Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0085

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0085

Улаанбаатар хот

 

 

 

 

“А ч” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/2017/0934 дүгээр шийдвэртэй, “А ч” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 128/ШШ2018/0934 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А ч” ХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “А ч” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “А ч” ХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар “дэмжихгүй” гэснийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д зааснаар зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуулийн үндэслэлтэй байна хэмээн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байхад Төв аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал нь хуульд заасан үндэслэлтэй байх гэснийг зөрчсөн байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үздэг бөгөөд энэ талаараа анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцсэн.

Маргааны гол зүйл буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 460 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл нь Төв аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал болсон нь уг 460 тоот шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газар нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 173 тоот саналыг хуудсыг манай “А ч” ХК-д огт албан ёсоор танилцуулаагүй бөгөөд 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 460 тоот шийдвэр гарахад мэдсэн бөгөөд саналыг шийдвэртэй хавсаргаагүй бөгөөд шүүхийн шатанд нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад уг саналтай танилцсан байдаг ба энэ нь Төрийн байгууллага албан тушаалтны шийдвэрт гомдол гарган шийдвэрлүүлэх Үндсэн хуульд заасан эрхэнд халдсан гэж үзэхээр байгаа юм.

Мөн шийдвэрийн үндэслэл хэсэгт Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1-д заасны дагуу байгуулагдсан Засгийн газрын агентлаг бөгөөд Үндсэн хууль болон бусад хуулийг биелүүлэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага тул Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” санал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх чиг үүрэггүй юм гэсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 03 сарын 29-ний өдөр дахин шүүлт хийж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д заасан газартай давхцаагүй байна гэж шүүлт хийсэн мөртлөө хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.  

Хууль журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийн талбайд шалгарсан байхад төрийн 2 байгууллагын хоорондын уялдаа холбоо муу байгаагаас болж үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй болохоос гадна эдийн засгийн хувьд хохирол амсаад байгаад гомдолтой байна.

Иймд уг хэргийг дахин хянан үзэж Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0934 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

“А ч” ХК-ийн Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэрт Бор толгой нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч гаргасан NE-027228 /XA-020280-001-NE/ дугаар өргөдөлд Төв аймгийн Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 173 дугаар саналаар тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэснийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр уг өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. 

Нэхэмжлэгч нь “... нэгэнт хориглосон талбайтай давхцалгүй гэж үзэж өргөдлийг хүлээн авсан атлаа тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг зохион байгуулж буй захиргааны байгууллага өөрөө аймгийн Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь ойлгомжгүй, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргасны дараа төрийн байгууллагуудын уялдаа холбоо, зохион байгуулалтын улмаас иргэн, хуулийн этгээд хохирох ёсгүй” гэж, хариуцагч нь “... Засаг даргын “Дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зөрчөөгүй” гэж маргасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... шийдвэрийн үндэслэх хэсэгт Ашигт малтмал, газрын тосны газар нь ... хуулийг биелүүлэх үүрэгтэй, төрийн захиргааны байгууллага тул Засаг даргаас ирүүлсэн “Дэмжихгүй” саналыг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх чиг үүрэггүй юм гэсэн боловч 3 дугаар сарын 29-ний өдөр дахин шүүлт хийж Ашигт малтмалын тухай хуулийн 19.1.4-д заасан газартай давхцаагүй байна гэсэн мөртлөө татгалзсан ...” гэжээ.

Аливаа төрийн захиргааны байгууллага хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн байх ёстой бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь аймгийн Засаг даргын саналд Ашигт малтмалын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өөрийнх нь хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарах асуудлаар болон хуульд заасан процессын журмыг хангасан эсэхэд тодорхой хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй. Харин өөрийнх нь чиг үүрэгт хамаарахгүй, бүрэн эрх олгогдоогүй, аймгийн Засаг даргын бүрэн эрхийнхээ хүрээнд явуулсан үйл ажиллагаанд  хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэр гаргах эрхгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Төв аймгийн Засаг дарга нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл, Архуст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаар тогтоолыг үндэслэн “Дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ...” гэж заасан журмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Засаг даргын “Дэмжихгүй” гэсэн саналын үндэслэлд нь “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалт болон Гол булаг давхардсан” гэж 2 үндэслэл тэмдэглэжээ.

Хариуцагч нь “Гол булаг давхардсан” гэх үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд кадастрын мэдээллийн санд зураг зүйн шүүлтийг дахин хийж давхцалгүй гэж үзсэн байна.

 Гэвч Засаг дарга  19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн нөгөө үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн эрх олгогдоогүй байх тул хариуцагч Кадастрын хэлтэс нь өөрийн бүрэн эрхэд хамаарах хүрээнд Засаг даргын саналыг зохих журмын дагуу гарсан гэж үзэж улмаар нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тушаал гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуульд шүүлт хийсний дараа орон нутгийн удирдлагын саналыг авахаар зааснаас үзвэл зөвхөн ашигт малтмалын хуульд заасан хориглосон талбайд хамаарахгүй бол тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Харин орон нутгийн Хурал, Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд саналаа өгөх эрхтэй бөгөөд уг эрхээ хууль бусаар хэрэгжүүлсэн гэж үзвэл тухайн шийдвэрт хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А ч” ХК-ийн өмгөөлөгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0934 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А ч” ХК-ийн өмгөөлөгч Х.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч “А ч” ХК-ийн өмгөөлөгч Х.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН    

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ