| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0102/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энхтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 108
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Р.Энхтуяа,
өсвөр насны шүүгдэгч Т.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Урангоо, өмгөөлөгч Б.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708017450309 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 17 настай, бага боловсролтой, Ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургуулийн 9 дүгээр ангийн Д бүлэгт сурдаг, ам бүл 6, аав, ээж, 2 эгч, дүү нарын хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Т.Г нь ангийн сурагч О.Чийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Т.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, шүүгдэгч Т.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 76 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Чийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн П.Очирбатын өргөдөл /хх-ийн 3х/
Насанд хүрээгүй хохирогч О.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10:50 цагт ...Хүдэрчулуун, Дөлгөөн нарын хамт явж байсан. Манай найз Хүдэрчулуун нь Гантулга гэх хүүхэдтэй мөрлөлцсөн чинь Гантулга “замаа хар пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь нөгөө Гантулга гэдэг залуу “хэрзийсэн банди минь” гэж хэлээд миний дух руу мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд цохьсон чинь намайг буцаагаад цохьсон. Тэгээд бид хоёрыг хүүхдүүүд салгаад анги руугаа явж байсан чинь миний араас гүйж ирээд хамар луу гараараа цохьсон. Тэгсэн чинь миний хамар баруун тал руугаа далийчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 6х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12438 дүгнэлтэд: “...О.Чийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн ззрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 24х/
Насанд хүрээгүй гэрч Ц.Хүдэрчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед ...Дөлгөөн, Чингис бид хэд явж байтал ...Гантулга нь намайг мөрлөөд гарсан. Тэгснээ Гантулга “замаа хараач пизда минь” гэж хэлэхээр ...Чингис “юу гэнээ гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Гантулга Чингисийг “үзэх юм уу” гээд заамдаж аваад толгой руу нь мөргөсөн. Тэгээд Гантулга, Чингис хоёр хоорондоо муудалцаад Чингис Гантулгыг 2-3 удаа цохьсон. ...Салгаад би Чингисийг аваад анги руу орох гээд явж байсан чинь Гантулга найз нараа орхиод Чингис бид хоёрын араас гүйж ирээд Чингисийн хамар хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохиод, зүүн гараараа толгойг нь уургалж барьж байгаад нүүр лүү нь 2-3 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/
Насанд хүрээгүй гэрч Б.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед Шинэгэрэл, Гантулга хоёртой ...явж байтал 12 дугаар ангийн 3 хүүхэд хажуугаар зөрөхдөө Чингис, Гантулга 2 хоорондоо мөрлөлцсөн. Гантулга эргэж хараад “замаа харж яваач” гэж хэлсэн чинь Чингис Гантулга дээр очоод “юу гээд байгаа юм” гээд хоорондоо маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад Чингис Гантулгыг цамцнаас татаж байгаад нэг цохиод авахаар нь би Гантулгыг очиж салгаад байж байтал Гантулга цамцаа тайлж орхиод Чингисийг нүүр лүү нь гараараа 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/
Насанд хүрээгүй гэрч А.Шинэгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед сургуулийн хоёр давхарын зүүн жигүүрийн коридорт Гантулга, Батгэрэл хоёрын хамт явж байсан чинь 12а ангийн Чингис хоёр хүүхдийн хамт явж байгаад Гантулга, Чингис хоёр хоорондоо мөрлөлцсөн. Тэгсэн чинь Гантулга “замаа хараад яваач” гэж хэлсэн чинь Гантулгыг Чингис “юу гээд байгаа юм” гээд хэрэлдэж байгаад Гантулгыг Чингис нь заамдаж аваад нэг удаа цохьсон. Тэгсэн Гантулга доошоо тонгойсон чинь хувцсыг нь толгой руу нь дарж байгаад Чингис нуруу руу нь цохьсон. Тэгээд Батгэрэл бид хоёр салгаад байж байсан чинь Гантулга цамцаа тайлж коридор дотор байсан гэр дээр тавиад гүйж очсон чинь Чингис Гантулгыг цохьсон чинь Гантулга цохилтоос нь бултаад /оногдоогүй/ буцаагаад Гантулга Чингисийн хамар хэсэгт нь гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/
Насанд хүрээгүй гэрч Б.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед ...Хүдэрчулуун, Мөнхтулга, Чингис бид хэд явж байсан чинь Гантулга гэх хүүхэд манай ангийн хүүхэдтэй мөрлөлцсөн гээд маргалдаад эхэлсэн. ...Тэгэхээр нь би хажуугаар нь гарч яваад ангидаа хүүхдүүдэд хэлэхээр ороод ангийн хүүхдүүдтэй Чингисийг хүүхэдтэй муудалцааж байна гэж хэлээд ангиас гарч иртэл Гантулга, Чингис хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгээд манай ангийн хүүхдүүд гарч ирээд Чингисийг аваад анги руугаа орох гээд явж байсан чинь Гантулга Чингис дээр ирээд нүүр лүү нь 1 удаа ...цохьсон. ...Тэгээд Чингисийг анги руу аваад ороход хамар нь мурийгаад цаашаа чихэгдчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/
Өсвөр насны шүүгдэгч Т.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ...би нэг хүүхэдтэй нь мөрлөлцсөн, яг хэнтэй нь мөрлөлцсөнөө санахгүй байна. Тэгээд мөрлөлцсөний дараа цаашаа явж байгаад “ёо алах гэж байна ш дээ” гээд явж байсан чйнь хойноос нэг банди нь “юу гэнээ пизда минь” гэсэн чинь араас нь Чингис нь “чи юу гээд байгаа юм нааш ир” гэж хэлсэн. Тэгээд би зогсож бай гэж хэлээд өөдөөс нь заамдалцаад авсан. Тэгэхээр нь би “тавиараа хэрзгэрээ” гэж хэлээд Чингисийг түлхсэн. Тэгтэл Чингис миний мөр орчим цохих шиг болсон. Тэгэхээр нь би өөдөөс нь цохих гэж байсан чинь миний өмсөж явсан хүрэмнээс татаад толгой дээгүүр нөмрүүлчихсэн. Тэгээд миний дээрээс цохиод байх шиг байсан. Тэгсэн надтай хамт явсан 2 банди тэр хүмүүсийг салгаж холдуулсан. Тэгэхээр нь би хүрмээ тайлаад 2 давхарт байсан хиймэл гэр дээр тавиад “хөөе” гээд араас нь явж очоод Чингисийг дуудсан. ...Чингис дээр очсон чинь намайг нэг өшиглөх шиг болохоор нь би зөрүүлээд нүүр лүү нь 1 удаа цохьсон чинь хамар дээр нь цохигдсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Өсвөр насны шүүгдэгч Т.Г нь насанд хүрээгүй хохирогч О.Чийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №12438 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул өсвөр насны шүүгдэгч Т.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Т.Гантулгын хувийн байдлын талаар:
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 57х/
Суралцагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 53х/
Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт /хх-ийн 54х/
Нас тоолсон тухай тэмдэглэлд: “гэмт хэрэг гарсан гэх 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Т.Г нь 17 нас 21 хоногтой байсан байна” гэжээ.
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Насанд хүрээгүй хохирогч О.Ч нь “эрүүл мэндийн хохирол, төлбөрт шүүгдэгч талаас 300.000 төгрөг авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 52х, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/
Оногдуулах ял шийтгэлийн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” гэж тодорхой заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Т.Гантулгын үйлдсэн хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах” гэсэн ялын төрөлтэй байна.
2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Т.Гд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй.
Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Гд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч О.Чийн гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Г120 /зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч Т.Гиргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ