Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 109/ШШ2025/0028

 

 

 

 

 

 

 

 

                                 109/ШШ2025/0028

    

 

                                     Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

                           баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Ц.Г-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Боловсролын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хэргийн оролцогч нараас гаргасан “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Хотонт сумын иргэн Ц.Г би 1996 оны 09 сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  хүртэл хугацаанд Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд багш, сургалтын менежер, захирлаар тасралтгүй ажилласан. Миний бие 2021 оны 06 дугаар сард Архангай аймгийн Засаг даргын захирамжаар Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Архангай аймгийн Боловсролын газрын дарга 2025.04.28-нд 6/34 дугаартай “Ц.Г-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргаж, уг тушаалаа 2025 оны 04 дүгээр сарын 29-нд надад гардуулж, миний эрхэлж байсан ажлыг хүлээн авсан ба энэ цагаас хойш эрхэлсэн ажилгүй байна. Миний тухайд Архангай аймгийн Боловсролын газрын даргын 2025.04.28-нд 6/34 дугаартай тушаал нь хуульд нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг илт хохироосон захиргааны акт гэж үзэж байна. Намайг ямар үндэслэлээр захирлын ажлаас албан тушаал өөрчилж байгаа үндэслэлийг ойлгохгүй байгаа, энэ талаар Архангай аймгийн Боловсролын газар сонсох ажиллагаа хийгээгүй. Харин 2025 04.11-ний он сартай “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл онгодуулах болсон” гэсэн агуулгатай мэдэгдэл өгсөн. Гэхдээ намайг ямар зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон талаар тайлбарлаж өгөөгүй. Ийнхүү Ц.Г надад Архангай аймгийн Боловсролын газрын дарга 2025 оны 4 дүгээр сарын 28-нд Б/34 дугаартай “Ц.Г-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал буюу захиргааны акт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Архангай аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 04 сарын 28-ний өдрийн 6/34 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П нэхэмжлэлийн шаардлагаа: Нэхэмжлэгч Ц.Г нь шүүхэд гаргасан Архангай аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Архангай аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/34 дүгээр тушаалын 3 дахь заалтын Ц.Г-г холбогдох албан тушаалд томилон ажиллуулахыг Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд үүрэг болгосугай гэсэн заалтаа хэрэгжүүлэхийг даалгаж өгнө үү” гэж өөрчилж байна гэжээ.

 

3. Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас Архангай аймгийн Боловсролын газрын дарга Ц.М нөгөө талаас Ц.Г, төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П нар доор дурдсан нөхцөлүүдийг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Нэхэмжлэгч тал нь Архангай аймгийн Боловсролын газрын даргын тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа  Боловсролын газрын даргын 2025оны 04сарын 28 өдрийн Б/33 тоот  тушаалаар Ц.Ганчимэгийг захирлын ажлаас чөлөөлсөн өдрөөс өөр албан  тушаалд нөхөн томилохыг Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд үүрэг болгосугай гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг даалгасугай болгон өөрчлөхөөр, хариуцагч тал нь Ц.Г-н ажлаас чөлөөлсөнтэй холбоотой олгосон тэтгэмжийг эргүүлэн авахгүй. Ц.Г-г ажлаас  чөлөөлсөн өдрөөс  Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаас өөр албан тушаалд томилсон тушаал нөхөн гаргуулж, ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 5,7,8 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр, дээрх хугацааны цалинг нөхөн олгохгүй /тэтгэмж олгосон учир/, өөр албан тушаалд томилогдсон өдрөөс буюу 2025 оны 8 сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож томилогдсон албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гар өргөдлийг эх хувиар Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд  ирүүлэх нөхцөлүүдээр харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэхээр энэхүү гэрээг байгуулсан болно. Талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаанаас өөр асуудлаар маргах зүйл байхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн болно. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Талууд эвлэрлийн гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд энэхүү гэрээнд заасан асуудлаар дахин шүүх болон арбитрт маргаан гаргахгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг талууд харилцан зөвшөөрсөн ба хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг ойлгосон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

 

1. Тус шүүх Ц.Г-с Архангай аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 сарын 28-ны өдрийн б/34 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Г 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр С.П-д олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргийг, Архангай аймгийн Боловсролын газрын дарга 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ц.Н-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тус тус олгожээ. /х.х-н 27/

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:” гэж, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, ... хариуцагчтай эвлэрэх” гэж, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.” гэж тус тус заасан.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П нь Ц.Г-с олгогдсон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/34 дүгээр тушаалын 3 дахь заалтын Ц.Г-г холбогдох албан тушаалд томилон ажиллуулахыг Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд үүрэг болгосугай гэсэн заалтаа хэрэгжүүлэхийг даалгаж өгнө үү” гэж өөрчилсөн.

 

5. Хэргийн үйл баримтын тухайд,

 

5.1. Ц.Г нь Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд, Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд түр, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тус тус томилогдон ажиллаж байжээ. (Хавтаст хэргийн 66, 69, 70 дахь тал)

 

5.2. Архангай аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Ц.Г-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/34 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5., Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6., Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар 78.1.9., 123 дугаар зүйлийн 123.2.4., 123.3., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3., Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.3., Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.3, 3.3.7, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1., 5.1.12-т заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй хэрэгжүүлж сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Г-г албан тушаал бууруулжээ. (Хавтаст хэргийн 5 дахь тал).

 

5.3. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. дахь заалт,  Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6. дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1. дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4., 10.4. дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.2., Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 123.2.4. дэх заалтуудыг зөрчөөгүй байна. 

 

6. Гэвч шүүх хуралдааны өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч тал нь Архангай аймгийн Боловсролын газрын даргын тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/33 тоот  тушаалаар Ц.Г-г захирлын ажлаас чөлөөлсөн өдрөөс өөр албан тушаалд нөхөн томилохыг Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд үүрэг болгосугай гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг даалгасугай болгон өөрчлөхөөр, хариуцагч тал нь Ц.Г-н ажлаас чөлөөлсөнтэй холбоотой олгосон тэтгэмжийг эргүүлэн авахгүй. Ц.Г-г ажлаас  чөлөөлсөн өдрөөс  Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаас өөр албан тушаалд томилсон тушаал нөхөн гаргуулж, ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 5, 7, 8 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр, дээрх хугацааны цалинг нөхөн олгохгүй /тэтгэмж олгосон учир/, өөр албан тушаалд томилогдсон өдрөөс буюу 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож томилогдсон албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гар өргөдлийг эх хувиар Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд  ирүүлэх нөхцөлүүдээр харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэхээр энэхүү гэрээг байгуулсан болно. Талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаанаас өөр асуудлаар маргах зүйл байхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн болно. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Талууд эвлэрлийн гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд энэхүү гэрээнд заасан асуудлаар дахин шүүх болон арбитрт маргаан гаргахгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг талууд харилцан зөвшөөрсөн ба хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг ойлгосон болно” гэж дурдаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Архангай аймгийн Боловсролын газрын дарга Ц.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Б нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

7. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

 

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ..., хариуцагчтай эвлэрэх”,  21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн ... нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан хуулийн зохицуулалттай нийцсэн болно.

 

9. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн оролцогч эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

10. Түүнчлэн хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1., 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6. дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.5. дахь заалтыг баримтлан “Нэхэмжлэгч тал Архангай аймгийн Боловсролын газрын даргын тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/33 тоот  тушаалаар Ц.Г-г захирлын ажлаас чөлөөлсөн өдрөөс өөр албан  тушаалд нөхөн томилохыг Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд үүрэг болгосугай гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг даалгасугай гэж өөрчлөхөөр, хариуцагч тал Ц.Г-н ажлаас чөлөөлсөнтэй холбоотой олгосон тэтгэмжийг эргүүлэн авахгүй, Ц.Г-г ажлаас чөлөөлсөн өдрөөс Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаас өөр албан тушаалд томилсон тушаал нөхөн гаргуулж, ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 5, 7, 8 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр, дээрх хугацааны цалинг нөхөн олгохгүй /тэтгэмж олгосон учир/, өөр албан тушаалд томилогдсон өдрөөс буюу 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож томилогдсон албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гар өргөдлийг эх хувиар Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд  ирүүлэх нөхцөлөөр хоорондоо харилцан тохиролцсон” нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ОДОНТУЯА