| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0135/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 148
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч М.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708017570451 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, дээд боловсролтой, математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй “Бат палас” ХХК-д харуул хамгаалалтын дадлагажигч ажилтай, ам бүл 2, эхийн хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Онь 2017 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбитын 65 дугаар гудамжны 14 тоотод оршин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Н.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, уруул, бугалга, бугуй, өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхийн хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар М.Онь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, М.Онь 2017 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө эр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Н.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 00 цагийн үед ажлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглээд байж байхад миний уулздаг залуу болох Мандалын Отгонбаяр нь найз Даринчулууны хамт миний байсан газар ирээд дуудаад байхаар нь гараад машинд нь суухад сандал дээр нь юм асгасан байдалтай нойтон байсан. Тэгэхээр нь би “энэ сандал дээр тавих юм байна уу, нойтон байна” гэхэд “чи ямар сүртэй юм” гэхээр нь “би яаж суух юм бэ” гэхэд “тэгээд зайлаач” гэж хэлэхээр нь би машинаас нь буугаад ажпынхаа хүмүүс рүү буцаад орсон. Тэгээд ороод байж байтал 30 орчим минутын дараа найзынхаа утаснаас залгаад байхаар нь гарч ирээд машинд нь сууж уулзахад намайг гэр лүүгээ хамт явъя гэхээр нь “үгүй, би харьлаа” гэсэн чинь “юундаа маяглаад байгаа юм бэ, хамт манай гэр лүү явъя” гээд дагуулаад явсан. Тэгээд гэртээ орж ирээд байж байгаад “миний утас хаана байна” гэхээр нь би “мэдэхгүй” гэхэд “худлаа яриад бай чамд байгаа биз дээ, миний утсыг өг” гэхээр нь надад байхгүй гэсэн чинь тэгвэл “чиний утсыг авна” гээд булаагаад авчихсан. Тэгээд намайг түлхэж унагаагаад гараараа 2-3 удаа цохисон. ...Миний хувцаснаас татаж гэртээ оруулаад дахин түлхэж унагаагаад цээж болон нуруу руу 2 удаа өшиглөөд шанаганд ус хийж ирээд чи нойтон юманд дургүй билүү гээд 5-6 удаа цацаад байсан. Тэгээд шанагаараа толгойруу 2-3 удаа цохьсон. Мөн миний үснээс зулгааж байгаад 2 хацар луу ээлжлээд алгадаад байсан ба толгой руу гараараа 3 удаа цохиод газарт унагааж байгаад гэдэс рүү олон удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал Отгонбаярын ах нь гаднаас орж ирж миний утсыг авч өгөхөөр нь цагдаад дуудлага өгсөн чинь дахин миний утсыг булааж аваад гар утас унтраачихсан. ...Намайг танихгүй хүнтэй хардаж мөн гар утсаа авчихлаа гээд зодоод байсан, өөр ямар нэгэн шалтгаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 7-8х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12420 дүгнэлтэд: “...Н.Бы биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, уруул, бугалга, бугуй, өвдөг цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 18х/
Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 47-50х/
Шүүгдэгч М.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ...би Баярсайханы хамт гэр лүү орсон. Тэр үед манайд хүн байхгүй байсан болохоор бид хоёр ороод байж байхдаа баар сав хэсэж явлаа гээд ярьж байгаад хоорондоо маргалдаад би Баярсайханыг хацар луу нь алгадаад газарт унахаар нь гараараа цохиод, өшиглөсөн. Би тэр үед архиндаа согтоод нилээд муудсан байсан болохоор тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч М.Онь гэр бүлийн харилцаатай Н.Бы биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн №12420 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл, уг хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн харилцаатай хүмүүс ба хоорондын үйл ойлголцол, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болжээ.
Иймд шүүгдэгч М.Отгонбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
М.Отгонбаярын хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31х/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32х/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30х/-аар тогтоогдлоо.
Хохирогч Н.Б нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 7-8, 46х/
Шүүгдэгч М.Отгонбаярын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Бы гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Оногдуулах ял шийтгэлийн тухайд:
Шүүгдэгч М.Отгонбаярын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Отгонбаярын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт “Бат палас” ХХК-д харуул хамгаалалтын дадлагажигч ажил эрхэлдэг, торгох ялыг биелүүлэх боломжтой тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35х/ зэргийг харгалзан түүнд 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Отгонбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Онь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй М.Онь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Отгонбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ