Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/195

 

2024            02            14                                         2024/ДШМ/195

                                                                О.Б, Ш.Ж нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

хохирогч, шүүгдэгч Ш.Ж,

хохирогч, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1448 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Ш.Ж, шүүгдэгч О.Б-н өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Б, Ш.Ж нарт холбогдох 2308 00681 0643 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Б овогт О-н Б, ............-ны өдөр ..........аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “..........” ХХК-д засал чимэглэлч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, /РД: ............/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 сарыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 2 сар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 100а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 жил 03 сар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

2. Б овогт Ш-н Ж, ...................-ны өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, бэрийн хамт, ...................тоотод оршин суух хаягтай, /РД: .........../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон;

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр .............дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны гадна талд иргэн Ш.Ж-г “гар утас хулгайлсан” гэснээс болж маргалдан хоорондоо харилцан зодолдож, түүний биед тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хүзүүнд зулгаралт, дух, хамар, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ш.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ........ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны гадна талд иргэн О.Б-г “гар утас хулгайлсан” гэснээс болж маргалдан хоорондоо харилцан зодолдож түүний биед доод уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, доод үүдэн зүүн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Б, Ш.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Б, Ш.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Ш.Ж нарыг тус бүр 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч нарыг дээрх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Б-с 161.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгож, хохирогч О.Б, Ш.Ж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Ш.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхээс 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг эс зөвшөөрч надад торгуулийн ял оногдуулж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна.

            Ш.Ж миний хувьд ам бүл 2, эхийн хамт амьдардаг. Би 2011 оноос одоог хүртэл барилгын компанид заслын ажил хийж байгаа. Сард 1.200.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Болсон асуудалдаа гэмшиж байгаа бөгөөд хохирогчоос уучлалт гуйсан. О.Б нь намайг зодож, хөнгөн гэмтэл учруулсан.

            Миний эрүүл мэндийн хувьд 2016 онд авто осолд орсны улмаас үе үе ухаан алдаж унадаг, эмчийн хяналтад байж, байнга уналт таталтын эм хэрэглэдэг боловч жоохон ядрах даарах, биеийн эсэргүүцэл сулрахаар татаж унадаг. Ухаан алдаж унахаар хажууд хүнгүй бол хэцүү байдаг. Энэ байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч О.Б-н өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь, шүүгдэгч О.Б нь гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн өөрөө хохирогч атлаа хохирол төлбөр нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 161.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, “.............” ХХК-д ажил эрхэлдэг, эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг талаар нотлох баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх түүнийг “... О.Б нь тодорхой ажилтай талаар тодорхойлолт шүүхэд ирүүлсэн боловч түүний орлогыг тодорхойлох дансны хуулга баримт авагдаагүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол, хор уршгийн зардлыг төлж барагдуулаагүй, мөн урьд хорих, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялыг биечлэн эдэлсэн боловч засрал хүмүүжил олж нийгэмшээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний нийгэмд аюултай зан төлөвийн илрэл тул түүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эргүүгийн хариуцлагын зорилгод үл нийцнэ” гэж шүүгдэгчийг нийгэмд аюултай зан төлөвтэй гэж хувийн байдлыг нь хэтэрхий хүндрүүлэн дүгнэж, эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. О.Б нь хамгийн сүүлд 2020 оны 4 сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялаа биечлэн эдэлж засрал хүмүүжил олсон болох нь 2020 оноос өнөөдрийг хүртэл дахин гэмт хэрэг үйлдээгүй, ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл үр хүүхэдтэй болсон байдлаас харагдаж байна. 2023 оны 2 сард хохирогч Ш.Ж-д хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэж байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эхнэрийнхээ нэр дээр банкнаас автомашин зээлээр авсан тул ажил, хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б, Ш.Ж нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрт 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. ... Гомдолд заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Яллах дүгнэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн боловч 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Энэ хугацаанд шүүгдэгч О.Б-г прокурорын шатнаас оргон зайлсхийсэн гэх үндэслэлээр АСАП санд эрэн сурвалжлагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ............. хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны гадна талд иргэн Ш.Ж-г “гар утас хулгайлсан” гэснээс болж маргалдан хоорондоо харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хүзүүнд зулгаралт, дух, хамар, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ш.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ............дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны гадна талд иргэн О.Б-г “гар утас хулгайлсан” гэснээс болж маргалдан хоорондоо харилцан зодолдож түүний эрүүл мэндэд доод уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, доод үүдэн зүүн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ш.Ж-н хохирогчоор өгсөн “... Тэр залуу надад хандаж “чи миний гар утсыг хулгайлсан. Чи ийм байдлаар хэдэн хүний гар утсыг хулгайлсан п... минь машинаасаа буугаад ир хоёулаа алалцана” гэж хэлээд буусан. Би бас машинаасаа буугаад тэр залуу дээр очсон. Тэгтэл тэр залуу миний хоолойг боохоор нь би бас адилхан хоолойг нь боогоод байж байхад... нөгөө залуу ирээд намайг үсдээд доош дарсан чинь надтай анх маргалдсан залуу миний нүүр рүү 2 удаа өшиглөсөн чинь түүний эхнэр гарч ирсэн. ... Тэр үед нь миний дургүй хүрээд тэр залуу дээр очоод сууж байхад нь хүзүүний хэсэгт нэг удаа өшиглөсөн...” /хх 9-10/,

шүүгдэгч О.Б-н хохирогчоор өгсөн “... Би таксины жолоочтой машинаас нь буугаад барьцалдаж аваад хоорондоо маргалдсан чинь бид хоёр хөл алдаад давхралдаж унаад газар хэвтэж байхад манай эхнэр цаанаас гарч ирээд бид хоёрыг болиулсан. ... Тэгээд би гражийн ордог хэсгийн хашлага дээр сууж байхад тэр залуу миний нүүр лүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед нь би босоод тэр залуугийн нүүр лүү 2, 3 удаа цохисон чинь нүд нь хавдчихсан. Таксины жолооч бид хоёр хоорондоо маргалдаж нэг нэгнийхээ биед гэмтэл учруулсан. ...” /хх 17-18/,

гэрч Э.Б-н “... Би таксинд суугаад нам унтчихсан байсан ба нэг сэрсэн чинь Б-н гэрт ирчихсэн байсан. Б надад хэлэхдээ таксины жолоочтой гар утаснаас болж маргалдаж хоорондоо зодолдсон гэж хэлсэн. ...” /хх 29-30/,

гэрч Н.О-н “... Би гэрээс гараад байрны гадаа очих үед манай нөхөр Б таксины жолоочтой гар утаснаас болж маргалдаад, хэрэлдээд... барьцалдаад байж байхад нь би очоод салгасан. Тэгээд би нөхөр Б-г гражийн хашлага дээр суулгаад харин таксины жолоочийг цааш нь явуулсан. Тэр үед манай нөхөр Б болон таксины жолооч хоёр хоорондоо хэрэлдээд байж байхад таксины жолооч манай нөхөр Б-н нүүр лүү нэг удаа өшиглөж газар унагаасан. Тухайн үед манай нөхөр Б уурлаад тэр таксины жолоочийн нүүр лүү 2, 3 удаа гараа атгаж байгаад цохиод барьцалдаж аваад ноцолдоод газар унаад байж байхад нь би бас нэг үл таних эгч бид хоёр тэр хоёрыг салгасан. ...” /хх 21-22/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ш.Ж-н биед тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хүзүүнд зулгаралт, дух, хамар, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ  гэмтлүүд ба мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2214 дугаартай дүгнэлт /хх 35-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... О.Б-н биед доод уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, доод үүдэн зүүн 1-р шүдний сулрал, эрүүний төвгөрт цус хуралт, хүзүүнд зулгаралт, эрүүний ооч болон эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Доод уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, доод үүдэн зүүн 1-р шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2217 дугаартай дүгнэлт /хх 42-43/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч О.Б, Ш.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.Б, Ш.Ж нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдалд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан тул шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Ш.Ж, шүүгдэгч О.Б-н өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Гантуяаг төлөөлөгчөөр томилох итгэмжлэл тус байгууллагаас олгогдоогүй байхад иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч О.Б нь хэргийг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролдоо 161.000 төгрөг төлсөн болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1448 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Ж, шүүгдэгч О.Б-н өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                              С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР