би ахаас юу болсон юм гэхэд 2 хүн орж ирээд зодсон гэж хэлсэн. Тэгээд Б ахад би явлаа, дүү Ж нөхөр Б хамт ирнэ, ирэхээр нь хоол унд хийлгэж идээрэй гэж хэлээд явсан. Нас барсан гэх хүний хөмсөгнийх нь дээрх язарсан шархтай, толгойныхоо оройн хэсэгт хагарсан байсан, өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг Б ахын гэрт байх хугацаанд амь хохирогч босоогүй, ганцаараа амандаа бувтнаад үглээд байсан, би бодохдоо архиндаа болж байна гэж ойлгосон. Намайг усанд яваад ирэхэд амь хохирогч орон дээр хэвтэж байснаа газар буусан байсан бөгөөд хар өнгийн футволк, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн оймстой байхаар нь би хөл нь даарах болов уу гээд гутлыг нь өмсгөсөн. Би тэр хүнийг танихгүй учраас юм яриагүй, тэр хүн ч гэсэн надтай юм яриагүй, ганцаараа бувтнаад байсан. Хэвтэж байхдаа 4-5 удаа өндийгөөд буцаад хэвтэж байсан бөгөөд 2 удаа өндийгөөд ус ууя гэхээр нь би ус хийж өгсөн. Би бодохдоо архи их уусан, архи нь гарахгүй байна гэж ойлгосон. Тухайн хүн ямар нэгэн зовиур хэлээгүй, даараад байна гэж хэлж байсан. Би ахаас зодсон гэх 2 хүн нь ямар хүн байсан юм бэ гэхэд мэдэхгүй, 2 танихгүй хүн байсан гэж хэлж байсан. Тэгээд 01 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагийн үед Б ах руу залгаад нөгөө хүн чинь гэр рүүгээ харьсан уу гэхэд одоо явлаа гэж хэлсэн. Тэгээд 20 орчим минутын дараа залгаад яасан явж байна уу гэхэд нас барсан байна гэж хэлсэн...” /1-р хх-ийн 116-118/,
гэрч Б.Я-н: “...2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 08 цаг 30 минутын үед Бишрэлт дэлгүүрээ нээгээд удаагүй байхад саяны зурган дээрх эрэгтэй буюу Болдоо гэх хүн орж ирээд 0,75 литрийн архи 1 шил, үзэмний шүүс /жижиг 0,5 литр хэмжээтэй/ худалдаж аваад гарсан. Орж ирэхдээ цэнхэр маск, саарал куртиктэй байсан. Маскны дотор баруун шанаа, баруун эрүүний хэсэг цус болчихсон, баруун гараа куртикныхээ ханцуйд нуугаад харуулахгүй байсан. Тэгэхээр нь би таны нүүр яасан юм гэхэд урд шөнө хүн намайг зодоод гэж хэлсэн. ...Миний баруун rap болохгүй байна гээд худалдаж авсан архиа куртикнийхээ баруун халаасанд надаар хийлгээд гарсан...” /1-р хх-ийн 98-100/,
гэрч М.Б-н: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед манай эхнэрийн төрсөн ах Жавзандулам над руу залгаад “Б цус нөждөө холилдчихсон, хамаг юм нь цус болчихсон байж байна” гэж хэлсэн. Тэгээд орой 18 цагт Жавзандулам дахиж залгаад “хүрээд ир, Ж та хоёр цуг ирээд Б ахыг архи уулгахгүй, хоол унд хийж өгөөд хараад байж бай, энд байгаа хүн нь явах тэнхэлгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь 22 цагийн үед Б ахын гэрт очиход ор, хөнжил, даавуу цус болчихсон, Б орон дээрээ налаад суучихсан, хамт байсан хүн нь шалан дээр цустай хөнжил нөмөрсөн хэвтэж байсан. Нөгөө хүн нь намайг ороход өөдөөс хараад ёолоод 2 тийшээ хөрвөөгөөд байсан. Манай эхнэр тэдний гэрийг цэвэрлэж, аяга тавгыг угааж, цуйван хийчхээд 03 цагийн үед явсан. Тэр хүн хөрвөөж байгаад доошоо харж хэвтэхээр нь би харахад толгойных нь ард хэсэгт юманд зүсэгдсэн, хагарсан юм шиг цус гарсан байдалтай атийгаад хэвтээд, ёолоод байхаар нь харьж унтах уу гэхэд юм дугарахгүй байсан ба тэр хүнийг шээх үү гэж асуухад үгүй гээд толгой сэгсэрч байсан. Би Б ахад “эмнэлэг дуудаж, оёдол тавиулж, үзүүлээч” гэж хэлэхэд хутганы юм гэхээр цагдаа гээд бөөн юм болно гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёрыг явахад Б ахынд байсан хүн газар унтаж байсан. Б ах бас унтаад үлдсэн...” /1-р хх-ийн 112-113/,
гэрч Ж.Ж гийн: “...2022 оны 1 дүгээр сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад ахынд очиход манай нөхөр ах хоёр 0,75 литрийн архи талаас доогуур болтол уугаад сууж байсан. Гэрийнх нь орны хажууд газраар дээгүүрээ нүцгэн, доогуураа хар өмдтэй эрэгтэй хүн унтаж байхаар нь энэ ямар учиртай хүн бэ гэсэн чинь манай найз ах, мөрөөрөө сайн хүн юм гэж хэлсэн. Миний харснаар тэр хүн согтуу унтаж байгаа харагдсан бөгөөд доороо дэвссэн хөнжил, ор, дэр болох ахын куртик хувцас бүгд цус болсон, ахын баруун хацар нь зүсэгдсэн шархтай цус гараад хатсан, баруун гар нь зүсэгдсэн байсан тул арчиж цэвэрлээд боож өгсөн. ... газраар хэвтэж байсан ах тийчлээд амандаа юм үглээд байхаар нь ойртож тонгойгоод бие чинь зүгээр үү гэсэн чинь өөдөөс үнсье гэсэн. Яагаад цагдаа, эмнэлэг дуудахгүй байгаа юм бэ, та хоёр үхвэл яах юм бэ илүүдээ гарсан амь байгаа биш гэж уурлаж цагдаа дуудна гэсэн чинь хэрэггүй өөрөө зүгээр болчихно гэж уурлаад байсан. Тэгэхээр нь гадаа гарч байгаад ахын утаснаас нөхөртэйгөө маргалдчихлаа гэж хэлбэл ирэх байх гэж бодоод цагдаагийн 102 дугаарын утсанд “нөхөртэйгөө маргалдсан, хаягаа мэдэхгүй байна” гэж дуудлага өгчхөөд байж байсан чинь цагдаагаас залгаж хаяг асуухаар нь хаягаа мэдэхгүй байна гэсэн чинь хажуугаас ах цагдаа дуудлаа гэж дургүйцэж уурлаж байсан тул ахтай маргалдах гэж ядаргаа, өөрөө мэдэж байгаа юм байлгүй гэж хэлээд утсаа таслаад дахиж аваагүй. Ингээд хоол унд хийж идсээр байтал шөнө 03 цаг болсон байсан...” /1-р хх-ийн 120-122/,
гэрч Э.Э-н: “...аав А.Э архи уухаараа их агсам зантай байсан тул би аавтай маргалдаад хамт амьдрахгүй тусдаа амьдрах болсон. Мөн утсаар холбоо барьдаг байсан. ... Аав архи уухаараа дөвчигнүүр танхай зантай болчихдог. Залуугийн танхай хүн байсан тул хамт архи уудаг дүү нартаа дээрэлхүүлэхгүй гээд агсардаг хүн байсан. Энэ занд нь дургүй хүн их байдаг...” /1-р хх-ийн 90-92/ гэх мэдүүлгүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн: “...уг байшингийн зүүн талын үүдний хэсэгт... өрөөний дунд хэсэгт хивсэнцэр дээр цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн цахилгаантай эрэгтэй хүний куртик байсныг 1310 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. ... урд талын цонхны доод хэсэгт жижиг цагаан өнгийн савтай улаан хүрэн өнгийн зүйлийг 10 гэж дугаарлан, гутлын тавиур дээр байгаа улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуурыг 1112 гэж дугаарлан, ... уг байшингийн баруун талын цонхны ягаан өнгийн хөшигний зүүн доод хэсэг, баруун дунд доод хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 1312 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. Түүний баруун талын цонхны ягаан өнгийн хөшигний зүүн дунд хэсэгт, доод хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 1013 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж ... баруун талд байрлах хар өнгийн орон дээр хар өнгийн дэр, ягаан өнгийн хөнжлийг 1012 гэж дугаарлан орны түшлэгийн урд дээд хэсэгт хойд дунд хэсэгт улаан хүрэн өнгийн бохирлогдсон хэсгийг, орны гудасны булан хэсэгт бохирлогдсон байсныг ... уг орны хойд талын буланд шалан дээр байсан улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал куртик шаргал өнгийн өмд, хар өнгийн фудволк зэрэг хувцасыг 1411 гэж дугаарлан ... хүрэн өнгийн хувцасны шүүгээний ... баруун талд цус мэт зүйлээр бохирлогдсон цус мэт зүйлээр бохирлогдсон дэргийг 1410 гэж дугаарлан ... түүний зүүн талд хана налж байрлуулсан цагаан өнгийн ширээний тавцанг 16 гэж дугаарлав. ... дээд булан ирмэг хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ... уг байшингийн зүүн талд цагаан өнгийн гал тогооны тавилга, хөргөгч байна. Уг гал тогооны тавилга, шургуулгад дотор үзлэг хийхэд аяга, шанага, халуун сав, хүнсний зүйлүүд байх ба уг тавилганы дээд талын жижиг шургуулганаас 163 мм урттай бариул хэсэг 93 мм, 70 мм ажлын хэсэгтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг 15 гэж, тус шүүгээний доод хэсэг буюу шалан дээрээс далд нуусан байсан шар өнгийн бариултай нийт 26 см урттай, 15 см ажлын хэсгийн урттай цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутга, ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй хар өнгийн 2 ширхэг хутга буюу нийт 3 ширхэг хутгыг 1313 гэж дугаарлан ... уг байшингийн баруун талын орноос зүүн тийш 33 см, урд хананаас толгой хэсэг хүртэл 104 см, хойд хананаас хөлний үзүүр хүртэл 110 см, зайд ертөнцийн зүгээр толгой нь урагшаа харсан хар өнгийн биеийн тамирын өмдтэй, цээж хэсгээрээ хувцасгүй саарал өнгийн оймстой, богино бууралттай үстэй биеийн хөгжил зөв, хоёр хөл шулуун, баруун гар биеийн дагуу шулуун хагас атгасан, зүүн гарыг цээжин дээр хагас нугалсан байдалтай, нүд аниатай, ам хаалттай, ам хамараас гарсан зүйлгүй, дух зүүн хэсэг, баруун чихний хойд хэсэг, ар дагз хэсэг, нурууны гол хэсэгт тус тус зүсэгдсэн шархтай эрэгтэй хүний цогцос байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-42/,
Цогцост үзлэг хийсэн: “...166 см урт, толгойдоо 0.5 см урттай буурал үстэй, 69 кг жинтэй биеийн ерөнхий хөгжил зөв мах мариа өөхөн эдийн хөгжил дунд зэрэг 63 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. ... цогцос хөрсөн, эрүү хүзүү дээд, доод мөчдөд цогцосны толбо, биеийн ар дарагдаагүй хэсгээр хөхөлбөр хүрэн өнгөөр бүтэн үүсгэн дарахад бүрэн цайж 12 секунтын дараа иргэн өнгөө өгнө, шулуун гэдэсний хэм 17 цагт цээлсийн 15 байх уг цогцос нь нас бараад 12-14 цаг орчим болсон байх боломжтой байна. ...духны баруун дээд хэсэгт баруун хөмсөгнөөс дээш 2 см зайд 3.5х0.5см 2 ирмэг нь 2 болон 8 цагийн байрлалд ташуу, шархны ирмэг хурц, ирмэгээр хар хүрэн өнгийн хатсан цусан тавтай зүсэгдсэн шархтай, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт 1.2х0.3см хүрэн бор өнгийн нимгэн тав үүсгэсэн зуларалттай, дагзны хуйхны баруун ар хэсгээс хөхлөг сэртэн дайрч чихний ар гадаргуу хөндлөн төгсгөл 11 см урттай зүсэгдсэн шархтай, уг шарх нь баруун чихний ар шилийн нугалаасанд 1.3см орчим тасрагдсан байдалтай, хөхлөг сэртэн орчимд 3 см урт талбайд 0.5 см ангайж бусад хэсэгтэй харьцуулахад гүн зүсэгдсэн байдалтай, дагзны хуйхны төв дээд хэсэгт ёроол нь баруун чих рүү харсан П хэлбэртэй 12 см урт зүсэгдсэн шархтай, сээрний 7 нугаламын түвшинд баруун багана нурууны зүүн талын шугаманд 3x0.5 см хурц, ирмэг нь 1 цагийн түвшинд мохоо ирмэг нь 7 цагийн түвшинд үүссэн ирмэг тэгш хатгагдсан шархтай уг шархыг сэтгүүрдэж үзэхэд дээрээс доош ... урагш зүүнээс баруун чиглэлд ташуу 9 см орчим гүн хатгагдсан байдалтай, сээрний 2 дугаар нугаламын түвшинд 3.5x1.2 см улаан ягаан өнгийн зулгаралттай сээрний баруун нэгдүгээр нугаламын түвшинд 1.5х0.5 см, 2.5х1.5 см бүдэг хүрэн улаан өнгийн баруун өгзөгний дээд хэсэгт 1x0.5 см, 1.5х0.5 см, зүүн тохойнд 1x0.7 см, 1x0.5 см бүдэг хүрэн улаан, зүүн суганы ар доод хэсэгт 7х0.1 см, зүүн тохойд 0.7х0.6 см, 0.6x0.5 см, 0.5x0.3 cm зүүн суганы ар хэсэгт 10.5х0.5 см, баруун хөлний шагайн гадна хэсэгт 0.7x0.7 см улаан ягаан өнгийн зулгаралттай зүүн гарын ядам хурууны өндгөнд хөндлөн байрлалтай 1.3х0.2 см улаан хүрэн өнгийн ирмэг тэгш өнгөц зүсэгдсэн зулгаралттай гэснээр дуусгав...’’ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 43-55/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 2456 дугаар “... ДҮГНЭЛТ: 1. Ж.Б ын биед эрүүний баруун талд хатгагдсан шарх, шарх орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны гадна гадаргуун хатгагдсан шарх, зулгаралт, цээж баруун мөр, нуруу, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Эрүүний баруун талд хатгагдсан шарх, шарх орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны гадна гадаргуун хатгагдсан шарх, зулгаралт гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх механизмаар, цээж баруун мөр, нуруу, баруун тохойнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үрэх механизмаар үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 131-132/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 481 дүгээр: “...Талийгаач А.Э-ны цогцост нурууны ар гадаргуугаар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шархны цус алдалт /175 гр цусан бүлэн, 480 мл шингэн цус/, дагзны ясны цөмөрсөн хугарал, их тархины духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, духны хуйхны дотор гадаргуун цус хуралт, дух, дагзны хуйх, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун хөмсөгний зулгаралт, дагзны хуйхны шарх, нурууны зулгаралт, нуруу, баруун өгзөг, хоёр тохой, зүүн гарын ядам хуруу, баруун шуу, зүүн суга, баруун хөлийн шагайн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь 3 см өргөн, 9 см дээш ажлын хэсгийн урттай ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр, дагзны ясны цөмөрсөн хугарал, дух, дагзны хуйх, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун хөмсөгний зулгаралт, зүүн гарын ядам хурууны зулгаралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 6-с дээш удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх үйлдлээр, их тархины духны дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, духны хуйхны дотор гадаргуун цус хуралт, нурууны зулгаралт, нуруу, баруун өгзөг, хоёр тохой, баруун шуу, зүүн суга, баруун хөлийн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт, дагзны ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.11-д зааснаар хүнд зэргийн гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас баржээ. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь осгож нас барахад нөлөөлсөн байна. АВО системээр А/II/ бүлгийн цустай байна. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17:20 минутын цогцсын үзлэгээр нас бараад 12-14 цаг орчим болсон байна...” гэх дүгнэлт, хавсралтууд /1-р хх-ийн 214-226/,
Шинжээч эмч Н.Э-: “...үхлийн шалтгааны хувьд осголт байсан бөгөөд үүнд нь хутганы шарх буюу гэмтэл нөлөөлсөн байна. Амь хохирогч А.Э нь хутганы шарх авсны дараа цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-243/,
Ж.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Энхтайван намайг уулздаг байсан Баярмаа гэдэг хүүхэнтэй хардаж янз бүрийн юм яриад агсам тавиад, пивоны шилэн стакан шидэхээр нь би түүнд нь оногдоогүй. Ингээд Э мах идэж байсан бор өнгийн модон иштэй хутгаар миний цээж хэсэг рүү чичээд байсан ба би үүнийг нь тоолгүй байж байтал хутгаар миний эрүүнд хатгаад дахин хатгах үед нь би баруун гараараа хаахад миний баруун гарын ар хэсгийг зүссэн. Ингээд би түүнийг хойш нь түлхэх үедЭ ах толгойгоо ширээнд цохисон ба би түүнээс хутгыг нь булааж аваад бид хоёр ноцолдсон, удалгүй би өөрийн эрүү хэсгээс гарч байсан цусыг тогтоох гээд даавуугаар дараад хэвтээд өгсөн. Манай гэртЭ ах бид хоёр л байсан. Маргааш нь буюу 29-ний өдөр Э ах бид хоёр манай гэрт өдөржингөө хэвтээд орой 18 цагийн үед манай хүргэн дүү Б ирэхээр нь дэлгүүр явуулж 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи авч,Э ах бид хоёр хувааж уугаад унтсан байсан. Ингээд нилээн орой болсон хойно би сэрэх үед манай дүү Ж ирээд манай гэрийг цэвэрлээд намайг загнаад байсан. Ингээд удалгүй би буцаад унтсан бөгөөд 30-ны өглөө 07 цагийн үед сэрэх үед манай дүү Ж , хүргэн Б нар явсан байсан баЭ ах цонхны доод хэсэгт газраар дэвссэн гудсан дээр цээж нүцгэн хэвтэж байхаар нь би үүнийг дуудах үед намдуу дуугаар аяархан юм хэлээд байхаар нь би халуун саванд байсан халуун цайг аяганд хийж өгөөд аман дээр нь бариад уулгах гэхэд уулгүй өөдөөс цайгаар гулгиад байсан. Ингээд миний толгой эргээд байсан тул би хэсэг хэвтэж байгаад 30 орчим минутын дарааЭ ахыг дахин үзэх үед ухаангүй, хөдлөхгүй байхаар нь түргэн болон цагдаад дуудлага өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай дүү Ж.Ж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн үед архи уугаад унтаад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-11, 14/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 77 дугаар: “...ДҮГНЭЛТ 1. Талийгаачид тогтоогдсон их тархины духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, духны хуйхны дотор гадаргуун цус хуралт, дух, дагзны хуйх, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун хөмсөгний зулгаралт, дагзны хуйхны шарх, нурууны зулгаралт, нуруу, баруун өгзөг, хоёр тохой, зүүн гарын ядам хуруу, баруун шуу, зүүн суга, баруун хөлийн шагайн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн зүсэх, цохих механизмаар үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээгээр үхэлд хүргээгүй уушгины артерийн даралт ихдэлт, элэгний жижиг зангилаат хатуурал, нойр булчирхайн цочмог үхжилт үрэвсэл өвчтэй байжээ. 2. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шархнаас цус алдаж, цээжний хөндийн цус хуралдсан нь эргэлдэх цусны хэмжээг бууруулж хүйтэн хэт мэдрэг байдлыг ихэсгэх замаар осголтод нөлөөлсөн байна. 3. Хүйтэнд хэт мэдрэг байдлыг ихэсгэдэг хүчин зүйлд шарх, цус алдалтууд хамаарна. Иймд дээрх шарх, цус алдалт биеийн ерөнхий хэм буурахад нөлөөлсөн. 4. Талийгаачийн баруун хөлийн шагайн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд учирсан байжээ...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 207-211/,
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 40/, Ж.Б аас хохирлын 5,660,000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх-ийн 230/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 15, 3-р хх-ийн 28/, шийтгэх тоггоолын хуулбар /2-р хх-ийн 18-19/, Ж.Жавзандуламын хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 224-229, 3-р хх-ийн 11-19/, хохирол төлбөртэй холбоотой гар бичмэл, дасны хуулга /3-р хх-ийн 244-247/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
- Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө ... тоотод 64 настай буюу өндөр настан, согтууруулах ундаа хэрэглэсэний улмаас биеэ хамгаалж чадахгүй болсон иргэн А.Э-г түлхэн унагаж, харилцан ноцолдох явцдаа эрүүл мэндэд нь “дагзны ясны цөмөрсөн хугарал, их тархины духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, духны хуйхны дотор гадаргуун цус хуралт, дух, дагзны хуйх, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун хөмсөгний зулгаралт, дагзны хуйхны шарх, нурууны зулгаралт, нуруу, баруун өгзөг, хоёр тохой, зүүн гарын ядам хуруу, баруун шуу, зүүн суга, баруун хөлийн шагайн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт”,
мөн хохирогчийг нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь нурууны ар гадаргуугаар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэж, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өвтгөн шаналгаж, бусдаас тусламж үзүүлэхэд нь саад учруулж, өлсгөж, осгоосны улмаас хохирогч нас барсан,
- Ж.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 10 цагаас оройн 19 цаг хүртэл ... тоотод бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай иргэн А.Э-г амь насанд аюул учирсан нөхцөлд Цагдаагийн албаны тухай, Эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Энэхүү үйл баримтаас өмнө амь хохирогч А.Э нь бусадтай маргалдсан, зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд дурдсан гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Б-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5 дахь заалтад зааснаар,
шүүгдэгч Ж.Ж нь шүүгдэгч Ж.Б ын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас бэртэл гэмтэл авч, бусдын туслалцаа шаардлагатай болсон иргэн А.Э-ны амь насанд аюул учирсан нөхцөлд байгааг мэдсэн атлаа тусламж үзүүлэлгүй орхисон буюу Цагдаагийн албаны тухай, Эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасаны улмаас хохирогч нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б , Ж.Ж нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан, Ж.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5 дахь заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлын “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/201 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2.9, 2.3.2-т заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн гэмт хэрэг 2022 оны 01 дүгээр сарын 28-29-ний өдрийн шилжих шөнө үйлдэгдсэн ба шүүх цаг хугацааны хувьд хойно гарсан байгууллагын ёс зүйн дүрмийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. ...өмгөөлөгч нарын зүгээс Ж.Ж-ыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолын Ж.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Учир нь, Ж.Ж иргэн хүнийхээ хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-т “хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх” гэж иргэний үүргийг тодорхойлсон,
Цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, гэмт хэргийг илрүүлэх...” гэж заасан цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг,
уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж заасан цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагийг тус тус зөрчсөн бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон үндсэн үүрэг, Цагдаагийн албаны тухай хуулиар олгогдсон албаны чиг үүргээ биелүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Ж-н бэртэл гэмтэл авч, бусдын туслалцаа шаардлагатай болсон иргэн А.Э-ны амь насанд аюул учирсан нөхцөлд байгааг мэдсэн атлаа тусламж үзүүлэлгүй орхисон буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасаны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э , түүний өмгөөлөгч Г.Бадамханд нар нь “...1. ...прокуророос Ж.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь бүрэн үндэстэй байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2 4, 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилснийг,
2. Ж.Ж-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх уг зүйл хэсгээр шийтгэж шийдвэрлэснийг,
3. Мөн энэ хэрэгт гэрчээр оролцсон М.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний 22 цагийн үед, түүний эхнэр Ж.Ж нь амь хохирогчийг тарчлаан зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохирооход үйлдэл, эс үйлдэхүйгээр хамтран оролцсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
1. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү шинжүүд хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байхыг шаардах буюу гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг.
Гэмт хэрэг гарсан тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүйн гадна, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 481 дүгээр: “...Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас баржээ. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь осгож нас барахад нөлөөлсөн байна. АВО системээр А/II/ бүлгийн цустай байна. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17:20 минутын цогцсын үзлэгээр нас бараад 12-14 цаг орчим болсон байна...” гэх дүгнэлт, хавсралтууд /1-р хх-ийн 214-226/, шинжээч эмч Н.Э-н: “...үхлийн шалтгааны хувьд осголт байсан бөгөөд үүнд нь хутганы шарх буюу гэмтэл нөлөөлсөн байна. Амь хохирогч А.Э нь хутганы шарх авсны дараа цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-243/ зэргээр хохирогч нь биедээ хүнд гэмтэл авсаны улмаас осгож нас баржээ.
Өөрөөр хэлбэл, тусгай мэдлэг бүхий шинжээч эмч “эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн нөхцөлд амь хохирогч аврагдах боломжтой байсан” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх зүйлчлэх үндэслэл болсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд болон бусад баримтуудаар “шүүгдэгч Ж.Б , хохирогч А.Э нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан”, мөн хохирогч А.Э нь биедээ хүнд гэмтэл авах үедээ 64 настай байсан гэх үйл баримтууд тогтоогдож байх тул амь хохирогчийг “өндөр настай, согтуурсан” шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон гэж үзнэ.
Эрүүгийн хуульд зааснаар зэвсэг гэдэгт “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн субъект нь хууль, тогтоомж, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг бүхий хүн бөгөөд энэхүү үүрэг нь хууль, албаны чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр үүссэн байх ёстой. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас: 2.2.хохирогч нас барсан бол...” гэж заасан тул тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байхаар тус тус хуульчлагдсан гэж үзнэ.
Хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б нь хохирогчийн биед хүн зэргийн гэмтэл учруулах үйл явц болох үед шүүгдэгч Ж.Ж нь байгаагүй, энэхүү үйл явдлыг болоод өнгөрсөний дараагаар Ж.Б ын гэрт очоод мэдсэн бөгөөд шүүгдэгч Ж.Б ын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас бэртэл гэмтэл авч, бусдын туслалцаа шаардлагатай болсон иргэн А.Э-д тусламж үзүүлэлгүй орхисон болох нь тогтоогдсон байна. Тиймээс Ж.Жавзандуламын хууль тогтоомжоор хүлээсэн нийтлэг шинжтэй үүргийг биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн диспозиц шинжид хамаарахгүй тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Ж.Б тай хамтран үйлдсэн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Ж.Ж нь гэрч М.Б той утсаар холбогдон “... тоотод буюу Ж.Б ын гэрт дуудсаны учир М.Б , түүний эхнэр Ж.Ж ” нар нь шүүгдэгч Ж.Б ын гэрт ирсэн, улмаар гэр орныг цэвэрлэх, хоол хийж өгөх зэргээр 2022 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цаг хүртэлх хугацаанд байсан нөхцөл байдлыг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, хохирогч А.Э-ны амь нас хохирсон гэмт хэрэг гарахад санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй, тэднийг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн буюу Эрүүгийн хуулийн гуравдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох “гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч”-ийн аль нэг хэлбэрээр хамтран оролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.
Прокуророос М.Б , Ж.Ж нарын үйлдэл, оролцоо дээрх гэмт хэрэгт байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалган тодруулж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнэ 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 38 дугаар прокурорын тогтоолоор М.Б ыг, 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 37 дугаар прокурорын тогтоолоор Ж.Ж г тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд үүнийг няцаан үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, дээрх прокурорын тогтоолуудад оролцогч нараас дээд шатны прокурорт гомдол гаргасан талаарх баримт үгүй байх тул давж заалдах шатны шүүхээс иргэн М.Б , Ж.Ж нар нь “Ж.Б ын гэрт 2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой ...22-оос 23 цагийн үед очиж, шөнийн 03 цаг хүртэлх хугацаанд байсан...” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хавтаст хэргийг хүрээнд тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлын “...шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн сэтгэл санааны хохирлыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах хууль зүйн үндэслэл байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүгдэгч Ж.Б, Ж.Ж нараас сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э ын сэтгэл санаа, сэтгэцэд хор уршиг учирсан гэж дүгнэж, хор уршигт 82,500,000 төгрөгийг олгохоор заасан шийтгэх тогтоолын 9 дэх заалтын хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Б нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 107 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1465 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э , түүний өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан “шийтгэх тогтоолын хүчингүй болгож өгнө үү” гэсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан “шүүгдэгч Ж.Ж-г цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б ын цагдан хоригдсон 107 /нэг зуун долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН