Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 300

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Б.Энхбат,

            шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох 1708029100256 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Энь 2017 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 9-21 тоотод иргэн Р.Оын 5034118655 дансны дугаартай Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.Энь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 Тодруулбал, Б.Энь 2017 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 9-21 тоотод иргэн Р.Оын гэрт байхдаа түүний 5034118655 дансны дугаартай хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар тус картанд байсан 4.000.000 төгрөгийг авч өөртөө зарцуулсан болох нь:

 

            Хохирогч Р.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 03-ны орой найзтайгаа ганц хоёр пиво уучихаад унтахдаа хүү Сумъяадагвад визаа картаа өгөөд далд хийчих гээд унтаад өглөө хүү маань хичээлдээ явлаа гэхээр нь картаа авч үлдэх гээд асуусан чинь хийсэн газар нь байхгүй байсан. Тэгсэн миний утсанд данснаас гүйлгээ хийгдсэн мессеж ирсэн. Тухайн үед манай гэрт манай том хүүгийн найз Энхтүвшин, манай найз Батжавхлан нар байсан. Өглөө сэрэхэд Энхтүвшин байхгүй байсан. Шөнө картаар гүйлгээ хийсэн байсан. Би Энхтүвшингээс мөнгөнийхөө талыг авсан байгаа, ээж болох Ганцэцэгтэй нь уулзсан үлдэгдэл 1.500.000 төгрөгийг бага, багаар нь авахаар тохирсон ойрын 3 сард төлж барагдуулахаар болсон. Тухайн үед би 2 шил пиво авах гээд бага хүү О.Сумъяадагвад виза картаа өгөөд дэлгүүр явуулсан юм. Тухайн үед Энхтүвшин манай бага хүү О.Сумъяадагватай хамт дэлгүүрт хамт ороод тооцоогоо хийх үед дэлгүүрийн худалдагчид нууц дугаараа хэлэх үед мэдсэн байна лээ. Тэгээд шөнө бид нарыг унтсаны дараа виза карт хулгайлаад явсан байсан. Одоо надад 900.000 төгрөг өгөх ёстой байгаа, тэгээд төлөөд дуусгах байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22, 23-24х/

 

            “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6х/

 

            Гэрч Г.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний 10 жилийн дээд талын ангийн хүүхэд Р.О өглөө 11 цагийн үед над руу залгаад “танай хүү Энхтүвшин хаана байна, Энхтүвшин миний картнаас мөнгө аваад явсан байна, яаралтай надтай холбогд” гэж хэл гэсэн. Тэгээд өдөр нь над руу манай хүү Энхтүвшин утсаар залгахаар нь би “чи юу хийгээд яваад байна, яаралтай Отгонбаатар ах руугаа яриад очиж, уулз” гэж хэлсэн. Тэгээд манай хүү Энхтүвшин, Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр очиж уулзсан байсан. ...Эхлээд манай хүү ирэхдээ 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр 2.500.000 төгрөг авч ирж Р.От бэлнээр хүлээлгэн өгсөн. Тэгээд 1.300.000 төгрөгний үлдэгдэл үйлдсэн...”

            “....Би хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 280.000 төгрөг, Отгонбаатарын Хаан банкны 5034118655 дансанд шилжүүлсэн. Ингээд би нийт 3.372.000 төгрөгийг төлсөн. Одоо 628.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Отгонбаатар надад боломжоороо төлөөрөй гэж хэлсэн. Би ямар ч байсан уг мөнгийг төлж байрагдуулж дуугсах болно...гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 27-28х/

 

                  Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би багийн найз Баярбаатарын гэрт нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр очоод хоносон. Тухайн үед манай найз Баярбаатар 2017 оны 08 дугаар сард Япон улс руу явсан байсан бөгөөд гэрт нь аав Отгонбаатар, дүү Сумъяа, тэгээд Отгонбаатар ахын 2 найз нь хамт байсан. Тэгээд Отгонбаатар ах найзуудтайгаа архи уугаад Сумъяа бид хоёрыг хэд хэдэн удаа дэлгүүр явуулсан юм. Тэр үед дэлгүүрт картаа уншуулж байхад худалдагч нууц үгийг нь асуухад нь Сумъяа нууц дугаарыг нь хэлэх үед картны нууц дугаарыг нь мэдэж авсан байсан. Ингээд гэрт нь байж байхад Отгонбаатар ахын утсанд дансны мэдээлэл нь мессежээр ирэхээр нь санаандгүй харахад үлдэгдэл 4 сая гаран төгрөг гэж байсан. Тэгээд маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бас Сумъяатай хамт дахиад дэлгүүр лүү хэд хэдэн удаа явж юм авч ирээд орой нь гэрийг нь цэвэрлэж дуусаад 00 цаг өнгөрч байх үед Сумъяагийн цүнхэнд байсан виза картыг нь нууцаар аваад Сумъяад явлаа гэж хэлэхэд намайг гаргаж өгсөн. Тэгээд төв зам дээрээс такси бариад 3, 4 дүгээр хороололд Бичил хорооллын АТМ-ээс эхлээд 1.000.000 төгрөг аваад тэр доороо дахиад 3.000.000 төгрөг уншуулж аваад Өргөө кинотеатрын ард талд байрлах зочид буудалд ороод 2 цаг орчим амраад гараад 1 дүгээр хороолол ороод Хар хорин захаас хувцас авах гэтэл онгойгоогүй байсан болохоор дахиад нэг зочид буудалд ороод 2 цаг орчим байж байгаад гараад ирэхэд Хар хорин зах онгойгоогүй байхаар нь буцаад 3, 4 дүгээр хороолол ороод хувцас хунар аваад 2017 оны 10 дугаар сарын үед танилцсан Одко гэдэг охин руу залгаад хаана юу хийж байна гэхээр нь би ажил хийж байгаа цалин буусан гэж хэлээд орой уулзахаар болоод орой нь 18 цагийн үед Одкотой 19 дүгээр хорооллын тэнд уулзаад хамт Саппоро төвийн Цэ пабд орж суугаад Одкогийн эрэгтэй, эмэгтэй хоёр найзуудтай хамт 25 дугаар эмийн сангийн орчим байдаг Лакс нэртэй шөнийн клубт ороод хэсэг байж байгаад гараад Өргөөгийн ойролцоо байрлах зочид буудалд бүгдээрээ ороод хувцсаа тайлаагүй шууд унтаад өгсөн. Өглөө нь гараад би ганцаараа гэмтлийн эмнэлэг орчим явж байхад мөнгө зээлсэн авто засварын ах нар залгаад ахын дүү мөнгө өгөх болж байна уу мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би таны мөнгийг өгөхөөр болчихлоо хүрч ирээд авчих гээд удалгүй тэд ирээд 2.240.000 орчим төгрөг аваад явсан. Тэгээд урд өдөр нь хувцас хунар аваад шөнийн клубт ороод надад 380.000 орчим төгрөг үлдсэн байсан. Тэгээд би ээж дээр очиж уулзаад Хар хорин ороод гэртээ ДВД тоглуулагч аваад гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь ээж над руу залгаад Отгонбаатар ах чинь чамайг асуугаад байна, очиж уулз гэхээр нь Отгонбаатар ахтай утсаар ярихад цагдаагийн хэлтэс дээр байна хүрээд ир гэж хэлсэн. ...Би тухайн үед хар малгайтай цамцтай гадуураа нимгэн курткатай, доогуураа цагаан өмдтэй явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-63х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл, шүүгдэгч Б.Энь иргэн Р.Оын “Хаан банк” ХХК-ийн виза картыг хулгайлж, өөртөө эдийн ашигтай байдал үүсгэсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хаан банкны дансны хуулга, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан  хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.

 

Б.Эгийн хувийн байдлын талаар:

Гэрч Г.Ганцэцэг, Д.Алтан-Од нарын мэдүүлэг /хх-ийн 27-28, 29-30х/

            Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 31х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Энь хохирогч Р.От 4.000.000 төгрөгийн хохирол учруулсанаас 3.372.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 628.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлөх талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул 628,000 төгрөгийн хохиролыг түүний хувийн байдал, хөрөнгө орлого, бусад нөхцөл байдлыг харгалзан Б.Эгээс 4 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Р.От төлүүлэхээр шийдвэрлэв. /хх-ийн 67х/

 

Шүүгдэгч Б.Эгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролоос тодорхой хэмжээний хохиролыг төлсөн, үлдэгдэл хохиролоо төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Б.Энь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд түүний хувийн байдал, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч Б.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгээс 628.000 /зургаан зуун хорин найман мянга/ төгрөгийг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Р.От олгосугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Эгийн иргэний бичиг баримт ирээгүй, тэрбээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ