Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/352

 

      2024             3           21                                          2024/ДШМ/352                                 

 

Ч.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

хохирогч Г.Д, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

хохирогч Н.Г,

хохирогч Т.Бийн өмгөөлөгч Б.Баасандорж,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2024/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр, хохирогч Ш.Дийн гаргасан давж заалдах гомдлоор тус тус Ч.Тт холбогдох эрүүгийн 2208005320729 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

               Яллагдагч Ч.Т нь 2021 оны 1 дүгээр сард хохирогч Н.Гтой уулзаж, “30,000,000 төгрөг зээлээч, "Э" Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх тендерт өрсөлдөж байгаа, тендерийн ажил авах нь тодорхой, хоёулаа ашгаа хувааж авъя” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ж.Ггийн Хаан банкинд эзэмшдэг ...дугаарын дансаар тус бүр 10,00,000 төгрөгийг, Г.Гийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын дансаар 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "...Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багт байрлах "Хараатын уурхай"-н хашаанд буй агуулахын зориулалттай сэндвичэн барилгыг өөрийн өмчлөлийнх тул 50 хувийн хямд үнээр өөрт нь худалдана...” гэж Т.Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуун дарагдуулснаар тус барилгын урьдчилгаа төлбөрт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөгийг Т.Оын өмчлөлийн "Б" ХХК-ийн дансаар, 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 30,000,000 төгрөгийг Ж.Ггийн эзэмшлийн Хаан банкны ...дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч 70,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

            хохирогч Т.Быг "зоориндоо махны хөргөгч авах гээд мөнгөний хэрэг болоод байна, зээл гарахаар чамд машин аваад өгье, эсхүл өөрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг "О" ХХК-ийн 50 хувийг шилжүүлж өгье" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Бын эзэмшлийн 58,557,560 төгрөгийн үнэ бүхий 83-53 УАТ улсын дугаартай "Lexus RX 450" загварын тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч хохирогч Т.Бт 58,557,560 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

            Ч.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах махны зооринд байсан хохирогч Ч.Дын 5040 килограмм буюу ямааны 239 ширхэг, 10.050 килограмм буюу хонины 475 ширхэг гулууз махыг худалдан борлуулж мөнгийг нь өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар шилжүүлэн авч 150,211,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

            Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ш.Дийн заруулахаар өгсөн 197 ширхэг ямааны гулууз, 20 ширхэг ширхэг гулууз буюу 4350 килограмм махыг хятадуудад зарж мөнгийг өгнө хуурч аван, улмаар махыг бусдад зарж борлуулан мөнгийг өөрийн Хаан банкны ... тоот дансаар авч бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсний улмаас 34,690,000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ч.Т нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Монгол улсад ажиллах хөдөлмөрийн визтэй болгож өгнө, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж өгнө" хэмээн ОХУ-ын иргэн Ц, Б нарыг хуурч, 20,000,000 төгрөгийг бусдын Хаан банкны ... дугаарын дансаар, 4,000,000 төгрөгийг бэлнээр буюу нийт 24,000,000 төгрөгийг шилжүүлэн өөртөө авч залилан бусдад нийт 367,459,160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1214 дугаартай Ч.Тт холбогдох яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/...”-г нотолбол зохих байдлыг заавал тогтоохоор хуульсан. Гэтэл тус яллах дүгнэлтэд дурдагдсан хэргийн товч агууллагад 2021 оны 01 дүгээр сард хохирогч Н.Гоос 30,000,000 сая төгрөг залилан авсан гэх гэмт үйлдэл нь хаана үйлдэгдсэн болох нь тусгагдаагүй, мөн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ш.Дийн 34,690,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт үйлдэл нь хаана үйлдэгдсэн болох нь тусгагдаагүй. Гэмт хэрэг гарсан байдлыг тогтоосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалалыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Түүнчлэн яллагдагч Ч.Т нь хохирогч нараас мөнгийг нэр бүхий иргэдийн дансаар шилжүүлэн авсан бөгөөд тэдгээр иргэд нь хохирогч нарын мөнгөнөөс авч ашигласан эсэхийг шалгаж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээдийг тогтоосноор хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт биелэх юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж үзэж хүлээн авах шаардлагагүй гэж үзэв. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдлыг хангаагүй гэж үзэж яллагдагч Ч.Тт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

 

            Хохирогч Ш.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх хохирогч Ш.Дт учруулсан гэмт үйлдэл нь хаана үйлдэгдсэн болох нь тусгагдаагүй үндэслэлээр буцсанд гомдолтой байна. 2021 оноос хойш энэ хэрэг шийдэгдэхгүй өдийг хүрч байна. Маш их зүйлээр хохирч байна. Иймд уг хэргийг хойшлуулалгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч Ч.Т нь хохирогч Н.Гоос 30,000,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь гэрч Ж.Г /4хх 179/, гэрч Г.Г /4хх 180/ нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд прокуророос яллах дүгнэлтэд хохирогч мөнгөө хаанаас шилжүүлсэн газрыг дурдаагүй боловч хохирогч Н.Гийг шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцуулж, асууж тодруулах боломжтой юм. Хохирогч Н.Г нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд биечлэн оролцсон ба уг асуудлыг шүүх хохирогчоос тодруулж асуугаагүй атлаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хохирогч Н.Г, Б.Д, Т.Б нарын шилжүүлсэн мөнгө, тээврийн хэрэгсэл, мах зэргийг залилсан үйлдлүүд хаана үйлдэгдсэн талаар хэлэлцэгдсэн бөгөөд дээрх нэр бүхий 3 хохирогч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцсон, яллагдагч Ч.Т нь хохирогч Б.Дын махыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах махны зоориноос шилжүүлэн авсан. Мөн хохирогч Т.Бын тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр шилжүүлэн авсан талаар прокурорын яллах дүгнэлтэд тусгасан байхад дээрх нэр бүхий хохирогч нарыг залилсан үйлдэлд Гэмт хэрэг гарсан газар’’-ыг прокурор яллах дүгнэлт тусгаагүй байна гэж шүүх шийдвэрээ уншиж сонсгон буцаасан атлаа шүүгчийн захирамжид тус хэлэлцүүлгээр хэлэлцэгдээгүй хохирогч Ш.Дийн үйлдлийн талаар тусгаж, буцаах үндэслэлээ болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг хэзээ, хаана, яаж, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг гэмт хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон байна. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна. Хэргийн тухайд яллагдагч Ч.Тийн 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд үйлдсэн нийт 6 гэмт үйлдлээс сүүлчийн үйлдэл болох хохирогч ОХУ-ын иргэн Ц, Б нарыг залилсан үйлдэл нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогддог тул хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг хуульд зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Ч.Т нь хохирогч Н.Г, Т.Б, ОХУ-ын иргэн Ц, Б нараас бэлэн мөнгө шилжүүлэн авахдаа Ж.Г, Г.Г, Т.О нарын дансыг ашиглаж хувьдаа авдаг байсан, мөн дансаа ашиглуулсан гэх хүмүүс Ч.Тийг залилах гэмт хэрэг үйлдэж орлого олж байгаа гэдгийг мэдээгүй, дээрх нэр бүхий иргэд тухайн мөнгөнөөс ашиг хүртсэн, хэрэглэсэн, залилах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг яллагдагч Ч.Т нь ганцаараа захиран зарцуулж, хувьдаа ашигласан болох гэрч Ж.Г /4хх 179/, гэрч Г.Г /4хх 180/, гэрч Т.О /Зхх 137-138/ нарын мэдүүлэг, гэрч Э.Уа /5хх 140-141/, хохирогч Т.Б, яллагдагч Ч.Т, гэрч Т.О нарын дансны хуулга, /5хх 36-43, 5хх 58-66, 5хх 70-83/, хохирогч ОХУ-ын иргэн Ц, Б нарын мэдүүлэг /4хх 80, 84/, гэрч Б.Гын мэдүүлэг /4хх 89/, Иргэн Б.Гын Хаан банкны ... дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 107, 6хх 240-242, 7хх 18/, иргэн Б.Гын Хаан банкны ... дугаартай дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, /4хх 107, 6хх 240-242, 7хх 18/, яллагдагч Ч.Тийн “Т.О нь Ч.Т миний шалгагдаж байгаа хэрэгт үйлдэл оролцоо байхгүй болохыг бичгээр тайлбар гарган мэдүүлж байна. Би Т.Оын ... дугаартай дансыг ашиглан гүйлгээ хийдэг байсан. Учир нь өдрийн гүйлгээний лимит хэтэрсэн мөн миний данс шүүхийн шийдвэрт хаагдсан байгаа” гэсэн гараар бичсэн мэдүүлэг /7хх 12/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд дээрх Ж.Г, Г.Г, Т.О нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй байна. Мөн шүүх захирамжийн тодорхойлох хэсэгт “Хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ” гэж, “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай” гэж өөр өөр байдлаар зөрүүтэй тусгагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.  

 

Хохирогч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Хохирогч Г.Дын өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Г.Даваарбаяр нь яллагдагч Ч.Тт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байхдаа тухайн махыг өгсөн. Өөрөөр хэлбэл, харьяалал тодорхой байгаа. Үүнээс 3.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөн прокурорын тогтоолоор яллагдагч Ч.Тийн өөрийнх нь тэрбум гаруй хөрөнгийг битүүмжилсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөгч, прокурор хэргийг үнэн, зөв бодитой шалгах үүргээ биелүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг хэзээ, хаана гарсан асуудал тодорхой харагддаг. Мөн Оросын Холбооны Улсын иргэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тухайн мөнгийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэмт хэрэг хамгийн сүүлд үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр хэргийн харьяалалыг тогтоосон нь үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй гэж үзэж, хэргийн харьяалалтай асуудлаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд өмгөөлөгчийн зүгээс хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Хохирогч Т.Бийн өмгөөлөгч Б.Баасандорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагч Ч.Т нь миний үйлчлүүлэгч Т.Бт 70,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус гарсан учир прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Прокуророос яллагдагч Ч.Тийг 2021 оны 1 дүгээр сард хохирогч Н.Гтой уулзаж, “30,000,000 төгрөг зээлээч, "Э" Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх тендерт өрсөлдөж байгаа, тендерийн ажил авах нь тодорхой, хоёулаа ашгаа хувааж авъя” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ж.Ггийн Хаан банкинд эзэмшдэг ...дугаарын дансаар тус бүр 10,00,000 төгрөгийг, Г.Гийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын дансаар 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "...Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багт байрлах "Хараатын уурхай"-н хашаанд буй агуулахын зориулалттай сэндвичэн барилгыг өөрийн өмчлөлийнх тул 50 хувийн хямд үнээр өөрт нь худалдана...” гэж Т.Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуун дарагдуулснаар тус барилгын урьдчилгаа төлбөрт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөгийг Т.Оын өмчлөлийн "Б" ХХК-ийн дансаар, 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 30,000,000 төгрөгийг Ж.Ггийн эзэмшлийн Хаан банкны ...дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч 70,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

            хохирогч Т.Быг "зоориндоо махны хөргөгч авах гээд мөнгөний хэрэг болоод байна, зээл гарахаар чамд машин аваад өгье, эсхүл өөрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг "О" ХХК-ийн 50 хувийг шилжүүлж өгье" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Бын эзэмшлийн 58,557,560 төгрөгийн үнэ бүхий 83-53 УАТ улсын дугаартай "Lexus RX 450" загварын тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч хохирогч Т.Бт 58,557,560 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

            Ч.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах махны зооринд байсан хохирогч Ч.Дын 5040 килограмм буюу ямааны 239 ширхэг, 10.050 килограмм буюу хонины 475 ширхэг гулууз махыг худалдан борлуулж мөнгийг нь өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар шилжүүлэн авч 150,211,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

            Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ш.Дийн заруулахаар өгсөн 197 ширхэг ямааны гулууз, 20 ширхэг ширхэг гулууз буюу 4350 килограмм махыг хятадуудад зарж мөнгийг өгнө хуурч аван, улмаар махыг бусдад зарж борлуулан мөнгийг өөрийн Хаан банкны ... тоот дансаар авч бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсний улмаас 34,690,000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ч.Т нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Монгол улсад ажиллах хөдөлмөрийн визтэй болгож өгнө, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж өгнө" хэмээн ОХУ-ын иргэн Ц, Б нарыг хуурч, 20,000,000 төгрөгийг бусдын Хаан банкны ... дугаарын дансаар, 4,000,000 төгрөгийг бэлнээр буюу нийт 24,000,000 төгрөгийг шилжүүлэн өөртөө авч залилан бусдад нийт 367,459,160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

              Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, мөн нэр бүхий хүмүүсийн дансаар мөнгө шилжүүлэн авсан нь тэдгээрийг иргэний хариуцагчаар татах үндэслэл бий эсэхийг шалгах зорилгоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

              Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг хаана үйлдсэн, учирсан хохирлыг хариуцах этгээдийг тогтоохтой холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэргийн харьяалал өөрчлөгдөхгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх процесс ажиллагааны зөрчлийг арилгах, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх зохицуулалттай. 

 

              Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

              Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Ч.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ,

                          ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

                           ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

 ШҮҮГЧ                                                         Б.БАТЗОРИГ