Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/350

 

      2024             3            21                                         2024/ДШМ/350                     

 

Э.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/318 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлээр Э.Бт холбогдох эрүүгийн 2306059400032 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Яллагдагч Э.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр М-Ойл колонкийн хойд талд засмал зам дээр зам тээврийн осол гаргасан гэж хохирогч Х.Быг машиныг нь мөргөсөн гэх шалтгааны улмаас түүний биед хүч хэрэглэн халдаж, улмаар биеийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсгийн 4.5 дахь заалтад заасан нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар хянахад шүүгдэгч нь хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Учир нь, хохирогч Х.Б нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан хүсэлтдээ “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө согтуу машин барьж хүний машин мөргөсөн. Тус машины жолооч миний хамрыг цохиж гэмтээсэн. Машины хохирол 4.000.000 төгрөг гарсан. Харин миний эмчилгээний зардал 2.500.000 төгрөг гарсан тул зөрүү болох 1.500.000 төгрөгийг машины хохиролд өгч Бтэй тохирсон. Тэгээд тохирсон учраас одоо надад гомдол санал байхгүй...” гэжээ. Энэ талаар шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс хохирол төлбөр төлсөн эсэх, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа эсэхийг тодруулахад өөрийнх нь машинд үнэлгээгээр 4.000.000 төгрөгийн хохирол учирсан, харин одоогоор 1.500.000 төгрөгийг л хохирогч Х.Баас авсан, цаашид үлдэгдэл зөрүү болох 2.500.000 төгрөгөө нэхэмжлэх талаараа тайлбар хэлсэн. Харин улсын яллагчаас хохирогч Х.Б нь өөр зөрчлийн хэрэгт холбогдогчоор татагдсан, харин шүүгдэгч нь Э.Б нь хохирогчоор тогтоогдсон гэх тайлбар гаргах бөгөөд энэхүү зөрчлийн хэрэгт тогтоогдсон хохирол төлбөрийн дүнгээс эрүүгийн хэргийн хохирол төлбөрөө хасаж тооцоод хохирол төлбөрөө төлсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, нэг хэргийг нөгөө хэргээр нь барьцаалах байдлаар хохирол төлбөрөө төлсөн, гомдол саналгүй болсон гэж тогтоох хэт өрөөсгөл юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан хохирол төлбөрөө төлсөн гэж шүүхээс дүгнэх боломжгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрт холбогдох энэхүү хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ гэдгийг хэрхэн ойлгосон талаар тодруулахад “...ингэж шүүх хурал болно гэж огт ойлгоогүй. Хохирогч гомдол саналгүй гээд бичээд өгчихөөр нь хэрэг хаагдана л гэж ойлгосон...” гэж тайлбар хэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2, 4.6 дахь нөхцлүүд хангагдаагүй байна гэж үзлээ. Нөгөөтэйгүүр шүүгдэгчээс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч өөрөө гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгох, түүнд нь улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа талаараа ямар ч ойлголтгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан зорилго хангагдаагүй гэж дүгнэх үндэслэлтэй. Түүнчлэн, шүүх хуралдааны үеэр шүүгдэгчээс мэдүүлэхдээ хохирогчийн биед хүч хэрэглэж халдах болсон шалтгаан нөхцлийг тайлбарлахдаа миний машиныг мөргөсөн учраас зодсон гэх боловч энэ талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдэврлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан .”... шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ ...” гэж заасны дагуу Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлэг болон бичгээр гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь 2.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилж, улмаар яллагдагч, хохирогч нар нь үл маргах журмаар харилцан тохиролцож, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлж, баталгаа гаргасан байхад шүүхээс хохирол, төлбөр төлөгдөөгүй гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь зам тээврийн осол гаргаж, машин мөргөсөн асуудлаас болсон нь нотлогдон тогтоогдсон байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” тогтоогдоогүй гэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэлд хамаарч байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүгдэгч нь хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг дундаас зөвхөн “...ингэж шүүх хурал болно гэж огт ойлгоогүй, хохирогч гомдол саналгүй гээд бичээд өгчихөөр нь хэрэг хаагдана л гэж ойлгосон.” гэх хэргийн өрнөл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүдийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нөхцөл хангагдаагүй, шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан мэтээр хэт өрөөсгөл байдлаар дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон байна. Нөгөөтэйгүүр, хэрэв шүүх хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байна. Мөн шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2, 4.6 дахь нөхцөлүүд хангагдаагүй байна гэж үзлээ” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан нөхцөл байдалд хамаарч байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд “Прокурорын чиг үүрэг”-ийн талаар заасан бол, энэ хуульд 4.6 гэсэн зүйл хуульчлагдаагүй байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Бт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/318 дугаартай прокурорт хэргийг буцаах тухай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Прокуророос Э.Бийг “хохирогч Х.Быг өөрийнх нь машиныг мөргөсөн” гэх шалтгааны улмаас түүний биед хүч хэрэглэн халдаж, улмаар биеийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, Э.Бт холбогдох хэргийг “хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөөгүй”, “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, зөвшөөрснөөс үүсэх үр дагаврыг ойлгоогүй”, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл тогтоогдоогүй” гэж тус тус дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.5, 4.6 дахь заалтуудад заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх процесс ажиллагааны зөрчлийг арилгах, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх зохицуулалттай. 

 

Гэмт хэргийн тухай мэдээллийг хүлээн авахаас эхлээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа тодорхой цаг хугацааны шаардлагаар нөхцөлдсөн байхаас гадна нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх ажиллагааны онцлогоос хамаарч процедурын зааглал бүхий үе шат, харьяалалтай байх, ингэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  шуурхай байх зорилгыг хангаж, эрүүгийн процессын хэрэгжүүлэгч субъект бүрийн үйл ажиллагаанд ямар нэгэн давхардал, чирэгдэл гарахгүй байх нөхцөлийг бий болгоно.

 

Энэ зарчим нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн, үргэлжилсэн, найдвартай байдлыг хангахад чухал түлхэц үзүүлдэг.

 

Цугларсан нотлох баримтуудад үндэслэн Э.Бт холбогдох хэргийг хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд яллагдагч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлт, прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг хүлээн зөвшөөрсөн баримт зэргээс үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг ... буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн тухайн хэргийг ердийн журмаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй, шуурхай байх зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, прокурор Н.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/318 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.АЛДАР

                                             ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

                                ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ