Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/335

 

    

 

 

  2024             03            19                                          2024/ДШМ/335

 

Я.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Я.Г,

цагаатгагдсан этгээд Я.Г, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/919 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаярын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 2102003440120 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Я.Г/РД:ШД73071464/, 1973 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, 7 дугаар хэсэг, “Маршал таун” хотхоны 100 дугаар байрны 6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн Их Монголын гудамж, Ривер гарден хотхоны 402 дүгээр байрны 902 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Я.Г нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн ...  даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

мөн Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн тухай хууль, энэхүү дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана” гэж заасан хэм хэмжээг тус тус зөрчиж, зоогийн газрын үндсэн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, худалдан авалт, зардлын төлөвлөгөөг сар жилийн давтамжтайгаар боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авах, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хүлээн авч ажиллагсдын хэрэгцээ шаардлагад нийцсэн амт чанартай, халуун хоол ундаагаар түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэх, хяналт тавих, ажилсагсдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн /бууз, ногоотой шөлний бөөрөнхий, котлетын амталж хөлдөөсөн, гуляшны бэлдэж амталсан, тефтелний амталж бэлдсэн, шницелийн амталж хөлдөөн бэлдсэн/ махнаас өөрийн эзэмшлийн ...  УБС улсын дугаартай “Тоуоtа Highlander” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “... ” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “Эрчим зоог” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан “үйлчилгээ үзүүлэх” 129 дугаартай гэрээний дагуу “Тоёоко инн” зочид буудалд короннавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдэд хоол нийлүүлж, өөртөө буюу “...” цэцэрлэгт 12.605.805,37 төгрөгийн давуу байдал бий болгож, “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК-д 12.605.805,37 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Я.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Я.Г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Я.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Ууганбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1.Мөрдөн шалгах ажиллагаагаар Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газарт учирсан хохирлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай “...Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Эрчим зоог цайны газрын даргаар ажиллаж байсан Я.Г нь 2021 оны 01 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн үнэтэй 494.67 кг мах, 2021 оны 2 дугаар сард 7,927,168.53 төгрөгийн үнэтэй 777.945 кг мах буюу нийт 12,605,805.37 төгрөгийн үнэтэй 1,272.615 кг мах дутагдуулж, хохирол учруулсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. ...Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Эрчим зоог цайны газар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,660 кг мах тоолуулсан байна. 2021 оны 1, 2, 3 дугаар сард 14,680 кг махны орлого авсан, 12,952 кг мах зарцуулж 2021 оны 3 дугаар сарын 31-нд 2,126 кг мах тоолуулсан байна. Тооллогын зөрүүгээр 2021 оны 01 дүгээр сард 494.670 кг (2769.520-2274.850) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 4,678,636.84 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 777.945 (32182.230-2404.280) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 7,927,168.53 төгрөг, нийт 1,272.615 кг мах буюу 12,605,805.37 төгрөгийг дутагдуулсан байна...” гэх дүгнэлтээр,

Шинжээч мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар, эрх зүйч, нягтлан бодогч, мэргэшсэн нягтлан бодогч Б.Э 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай “...Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын даргаар ажиллаж байсан Я.Г нь 2021 оны 01 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн үнэтэй 494.67 кг мах, 2021 оны 02 дугаар сард 7,927,168.53 төгрөгийн үнэтэй 777.945 кг мах буюу нийт 12,605,805.37 төгрөгийн үнэтэй 1,272.615 кг мах дутагдуулж, хохирол учруулсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. Энэ нь “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5-д “Үүргээ биелүүлэх явцдаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хариуцаж эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээнэ”, 5.6-д “Компанийн эд хөрөнгийг өөрөө хувьдаа ашиглан шамшигдуулахгүйн зэрэгцээ бусдын дутагдал, зөрчлийг илрүүлэн ажил олгогчид цаг алдалгүй мэдэгдэх үүрэг хүлээнэ гэснийг тус тус зөрчсөн...”. гэх магадалгаа зэргээр Я.Ггийн бусдад учруулсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоосон, түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шинжээч нар шүүх хуралдаанд оролцож дээрх хохирлын хэмжээ болон мах дутагдуулсан цаг хугацааны талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байхад шүүхээс дээрх мэдүүлэг, дүгнэлт хэрхэн эргэлзээ төрүүлж, үгүйсгэгдэж байгаа талаарх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр эргэлзээтэй гэж үзсэн.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Я.Г нь 2021 оны 01 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн үнэтэй 494.67 мах, 2021 оны 2 дугаар сард 7,927,168.53 төгрөгийн үнэтэй 777.945 кг мах буюу нийт 12,605,805.37 төгрөгийн дутагдуулах цаг хугацаанд Я.Г нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын ажилтан нараар мах бэлтгүүлэн өөрийн үүсгэн байгуулсан “... ” цэцэрлэг рүү өөрийн машинаар тээвэрлэсэн талаар нэр бүхий гэрч нар тодорхой мэдүүлсээр байтал дээрх мэдүүлгийг үнэлээгүй илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм, Я.Ггийн ажлын байрны тодорхойлолт /5-р хавтаст хэргийн 237-244/, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай” А/02 дугаартай тушаал /6-р хавтаст хэргийн 08-09/, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн а/43 дугаартай Я.Гг ...  даргын албан тушаалд томилсон тушаалын хуулбар, Я.Ггийн хөрөнгө орлогын мэдүүлэг зэргээс дүгнэхэд түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, мөн Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан болох нь тогтоогдсон байхад нийтийн албан тушаалтан биш гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүх яллагдагчийн гэм буруугийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм. Түүнчлэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлд хамаарч байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/919 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Я.Ггийн өмгөөлөгч Д.Отгонбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн бодитой үнэлж, зөв дүгнэлт хийж, Я.Гг цагаатгасан. Прокурорын бичсэн эсэргүүцэлд дараах тайлбарыг гаргаж байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эдийн засгийн мөрдөгчийн магадалгааг прокурорын эсэргүүцлийн үндэслэл болгосон байна. Прокуророос уг магадалгаагаар Я.Г нь 1272 кг мах дутаасан үйл баримт тогтоогдсон гэж үзэж, үүнийг шүүх үнэлэх ёстой гэж үзсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд шинжээч тусгай мэдлэгээр хэрэгт авагдсан тоо тооцоолол, шинжлэх ухааны мэдээллийг тогтоодог. Харин хэн гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоодог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар эд хариуцагч Орхон гэдэг ахлах тогооч ажлын байрны чиг үүрэгт заасны дагуу 1272 кг махыг дутааснаа хүлээн зөвшөөрч, сахилгын шийтгэл хүлээж, 13.000.000 төгрөгийн хохирол төлсөн үйл баримт байдаг. Энэ үйл баримтаар прокурорын эсэргүүцэлд бичигдсэн мөрдөгчийн магадалгаа үгүйсгэгдэж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж Я.Г гэмт хэрэг үйлдсэн гэж дурддаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “Мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай эдийн засгийн магадалгаа үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох нь шинжээчийн чиг үүрэг биш бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно.” гэсэн байдаг. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтоор Я.Г нь эд хариуцдаг этгээд биш болох нь хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэж, гэрч Орхоны мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Эрчим зоогийн газар нь уг ТӨХК-ийн дүрэм, бүтцийн дагуу нэгж бөгөөд Авлигын эсрэг олон улсын конвенц болон Авлигын эсрэг хууль, нийтийн албаны хууль тогтоомжуудын дагуу тусгайлан эрх олгоогүй ч, компани өөрийн дүрмээр эрх бүхий албан тушаалтнаар тогтооно гэсний дагуу Я.Г нь нийтийн албан тушаалтан биш болох нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасанд үндэслэн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Я.Ггийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрчим зоогийн газар болон Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн ажилчдын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр Я.Гг 1200 кг махыг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд зөөвөрлөж байсан гэх мэдүүлэг огт байдаггүй. Гэрчийн мэдүүлэгт “Я.Г захирал хоолны бэлдэц авч явж байсан бөгөөд төлбөр төлсөн эсэхийг мэдэхгүй.” гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судалж, Я.Г нь ажиллаж байх цаг хугацаандаа буюу 2010-2021 оны хооронд төлбөр төлж хоолны бэлдэц авч байсан талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Гэрч нарын мэдүүлэгт 2021 оны 3 дугаар сард хоолны бэлдэц зөөсөн гэх боловч тухайн хоолны бэлдэц нь Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн нягтлан бодогч Т гэх хүний буяны ажилд хэрэглэгдэх хоолны материал болох нь нотлогдсон байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч О, Г, шинжээч нарыг оролцуулсан бөгөөд гэрч Г  дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч нарын мэдүүлгийг шинжлэн судлахад Я.Г мах аваад явж байсныг хараагүй байдаг. Энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч “Шинжээчийн дүгнэлт гаргахад махны хаягдал, хорогдлын талаар баримт ирүүлээгүй тул махны хаягдал, хорогдолтой холбоотой асуудалд дүгнэлт өгөөгүй.” гээд, хэрэв акт гаргаж өгсөн тохиолдолд дүгнэх боломжтой талаар дурдсан байдаг. Эд хариуцагч Орхон “Ковид цар тахлын үе байсан тул хаягдал, хорогдол их хэмжээгээр гарч байсан. Эд хариуцагч алдаа гаргаж, технологийн картыг баримталж ажиллаагүйн улмаас бүртгэл байхгүй.” гэж мэдүүлсэн байдаг. Я.Г нь гэмт хэргийн субъект мөн эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүсэлтүүд гаргаж байсан боловч прокурорын шатанд хүсэлтэд үндэслэлтэй хариу өгч байгаагүй. Компанийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар компанийн дүрэмд заасан эрх бүхий албан тушаалтанд тогтоогдоогүй хүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй. Прокуророос Я.Г нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг учраас нийтийн албан тушаалтан гэж үзсэн байдаг. Гэтэл Монгол Улсын хууль тогтоомжид хөрөнгө орлого гаргадаг этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үзэх зохицуулалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Я.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мах дутсан асуудал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Я.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мах дутсан 1, 2 дугаар сар нь ковидын онцгой нөхцөл байдлын үе байсан. 1, 2 дугаар сард би гэрээсээ 19 хоног ажилласан. Тухайн үед бүх ажилчид QR кодтой байсан бөгөөд хэн, хаана явж байгааг хянадаг байсан. Гэрээсээ ажиллаж байх үедээ өдөрт 3 удаа зүүм хуралд ордог байсан. 1200 кг мах гэж тооцож үзвэл би өдөрт 68 кг махыг үүрээд станцын харуул хамгаалалттай 2 хаалгаар гарч явсан дүр зураг харагдаж байна. Би эд хариуцагч биш бөгөөд эд хариуцагч Орхон гэдэг хүн тухайн үед хариуцлагаа хүлээж, ажлаасаа халагдаж, мах дутсан асуудлыг төлж барагдуулсан байдаг. Станцын ажилчид мах болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг картаар болон бэлэн мөнгөөр станцын кассад бичүүлээд авч болдог. 3 дугаар сарын 21-ний өдөр миний машинд ачиж байсан хоолны зургийг тавьсан байсан. Тухайн үед жолооч нь шинжилгээ өгөөгүй байсан тул станцаар нэвтрүүлээгүй бөгөөд гараар зөөвөрлөж болохгүй гээд би машинаараа зөөвөрлөж өгч байсан...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Я.Гг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн ...  даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

мөн Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн тухай хууль, энэхүү дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана” гэж заасан хэм хэмжээг тус тус зөрчиж, зоогийн газрын үндсэн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, худалдан авалт, зардлын төлөвлөгөөг сар жилийн давтамжтайгаар боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авах, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хүлээн авч ажиллагсдын хэрэгцээ шаардлагад нийцсэн амт чанартай, халуун хоол ундаагаар түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэх, хяналт тавих, ажилсагсдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн /бууз, ногоотой шөлний бөөрөнхий, котлетын амталж хөлдөөсөн, гуляшны бэлдэж амталсан, тефтелний амталж бэлдсэн, шницелийн амталж хөлдөөн бэлдсэн/ махнаас өөрийн эзэмшлийн ...  УБС улсын дугаартай “Тоуоtа Highlander” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “... ” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “Эрчим зоог” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан “үйлчилгээ үзүүлэх” 129 дугаартай гэрээний дагуу “Тоёоко инн” зочид буудалд короннавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдэд хоол нийлүүлж, өөртөө буюу “... ” цэцэрлэгт 12.605.805,37 төгрөгийн давуу байдал бий болгож, “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК-д 12.605.805,37 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Шүүгдэгч Я.Гг хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой, бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүйн зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэл болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.

 

Гэтэл анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Я.Гг цагаатгах болсон нотлох баримт, түүний агуулга болон яллах дүгнэлтийн үндэслэл болгосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай “...Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Эрчим зоог цайны газрын даргаар ажиллаж байсан Я.Г нь 2021 оны 01 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн үнэтэй 494.67 кг мах, 2021 оны 2 дугаар сард 7,927,168.53 төгрөгийн үнэтэй 777.945 кг мах буюу нийт 12,605,805.37 төгрөгийн үнэтэй 1,272.615 кг мах дутагдуулж, хохирол учруулсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. ...Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Эрчим зоог цайны газар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,660 кг мах тоолуулсан байна. 2021 оны 1, 2, 3 дугаар сард 14,680 кг махны орлого авсан, 12,952 кг мах зарцуулж 2021 оны 3 дугаар сарын 31-нд 2,126 кг мах тоолуулсан байна. Тооллогын зөрүүгээр 2021 оны 01 дүгээр сард 494.670 кг (2769.520-2274.850) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 4,678,636.84 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 777.945 (32182.230-2404.280) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 7,927,168.53 төгрөг, нийт 1,272.615 кг мах буюу 12,605,805.37 төгрөгийг дутагдуулсан байна...” гэх дүгнэлт,

- Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Э-н “...2021 оны 01 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн үнэтэй 494.67 кг мах, 2021 оны 2 дугаар сард 7,927,168.53 кг мах дутагдуулж, хохирол учруулсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. Энэ нь “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5-д “Үүргээ биелүүлэх явцдаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хариуцаж эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээнэ”, 5.6-д “Компанийн эд хөрөнгийг өөрөө хувьдаа ашиглан шамшигдуулахгүйн зэрэгцээ бусдын дутагдал, зөрчлийг илрүүлэн ажил олгогчид цаг алдалгүй мэдэгдэх үүрэг хүлээнэ гэснийг тус тус зөрчсөн байна” гэх магадалгаа,

- Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-н “...Манай байгууллага 7 дугаар сард шинжлэх ухааны сургуулийн багш нар болон мэргэжлийн хүмүүстэй хамтран хоолны орц, норм зэргийг тусгасан технологийн картыг боловсруулан гаргасан. Хоолны үлдэгдэл гардаг байсан бөгөөд өдөрт хэдэн хүн хоолонд орохыг урьдчилан мэдэх боломжгүй, хоол үлддэг учраас автоматаар 5 хувийн хорогдлыг нэмж тооцдог...” гэх мэдүүлэг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Г “...Авлигатай тэмцэх газраас тогтоол, мөрдөгчийн магадалгаа, хоолны карт, бүртгэл зэрэг баримтыг ирүүлсэн. Шинжээчийн дүгнэлтэд ирүүлсэн ирүүлсэн баримтын хүрээнд мөрдөгчийн магадалгаа үндэслэлтэй байсан..” гэх мэдүүлэг,

- нэр бүхий гэрч нарын “...Биднийг гэрээсээ ажиллах 2 хоногт Грейс төвийн цайны газарт ажиллуулж, хоол хийлгэн, хоолыг онцгой байдлын газрын албан хаагчид баруун 4 замын хойд талд байрлах “Toyoka Inn” зочид буудалд тусгаарлагдсан иргэдэд хүргэж өгдөг байсан юм аа. Бид нарыг Грейс төвийн цайны газарт ажиллаж байх үед манай ДЦС-4 ТӨХК-ийн хоолны газрын дарга Я.Г станц руу өөрийн эзэмшлийн ...  УБО улсын дугаартай үзмэн ягаан өнгийн Toyota Highlander маркийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн, цайны газраас албан хаагчдын хоолны махыг савлаж зөөдөг байсан. ...Эрчим зоогийн газраас торонд хийж авч гардаг мах, махан бүтээгдэхүүн, хоолны материалаа төмөр зам дахь өөрийн ...  цэцэрлэг, Грейс цайны газар руу авч явдаг гэдгийг нь мэдэх юм. ...хоол хийх зориулалтын хоолны саванд бид нараар хийлгээд өөрийнхөө ...  УБС улсын дугаартай машинд ачуулдаг байсан.

...Дулааны 4-р цахилгаан станцын дарга нарын машин шууд ордог. Дотоодын 05-р цэргийн ангийн алба хаагч нар дарга нарын машин гэхээр шалгалгүйгээр гаргадаг тохиолдол байдаг. Ер нь дарга нарын машиныг байнга нарийн шалгаад байдаггүй юм байна лээ дээ. ...Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Станцын салбарын захирагч нь Я.Г даргын өрөөнд ирж баахан архидаж архидаж байгаад согтоод явж чадахгүй бид нараар түшүүлээд гараад явж байсан. ...Дулааны 4-р цахилгаан станцыг харж байгаа Дотоодын цэргийн 5 дугаар ангийн алба хаагч нар манай Эрчим зоог цайны газраас хоол иддэг. Энэ утгаараа Я.Г даргын машиныг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч нар шалгана гэж юу байхав дээ. ...Постын үүдэнд дээшээ өргөгдөг машины хаалт байдаг, тэр хаалтыг алсаас удирддаг чип Гэрэлмаа даргад байдаг. Ер нь ажлын ачааллаас шалтгаалаад станцын удирдах албан тушаалтнуудын машиныг тэр болгон, орж гарах бүрд нь шалгаж чадахгүй, тэд нар шалгуулахгүй гарчихдаг. ...Ер нь бол Гэрэлмаа нь ажил дээрээ өөрийн хувийн машинтайгаа ирсэн тохиолдолд бүртээ дотогш нэвтрэн ордог байсан. Энэ үедээ зогсоол дээр машинаа заримдаа тавина, заримдаа цааш цайны газар руугаа  машинтайгаа явчихдаг байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ тодорхой заалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор буюу Я.Ггийн цахилгаан станцын ажилчдын хоолны бэлдэцийг өөрийн үүсгэн байгуулсан “... ” цэцэрлэг рүү зөөвөрлөж өөртөө буюу “... ” цэцэрлэгт давуу байдал бий болгосон үйл явдалтай холбогдсон шууд ба шууд бус нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс зарим нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр дан ганц гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтанд ямар албан тушаалтнууд  хамаарахыг хуульчилж өгсөн.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”; зэрэг нь нийтийн алба хашиж байгаа, тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд буюу нийтийн албан тушаалтан байна.

 

Дээрх хуулиас үзвэл нийтийн албанд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтад Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газрын дарга тус албан тушаалтанд хамаарч байна.

 

Иймд прокурор Б.Ууганбаярын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/919 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Я.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

          ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН