| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0170/З |
| Дугаар | 128/ШШ2025/0411 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2025/0411
2025 05 29 128/ШШ2025/0411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Г*******,
Хариуцагч: Биеийн тамир, спортын улсын хорооны дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н,
Маргааны төрөл: Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/84 дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс Биеийн тамир, спортын улсын хорооны даргад холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн, наадмын тогтолцоо, зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн, наадмын тогтолцоо, зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6 сарын туршилтын хугацаатай томилж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/52 дугаар тушаалаар туршилтын хугацааг 6 сараар сунгасан байна.
3. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/711 дүгээр тушаалаар иргэн Д.М******* албан ёсны фейсбүүк хуудсаар 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Hi Түгжрээнд лайв бичлэг, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн агентлагийн байранд БТСХ-Төрийн албаны хуйвалдаан ! 52 минутын лайв бичлэгт оролцсон М.Г*******гийн үйлдэл нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, оролцох гэсэн төрийн албан хаагчийн хориглох заалт, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн эсэхийг шалган тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсан байна.
4. Тус ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тайлангаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглолтыг зөрчсөн үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах саналыг гаргажээ.
5. Улмаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар М.Г*******г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, туршилтын хугацааг дуусгавар болгосон байна.
6. Дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 04/52 тоот албан бичгээр хариу өгсний дагуу нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0829 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн байна.
7. Нэхэмжлэгч М.Г*******с шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.Г******* миний бие Биеийн тамир, спортын улсын хорооны даргын О.Бын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн наадмын тогтолцоо, зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6 сарын туршилтын хугацаатайгаар томилогдсон. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б/52 дугаар туршилтын хугацааг сунгах тухай тушаал гаргаж үргэлжлүүлэн 6 сарын хугацаагаар сунгасан.
Ажиллаж байх хугацаанд илүү цагаар ажилласан хугацаанд нөхөн амруулаагүй, илүү цагийн нэмэгдэл хөлс олгохгүй, ээлжийн амралтын хугацааг дутуу тооцож олгосон зэрэг гомдлыг дээд шатны албан тушаалтандаа гаргасан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хорооны агентлагийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Н Биеийн тамир, спортын улсын хорооны даргын Б/84 дугаар М.Г*******д сахилгын шийтгэл оногдуулж, туршилтын хугацааг дуусгавар болгох тухай тушаалыг танилцуулсан.
Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулийн зохих зүйл заалтад нийцсэн байх ёстой. Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл болон Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019.04.04-ний өдрийн 36/32 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.6-д ... сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна. гэж заасан.
Гэтэл уг ажлаас халсан Б/84 тушаалын үндэслэлд намайг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.16, 37.1.18, 39 дүгээр зүйлийн 39.1.7 заалтуудыг зөрчсөн гэх боловч энэ нь үндэслэлгүй, дээр дурдсан нийтлэг үүргийг миний бие зөрчсөн, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлд заасан үйлдэл гаргаагүй юм.
Мөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахад Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-д заасан журам /процесс/-ыг баримтлах ёстой боловч дээрх журамд заасан процесс явагдаагүй, шалган тогтоох ажиллагаа нь журамд нийцээгүй, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлийг тогтоолгүйгээр ажлаас халах тушаал гаргасан зэрэг хууль бус үйлдэл гаргасан энэ нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын Зургаа. Төрийн албанаас халах шийтгэл ногдуулах хэсгийн 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна. гэж заасныг зөрчиж, хууль бус захиргааны акт гаргасан тул Биеийн тамир, спортын улсын хорооны даргын О.Бын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/84 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны байгууллагын акт буюу шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Тэгэхээр бид М.Г*******д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг зорилгодоо нийцээгүй захиргааны акт гэж үзэж байгаа. Төрийн байгууллагын албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа 2019 оны 1632 дугаартай Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг баримталдаг. Энэ журамд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг баримтална гээд 1.4.5-д хууль зүйн үндэслэлтэй байх гэдэг зарчим байгаа. Тэгэхээр энэ зарчмыг баримтлаагүй гэж үзээд байгаа. Тушаалд хавтаст хэргийн 32-46 дугаар хуудсанд байх 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотоод хяналт шалгалтын тайланг үндэслээд гаргасан байдаг. Энэ тайлан дээр хяналт шалгалтын үндсэн зорилго, хамрах хүрээ, тогтоогдсон нөхцөл байдал, хүмүүст сонсох ажиллагаа хийсэн эсэх, болсон үйл баримтыг дүгнэсэн. Тайлангийн дүгнэлтээр М.Г******* болон нэр бүхий н.Т*******, н.М гэдэг хүмүүст сахилгын шийтгэл ногдуулсан. Эхний үндэслэл нь юу вэ? гэхээр М.Г*******д сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийн үндэслэх хэсэг дээр нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.16, 37.1.18 гэх мэтийн төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэж заагаад байгаа. Гэтэл энэ тайланд үүрэг зөрчсөн ямар ч үйл баримтыг тогтоогоогүй. М.Г******* Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7-ын төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн байна гэдэг үг, үсэг, өгүүлбэр энэ тайланд огт байхгүй. Тайланд юуг тогтоосон бэ? гэхээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7 буюу ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэг үйлдлийг тогтоосон. Тэгэхээр дүгнэлтээр тогтоогоогүй зүйл заалтыг тушаалын тогтоох хэсэгт оруулсан нь хуулийн үндэслэлгүй, хууль зөрчсөн гэдэг тайлбарыг хэлмээр байна. Хоёрт Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7 буюу ажил хаялт төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйл ажиллагаанд оролцсон, төлөвлөсөн гэдэг үйл баримт яригдаад байгаа. Тэгэхээр 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Д.М гэдэг Биеийн тамир, спортын улсын хороонд очиж лайв /live/ бичлэг хийсэн. Дотоод хяналт шалгалтын тайлан дээр дурдсан үйл баримтыг ярья. Хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд энэ лайв /live/ бичлэгт спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн М.Г******* нь 29 минут 57 секундэд цаас бариад зогсож байгаа үйлдэл нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж дүгнэсэн. Хоёрдугаарт 30 минут 45 секундэд цагт М.Г******* нь н.О******* даргын өрөөг тэр гэж зааж Д.М, н.Т нарыг чиглүүлж байгаа гэсэн. Гараараа зааж чиглүүлсэн нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзсэн байна. М.Г*******, Ж.Б******* нар ажил хэргийн таарамжгүй харилцаатай болоод төрийн байгууллагын нэр хүндийг унагахад чиглэсэн үйл ажиллагаанд оролцсон гэж байгаа. Тэгэхээр тэр үед М.Г*******, Ж.Б******* нар үл ойлголцоод хэрүүл маргаан хийгээд, түүнээс нь болоод төрийн байгууллагын үйл ажиллагааг зогссон ямар ч үйл баримт авагдаагүй. Тэгээд хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд байх 7 дугаартай дүгнэлтэд төрийн албан хаагч М.Г******* нь төрийн албаны хуйвалдаан бичлэгийг Ч.Т*******, н.М нартай хамтран зохион байгуулж төлөвлөсөн гэх үндэслэл нь цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байх бөгөөд оролцсон нь бичлэгээр тогтоогдож байна гэсэн. Дахиад М.Г******* нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалж үг, үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг буруутган гутаан доромжилсон нөхцөл байдал үүсгэжээ гэж дүгнэсэн байна. Тэгээд санал зөвлөмж дээр нь 39 дүгээр зүйлд заасан хориглолтыг зөрчсөн үндэслэл тогтоогдоод байгаа тул 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулж өгнө үү гэсээн эрх бүхий 7, 8 хүний гарын үсэгтэй тайланг явуулсныг үндэслээд О.Ба шийдвэрийг гаргасан байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7-д буюу ажил хаялт, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэг үндэслэл тогтоогдоогүй. Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа тухайн үед алдагдаагүй. Алдагдана гэдэг нь ямар ойлголт вэ? гэхээр бүр зогсох тухай ойлголт юм. Тэгэхээр зогсоосон ч юм уу, ийм үйл баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч зөрчигдөөд байгаа эрхээ, өөрийнхөө хувийн үзэл бодлоо хэлсэн нь, даргын өрөөг чиглүүлсэн үйлдэл нь, Ж.Б*******тэй үл ойлголцоод байдаг гэдгээ хэлсэн нь төрийн байгууллагын үйл ажиллагааг алдагдуулсан, зогсоосон, тасалсан үйлдэл огтоосоо биш учраас хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байна. Хяналт шалгалтын тайлан чинь зорилгодоо нийцээгүй байна. Тайлан дүгнэлт гарсан, захиргааны шийдвэр 2 чинь шалтгаант холбоо байхгүй байна. Тэгэхээр хууль зүйн үндэслэлгүй байгаа тул энэ шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэдэг тайлбар гаргаж байна гэв.
8. Хариуцагч Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 8 дугаар зүйлийн 8.2.... Төрийн албаны тухай хуулийн 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана гэж заасан байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2024 оны Б/84 дүгээр тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан тухай дурджээ.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн М.Г*******д сахилгын шийтгэл ногдуулж, туршилтын хугацааг дуусгавар болгох тухай Б/84 дүгээр тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно., мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэснийг тус тус зөрчиж нэхэмжлэгч М.Г******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
М.Г*******г Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн, наадмын тогтолцоо, зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6 сарын хугацаатай томилж, туршилтын хугацааг 1 удаа дахин 6 сараар сунгасан. Нэхэмжлэгч М.Г******* нь туршилтын хугацаанд ажиллаж байсан болно. 2024 оны Дотоод хяналтын ажлын хэсэг байгуулах тухай А/711 дүгээр тушаалаар иргэн Д.М******* албан ёсны фейсбүүк хуудсаар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн агентлагийн байранд БТСХ-Төрийн албаны хувилдаан 152 минутын лайв бичлэгт оролцсон төрийн албан хаагч М.Г*******гийн үйлдэл нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээнд оролцсон нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалт, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн эсэхийг, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөрчсөн эсэхийг шалган тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Тус дотоод хяналтын ажлын хэсэг нь дотоод хяналт шалгалтын тайлангаар М.Г******* нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглолтыг зөрчсөн байх үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй тухай саналыг ирүүлсэн.
Иймд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар М.Г*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалт 27.2.1.... хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах; гэсний дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дотоод албан бичгээр биечлэн хүргүүлсэн, мөн сонсох ажиллагааг нэхэмжлэгч М.Г******* хурдан хий гэж шаардсаны дагуу хийсэн.
Түүнчлэн, Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-т заасны дагуу Биеийн тамир, спортын улсын хорооны 307 тоот өрөөнд 09:17 цагт зохион байгуулсан. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны Б/84 дүгээр тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны акт юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; 37.1.16.Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах; 37.1.18.хууль тогтоомжид заасан бусад үүрэг., 39 дүгээр зүйлийн 39.1.Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.7.ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох; гэж заажээ.
3. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Биеийн тамир, спортын улсын хорооны даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дотоод хяналт шалгалт 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн тайлангаас үзвэл нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглолтыг зөрчсөн үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах саналыг гаргасныг үндэслэн мөн даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар М.Г*******г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, туршилтын хугацааг дуусгавар болгосон байна.
4. Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох зорилгоор удирдамж батлан дотоод хяналт шалгалт явуулсаны үндсэн дээр ажлын хэсгийн санлыг үндэслэн сонсох ажиллагаа явуулан маргаан бүхий тушаалыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
5. Тус тушаалын үндэслэл болон хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн агентлагийн байранд БТСХ-Төрийн албаны хуйвалдаан ! 52 минутын лайв бичлэг, ажлын хэсгийн тайлан, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийг дээр дурдсан хуулиар хориглосон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээнд оролцсон гэж сахилгын шийтгэл оногдуулсаныг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
6. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4.төрийн албанаас халах; гэж заасанд нийцсэн байна.
7. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.16, 39 дүгээр зүйлийн 39.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч М.Г*******гээс Биеийн тамир, спортын улсын хорооны даргад холбогдуулан гаргасан Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн, наадмын тогтолцоо, зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН