Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01375

 

Т.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 236 дугаар шийдвэр,         

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 204/МА2016/00029 дугаар магадлалтай,

Т.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

Хар хорин сумын 5 дугаар цэцэрлэгт холбогдох,

“...тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн цалингаас суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Надад ажил үүргийн дагуу байгууллагаас хариуцуулсан эд хөрөнгө болох компьютер нь 02 дугаар сарын 18-ны өдөр вирустэй болж ажил хийх боломжгүй, гацах зэргээр ажил хийхэд хүндрэлтэй болсон. Би тус компьютерийг хэн дуртай нь хамаагүй ашиглаж байсан учир би хариуцсан эд хөрөнгийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн бүтэн байдалд нь анхаарал тавьж паспортыг нь сольсон. Компьютер дээр ажиллах шаардлагатай ангиудын багш нар өөр өөрийн хариуцсан компьютертэй байдаг. Гэтэл 02 дугаар сарын 18-ны өдөр туслах багш Орхонсүрэн нь миний хариуцсан компьютерийн кодыг асуухаар нь би өгөөгүй. Орхонсүрэн нь тус бүлэгт хариуцуулан өгсөн компьютер дээр ажиллах ёстой бөгөөд нь миний хариуцсан компьютер дээр ажиллана гэж уурлаад намайг цэцэрлэгийн коридорт ажлаа хийгээд явж байхад чи энд ажиллах ёсгүй, хулгайч, түмний хүүхдийн нэрийг бузарласан, хоногийн хоол гуйдаг, чамайг зодох нь битгий хэл яасан ч яадаг юм гэж шүд амаа зууж, хуруугаараа заналхийлж, чичлээд ар нуруу руу цохиход нь хананд гараа цохиж тохой шалбарсан. Тухайн үед цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эх, хүүхдүүд, эрхлэгч нар байсан.

Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 тушаалын хамтран ажиллагчийнхаа ажиллахад нь санаатайгаар 2-3 өдөр саад учруулсан гэж бичсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Сахилгын арга хэмжээ авсан тушаалыг авах гэтэл цэцэрлэгийн эрхлэгч П.Батчимэг надад тушаалыг уншиж танилцуулсан бөгөөд тушаалыг бичгийн хэлбэрээр өгөөгүй. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 6/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2016 оны 02 сарын цалингаас эхлэн 3 сарын хугацаанд үндсэн цалингаас 20 хувиар бууруулан суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулж, суутгаж авсан цалингийн үнийн дүнд нийцүүлж нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хэдий түр орон тоон дээр ажиллаж байсан ч гэсэн өөрийнх нь хүсэлтийнх дагуу туслах багшаар ажиллуулсан. Туслах багшийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэмд захирагдах ёстой. Энэ маргаан болохоос өмнө манай хамт олон харьцангуй тайван тус тусынхаа үйл ажиллагааг сэтгэл тайван явуулж байсан. Энэ маргаан болсноос хойш таагүй байдал үүссэн. Байгууллага хамт олны нэр хүндэд халдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас сахилгын шийтгэл оногдуулах зөв юм гэж үзсэн. Тухайн ажилтан зөрчил гаргасан тухайд нь арга хэмжээ авч хариуцлага тооцох нь зөв гэсэн зарчмыг баримталж ажилласан. Энэ тухай ажилчдынхаа хурал дээр бүх ажилчиддаа давхар сануулж анхааруулсан байгаа. 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн учраас тухайн ажилтанд хариуцлага тооцох нь зөв, шийдвэр үндэслэлтэй гэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 236 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Тав дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгээс 328.596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Дэлгэрмаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Т.Дэлгэрмаагийн дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн, даатгалын дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 10.508 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 204/МА2016/00029 дугаар магадлалаар: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаар тушаалыг хүчингүй болгосугай” гэснийг “...Түвдэндоржийн Дэлгэрмаагийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн цалингаас суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг цалингийн суутгасан үнийн дүнд нийцүүлэн нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалт болгон “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Т.Дэлгэрмаагаас 10508 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай” гэж тус тус өөрчилж, Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2,3,4 дэх заалтуудыг хасч, 5 дахь заалтыг 3 дахь заалт болгон хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Батчимэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д заасны дагуу хэргийн оролцогчдын зүгээс хангалттай нотлох баримт гаргаж өгөх, маргах хугацааг шүүх олгосон. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримт болон гэрчийн мэдүүлэг зэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэл нь ямар нэг эргэлзээгүйгээр, бодитоор нотлогдоогүй. Хамтран ажиллагч Орхонсүрэнгийн ажиллахад нь саад учруулахдаа ямар ажлыг нь алдагдуулснаас түүнд болон байгууллагад ямар бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар бодит байдал дээр тодорхойгүй байна. Мөн байгууллагын соёл дэг журмыг алдагдуулсан, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэсэн нь зөвхөн Т.Дэлгэрмаа надаас шалтгаалж өөр хүчин зүйлс нөлөөлөх боломжгүйгээр, эргэлзээгүйгээр байгууллагад ямар хохирол учирсан, ямар тодорхой дэг журам алдагдсан болох нь хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй.

Орхонсүрэн нь миний хариуцсан 04 дугаартай компьютер дээр чухал ажлаа хийсэн гэж надад болон бусад ажилчдад хэлж байсан удаагүй бөгөөд тус ажлыг нь ч миний бие устгасан увайгүй үйлдэл гаргаж байгаагүй юм.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Ажил олгогч нь Т.Дэлгэрмааг туслах багшийн ажлыг хийхийг шаардаагүй, ажилтан өөрийн хүсэлтээр уг ажлыг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна...нэгэнт тухайн ажил үүргийг /өөрийн хүсэлтээр/ хийж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээгээр хариуцдаггүй, арчилж хамгаалах үүрэггүй болохыг, мөн туслах багшийн хувьд Орхонсүрэн нь ашиглах эрхтэй компьютертэй байсныг, байгууллагад компьютер нэг ширхэг байдаггүйг, миний хариуцсан компьютер дээр Орхонсүрэн нь ямар нэгэн чухал ажлаа хийж хадгалсан талаараа надад болон бусад ажилчдад анхааруулж хэлж байгаагүй болохыг, энэ компьютерийг ашиглаагүйгээс бодит ямар нэгэн хохирол учраагүй зэргийг тус тус нотолсон.

Гэрчүүд нь Хархорин сумын 5-р цэцэрлэгт ажилладаг бөгөөд хариуцагч нь эдгээр ажилчдыг бүрэн эрхийнхээ хүрээнд ажилд томилох, чөлөөлөх эртэй бөгөөд тэдний хувьд нөлөө бүхий албан тушаалтан билээ. Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрхээ эдэлж шүүхэд хандсаныхаа төлөө одоогийн байдлаар ажлын байрандаа байнгын дарамтад байна.

Мөн давж заалдах шатны шүүхийн нотлох баримтаар үнэлсэн ажилчдын хуралдааны тэмдэглэл нь агуулгын хувьд дараа үйлдэгдсэн, Т.Дэлгэрмаа намайг буруутай үйлдэл гаргасныг нотлох бодит баримт биш гэж үзэж байгаа ба уг тэмдэглэлтэй миний бие шүүхээс өмнөх шатанд танилцаж байгаагүй, түүнд яригдсан гэж бичигдсэн зүйлс ч туйлын үнэн байх баримт биш юм. Тиймээс Давж заалдах шатны шүүх нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан заалтыг зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 131.1-д заасныг зөрчсөн байхад үүнийг Давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, өөрөөр хэлбэл хуулиас гадуур дүгнэлт хийсэн байна.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа нь ёс зүйн зөрчил гаргасан болох нь гэрч Т.Орхонсүрэн, Ц.Цэцэгмэа, Л.Должинсүрэн нарын мэдүүлэг.. ажилчдын хурлын тэмдэглэл...зэрэг баримтуудаар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ... гэжээ. Гэтэл энэхүү баримтуудад Т.Дэлгэрмаа намайг буруутайг нотлох хангалттай утга, агуулга дурдагдаагүй. Давж заалдах шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхдээ яг ямар үндэслэл, учир шалтгаанаас намайг буруутай гэж үнэлж буйгаа тодорхой илэрхийлээгүй байна. Харин хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт болон бусад баримтуудад дараах байдлууд нотлогдсон.

4. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа миний нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин маргаж буй үндэслэлүүдэд хууль зүйн дагуу дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн байна. Миний бие анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч байгаа үндэслэлүүдээ дараах байдлаар дурдаж, хэрэгт авагдсан баримтуудаар баталгаажуулсан.

Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэгт хамаарах Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг намайг зөрчсөн гэж тус заалтыг баримталсан нь буруу байна гэж маргасныг маргаан бүхий тушаалд Т.Дэлгэрмаа надад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн алийг нь ногдуулсан тухайгаа тодорхой заагаагүй, зөвхөн нягтлан бодогчид хандан миний цалингаас 3 сараар 20 хувийг суутгахыг зөвшөөрч, миний цалинд халдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэл ногдуулах үзэл баримтлалыг ноцтой зөрчсөн байна. Гэтэл маргаан бүхий тушаалд баримталсан 2015.08.12-ны өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам нь хүчин төгөлдөр бус гэснийг, Тус цэцэрлэгийн ёс зүйн хороог 2014 оны 12 дугаар сарын 26-нд албан ёсоор 2 гишүүнтэйгээр байгуулсан бөгөөд Дэлгэрмаа надад холбогдох ёс зүйн зөрчлийн талаарх энэхүү маргааныг байгууллагын ёс зүйн хороогоор шалгуулж, дүгнэлт гаргаагүй. Энэ нь надад үнэн зөвөө тогтоолгох боломжийг олгоогүй гэснийг тус тус Давж заалдах шатны шүүх хэрхэн үнэлж, шийдвэрээ гаргасан нь тодорхойгүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.10.07-ны өдрийн 204/МА2016/00029 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаагийн “...тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн цалингаас суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрөхдөө “... эцэг эхчүүд хүүхдээ авч байх үед Т.Дэлгэрмаа, Т.Орхонсүрэн нар хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, зөрчил гаргасан” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “...нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь ёс зүйн зөрчил мөн эсэхийг Ёс зүйн хороонд хандаж шийдвэрлүүлээгүй” гэсэн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа нь Өвөрхангай аймгийн Хар хорин сумын 5 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүүхдүүдийн дэргэд багш Т.Орхонсүрэнтэй хэрүүл маргаан үүсгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Тус цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 11.2, 11.2.6-д хамт олны эв нэгдлийг алдагдуулсан, хүүхдийн дэргэд ёс зүйгээ умартан ноцтой хэрүүл маргаан дэгдээсэн бол сахилгын зөрчилд тооцохоор заасан /хавтаст хэргийн 34-46 дугаар тал/.

Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх тул ажил олгогч 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн  131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасныг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хэргийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн, энэ тохиолдолд магадлалын удиртгал хэсэгт шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгчдийн ажиллаж буй шүүхийг нэрлэн заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т нийцэхгүйг анхаарах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 204/МА2016/00029 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Дэлгэрмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ