Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01281

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01281

 

 

 

 

Д.З-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/00992 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.З-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/40 тоот албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар улсын бүртгэлийн Ү-ххххххх эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,  тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө худалдсан хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/03178 тоот захирамжаар Б.Г, Д.З нараас 108 946 050 төгрөг гаргуулж ХХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, Б.Г-д мэдэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороотоот хаягт байрлах үл эд хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан. Нэхэмжлэгч Д.Зд албадан дуудлага худалдааны тухай, мөн хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдээгүй. Д.З нь 2017 оноос эхлэн Б.Гоос тусдаа амьдарч байгаа бөгөөд албадан дуудлага худалдаа явагдсаныг мэдээгүй байсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаа явуулах тогтоол,

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо  тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдсан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Албадан дуудлага худалдаа явуулах тухай Д.Зд огт мэдэгдээгүй бөгөөд шуудангаар мэдэгдсэн гэх боловч энэ тухай баримт нь хэрэгт байхгүй. Мөн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд, Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М-т хандан гомдол гаргасан, гомдлын хариуг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/88 дугаар тогтоолоор гаргаж, Д.Зд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гардууллаа. Тус тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н-д гомдол гаргасан боловч 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04/3548 тоот хариуг мэдэгдлээ. Тиймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/40 тоот албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн албадан дуудлага худалдааны Хан-Уул дүүргийн 15 хороо тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 16290518 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Г, Д.З нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххх дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,  тоотод байрлах, 69.84 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 190/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 190/03 дугаар тогтоолоор хурааж, холбогдох хуульд заасны дагуу хөрөнгөд үнэлгээ тогтоож талуудад мэдэгдсэн.

Талуудад анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/40 дүгээр тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/25466 дугаартай албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахад барьцаа хөрөнгө худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулж, албадан дуудлага худалдааг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж, хөрөнгийг худалдан борлуулсан. Төлбөр төлөгч Б.Г, Д.З нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн цагаас эхлэн төлбөр төлөгчөөр татагдан оролцож, 2017 оны 10 дугаар сарын 27-ны болоод 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр явагдах албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдэлтэй танилцсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зураг болон холбогдох баримтуудаар тогтоогдоно. Иймд төлбөр төлөгч Д.З нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй удаа дараа хөрөнгийн үнэлгээ болоод бусад асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа явуулах 10/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.З-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч С.Г нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-хххх  дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, улмаар мэдэгдлийг албан ёсоор танилцуулаагүйд гомдолтой.Албан ёсоор танилцуулаагүй нь тухайн барьцаалбарт хамаарах өөрийн хувьд ногдох хэсгийг гаргуулан авах боломж хязгаарлагдсан гэж үзэж байна. Ү-ххххх дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо  тоот үл хөдлөх хөрөнгө нь Б.Г Д.З хоёрын хамтран амьдарч байх хугацаанд бий болгосон хөрөнгө юм. Б.Гтой 2017 оноос хойш хамтран амьдрахаа больсон бөгөөд тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ийм хэмжээнд хүрсэнийг мэдээгүй болно гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/40 тоот албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар улсын бүртгэлийн Ү-ххххх  эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө худалдсан хэсгийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1-2, 18/

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3178 дугаар шүүгчийн захирамжаар Б.Г, Д.З нараас 108 946 050 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт байрлах, 69,84 м.кв талбай бүхий сууцыг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэжээ. /хх 19,22/

 

Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан ба 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 190/02 тоот тогтоолоор эд хөрөнгө битүүмжилж, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 190/03 тоот тогтоолоор хураасан. хх 27-29/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хуулиар тогтоосон дараалал журмаар явуулсан, хариуцагч тал эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж гурван шатны шүүхээр хянагдсан байна./хх 48-53/

 

Албадан дуудлага худалдааны тов, ажиллагааны талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Зд мэдэгдэж, гарын үсэг зуруулсан, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх 32/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх юм. Төлбөр төлөгч тал хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3178 дугаар шүүгчийн захирамжийг 4-5 жил биелүүлэхгүй удааширч байгаа үйл баримт тогтоогджээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллын дагуу албадан дуудлага худалдаа явуулсан нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/00992 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД