Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/351

 

 

 

 

 

 

      2024             3           21                                          2024/ДШМ/351                     

 

С.Б, Г.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч С.Б,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Л.Цэндоо,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б болон шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Л.Цэндоо нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Б, Г.С нарт холбогдох эрүүгийн 2005030220917 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Г.С нь С.Бтай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, албан үүргийн хувьд олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн 9 дүгээр салбарт Э.Мын эзэмшлийн 20-23УББ улсын дугаартай “Lexus RX-450” загварын автомашиныг барьцаанд тавьж байгаа мэт дүр үзүүлэн “И” ХХК-ийн нэр дээр шилжүүлж зээлийн гэрээг байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж 18,000,000 төгрөгийг С.Бгийн нэр дээр авч “И” ХХК-д 18,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

            шүүгдэгч С.Б нь Г.Стай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн 9 дүгээр салбарт Э.Мын эзэмшлийн 20-23УББ улсын дугаартай “Lexus RX-450” загварын автомашиныг барьцаанд тавьж байгаа мэт дүр үзүүлэн “И” ХХК-ийн нэр дээр шилжүүлж зээлийн гэрээг байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж 18,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр авч “И” ХХК-д 18,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Бг 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Сыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б, Г.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 588 дугаартай 20-23УББ улсын дугаартай Lexus RX450 загварын автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бгаас 6,000,000 төгрөг, шүүгдэгч Г.Саас 12,000,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч “И” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Л.Цэндоо давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.С нь өөрийгөө өмгөөлөх чадвар, мэдлэггүй бөгөөд энэ талаар прокурорын байгууллага, анхан шатны шүүхээс өмгөөлөгч авч эрхээ хамгаалах талаар эрхийг нь тодорхой тайлбарлаж өгөөгүйгээс анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцож эрхээ хамгаалах арга хэмжээ авч чадаагүйн гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулах нь ял шийтгэлд хэрхэн нөлөөлөх талаар ойлголтгүйгээр хуралд орж өмгөөлүүлэх, өмгөөлөгч авах эрхээ эдэлж чадсангүй. Г.С нь шүүх хурал дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн байдаг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4 ,5 дахь хэсэгт зааснаар 5 хүртэлх хоногийн завсарлага авч хохирол төлөх хугацаа авч чадаагүй байна. Г.Сын ар гэрийнхнээс түүний учруулсан хохирол болох 12,000,000 төгрөгийг “И” ХХК-д нөхөн төлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ялтан Г.С нь эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, Г.Сын цалин орлогоор ам бүлээ тэжээдэг тул орлогын эх үүсвэргүйгээс хүнд байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байгаа зэргийг харгалзан үзэж Г.Сад оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан торгуулийн доод хэмжээгээр тогтоон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.  

 

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө хохирлоо бүрэн төлж барагдуулах тул надад оноосон 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмэлт тайлбар байхгүй, би их зүйлийг ухаарч ойлгож байгаа. Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.” гэв.

 

Прокурор Б.Тэгшбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Сын хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруу дээрээ маргахгүй, хохирол төлбөрийг төлөөгүй байсан. Одоо хохирол төлбөрөө төлж, гэм буруу дээрээ маргахгүй байгаа учир өмгөөлөгч Л.Цэндоогоос гаргаж байгаа хүсэлтийн дагуу хорих ялыг торгох ялаар өөрчилөхөд татгалзах зүйл байхгүй. Шүүгдэгч С.Бгийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруу дээрээ маргаж хохирлоо төлөхөө илэрхийлээгүй учраас шүүгдэгч С.Бгийн ялыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

               Шүүгдэгч Г.С нь С.Бтай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, албан үүргийн хувьд олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн 9 дүгээр салбарт Э.Мын эзэмшлийн 20-23УББ улсын дугаартай “Lexus RX-450” загварын автомашиныг барьцаанд тавьж байгаа мэт дүр үзүүлэн “И” ХХК-ийн нэр дээр шилжүүлж зээлийн гэрээг байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж 18,000,000 төгрөгийг С.Бгийн нэр дээр авч “И” ХХК-д 18,000,000 төгрөгийн хохирол учруулж,

               шүүгдэгч С.Б нь Г.Стай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн 9 дүгээр салбарт Э.Мын эзэмшлийн 20-23УББ улсын дугаартай “Lexus RX-450” загварын автомашиныг барьцаанд тавьж байгаа мэт дүр үзүүлэн “И” ХХК-ийн нэр дээр шилжүүлж зээлийн гэрээг байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж 18,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр авч “И” ХХК-д 18,000,000 төгрөгийн хохирол учруулж тус тус залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч З.Цэрэнхандын “... иргэн С.Б нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагатай 4700 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа Lexus RX450 загварын автомашиныг барьцаалж 18,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авсан өдрөөсөө хойш эргэн төлөлт огт хийгээгүй байгаа..., эргэн төлөлтөө хийхгүй, холбоо барихгүй байхаар нь шалгаж үзтэл өөр байгууллагын нэр дээр шилжүүлсэн байсан. ...” /1хх 63-64/,

 

гэрч Б.Дашнямын “... манай “И” ББСБ-д 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр С.Б нь автомашины зээлийн өргөдлийн маягт бөглөж хүсэлт гаргасан. Уг хүсэлт дээр 20-23УББ улсын дугаартай Lexus RX450 загварын автомашиныг 18,000.000 төгрөгийн зээлийн барьцаанд унаж явах нөхцөлтэйгөөр манай компанид хүсэлт гаргасан. Үүнээс хойш Б гэгч нь хүү, алданги, үндсэн зээлээс хасалт зэргийг ердөөсөө хийгээгүй. Манай компанид нэг ч төгрөг төлөөгүй. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллага мэдээгүй байхад барьцаанд тавьсан байсан автомашинаа “Инвескор” ББСБ руу шилжүүлэн манай байгууллагыг залилсан байна. ...” /1хх 65/,

 

гэрч Б.Тамирын “... Би тус машиныг 2020 оны 6 дугаар сард “Фейсбүүкээр машин зарна” гэсэн зарын дагуу холбогдоод тус автомашиныг М гэх хүнээс худалдан авсан. Тухайн хүний утасны дугаар 9494-8668 гэсэн дугаар байсан. Би тэгээд “Инвескор” ББСБ-с зээл аваад тус зээлийн барьцаа болгож худалдаж авсан машиныхаа нэрийг Инвескор ББСБ-н нэр дээр шилжүүлсэн. ” /1хх 66-67/,

 

гэрч Э.Мын “.:. Б гэх эмэгтэй дүү гээд нэг залуутай хамт байсан. Тэр 2 миний машиныг үзээд “таалагдаж байна, авъя” гэсэн. Тэгээд банк бусаа хөөцөлдөнө гэхээр нь би тэр хоёртой цуг яваад нэг банк бусын оффис дээр очсон. Тэндээс нэг залуу гарч ирээд Б болон Бгийн дүү хоёртой уулзсан. Тэр залуу нь “Нарны хороололд байх манай салбар дээр оч гэсэн” гэж хэлээд Б дүүтэйгээ машинд ороод ирсэн. Тэгээд би Б болон дүүтэй нь Нарны хорооллын тэр банк бусын салбар луу явж байхад Б надад би “энэ банк бусаас өмнө нь зээл авч байсан, саяны залууд хэдэн төгрөг өгөөд хурдан хөөцөлдөөд зээл гаргуулчихдаг юм. Энэ машиныг манай дүү авч байгаа юм би зээлийг нь хөөцөлдөж өгч байгаа” гэж хэлсэн. Тэгээд Нарны хороололд байх банк бусын салбар дээр ирээд бид 3 цуг орсон. Тэгсэн чинь тэр салбарын эдийн засагч хүүхэн нэг хүнтэй утсаар яриад Бд бүрдүүлэх баримтын талаар хэлж өгч байсан. Тэгээд Б намайг дагуулаад нотариат ороод дараа нь авто тээврийн үндэсний төв ороод миний машины нэрийг тэр банк бус рүү шилжүүлсэн. Тэгээд буцаж Нарны хороололд банк бусын салбар дээр ирж бичиг баримтаа өгчихөөд би Бд миний данс руу банк бусаас мөнгө орох юм бол ирж машинаа аваарай гээд машинаа унаад би гэртээ ирсэн. Тэгээд би найз нартайгаа салхинд гарчихаад хагас сайнд гэртээ ирсэн. Бгийн дүү гэх залуу утсаар яриад “уучлаарай ахаа зээл их хэмжээний гээд нөгөө банк маань зээл гаргахгүй гэнээ, тэгээд банк бусаас таны нэр дээр буцааж болгож өгнө үү гэсэн автотээврийн үндэсний төвд хаягласан албан тоот явчихлаа, та зуун айл дээр ирээд авчих” гэж хэлсэн. ...” /1хх 70-71/,

 

гэрч Т.Шинэбаярын “... “И” ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэн С.Б нь Lexus RX450 загварын тээврийн хэрэгсэл барьцаалж 18,000,000 төгрөгийн зээл авсан боловч эргэн төлөлт хийхгүй байсан тул шалгаж үзэх үед манай “И” ХХК-д барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг өөр банк бусын нэр дээр шилжүүлсэн байсан тул гомдол гаргасан. Манай “И” ХХК-д тухайн үед зээлийн мэргэжилтэн С зээлийн ажилтан Г нар ажиллаж байсан. Манай компанийн ерөнхий захирал О.Н нь гадагшаа их явдаг байсан учир ажил хэвийн явуулахын тулд цаасан гарын үсгээ зарууд тамга дараад үлдээдэг байсан. Тэр үед гарын үсэг тамгыг ашиглаж тээврийн хэрэгсэл шилжүүлсэн асуудал болох үед Г Б гэж хүнийг судлаад зээлийн мэргэжилтэн Сад танилцуулаад зээл олгох зөвшөөрлийг С өгдөг байсан. Уг нь бол гурван хүн эсвэл хоёр нь зөвшөөрөл олж гарын үсэг зурж байж хүчинтэй байх гэрээ нь дээр С нь ганцаараа зурсан байсан. С нь тухайн зээлийг хувийн ашиг сонирхлын үүднээс олгосон байж болно.” /1хх 111-112/,

 

гэрч О.Нгийн “... Сын Б нь 20-23УББ улсын дугаартай автомашиныг барьцаалан унаж явах нөхцөлтэй 18,000,000 төгрөгийн зээл авсан байсан ба зээлийн хувийн хэрэг буюу зээлийн бүрдүүлсэн материалыг шалгах үед нэгдүгээрт зээлийн хорооны хурлаар зөвшөөрөөгүй байх үед зээл олгосон, хоёрдугаарт компанийн тамгатай албан бланк дээр захирлын гарын үсгийг хуурамчаар зурж тээврийн хэрэгслийг компанийн нэр дээр шилжүүлж зээл олгосон. Зээл төлөгдөж дуусаагүй байх үед барьцаа хөрөнгийг буцааж иргэнд шилжүүлсэн. Ийм зөрчил гарсан байсан. Тухайн үед манай компани дээр зээлийн үйл ажиллагаа хариуцсан салбаруудад зээлийн зөвшөөрөл олгодог, зээлийн мэргэжилтэн албан тушаалтай А.С нь зээлийн хороогоор оруулаагүй ганцаараа шийдвэрлэж зээл нь төлөгдөөгүй байх үед буцааж шилжүүлэх албан бичиг өгч тээврийн хэрэгслийг компанийн нэр дээр шилжүүлж зээл олгодог. Энэ албан бичгийг миний гарын үсгийг А.С нь хуурамчаар зурж авто тээврийн төв рүү явуулсан байсан, намайг байхгүй үед зайлшгүй шаардлагатай үед компани хөрөнгө шилжүүлэхээс бусад тохиолдолд хэрэглэхээр ажилтны албан газрын тодорхойлолт авах зэрэгт хэрэглэхээр 2-3 ширхэг албан бланк тамга тэмдгээ даран нягтлан Батчимэгт үлдээдэг байсан бөгөөд зээл төлөгдөөгүй байх үед 7 хоногийн дараа уг албан бичгийг мэргэжилтэн С нь авсан байсан, хэд хоногийн дараа автомашины зээл төлөгдөөгүй байх үед автомашины эзэмшигч солигдсон байхыг мэдээд уг зээлийн хувийн хэрэг материалыг шалгах үед С нь энэ асуудлыг дангаараа үйлдсэн байхыг мэдээд шаардлага тавих үед С нь төд удалгүй энэ асуудлыг шийдсэн зүйл байхгүй ажлаасаа гарсан. ...” /2хх 49-50/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3060 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн О.Нгийн гэх гарын үсгийн загварууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Авто тээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж буй “АТҮГ, ТХБХ шилжилт хөдөлгөөн, эхэлсэн, дууссан хугацаа 05.17, хуудасны тоо 249 үлгэрчилсэн жагсаалтын дугаар 85 гэсэн хаягтай хавтасны 108 гэж дугаарласан хуудсанд байх 2020.05.16-ны огноотой 20/321 дугаартай “Авто тээврийн үндэсний төвд 20-23УББ улсын дугаартай Lexus RX450 загварын автомашиныг ХД73041611 регистрийн дугаартай Эрдэнэчулуун овогтой Мын нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн хаягтай албан бичгийн баруун доод хэсэгт О.Н гэсний урд зурагдсан байх гарын үсэг нь харьцуулах загваруудтай тохирч байна. Тохирч байгаа шинж тэмдгийг “Үзлэг ба шинжилгээ” хэсэг хүснэгт №1, 2-с харна уу” гэх дүгнэлт /1хх 145-161/,

 

зээлийн хорооны хурлын танилцуулга /1хх 95/,

 

С.Бгийн Хаан банкны 5005098958 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 115-117/,

О.Өнөрцэцэгийн Хаан банкны 5023472427 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 118-120/,

“И” ХХК-ийн ерөнхий захирлын тушаал /2хх 7/,

“И” ХХК-ийн зээлийн хорооны ажиллах журам /2хх 8-13/,

“И” ХХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Б/20/005 дугаартай үндсэн ажилтнаар томилох тухай тушаал /2хх 21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Бг бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг, шүүгдэгч Г.Сыг бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Сын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бг 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Сыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Л.Цэндоогийн “... хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах”, шүүгдэгч С.Бгийн гаргасан “... хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар тус тус гаргасан шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Г.Сын хувьд, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүхийн шатанд хохирогч “И” ХХК-д хохирол болох 12,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлж өөрчлөв.

Дээрх өөрчлөлт оруулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сын цагдан хоригдсон 58 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ магадлалаар оногдуулсан торгох ялаас 870,000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялын хэмжээг 9,130,000 төгрөгийн торгох ялаар тогтоож, уг ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч С.Бгийн хувьд, түүнд тухайн зүйл ангид зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх хэдий ч тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.        

            Улмаар тус шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тэнссэн хугацаанд биелүүлэх үүрэг хүлээлгэж, 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 5-д тус тус зааснаар шүүгдэгч С.Бг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулах болохыг түүнд анхааруулж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Г.Сын гаргасан “...торгох ялаар солих...”, шүүгдэгч С.Бгийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаарх давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг үндсэн шинжээр нь бус хуулийн зүйл, заалтыг дангаар нь зааж шийдвэрлэснийг зөвтгөн дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.С нь хохирогч “И” ХХК-ийн ... тоот дансанд 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

            1 дэх заалтыг “Шүүгдэгч С.Бг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Г.Сыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

 

            2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Сыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Сын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 58 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 870 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 870,000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж түүний торгох ялыг хэмжээг 9,130,000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн,

 

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь энэ тогтоолоор оногдуулсан 9,130,000 төгрөгийн торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.” гэсэн,

 

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Бд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулдаг болохыг тайлбарласугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

 

             3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.С, С.Б нар нь 58 /тавин найм/ хоног цагдан хоригдсон болохыг, шүүгдэгч Ш.С нь хохирогч “И” ХХК-ийн ... тоот дансанд 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, Г.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

                          ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

              ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ