Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2025/0413

 

 

 

 

 

2025       05           29                                       128/ШШ2025/0413

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Д*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д, Б.Д, Э.Б*******,

Маргааны төрөл: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарны 17-ны өдрийн Б/72 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.Д, Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн удирдамжийн дагуу 2023 он болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар С.Д*******ид холбогдох 9 зөрчлийг илрүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар шаардлагыг хүргүүлсэн байна. 

3.Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Л.Б дээрх шаардлагын хариу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр илтгэх хуудсыг хүргүүлжээ.

4.Хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид өгч  гарын үсэг зуруулсан байна.

5.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Д*******ийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь дотоод хяналт шалгалт болон өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна. 

6.Энэ тушаалыг эс зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг  хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна. 

7.Нэхэмжлэгч С.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: С овогтой Д******* би 2009 оноос улсын бүртгэлийн байгууллагад тасралтгүй 16 жил ажилласан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 2023 оноос Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дүгээр тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь дотоод хяналт шалгалт болон өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Хяналт шалгалтын тухайд:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр баталсан Баянгол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамжид шалгалтын дүнг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга буюу ерөнхий байцаагчид илтгэх хуудсаар танилцуулахаар заасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам-ын 11.1-д Хяналт шалгалтын дүнг тухайн хяналт шалгалтыг хийж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан улсын ерөнхий байцаагч, хяналт шалгалтын нэгжийн даргад энэ журмын 13.1-д заасан илтгэх хуудсаар танилцуулна, 13.1-д Шалгалтын дүнг удирдлагад танилцуулахад илтгэх хуудсыг үйлдэнэ, 15.1-д Улсын байцаагчийн албан шаардлагыг шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага,албан тушаалтнаас шаардах тохиолдолд үйлдэнэ, 25.1-д Шалгуулагч эгэл улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, шийдвэр, захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн шийдвэр, актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор хяналт шалгалтын нэгжийн дарга, Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана гэж тус тус зaaсaн.

Хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хяналтын улсын байцаагчийн 46 дугаартай шаардлага гаргасан талаар бидэнд танилцуулсан бөгөөд уг шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр илтгэх хуудас бичигдсэн.

Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам-ын 11.1-д заасны дагуу хяналт шалгалтын дүнг тухайн хяналт шалгалтыг хийж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан улсын ерөнхий байцаагч буюу тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Дд танилцуулсны үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хяналтын улсын байцаагч 46 дугаартай шаардлагыг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлэн, уг хяналт шалгалтын үйл ажиллагаа дууссан гэсэн ойлголттойгоор ажиллаж байсан. 

Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлж, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан бөгөөд сонсох ажиллагааны явцад ...Бүртгэлийн төрөл биш боловч , Гаргасан зөрчлүүдийг харахаар эх нотлох баримтаас зөрүүтэйгээр мэдээллийн санд засвар өөрчлөлт хийсэн байна.... Албан шаардлагын дагуу илэрсэн зөрчлийг арилгасан талаарх илтгэх хуудас ирүүлсэн талаар дурдаж байсан болно.

-Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийн тухайд:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг тус тус үндэслэл болгон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-д заасны дагуу С.Д******* миний 2023 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг 86.6 оноогоор, 2024 онд 88.8 оноогоор тус тус үнэлсэн нь дээрх журмын 6.5-д Үнэлгээний баг албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн, үнэлгээний 85-100 оноог Маш сайн, 70-85 хүртэлх оноог Хэвийн, 70 хүртэлх оноог Хангалтгүй үнэлгээний ангилалд хамруулан эрэмбэлнэ гэж заасны дагуу маш сайн үнэлгээ болно.

С.Д******* намайг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ маш сайн хэрэгжүүлсэн гэж 2023, 2024 онд үнэлж байсан мөртлөө, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дүгээр тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчилтэй, хууль бус шийдвэр болсон.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т иргэний улсын бүртгэл гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.2-т заасныг ойлгохоор, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т иргэний улсын бүртгэл гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгохоор тус тус заасан.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна гээд 15 төрлийн иргэний улсын бүртгэлийг нэрлэн заасан.

С.Д******* надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон хоёр зөрчил нь дээрх хууль тогтоомжид заасан иргэний улсын бүртгэл болон түүний төрөлд хамаарахгүй бөгөөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна гэж заасны дагуу нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэн иргэний бүртгэлийг мэдээллийн санд оруулах үйл ажиллагаа юм.

Иргэний улсын бүртгэлийн санд иргэний улсын бүртгэлийн мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд Иргэний улсын бүртгэлийн улсын бүртгэгч зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар журмаар зохицуулсан боловч улсын ахлах бүртгэгчид цахим мэдээллийн санд засвар хийх эрхийг нээж өгсөн, ажлын ачаалал зэргээс шалтгаалан энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан.

Мэдээллийн санд бүртгэгдээгүй иргэний улсын бүртгэлийг иргэний бичгээр гаргасан өргөдлийн дагуу мэдээллийн санд оруулах үйл ажиллагааны явцад улсын бүртгэлийн байгууллагын нийт ажилтнуудын дунд байнга, тогтмол гарч байдаг техникийн шинжтэй алдааг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахдаа харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар зэрэг олон нөхцөл байдал, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр зохицуулсан байхад иргэний улсын бүртгэлийн төрөлд хамаарахгүй, техникийн шинжтэй, иргэний болон улсын бүртгэлийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөгүй, эрх зүйн үр дагаваргүй, нэгэнт арилсан зөрчлийг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.

Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/542 дугаар С.Д*******ид ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай тушаалаас өөр хүчинтэй шийдвэр байхгүй байхад албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гаж үзсэн нь үндэслэлгүй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны Б/72 дугаар тушаалыг 2025 оны өдрийн 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журамд хяналт шалгалтын үйл ажиллагаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид явагдсан байх ёстой. Энэ хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах журмын 2.1-д хяналт шалгалтын үйл ажиллагааны зарчмыг тогтоогоод 2.1.5-д улсын байцаагч хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын үр дүнг шударга дүгнэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухай эрх бүхий этгээдэд мэдэгдэж хяналт шалгалт хийхээс татгалзана гэж зохицуулчихсан. Гэтэл өнөөдөр энд хариуцагчийн төлөөлөгчөөр томилогдоод ирчихсэн байгаа Б.Д 2023 онд Баянгол дүүрэгт улсын байцаагчаар ажиллаж байсан. Гэтэл хяналт шалгалтын үйл ажиллагаа болохоор 2023 он, 2024 оны Баянгол дүүргийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг шалгадаг. Өөрөө өөрийнхөө хийсэн үйл ажиллагааг шалгаад явчхаж байгаа. Тэгэхээр хяналт шалгалтын үйл ажиллагаа ашиг сонирхлоос ангид байх зарчим хэрэгжээгүй. Үүнд ямар хязгаарлалт орж ирсэн бэ? гэхээр энэ бол журмын зохицуулалт. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт хязгаарыг 11 дүгээр зүйлд заагаад албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн хяналт шалгалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж байгаа. Одоо зөрчлийн тэмдэглэлүүд дээр ч гэсэн байгаа. 2023 онд огт алдаагүй ажиллачихсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ярьж байгаа зөрчлүүд нь хүртэл 2024 оных байгаа. Тэгэхээр хяналт шалгалтын үйл ажиллагаанаас ангид байж чадаагүй. Хоёрдугаарт шийдвэр гаргах ажиллагаа буюу хяналт шалгалт хийхдээ ашиг сонирхолтой байсан. Дараа нь хяналт шалгалтын үр дүнтэй холбогдуулаад шийдвэр гаргах ажиллагаанд хяналтын улсын байцаагч н.А******* гэдэг хүн орж ирж байгаа. Бас Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт ажиллаж байгаа байцаагч орж ирээд илтгэх хуудсан дээр жишээ нь шийдвэр гаргахад оролцоод санал өгнө гэдэг юм уу, тэнд ямар шийдвэр яаж гаргасныг нь мэдэхгүй байна. Процессын хувьд ийм зөрчилтэй байна. Улсын ерөнхий байцаагчид танилцуулагдаагүй учраас илтгэх хуудас бүхэлдээ эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчлэлтэй болж чадаагүй. Ийм илтгэх хуудсаар арга хэмжээ авч байна. Сахилгын шийтгэл ногдуулах журам, төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн юм эсэхийг үнэлдэг журмуудад заасан үйл ажиллагаанууд хоорондоо логикийн зөрчилтэй, журмууд зөрчилдсөн хууль бус шийдвэр гараад явсан байна. Хоёрдугаарт агуулгын тухайд ярих ёстой. Бүртгэл буруу хийсэн гэж ажлаас халаад байгаа. Тухайн 2 бүртгэл иргэний улсын бүртгэл гэдэгт хамаарах эсэх гэдэгт шүүх зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай. Тэгэхээр Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т иргэний улсын бүртгэл гэдгийг тодорхойлохдоо Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг ойлгоно гэж эш татсан. Энэ заалтад иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгоно гэж тодорхойлоод Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дээр иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна гээд 15 төрлийн иргэний улсын бүртгэлийг жагсаасан байгаа. Үүнд нэхэмжлэгчийн зөрчилд хамаарч байгаа 2 бүртгэл нь төрсний бүртгэлд хамаарч байгаа. Тэгэхээр 6.1.1-6.1.15-д заасан 15 бүртгэлийн аль нь ч биш. Яагаад аль нь ч биш гэж байна гэхээр иргэний эрх үүсгэж байгаа төрсний бүртгэлийг анх цаасан хэлбэрээр хийчихсэн. Ингээд Монгол Улсын иргэний эрхээ эдлээд тэр хүн явж байгаа. Дундын мэдээллийн сан буюу emongolia сангаас бид лавлагаа авахад гарч ирэхгүй байна гэдэг үндэслэлээр тухайн иргэн санд оруулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байгаа. Тэрнээс биш иргэнийхээ хувьд бүх төрлийн эрх үүрэг нь үйлчлээд яваад байгаа. Цаасан хэлбэрээр лавлагаагаа авч болдог. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа бусад ямар нэгэн нийгмийн харилцаанд ороход асуудал үүсдэггүй. Хариуцагчийн буруутгаад байгаа Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан 2 дахь зохицуулалт гарч ирж байгаа. Энэ зохицуулалтад иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол гэж байгаа. Төрсний бүртгэл өмнө нь хийгдчихээд байгаа. Санд бүртгэгдээгүй байх тухай ойлголт яригдаад байгаа. Тэгэхээр үүнд бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна гэж байгаа. Үүнд нэг анхаарах ёстой асуудал байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т улсын бүртгэлийн байгууллагад улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч ажиллана гэж заачихсан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд мэдээлэл оруулах, өөрчлөх, боловсруулах, баталгаажуулах ажлыг улсын бүртгэгч эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ бол хуулиараа улсын бүртгэгчийн хийдэг ажил юм. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг харсан ч цахим сан дахь мэдээлэл оруулах өөрчлөх асуудал чинь улсын бүртгэгч гэдэг албан тушаалтны хийдэг ажил байна гэж хуулиар заачихсан. Яагаад тэгвэл улсын ахлах байцаагч нар энэ үйл ажиллагааг хийгээд байгаа юм бэ? гэдэг асуудал гарч ирсэн чинь хариуцагчаас тайлбартаа ажлын ачаалалтай холбоотойгоор эрх нээж өгсөн гэдэг зүйл хэлж байгаа. Үүнтэй холбоотой нотлох баримтыг авъя гэдэг агуулгаар нэхэмжлэгч урьдчилсан хэлэлцүүлэг дээр дурдсан байсан. Ямар нэгэн хууль тогтоомжид үндэслээд улсын ахлах байцаагч нарт эрх нээж өгсөн байж болно. Тэрийг нь харъя л гэсэн. Гэтэл түүнтэй холбоотой нотлох баримт ирээгүй. Тэгэхээр ажлын ачаалал хуваалцаж байгаа багасгаж байгаа нэрээр хууль зөрчсөн байдлаар улсын ахлах байцаагч нарт эрх нээгээд өгчихсөн асуудал харагдаад байгаа. Түүнтэй холбоотой ирсэн ганц баримт нь иргэний улсын бүртгэлийн тухай гэсэн албан бичиг ирсэн. Тэр дээр улсын ахлах бүртгэгч нарт эрх нээж өгөөд ингэнэ, тэгнэ гэсэн талаар шийдвэр гарсан ч юм уу, тэр тухай огт дурдагдаагүй нөхцөл байдал байгаа. Тэгэхээр зөрчлийн агуулгын хувьд миний гол хэлэх гээд байгаа зүйл бол 15 төрлийн бүртгэлийн үйл ажиллагаанд энэ бүртгэл орохгүй байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлийн 4 дүгээр хуудас дээр н.Ч******* гэдэг байцаагч хэлсэн байгаа. Бүртгэлийн төрөл биш гэхдээ та мэдээллийн санд баримт оруулж байгаа бол зөв оруулах ёстой гэсэн. Тэгэхээр би сая хэлээд байна. Ажлын ачаалалтай холбоотойгоор ачаалал хуваалцаж байгаа бусдынхаа ачааллыг авч байгаа нийт 2023 оны хэмжээнд 112.000 бүртгэл гэдэг чинь 100 хүнтэй байлаа гэхэд 1.000 гаруй бүртгэл 1 хүн хийсэн. Миний ойлгосноор 50 гаруй бүртгэгч Баянгол дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа. Тэгэхээр 2.000 орчим бүртгэлийг 1 хүн жилдээ хийдэг. Тэгээд тухайн үед ачааллаасаа хамаараад техникийн шинжтэй алдаанаас болоод төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа. Нэмж дурдах зүйл бол сая миний ярьсан зүйлүүд дээр хариуцагч талаас гаргаж байгаа бичгээр гаргасан тайлбараас юу харагдаад байна гэдэг дээр өмнө нь энэ хүн чинь сахилгын зөрчил гаргачихсан байсан учраас хэд хэдэн зөрчил, ноцтой зөрчил, дахин давтан гаргасан гэдэг юм уу? Тэр үндэслэлүүдээ ороод хүндрээд явчихсан гэдэг агуулга харагдаад байгаа. Гэтэл тушаалыг нь харахаар 2024 оны 10 дугаар сард ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль гэж тусдаа хуулиар зохицуулагдаж байгаа тусдаа журамтай дотоод нөгөө хяналт шалгалт хийж байгаа буюу Ёс зүйн дэд хороо гэж байгууллага нь ч тусдаа нэгжтэй тусдаа харилцаагаар явдаг. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн, зөрчлийн, сахилгын шинжтэй бол гэж байгаа. Тэгэхээр ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил гэдэг чинь 2 өөр ойлголт байна гэдгийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заачихсан. Ёс зүйн зөрчлийг нь шалгаад явж байтал сахилгын шинжтэй асуудал гарвал зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтандаа шилжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр өмнө нь энэ хүн ёс зүйн хариуцлага хүлээчихсэн байсан. Ёс зүйн хариуцлагынхаа талаар нэхэмжлэгч ярьдаг. Шууд буруутгаад улсын бүртгэлийн үйл ажиллагаанд гомдолтой байгаа иргэн рүү залгаад уучлалт гуйсны төлөө ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн асуудал байгаа. Тэгээд дараагийн шийдвэрээ гаргахдаа болохоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын өмнөх даргад нь танилцуулагдчихсан байхад дараагийн хяналт шалгалтын нэгжийн дарга, газрын дарга 2 нь 1 хүн болоод субьектив байдлаар хандангуутаа хяналт шалгалтын журам, сахилгын журмаа бүгдийг нь үл хайхраад журмуудад заасан хугацаа, процессын хүчин төгөлдөр байдлуудыг хайхрахгүйгээр шууд халахыг нь сонгоно гээд халчихсан үйл ажиллагаа болсон. Тэгэхээр дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт буюу Б/72 дугаар тушаал хууль бус болох нь тогтоогдож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Д******* нь Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг шаардлага хэм хэмжээг зөрчсөн нь Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул байгууллагын даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага хүлээсэн байдаг.

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж байгууллагын даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1306 тушаалаар сануулах, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/521 дүгээр тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20% бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байдаг.

1/Нэхэмжлэлийн шаардлагын Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулах хүрээнд:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг хамарсан хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч тал болох С.Д******* нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа илтгэх хуудсанд хавсаргасан 9 удаагийн зөрчил илэрсэн байдаг.

2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Илтгэх хуудас Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн талаар тус хэлтсийн иргэний улсын ахлах бүртгэгч С.Д******* нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа шалгалтын явцад илэрсэн 9 зөрчлөөс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно. гэж заасны дагуу тус хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах зөрчлүүд нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: гэж мөн зүйлийн 4.1.4 дэх заалтад заасан үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; мөн зүйлийн 4.1.5 дахь заалтад заасан нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10 дахь хэсэгт улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21.2 дахь хэсэгт Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна. гэснийг тус тус зөрчсөн болох нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн баримт Илтгэх хуудас-аар тогтоогдож байна.

С.Д******* нэхэмжлэлдээ дурдсан иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл зүйлийн 21.2-т Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газарт хийгдэж байсан иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт, оруулж бүртгэхийг иргэдэд ойртуулан шат дамжлагыг багасган цаг хугацааны хувьд хэмнэлттэй болгон дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдэд шилжүүлсэн бөгөөд уг бүртгэлийг зөвхөн улсын ахлах бүртгэгч нарт бүртгэх эрхийг нээж өгсөн байдаг.

Мэдээллийн санд бүртгэл нь бүртгэгдээгүй иргэн бичгээр тухайн бүртгэлээ мэдээллийн санд оруулах хүсэлт гаргадаг бөгөөд уг өргөдлийг үндэслэн цахим архивын санд тухайн иргэнтэй холбогдох бүртгэлийн эх нотлох баримтыг үндэслэн тухайн бүртгэлийг мэдээллийн санд үнэн зөв оруулах үүрэгтэй байдаг.

Мэдээллийн санд нотлох баримтын дагуу бүртгэлийг үнэн зөв бүртгэснээр тухайн иргэний холбогдох төрөлт, гэрлэлт, нас баралт зэрэг бүртгэлүүдийн лавлагаа улсын бүртгэлийн аль ч нэгж, Е монгол системээс лавлагаа мэдээлэл нь үнэн зөв гарч ирэх боломжтой болно. С.Д******* нэхэмжлэлдээ дурдсанаар улсын бүртгэлийн байгууллагын нийт ажилчдын дунд байнга, тогтмол гарч байдаг техникийн шинжтэй алдаа гэж дурдсан байна.

Техникийн шинжтэй алдаа гэсэн үг, өгүүлбэр Улсын бүртгэлийн хуульд тогтоомжид байдаггүй бөгөөд улсын /ахлах/ бүртгэгч Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд нотлох баримтыг үндэслэн үнэн зөв, хууль журмын дагуу хөтлөх үүрэгтэй байдаг.

Гэтэл холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэл хөтлөөгүй болох нь нотлогдсон, өөрөө хүлээн зөвшөөрсөн атал тогтмол гарч байдаг техникийн шинжтэй алдааг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг олон удаагийн үйлдлээр зөрчиж, албан үүргээ биелүүлээгүй болон тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна гэж заасны дагуу 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна. гэсний дагуу нь С.Д*******ийг төрийн албанаас халах шийдвэр нь түүний зөрчлийн шинж байдалтай тохирсон үндэслэл бүхий шийдвэр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улс төрийн шийдвэрээр, томилгооны хүн гэдэг субьектив байдлаар хандаж халсан гэж байна. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 85 жилийн түүхтэй байгууллага. Тэгэхээр Засгийн газрын бодлого шийдвэр мөн салбарын сайд эрхлэх асуудлын хүрээнд гарсан захирамж, тогтоол, шийдвэр тэр хүрээнд нь хэрэгжүүлж ажиллах үүргээ хуулиар хүлээсэн байдаг. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б*******д 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр танилцуулсан тухайд тайлбар хэлэхэд шалгалтын үйл ажиллагааг удирдамжид заасан хугацааны дотор явуулсан. Тухайн үед хяналт шалгалтын газраас нэгжийн даргад танилцуулсны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад танилцуулах ёстой гэж байгаа. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/341 дүгээр тушаалаар батлагдсан хяналт шалгалт хийх журмын 11.1 дээр зохицуулагдчихсан. Хяналт шалгалтын дүнд тухайн хяналт шалгалт хийж дууссаны дараа улсын ерөнхий байцаагч хяналт шалгалт хийн нэгжийн даргад буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын даргад танилцуулна гэж заасан. Энэ хүрээндээ илтгэх хуудсыг хяналт шалгалтын газрын даргад танилцуулах байсан. Гэтэл тухайн үед хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байсан Б.Г******* дарга нь илтгэх хуудас танилцуулагдах үед 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сарын хооронд ажилдаа ирээгүй. Ажилдаа ирээгүй нь тухайн улсын бүртгэлийн байгууллагын нэгдсэн цаг бүртгэлийн системд бүртгэлгүй байгаагаар нотлогддог. Нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Мөн тухайн үед юу болсон бэ? гэхээр 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр хуралдаанаас 11 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын 171 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд хяналтын ерөнхий байцаагчийг өөрийнх нь хүсэлтийг үндэслээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээ авахад салбарын сайд буюу Хууль зүйн сайд О.А*******д даалгуулж шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Засгийн газрын 171 дүгээр тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай Б/19 дүгээр тушаалаар хяналт шалгалтын газрын дарга У.Б*******гээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тушаал шийдвэр гарсны дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б*******д 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр танилцуулсан шалтгаан нөхцөл байдаг. Нэхэмжлэгч намайг 2023 он, 2024 онуудад маш сайн үнэлсэн мөртөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж төрийн албанаас халсан сахилгын шийтгэл нь зөрчилтэй хууль бус шийдвэр гэж маргадаг. Сая бас өмгөөлөгч нь хэлж байна. Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 1 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэх мэргэжлийн түвшнийг үнэлэх журмыг баталсан байдаг. Энэ журмын 5.1-д нэгжийн дарга гэдэг нь С.Д*******ийн хувьд Баянгол дүүргийн улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан. Нэгжийн дарга гэдэг нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргыг хэлж байгаа. Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь албан хаагчийн тухайн жилд батлагдсан төлөвлөгөөний буюу 2023 он, 2024 он, 2025 оны биелэлтийг хянаж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх аргачлалын дагуу үнэлгээний хуудсаар үнэлдэг журамтай. Тэгэхээр энэ үнэлээд байгаа асуудал тухайн хэлтсийн нэгжийн шууд харьяаны дарга нь үнэлж байгаа. Байгууллагын дарга буюу төсвийн шууд захирагч нь тухайн үнэлгээг нь баталгаажуулах процесс ингэж явдаг байгаа. Тэгэхээр сахилгын шийтгэлтэй холбоотой маргаж байгаа мөртөө намайг нэгжийн даргаас ингээд үнэлчхээд байхад чинь сахилгын шийтгэл ногдуулчхаад байгаа нь үндэслэлгүй гэдэг нь өөрөө үндэслэлгүй байна гэсэн тайлбар өгч байна гэжээ.

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйл буюу өмгөөлөгчийн хэлснээр байгаа. Яагаад улсын ахлах бүртгэгч дээр шилжиж очих ёстой вэ? гэвэл 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн мэдээлэл бүртгэгдээгүй өргөдлүүд нь зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэлийн газарт аймаг хэлтсээсээ дамжигдаж ирдэг. Тэгээд энэ нь хүнд суртал болж байна. Эх нотлох баримтаа бүгдийг нь бид цахимжуулчихсан учраас бүгдийг нь хүнд суртлаас задлаад цэгүүд рүү нь аваачъя. Гэхдээ хамгийн гол нь хариуцлагатай улсын ахлах бүртгэгч буюу тасгийн дарга, цэгүүдийн ахлах бүртгэгч нарт хариуцуулъя гэж шийдсэн. Эх нотлох баримт нь систем дээр байгаа юм чинь тэрийг хараад нотлох баримт нь үнэхээр байвал системд бүртгэчихье гэсэн байдлаар хандаад улсын ахлах бүртгэгч нарт эрхийг нээж энэ үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээд Баянгол дүүрэгт улсын байцаагч байгаагүй. Би улсын ахлах бүртгэгч буюу тасгийн дарга байсан. Би тасгийн дарга нь, С.Д******* бол нэг цэгийн ахлах бүртгэгч байсан. Яагаад энэ бүртгэлийг би онцолж үзээд байгаа юм гэхээр 2023 онд өөрийгөө шалгаагүй гэсэн асуудал тавьж байна. Тийм юм байхгүй, 2023 оны логийн бүртгэлийг надад гаргаж өгөхгүй. Яагаад гэвэл би тэрийг шалгах эрх байхгүй. Тэрийг 2024 онд би ажиллаж байсан болохлоор тэр логийн бүртгэлийг гаргаж өгөхгүй. Зөвхөн 2024 оны бүртгэлийг үз шалга гэдэг байдлаар л гаргаж өгнө. Хяналт шалгалт хийхийн тулд бүртгэгч нар логийн бүртгэлийг бүртгэгчээр нь хуваарилаад авдаг. Гэхдээ чи энийг, би энийг шалгана гэсэн байдлаар шалгахгүй. Зүгээр схемчилсэн байдлаар иргэний улсын бүртгэлийн тэр бүртгэлийг тэр хүн шалгана, тэр байцаагч тэрийг байцаана. Гэхдээ тэр бүртгэлийг хэн бүртгэсэн байгаа гэдгийг бид нар мэдэхгүй. Зөвхөн логийн системээр ороод ирнэ. Тэгээд хуваарилж өгсөн бүртгэлийг Б.Д шалгах юм байна, тэрийг н.А******* шалгана, тэрийг н.М******* шалгана гэж систем дээр ороод ирнэ. Түүний дагуу бид нар шалгалт хийдэг болохоос биш би зөвхөн С.Д*******ийг шалгая, зөвхөн н.Б*******ийг ч юм уу? хэн нэгнийг шалгая гэсэн байдлаар шалгадаггүй. Тэгээд нэмэлт өөрчлөлтийн бүртгэл техникийн шинжтэй, зүгээр л нэг хайхрамжгүй байдлаас ингэсэн гэж тайлбар тавиад байна. Энэ бүртгэлийг би өөрөө шивж байсан болохоор маш сайн мэдэж байна. Яагаад гэхлээр би энэ бүртгэлийг өөрөө оруулдаг, иргэд өргөдлөө өгдөг. Маш баяртай байсан. Иргэний улсын бүртгэлийн газарт өгсөн өргөдөл нь 1 сар, 2 сарын дараа шийдэгддэг. Аймгуудаас өргөдөл ирдэг бас шийдэгдэхгүй уддаг. Үүнийг задлаад тавьчихаар үнэхээр боломжтой болж байгаа. Тэгээд дүүргүүд дээр ихэвчлэн иргэдийн өргөдөл ирдэг байсан юм. Одоо жишээлбэл emongolia-аас төрсний бүртгэлийн лавлагаа авах гэхээр гарахгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр хүний мэдээлэл бүртгэгдээгүй. Лавлагааг нь манай бүртгэгч мэдээллийн сангаас хараад авчхаж болно. Цаасан хэлбэрээрээ байж байна. Тэрийг бүртгэгч гаргаад өгч болдог. Emongolia-аас авахаар системд бүртгэгдээгүй болохоор болохгүй. Ийм учраас арай хариуцлагатай хандана, бүртгэл нь арай цөөн боломжтой гэдэг утгаараа улсын ахлах бүртгэгчид энэ эрхийг шилжүүлсэн. Тийм учраас нотлох баримтыг хараад мэдээллийн санд шивж оруулна гэсэн үг. Тэгэнгүүт мэдээллийн системд гүйцэт орсны дараа emongolia-аас иргэн хаанаас ч лавлагаагаа авч болно. Шууд ТҮЦ машинаас лавлагааг нь аваад эхлэх боломжтой болчихдог. Тэгээд ажлын ачаалал гээд байх шиг байна. Цэгийн ахлах бүртгэгчид ажлын ачаалал маш бага би үүнийг мэдэхийн сайнаар мэдэж байна. Цахимд бүртгүүлэх өргөдөл бол өдөрт 1 юм уу, 2 л ирнэ. Энэ хүний 2024 онд бүртгэсэн бүртгэл маш цөөхөн. Тэгээд хийсэн ихэнх бүртгэл дээр нь алдаа гарсан байдаг. Хугацааны хувьд нь тоологдчихоод байгаа 2 зөрчил байгаа. Нэг нь ихэр биш, нэг дээр нь бүртгэсэн газрыг Улаанбаатар хот, Баянгол дүүргээр бүртгэчихсэн байгаа. Тэр хүн мэдээллийн системээс лавлагаа авахад Дорнод аймгийн Чойбалсанд төрсөн хүн шууд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн гэж гараад ирнэ. Бүртгэсэн огноог 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэдгийг шивж оруулаагүй 2024 оны 01 дүгээр сар гэж оруулчихвал тэр хүний төрсний бүртгэл нь 2024 оны 01 дүгээр сар гэж гараад ирнэ. Буцаад манай бүртгэлийн байгууллагыг дахиад та нар худлаа бүртгэл хийж байна, та нар систем дээр ийм юм хийдэг гэдэг агуулгаараа явдаг. Үүнд маш хариуцлагатай хандах ёстой... гэжээ.

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сахилгын шийтгэл ноогдуулах түүнд гомдол гаргах журамд заасан хугацаа 28 хоног гэж байгаа. Энэ хугацааг сонсох ажиллагаа дээр бид дурдсан байгаа. Хяналт шалгалтын газраас ирүүлсэн илтгэх хуудастай холбогдуулан Тамгын газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2/11 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах 5 хуудас бүхий илтгэх хуудас танилцуулагдсан. Энэ бол журмын хэрэгжилтийг хангаад 14 хоногийн дотор хяналт шалгалт хийж шаардлагатай бол 14 хоног сунгана гэдэг хугацаандаа шийдэгдсэн. Энэ нь яагаад тодорхой хугацаа шаардагдсан юм бэ? гэхээр энэ бүх хугацаанд илтгэх хуудасны төсөл ноорог, албан хаагчийн хувийн байдлыг тодруулсан, урьд авч байсан сахилгын шийтгэл. Ёс зүйн зөрчлүүдийн талаар нэгтгэсэн 2 дүүрэгт хийсэн 20 гаруй албан хаагчийн асуудал яригдсан учраас удаж байгаа. Өмнө дурдагдсан журам болон байгууллагын дотоод журмуудаар хугацааг сунгуулах талаар зохицуулсан харилцаа хэм хэмжээ өнөөдрийг хүртэл байхгүй. Тэгэхээр байгууллагын удирдлага буюу даргын албан үүргийг гүйцэтгэгч маань илтгэх хуудасны төслүүдтэй танилцсан, нэмэлт чиглэл өгсөн, дахин дахин засвар хийлгэсэн. Миний зүгээс энэ нь хугацааг үргэлжлүүлэн сунгах гэсэн чиглэлүүд байна гэж үзэж байгаа. Хоёрт ашиг сонирхлын зөрчлөөр Баянгол дүүрэгт хяналт шалгалт хийсэн гэж байна. Энэ ганц Баянгол дүүрэгт хийгдээгүй, Баянзүрх дүүрэгт давхар хийгдсэн. Б.Д гэдэг хүн өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаж байснаараа хувийн ашиг сонирхол үүсдэг гэж үзвэл төрийн байгууллагад салбар дамжин ажиллаж байгаа Төрийн албаны тухай хууль төрийн албаны шинэтгэлээр төрийн албан хаагчид олгосон зохих шалгуур үзүүлэлтийг ханган албан тушаал болон төрийн байгууллагад сэлгэн шилжин ажиллаж байгаа албан хаагчид чиг үүргээ гүйцэтгэх үндсэн боломж нь хангалтгүй болно гэдгийг дурдах нь зүйтэй. 9 зөрчлийн 2 нь сахилгын шийтгэл ногдуулсан гэж байгаа. Энэ бол Төрийн албаны тухай хуулийн 48дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулж болохгүй зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн гэдэг энэ зүйлээр л сахилгын шийтгэл ногдуулаагүй болохоос зөрчлийг үйлдээгүй гэсэн үг биш юм. Зөрчил болгоны халдлагын объект гэдэг юм уу, бүртгэл хийлгэж байгаа тэр эзэн биеүд өөр өөр учраас зөрчлийг 9 удаа зөвхөн хяналт шалгалтын хүрээнд давтан үйлджээ гэж үзэж байгаа. 48 дугаар зүйлийн 48.1-д энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй бол энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзана гэж байгаа. Тэгэхээр 2/11 дугаартай илтгэх хуудсыг боловсруулсан Тамгын газрын албан хаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан үзсэн. 9 удаагийн давтан зөрчилтэй. Урьд нь та Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан гэж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д юу гэж заасан бэ? гэхээр албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго гээд таслал байгаа, зорилт гээд дахиад таслал байгаа, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж байгаа. Тэгэхээр чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, удаа дараа гэдгийг, давтан гэдгийг юу гэж ойлгож байгаа юм бэ? гэхээр нэгдүгээрт түрүүний хэлсэн зөрчлийн объект буюу халдлагын зүйл гэдэг юм уу? энэ зүйл нь өөр өөр эзэн биетэй учраас энийг удаа дараа үйлдчихсэн, давтан үйлдэгдсэн гэж байгаа юм. 9 удаагийн зөрчлийг нь давтан гэж үзэхгүй байгаа бол энэ хүний урд авагдаж байсан сахилга ёс зүйн зөрчлүүд байгаа. Энэ тухай сонсох ажиллагааны тэмдэглэлийн 4 дүгээр хуудасны 2 дахь цогцолборт тэр чигээрээ Д.Д гэж миний сонсгосноос Тамгын газрын зүгээс хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй, ёс зүй хариуцлагын талаар санаж байна, Монгол Улсын Их Хурлын сонгуулиар танай хэлтсийн нэг бүртгэгч нөгөө бүртгэгчээрээ айлын хаяг дээр иргэний өмнөөс зохиомол өргөдөл бичүүлж хаягийн бүртгэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор жинхэнэ өмчлөгч иргэний өргөдөл гомдлын дагуу танай хэлтсийн дарга үүрэг өгсөн юм уу, хэн үүрэг даалгавар өгсөн юм. Үүний дагуу та уучлалт гуйсан. Гуйхдаа гэрийн гадаа машинтай зогсоод та өргөдөл гомдлоо татаад авчих, зохицъё гээд амар тайван байлгахгүй, мөн утасны дугаар хаанаас олсныг нь мэдэхгүй байнга залгаад байдаг. Энэ нь дарамт болж хувирч байна гэсэн иргэний өргөдлийг үндэслэж судалгааны үед гарч ирсэн. 2023 оны 04 дүгээр сард хөрөнгө орлогоо мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр сахилгын арга хэмжээ, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахиад Авлигатай тэмцэх газраас ирсэн 2 удаагийн албан бичгийн дагуу сахилгын шийтгэлүүд ногдуулж байсан. Энэ нь чиг үүрэгтэйгээ яаж холбогдоод байгаа юм бэ? гэхээр 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн 218 дугаар тогтоолын 05 дугаар хавсралтаар нь зөвшөөрөгдсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/1332 албан тушаалын тодорхойлолтод нэхэмжлэгчийн чиг үүргүүдийг тодорхой зааж өгсөн. Энэ албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 6 дахь чиг үүрэгт улсын бүртгэлийн бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд дотоод тэмдэг тавих гэж байгаа. Үүнийг ахлах бүртгэгчийн хувьд хамаарч байгаа гэж үзэж байна. 2 дугаар зорилтын 1 дүгээр чиг үүрэгт улсын бүртгэлийг хууль журмын дагуу үнэн зөв хөтөлж иргэн хуулийн этгээдэд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд хяналт тавих гэж байгаа. Тэгээд түүний шалгуур үзүүлэлт нь улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үнэн зөв хүргэсэн байна гэдэг шалгуур үзүүлэлттэй. Түрүүний зөрчлийн шинж байдал давтан үйлдсэн гэдэг зүйлүүдэд хамааруулж халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа шалтгаан нь 4 дүгээр зорилтын 1-д Төрийн албаны тухай тухай хууль болон төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрэм журам, байгууллагын дотоод журам бусад төрийн албаны стандартыг мөрдөж хэрэгжүүлэх гэж байгаа. Шалгуур үзүүлэлт дээр нь ёс зүйн зөрчил гаргахгүй ажилласан байхыг шаардана. Оролцооны хэлбэр дээр нь гүйцэтгэх гэж байгаа. Үүний 2 дугаар чиг үүрэгт нь дахиад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжилтийг нь хангаж ажиллах гэж байгаа. Тэгэхээр энэ хүн удаа дараа 2025 онд Авлигатай тэмцэх газраас 2 удаагийн албан бичиг ирж хоёуланд нь сахилгын арга хэмжээ шат дараалан хэрэглэсэн. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэх, сахин биелүүлэх, 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг биелүүлэх чиг үүргүүдийг заасан. Гэхдээ илтгэх хуудсан дээр хангалттай хэрэгжүүлж ажилла гэж дурдагдсан байгаа. Зөрчилгүй бүртгэлүүдийг хийж, чиг үүргүүдээ хэрэгжүүлсэн гэдгийг нь үгүйсгэхгүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тухай яриад байна. Гэтэл бид Тамгын газраас оруулсан 2/11 дугаартай илтгэх хуудас, түүний мөрөөр байгууллагын даргын шийдвэрлэснээр сахилгын шийтгэл ноогдуулахдаа бүртгэлийн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулаагүй. Өмнө хэлдэгчлэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг чиг үүргээ удаа дараа буюу давтан хэрэгжүүлэн ажиллаагүй. Чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг үүднээс халах сахилгын шийтгэл ногдуулсан. Халах сахилгын шийтгэлийг ноогдуулахдаа мөн Төрийн албаны тухай хууль болон сахилгын шийтгэл ногдуулах тухай хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангаж зөрчлийн шинж, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрүүд, өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан, хэд хэдэн зөрчил гаргасан гэдэг шинж байдлуудыг харгалзан энэ хүн хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталдаггүй, сахилгын шийтгэл нь дуусаагүй хугацаануудад дахин дахин сахилгын шийтгэл хүлээхүйц, ёс зүйн хариуцлага хүлээхүйц зөрчлүүд гаргаад байгаа нь төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх хэм хэмжээгээ сахин биелүүлээгүй байна гэдэг үндэслэлээр цаашид засрах боломжгүй. Тэгээд хариуцлага мөн урьдчилан сэргийлэх шинжийг агуулдаг томилох эрх бүхий албан тушаалтан нь халах сахилгын шийтгэл ногдуулсан. Улсын ерөнхий байцаагчийн асуудлыг яриад байна. Улсын ерөнхий байцаагч өөрөө сахилгын шийтгэл ногдуулах тухай хууль тогтоомж байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй гэж байгаа. 48 дугаар зүйлийн 48.4-д төрийн жинхэнэ албан хаагчийг түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан гэж байгаа юм. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хэлээд байгаа. Түүнээс У.Б******* гэдэг хүндээ биш, У.Б*******гийн улс төрийн томилгоотой байна уу, төрийн албаны мерит зарчмаар томилогдсон уу? гэдэг тийм зүйл биш. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зүгээс албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр зөрчлийнх нь хэв шинж болгоомжгүй, санаатай үйлдлүүдийг харгалзан халах шийтгэл ноогдуулжээ. Үүнийг болгоомжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Ажил үүргээ хянамгай бүртгэлийг үнэн зөв хийх нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг юм. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

2.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-д улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох заавар, журмыг хуульд заасны дагуу баталж мөрдүүлэх,  17 дугаар зүйлийн 17.1-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 17 дугаар зүйлийн 17.1.2-д улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх, 17.1.5-д улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн дарга, улсын бүртгэгч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх, 17.1.7-д улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах гэж заажээ. 

3.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн удирдамжид заасан бүрэлдэхүүн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 он болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг улсын бүртгэгч тус бүрээр гаргаж 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудсаар  Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч У.Б*******д танилцуулжээ. 

3.1. Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/341 дүгээр тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 11.1, 11.6-д зааснаар илтгэх хуудсыг хяналтын ерөнхий байцаагчид танилцуулаагүй буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч У.Б******* улсын ерөнхий байцаагчийн эрхгүй, улсын байцаагчийн шаардлагын дагуу зөрчлийг арилгасан, хуульд заасан шийтгэл оногдуулж болохгүй хугацаа дууссан байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 

3.1.1. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Д*******ийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад дээр дурдсан хуулиудаар олгосон төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулах буюу  улсын бүртгэгч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалтад нийцсэн байна. 

3.1.2. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б*******д Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байна, 18.5-д Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно гэж зааснаар улсын ерөнхий байцаагчийн эрхийг олгоогүй байхад маргаан бүхий тушаалыг гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. 

3.1.3. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б*******д хяналтын ерөнхий байцаагчийн эрх олгоогүй нь улсын бүртгэгчид сахилгын шийтгэл оногдуулах бүрэн эрхийг хязгаарлахгүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд хүчин өмнөх даргын баталсан удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын дүнтэй  танилцсаныг буруутгах үндэслэлгүй байна.  

3.2. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн талаарх 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудсанд дурдсан нэхэмжлэгчийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна. заасныг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна. 

3.2.1. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь бүртгэл тус бүрийн мэдээлэлд тусгах зүйлүүд байх бөгөөд хуульд заасан иргэний улсын 15 төрлийн бүртгэл тус бүрийн мэдээлэл нь дээрх бүртгэлд хамаарах тул нэхэмжлэгчийн иргэний улсын бүртгэл болон түүний төрөлд хамаарахгүй гэх тайлбар үндэслэлгүй. 

3.3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. гэж заасан бөгөөд Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн талаарх 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудас гарсан буюу зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дотор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна. 

3.4. Хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг хангалтай гэж үнэлж байсан боловч хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчилд үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.4-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ, 42.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасантай нийцсэн гэж үзлээ. 

4.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн С.Д*******оос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.





 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ДАМДИНСҮРЭН