Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01280

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/01381 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Я.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “БӨ ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсаны үр дагавар 51 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Г.Эрдэнэхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Я.Д нь 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр БӨ ХХК-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулсан. Уг гэрээнд БӨ ХХК нь Баянзүрх дүүргийн  дугаар хороонд Б-т хорооллыг барихдаа Я.Д-ийн өмчийн Баянзүрх дүүргийн 8-р хороо тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 219 м.кв талбай бүхий газрыг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд баригдах өрөө байраар солихоор тохиролцож мөн Нийслэлийн засаг дарга, төсөл хэрэгжүүлэгч БӨ ХХК, Я.Д нарын хооронд гурван талт гэрээг 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан. Барих байсан барилга нь баригдахаа больж оронд нь өөр 2 барилга баригдсан боловч таны ээлж болоогүй гэж хэлээд байранд оруулаагүй.

Гэтэл гэрээнд заасан барилга баригдахааргүй болж 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр БӨ компанийн захирал Т-тай газар худалдах-худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Уг гэрээгээр газрын 1 м.кв-ын үнийг 1 200 000 төгрөгөөр худалдан авахаар болж бичгээр гэрээ хийж оронд нь 16-н давхар давхарт 40,02 м.кв 2 өрөө байрыг зааж өгсөн бөгөөд зөрүү мөнгө болох 14 628 000 төгрөгийг нэхэмжлэгч нэмж төлөхөөр харилцан амаар тохиролцсон боловч уг байр нь ашиглалтад орсон хэдий ч "БӨ" ХХК-аас танай хойд талын айлууд гэрээ хийгээгүй учраас танд байр өгөхгүй гэж хэлсэн.

Газрыг маань өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн байж одоо гэрээгээр тохиролцсон байраа өгөхгүй байна. Газраа БӨ ХХК-д шилжүүлснээс банк болон зээлийн барьцаанд тавьж бизнес эрхэлж чадалгүй 7 жил хохирч байна. БӨ ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул сууцны төлбөрт 51 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: БӨ ХХК Нийслэлийн засаг даргын 2013 оны 5 дугаар сарын А/535 дугаар захирамжаар гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчээр шалгаран Батламж авч Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх иргэд, аж ахуйн нэгжүүдтэй нийт 216 ширхэг хоёр талт болон 209 ширхэг гурван талт хэлцлийн гэрээ байгуулсан.

Төслийн хүрээнд 4 500 орчим айлын орон сууц, 42 000 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний төв, 1 ширхэг 1 500 суудалтай сургууль, 3 ширхэг 240 хүүхдийн цэцэрлэг, 5,4 км I-III зэрэглэлийн авто зам бүхий Б орон сууцны цогцолбор хорооллыг бүтээн босгохоор ерөнхий төлөвлөгөөг батлуулан түүний дагуу хөрөнгө оруулалтаас шалтгаалан хэсэгчлэн бүтээн байгуулан ажиллаж байна.

БӨ ХХК нэвтрэх суваг, инженерийн шугам сүлжээ болон түүний барилга байгууламж, замын ажил, орон сууцны барилга байгууламжуудыг барихад тэдгээрийн газарт ногдох айл иргэдтэй гэрээний дагуу албан бичиг хүргүүлэн, хашаа байшин буулгах хүлээлцэх акт үйлдэн газар чөлөөлөлтийг хийж түрээсийн байранд хамруулан байр орон сууц ашиглалтад орсноор орон сууцыг хүлээлгэн өгдөг. Я.Д-ийн 2 болон 3 талт гэрээ нь өнөөдөр болон цаашдаа хүчинтэй бөгөөд тус иргэний газрыг ашиглан 2 дугаар ээлжийн инженерийн дэд бүтэц, барилга орон сууц барих үед албан байдлаар бичгээр мэдэгдэл хүргүүлэн хашаа байшин хүлээлцэх акт үйлдэн дээрх жишгээр сууцыг хүлээлгэн өгнө.

Төсөл эхлэхэд батлагдан гарсан ерөнхий төлөвлөгөөний дагуу үйлчилгээтэй Ш хэлбэрийн 9 давхар А блок барилга баригдахаар төлөвлөгдсөн газрын оршин суугчидтай тохиролцох боломжгүй хэт өндөр үнийн дүнг нэхэмжилсэн учраас тус төлөвлөгдсөн барилгын ажил өнөөдрийг хүртэл хойшилсоор ирсэн. Нэхэмжлэгчийн ойр орчмын айлууд байгууллагатай тохиролцож тус газарт барилга барих нөхцөл үүсвэл бид тус иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж барилгын ажлыг эхлүүлэх өдрөөс эхлэн байгууллагын дотоод үйл ажиллагааны чиг үүргийн дагуу хамтран ажиллах тухай албан тоот, хашаа байшин хүлээлцэх акт, түрээсийн орон сууцаар хангах, орон сууцанд оруулах тухай гэрээ байгуулах, төлөвлөгөөний дагуу хамтран ажиллахад бэлэн. Мөн Я.Д-д ямар нэгэн өөр орон сууцанд оруулах тухай мэдэгдэл, мэдээлэл, амлалт өгөөгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БӨ ХХК-аас 42 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Д-д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 58 дугаар зүйлийн 58.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч БӨ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 371 950 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт болон гурван талт гэрээг ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэсэн. Энэхүү гэрээний зорилго нь төр иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийг орон сууцаар хангах Улаанбаатар хотын утааг бууруулах иргэдийг аюулгүй тайван орчинд амьдрах боломжоор хангах юм. Энэхүү гэрээ хэрэгжих эсэх нь төр болон тухайн газар оршин сууж байгаа бүх айл өрх иргэдээс хамаарах тул гэрээний зорилго биелэгдэх эсэх нь тэднээс хамаарна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан хоёр талт гэрээний 3.2.7-д гурван талт гэрээ байгуулсан тохиолдолд иргэнийг шинээр баригдсан орон сууцаар эхний ээлжинд хангах” гэж заасныг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч “БӨ ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Тухайн төсөл хэрэгжүүлж буй газарт оршин суугчдыг орон сууцаар хангахдаа газраа чөлөөлж тухайн газар дээр нь барилгажилт явагдсан тохиолдолд эхний ээлжинд байранд оруулж байсан. Нэхэмжлэгч Я.Д-ийн хувьд газар эзэмших эрх нь шилжсэн боловч хөрш зэргэлдээ айлууд нь газраа чөлөөлөөгүй тул барилгажилтын ажил эхлэх боломжгүй байсан. Нэхэмжлэгч шилжүүлсэн гэх газар дээрээ өнөөдрийг хүртэл амьдарч байгаа.

            Я.Д-ийн гэр бүлийг эхний ээлжид орон сууцаар хангах үүрэгтэй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргадаг боловч хариуцагчийн зүгээс тийм амлалтыг өгсөн зүйл байхгүй. Шүүх нэхэмжлэгч Я.Дийг “газраа буцаан авах боломжгүй болсны улмаас мөнгөөр буцаан шаардсан нь үндэслэлтэй байна“ гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.Хариуцагч тал нэхэмжлэгч Я.Доос өөрийн нэр дээр шилжүүлэн авсан газрыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-д заасанчлан ашиглаагүй бусдын өмчлөлд шилжүүлээгүй бусдын эрхээр хязгаарлаагүй түүнчлэн өөрчлөөгүй.

             Тухайн газрыг Я.Д-ийн нэр дээр буцаан шилжүүлэх асуудал нь нээлттэй байгаа юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн дагуу хэн нэг нь нөгөөдөө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээгээгүй. Талуудын аль нэг нь гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээгээр өгсөн авсан зүйлээ буцаадаг хуулийн зохицуулалттай бөгөөд гэрээний зүйлийг буцаан шилжүүлэх боломжтой. Буцаан шилжүүлэх боломжгүй гэж хэт нэг талыг барьж хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

             Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Я.Д нь хариуцагч БӨ ХХК-нд холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавар 51 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 83, 104 /

 

            Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр БӨ ХХК-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулсан. Гэрээгээр БӨ ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хорооллыг барих, уг хорооллыг барихын тулд Я.Д-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо  тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 219 м.кв талбай бүхий газрыг барилга барих талбайд оролцуулж, оронд нь Баянзүрх дүүргийн  хороонд баригдах 9 давхар байрны А блокын 5 давхарт 37 м.кв талбайтай 2 өрөө сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон гэрээ хэрэгт авагдсанаас гадна уг үйл баримтыг хариуцагч үгүйсгэн маргаагүй. /хх 7-9/

            Мөн 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгч БӨ ХХК, Я.Д нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гурван талт гэрээг байгуулсан үйл баримт гэрээний хувиар тогтоогдсон. /хх 9-10/

            Түүнчлэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Я.Д Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо  тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 219 м.кв талбай бүхий газраа БӨ ХХК-ийн захирал О.Т өмчлөлд худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон./хх 6/

            Хэдийгээр газар БӨ ХХК-ийн захирал О.Т өмчлөлд шилжсэн ч Я.Д нь газар дээрээ өнөөдрийг хүртэл амьдарч байгаа үйл баримтын хувьд талууд маргаангүй байна.

            Нэхэмжлэгч Я.Д-ийн 219 м.кв талбай бүхий газрыг оролцуулан уг газар дээр барилга баригдаагүй, 2013 оны 5 дугаар сараас хойш 7 жил өнгөрсөн гэх, мөн энэ хугацаанд 2 барилга баригдсан боловч нэхэмжлэгчийн ээлж болоогүй гэх үндэслэлээр сууцанд оруулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

            Талууд хоёр талт гэрээний үүрэг биелэгдээгүй шалтгааны хувьд маргахаас гадна, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх, гэрээнээс татгалзсан тохиолдолд газрынхаа оронд үнийг шаардсан нь үндэслэлтэй эсэхэд маргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Я.Д-ийн газар дээр барилгажилт явагдах гэрээний үүрэг биелэгдээгүйд өөрийгөө буруугүй, орчны айлууд өндөр үнэлгээ хэлснээс улбаалан гэрээ хэрэгжих боломжгүй удааширч байгаа талаар тайлбарлажээ./хх 104/

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.

Гэрээ байгуулснаас хойш 7 жил өнгөрсөн, тодорхой үр дүн гарахгүй байгаа тул нэхэмжлэгч Я.Д-ийн хоёр талт гэрээнээс гарч байгаа буюу гэрээнээс татгалзаж байгааг буруутгах боломжгүй. Түүнчлэн, эхний ээлжинд орон сууцаар хангах үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй тухайд дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг ч буруутгах боломжгүй.

            Харин анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар буруу дүгнэжээ.Талуудын хоёрт талт гэрээний агуулгаас үзэхэд газрыг сууцаар солих агуулга бүхий Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн.

            Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч газраа хариуцагч талын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй.  Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дах хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах юм.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Я.Д-ийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 219 м.кв талбай бүхий газар нь барилгажуулах талбайд хамаарч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гурван талт гэрээний зүйл болсон, газар БӨ ХХК-ийн захирал О.Тн өмчлөлд байгаа зэргээс үзэхэд уг газрыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дах хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг бусдын эрхээр хязгаарласан тул үнийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хууль хэрэглээний өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/01381 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ

      

                                   ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

      

                       Ш.ОЮУНХАНД