| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2025/00176/И |
| Дугаар | 192/ШШ2025/04623 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/04623
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********************** хаягт оршин суух Х овогт Э-ийн Г- /рд: *****************/,
Хариуцагч: *********************** тоот хаягт оршин суух Д овогт А-ын Н- /рд: ДЮ91121516/,
Нэхэмжлэлийн шаардлага: 18,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Э.Г-,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Г- нь хариуцагч А.Н-ид холбогдуулан 18,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Э ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр утсаар холбогдож Хавдар судлалын үндэсний төвд 60,565,000 төгрөгийн үнийн дүн бүхий аппарат, эмнэлгийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх Тендерийн гэрээ байгуулсан, аппаратаа Солонгос улсаас захиалахад 15,000,000 төгрөг дутаж буй тухайгаа ярьсан. Гэрээг баталгаажсаныг илтгэх тамга, гарын үсэг бүхий хуудсуудын зургуудыг над руу илгээсэн. Гэрээнд барааг нийлүүлэх хугацаа нь 2023.10.16-ны өдрөөс 2023.10.31-ний өдрийг хүртэл хугацаа байсан бөгөөд 2023.10.31-ний дотор барааг нийлүүлж дуусна, гэрээний төлбөрөө авах хугацаа нь 2023.11.05-ны өдрөөс хэтрэхгүй тул 10 хоногийн хугацаатай 15,000,000 төгрөг зээлээч, яаралтай бараагаа захиалахгүй бол гэрээний хугацаанд амжихгүй болох гээд байна, бараагаа нийлүүлж дуусаад төлбөрөө авсаны дараа 25,000,000 төгрөг болгож өгье гэж 10 хоногийн хугацаатай мөнгө зээлсэн. 15,000,000 төгрөгийг А.Н-ийн өгсөн Х банкны Б.Э-ын нэр дээрх 5167367565 тоот дансанд М.Б-ын Х банкны *************тоот данснаас шилжүүлүүлсэн. А.Н- хүүнд 2,000,000 төгрөг, нэмж өгөх шагналын мөнгө гэж 5,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг 2023.12.10-нд надад өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон хүүний төлөлт хийгээгүй учир А.Н-оос үндсэн зээл болох 15,000,000 төгрөг, хүү 3,750,000 төгрөг, нийт 18,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, Нэхэмжлэгч Э.Г-гийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 4/, М.Б-ын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5/,
4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Г-гийн нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 10,750,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.Г- нь хариуцагч А.Н-ид холбогдуулж 18,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч А.Н-оос Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүүний төлбөрт 3,750,000 төгрөг, нийт 18,750,000 төгрөгийг гаргуулах,
3. Хариуцагч А.Н- нь дээрх нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байжээ.
Гэвч хариуцагч А.Н-оос нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон Х банк дахь Э.Г-гийн 5023482265 тоот, М.Б-ын *************тоот депозит данснуудын дэлгэрэнгүй хуулга нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгчийн “...А.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр утсаар холбогдож ...аппаратаа Солонгос улсаас захиалахад 15,000,000 төгрөг дутаж буй тухайгаа ярьсан. ...10 хоногийн хугацаатай мөнгө зээлсэн. 15,000,000 төгрөгийг А.Н-ийн өгсөн Х банкны Б.Э-ын нэр дээрх 5167367565 тоот дансанд М.Б-ын Х банкны *************тоот данснаас шилжүүлүүлсэн” гэх тайлбар, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар М.Б-ын *************тоот данснаас 5*********** тоот данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг харьцуулан үзвэл хариуцагчийг нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг зээлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл 15,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Г-тай амаар зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 15,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.
4.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөр авах эрхгүй байна.
4.4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид шилжүүлснээ нотлох үүрэгтэй, харин хариуцагч нь зээлийг буцаан төлснөө нотлох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 15,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд харин хариуцагч нь 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна.
5. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан зээл болох 15,000,000 төгрөгөөс хариуцагчийн зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 7,000,000 төгрөгийг хасч хариуцагч А.Н-оос 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
6. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Н-оос 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН