Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2016/0614/З |
Дугаар | 672 |
Огноо | 2016-09-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 672
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.От********рын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газарт холбогдох
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний нөөцөд байсан 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, нэмэгдэл болох 21.835.351 /хорин нэгэн сая найман зуун гучин таван мянган гурван зуун тавин нэгэн/ төгрөгийг нөхөн олгуулахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Жанчивдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бо********г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***н оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.От********р нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Цагдаагийн хошууч Д.От********р би Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын 3 дугаар хэлтэст тасгийн даргаар ажиллаж байгаад Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мн/83 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нэг жил зургаан сарын хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын офицерын болон удирдлагын нөөцөд байсан юм.
Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрээр Д.От********р намайг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр томилсон юм.
Миний бие нэг жил зургаан сарын хугацаанд албаны нөөцөнд байсан хугацаанд цалин, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах утга бүхий өргөдлийг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Ч****ст 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан боловч “... Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мн/83 дугаартай тушаалаар таныг тасгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Та ажлын байр /албан тушаал/-аас чөлөөлөгдсөнөөс хойш ажлын байр /албан тушаал/-д томилогдох тухай ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын саналыг үндэслэн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар таныг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр томилсон. Төрийн албаны тухай хуульд зааснаар тодорхой албан тушаал эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдах эрх зүйн зохицуулалттай байх тул “Таны ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгох боломжгүй байна.” гэсэн утга бүхий хариуг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б****т-Ө***й 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2б/2385 дугаартай албан бичгээрээ ирүүлсэн.
Миний бие 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мн/83 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөхдөө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол энэ заалт хамаарах үндэслэлтэй бөгөөд чөлөөлөгдсөн байх хугацаандаа “Цагдаагийн алба хаагч захирах даргын тушаалыг биелүүлэх үүрэгтэй” гэсэн үүргийн дагуу хүлээцтэй хандсаар өдийг хүрсэн юм. Дээрх хариуг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн учраас Хууль зүйн сайд Д.До******т уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлоо 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан юм.
Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г.Цэ*****э 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7/2203 дугаартай албан бичгээрээ “... Хууль зүйн сайдад дээрх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар оногдоогүй байх тул холбогдох эрх бүхий байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү.” гэсэн хариу ирүүлжээ.
Энэ шийдвэрийн дагуу миний бие 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гарган хандсан боловч орон тооны гишүүн Д.Да***а-О***р гэсэн гарын үсэг бүхий албан бичигт “...Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д Энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргааны Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй бөгөөд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй хүний талаарх маргаан, нөөцөд байх хугацааны цалин хөлсний талаарх маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй юм.” гэжээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мн/83 дугаартай тушаалаар тасгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөс өмнө миний сарын үндсэн цалин 656,702 /зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун хоёр/, удаан жил ажилласны нэмэгдэл 131,340 /нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун дөч/, цолны нэмэгдэл 197,011 /нэг зуун ерэн долоон мянга арван нэг/, онцгой албаны нэмэгдэл 164,176 /нэг зуун жаран дөрвөн мянга нэг зуун далан зургаа/, сарын нийт дүн 1,149,229 /нэг сая нэг зуун дөчин есөн мянга хоёр зуун хорин ес/ төгрөг бодогдож байсан. Үүнээс татвар шимтгэлдээ 128,609 /нэг зуун хорин найман мянга зургаан зуун ес/ төгрөг суутгуулан гарт 1,020,620 /нэг сая хорин мянга зургаан зуун хорь/ төгрөг авч байсан юм.
2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллахдаа 2014 оны 09 дүгээр сард тухайн оны ээлжийн амралт авч 1,021,140 /нэг хорин нэгэн мянга нэг зуун дөч/ төгрөгийг сүүлийн цалиндаа авсан бөгөөд 2014 оны 10 дугаар сард бодогдсон урьдчилгаа цалин болох 311,086 /гурван зуун арван нэгэн мянга наян зургаа/ төгрөгийг аваагүй юм.
Иймд Д.От********р миний нөөцөнд байсан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, нэмэгдэл болон 21,835,351 /хорин нэгэн сая найман зуун гучин таван мянга гурван зуун тавин нэг/ төгрөгийг нөхөн олгуулахыг Цагдаагийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д агентлагийн дарга хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах,... эрхийг эдлэхээр заасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөөс төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.” гэж хуульчилсан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мн/83 дугаар тушаалаар цагдаагийн хошууч Д.От********рыг Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын тасгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана...” Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана.” гэж тус тус заасан.
Д.От********рыг ажлаас чөлөөлсөнөөс хойш тэрээр ажилдаа эргэн орох, үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн талаар Төрийн албаны зөвлөл болон шүүхэд хандаагүй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох байсан хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.” гэж заасан.
Д.От********р ажил албан тушаалд томилогдох талаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, холбогдох байгууллагад хандаагүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасны дагуу албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй тул түүнд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Д.От********рын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мн/83 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.От********рыг Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын 3 дугаар хэлтсийн тасгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар томилжээ.
Нэхэмжлэгч талаас “...ажлаас чөлөөлөгдсөнөөс томилогдох хүртэл хугацаанд нөөцөд байсан тул уг хугацааны цалин, нэмэгдлийг надад олгох ёстой...”, хариуцагч талаас “ажлаас чөлөөлсөн тушаалтайгаа маргаагүй, албан үүргээ гүйцэтгээгүй тул цалин, нэмэгдлийг олгох боломжгүй” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Д.От********р нь анх 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр буюу ажилд томилогдсон тушаал гармагц хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан 1 жил 6 сарын нөөцөд байсан хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн олгуулах талаар өргөдөл гаргасан бөгөөд хариуцагчаас 2016 оны 5 дугаар сарын 03-ны 2б/2385 тоот албан бичгээр “...Төрийн албаны тухай хуульд зааснаар тодорхой албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдах эрх зүйн зохицуулалттай тул ... олгох боломжгүй...” талаар хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
Улмаар Хууль зүйн сайд Д.До******т 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хандсанд Хууль зүйн яамны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7/2203 тоот албан бичгээр “...Хууль зүйн сайдад дээрх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй байх тул холбогдох эрх бүхий байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү...”, Төрийн албаны зөвлөлд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хандсанд “...төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй хүний талаарх маргаан, нөөцөд байх хугацааны цалин хөлсний талаарх маргааныг шийдвэрлэх боломжгүй...” тухай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Д.От********рт хариуг тус тус мэдэгдсэний дагуу шүүхэд хандсан байна.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь нэхэмжлэгч Д.От********рыг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мн/83 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч уг тушаалтайгаа маргаагүй тул ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй, харин 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албанд томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.От********рыг ажилд томилсон дээрх тушаалд Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно.”, 23 дугаар зүйлийн 23.1.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно: албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;” гэж тус тус заасныг баримталсан хэдий ч нэг тушаалаар олон албан хаагчийг зэрэг томилсон учраас нэхэмжлэгчид хамааруулахгүй гэх хариуцагчийн тайлбар нь “Ажлаас чөлөөлж, томилох, туршилтын хугацаагаар томилон ажиллуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах...” гэсэн тушаалын гарчиг, “38. Цагдаагийн хошууч Д.От********рыг...томилсугай” гэж албажсан зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч уг тушаалтайгаа маргаагүй болно.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албаны нөөцөд, тэр дундаа цагдаагийн албаны нөөцөд байсан хугацааг албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн албан тушаалын цолны тухайд Цагдаагийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөнөөс бусад тохиолдолд цагдаагийн албан тушаалын цолыг хураана.” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн цолны нэмэгдлийг нөөцөд байсан хугацаанд хугацаанд тооцон олгох үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.От********р нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр чөлөөлөгдөж 344.069 төгрөгийн цалин бодогдсон боловч уг цалин олгогдоогүй тохиолдолд бодож олгоход татгалзах зүйлгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацааны цалингаа аваагүй гэх тайлбарыг гаргаж, энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 28 дугаар зүйлийн 28.1-т тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи 8 хоногийн цалинг тооцож, нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.От********рын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган “Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.От********рын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх албан тушаалын цалинг олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг хугацааны цалинг олгох”-ыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг “2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх нөөцөд байсан хугацааны цалинг нөхөн олгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаруулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА