Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01265

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01265

 

 

 

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/01866 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасанНШШГГ-ын2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай, Л.Б-ийн өмчлөлийн БЗД 24 дүгээр хороо тоотод байрлах авто засварыг, газрын хамт ХБ ХХК-д санал болгосон ажиллагаа, түүний тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр Л.Б-гаас 383 831 726 төгрөг гаргуулж ХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГ-ын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаар санал болгох ажиллагаа түүний тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир ньНШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгч Л.Б-ийн ажлын газраас баривчлан авч явахдаа утсыг нь хурааж, мөн өдрөө Ннйслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэн тухайн өдрөөс шууд санал болгох ажиллагаа хийж тэмдэглэл үйлдэн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо  байрлах авто засварыг газрын хамт төлбөр авагч ХБ-инд санал болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Мөн боломжит хугацаа олгосон мэдэгдэх хуудас өгч санал болгох ажиллагаа хийх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэл өгөхгүйгээр шууд санал болгох ажиллагаа хийсэн.

Нэхэмжлэгчийн 1 000 000 000 гаруй төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг 343 043 000 төгрөгт санал болгосонд маш их гомдолтой байна. Мөн уг санал болгох хурлын тэмдэглэлд НШШГГ-аас 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцох байхад 6 хүн оролцож мөн уг асуудлаар санал хураан хэдэн хүн нь зөвшөөрсөн нь тодорхойгүй тэмдэглэл гаргасан. Нэхэмжлэгч нь уг ажиллагааг хууль бус болохыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж гомдлын хариуг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

ШШГЕГ-ын албаны дарга Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04/348 дугаар албан бичгээр 2021 оны 02 дугаар сарын 18-ны авсан болно. Иймд НШШГГ-ын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай Л.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо  байрлах авто засварыг газрын хамт ХБ-д санал болгосон ажиллагаа түүний тэмдэглэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17262119/03 17262119/04 дүгээр тогтоолоор битүүмжилж 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 172621119/05 17262119/06 дугаар тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилоход Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо  тоотод байрлах орон сууцыг 72 078 000 төгрөгөөр Баянзүрх дүүргмйн 24 дүгээр хороо тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө газрыг 343 043 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л.Б эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхзмжлэлийг шүүхэд гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хзргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 10735 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 15731 дүгээр захирамжаар үнэлгээ хийсэн ажиллагаа үнэлгээний тайланг хүчингүй болгох тухай Л.Б-ийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Л.Б 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжпэл дахин гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн.... дугаар шийдвэрээр Нийслэлийн Иргэний хзргийн давж задлдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4 дүгээр магадлалаар Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Төлбөрт хураагдсан Л.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо  тоотод байрлах 39 м.кв талбайтай орон сууц 52 000 000 төгрөгөөр худалдан борлогдож Баянзүрх дүүргийн 24 дүгэзр хороо тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх зд хөрөнгө газар худалдан борлогдоогүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар төлбөрт тооцон авахыг санал болгох ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж Л.Б 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ 343 043 000 төгрөгөөр тооцож төлбөр авагч ХБинд шилжүүлж төлбөр авагч тал зөрүү 7 956 015 төгрөгийг төлбөр төлөгчид төлснөөр өмчлөх эрх үүсэхээр шийдэгдсэн нь хууль зөрчөөгүй байх тул нзхэмжлэлийг хэрэгсзхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 73 дугаар зүйлийн 73.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасанНШШГГ-ын2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай Л.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо тоотод байрлах авто засварыг газрын хамт ХБ ХХК-д санал болгосон ажиллагаа түүний тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжпэгч Л.Б-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын
орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:НШШГГ-ыншийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгч Л.Б-ийн Баянзүрх дүүргийн 24 хороо тоотод байрлах ажлын газраас нь утсыг нь хураан баривчлан авч яван мөн өдрөө НШШГГ хүргүүлэн тухай өдрөөс шууд санал болгох ажиллагаа хийж тэмдэглэл үйлдэн Баянзүрх дүүргийн 24 хороо тоотод байрлах авто засварыг газрын хамт төлбөр авагч ХБинд санал болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг зөрчиж Л.Бг НШШГГ-т авч ирэн санал болгох ажиллагаа хийхээ мэдэгдэж түүнд боломжит хугацаа олгосон мэдэгдэх хуудас өгч санал болгох ажиллагаа хийх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэл өгөхгүйгээр шууд санал болгох ажиллагаа хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Анхан шатны шүүхээс худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагт болохыг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4/936 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна гэж дүнгэсэн. Мөн нэхэмжлэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн санал болгох ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргаагүй харин 2021 оны 10 дугаар сарын 21-ийн өдрийн ажиллагааг хийхдээ мэдэгдэх хуудсаар мэдэгдэж зарлан дуудахгүйгээр ажил дээрээс нь баривчлан авч явж хийсэн нь хууль зөрчсөн талаар нэхэмжлэл гаргасан болно.Санал болгох хурлын тэмдэглэлд НШШГГ-аас 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцох байхад 6 хүн оролцож мөн уг асуудлаар санал хураан хэдэн хүн нь зөвшөөрсөн нь тодорхойгүй тэмдэглэл гаргасан. Дээрхээс хархад шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан тус газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай, Л.Б-ийн өмчлөлийн БЗД 24 дүгээр хороо тоотод байрлах авто засварыг, газрын хамт ХБ ХХК-д санал болгосон ажиллагаа, түүний тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17ы өдрийн 101/ШШ2016/06237 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 383 861 726 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж, нэхэмжлэгч ХБ ХХК-д төлж барагдуулахаар, тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,  өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, тоотод байрлах, Ү-хххххххх тоот улсын бүртгэлийн дугаартай, 614 мкв талбайтай хувийн сууц болон Г-хххххх тоот улсын бүртгэлийн дугаартай 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ./хх 10-13/

 

Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гарч, мөн өдөр 1295 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн./хх 69-70, 68/

 

НШШГГ нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж, Л.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо,  тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-ххххх дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, нэгж талбарын ххххх дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххх дугаарт бүртгэгдсэн, 614 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай сууцыг битүүмжлэн, төлбөр төлөх мэдэгдлүүдийг өгч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авах ажиллагааг явуулсан./хх 81-82, 83-84, 86, 93-94, 96-97, 99/

 

Нэхэмжлэгч Л.Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж, уг маргаан гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна./хх 14-29 /

 

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, тоотод байрлах, 614 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж, хураан 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурал 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт хийх тухай 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4/936 дугаартай мэдэгдэх хуудсыг шийдвэр гүйцэтгэгч нь Л.Бд баталгаат шуудангаар хүргүүлсэн. Тухайн өдөр санал болгох ажиллагаа явагдаагүй тухайд талууд маргаангүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон өгөх санал болгох ажиллагааг НШШГГ-аас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр явуулахад төлбөр авагч, төлбөр төлөгч нар байлцсан байна. /хх 225-229/ Анхан шатны шүүхийн дээрх ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан тухай дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх авто засварыг, газрын хамт ХБ ХХК-д санал болгосон ажиллагааны тэмдэглэлийг хүчингүй болгуулах нь шаардлага биш болохыг анхаарч дүгнээгүй байна. Тэмдэглэлд засвар оруулах тухай ойлголт байх болохоос хүчингүй болгохгүй. Тэмдэглэл нь үйл ажиллагааны явц дараалал агуулгыг тусгасан баримт болохоос бие даасан ажиллагаа биш юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний асуудал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул 1 000 000 000 гаруй төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг 343 043 000 төгрөгт санал болгосон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй төлбөр төлөгч Л.Б-ийн үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч ХБ ХХК-д санал болгосон 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйл болон 55 дугаар зүйлд тус тус нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/01866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД