Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 245

 

 

 

 

 

 

     2018          03           20                                          245

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа би даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Б.Нямдорж,

улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/,

шүүгдэгч Э.П-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П-д холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Э.П-п Монгол Улсын иргэн, 57 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.П- нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн атай архи уун сууж байхдаа шалтаг шалтгаангүйгээр зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хэвлийн тус газар нь хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П- мэдүүлэхдээ:

Эхнэр, гурван хүүхдээсээ салж 2005 оноос хойш ганцаараа амьдарч байгаа. Ээжийн минь маллаж байсан хэдэн үхэр байдаг юм. Би түүнийгээ маллаад, ногооны талбай ажиллуулж амьдарлаа залгуулдаг. Заримдаа хүний ажил хийж өгч амьдардаг юм. Хохирогч Ю.Ж- “эхнэр, хүүхдүүд архи уулаа гээд ад үзээд байна, эхнэрээсээ салсан” гэхээр нь би “тэгвэл надтай хамт манайд амьдрахгүй юу” гэж хэлсэн. Тэгээд Ю.Ж- манай гэрт амьдарч байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ю.Ж- надад 0,75 гр стандарт архи авчирч өгснийг бид хоёр хамт уусан. Тэгээд би хэвтэж байтал Ю.Ж- миний түрийвчийг дэрэн доороос авсан. Тэгэхээр нь би “чи өнөөдөр миний түрийвчийг хулгайлж байна, удахгүй гэрийг минь нүүлгээд аваад явах юм байна л даа” гэж хэлсэн. Тэгээд Ю.Ж-ыг айлгах санаатай ширээн дээр байсан хутгыг авсан, тэгтэл гэдэс нь өртсөн байсан. Би Ю.Ж-ыг хутгална гэж бодоогүй. Айлгах гэтэл хутгалсан байсан. Тэгээд цагдаа ирсэн. Хохирогч Ю.Ж-ыг эмнэлэгт хэвтэж байхад нь хоёр удаа эргэж очиж, хохирлын төлбөрт 350.000 төгрөг төлсөн. Ю.Ж-ыг хутгалсан гэх цэнхэр иштэй хутга манай гэрийн хутга мөн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Ю.Ж-ын мөрдөн байцалтад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн, газарт ногооны талбай дээр байдаг байхад хамт ажилладаг П- / гэж дууддаг/ залуутай би хамт хоёр шил архины нэгийг нь уугаад, нэг нь талдаа ороод байж байсан юм. Тухайн үед бид хоёроос өөр хэн ч байгаагүй. Тэгээд архиа уугаад сууж байсан чинь П- миний цээж хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон, эхэндээ би хутгалчихлаа гэж ерөөсөө бодоогүй. Тэгээд би П-ид “чи чинь яаж байна аа” гэж хэлчихээд байж байсан чинь цээж дагаад халуун зүйл урсаж байгаа мэт мэдрэмж төрөөд цамцаа сөхөөд хартал цус гоожиж байсан.  Тэгэхээр нь би гарч зугтаагаад саахалт /нэрийг нь мэдэхгүй/ айлын хүмүүс рүү очоод цагдаа түргэн рүү тэр айлд байсан эмэгтэй хүнээр би Д-д охин руугаа яриулаад дуудлага өгүүлсэн. Тэгээд удалгүй цагдаа түргэн ирээд цагдаа нар П-ийг авч явсан. Намайг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед бид хоорондоо ямар нэгэн зүйлийн талаар хэрэлдэж маргалдаж зодолдсон асуудал юу ч байхгүй, зүгээр сууж байсан чинь л намайг хутгалчихсан. П- тухайн үед гартаа ямар нэгэн зүйл барьчихсан байсан талаар би сайн анзаараагүй, надад л лав хутга барьсан байдал ажиглагдаагүй. Тухайн үед П-той одоо цаашдаа ажил төрөл олж хийцгээе, тийм болохоор хоёулаа энэ хавиараа ажил хайгаад олоод хамт хийе гэснийг нь би дэмжээд л сууж байсан юм. Өмнө нь П-той хэрэлдэж маргаж байсан асуудал байхгүй. Би 2017  оны 6 дугаар сараас эхлэн хамт ажиллаж байгаа юм. Бид хоёр хоёулаа согтолттой байсан. Гэхдээ тэгэж тасартлаа согтуу байгаагүй. Чи яагаад намайг цохиод авав гэж хэлэхэд юу ч дуугараагүй.  Тэгээд дараа нь цусаа хараад гараад зугтчихсан. Намайг цохисоны дараа гарт нь ямар нэгэн зүйл байсан эсэх талаар анзаараагүй. Биеийн байдал одоо гайгүй, гомдол саналгүй. Миний хувьд 2-3 удаа боолтоо солиулаад оёдлоо авахуулсан. П- намайг эмнэлэгт хэвтэхэд эмчилгээний мөнгийг төлөөд өгчихсөн. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],

 

2.Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...Би албан үүргээ гүйцэтгэн эргүүл шалгалт хийгээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн харьяа Ж-антын цагдаагийн тасгийн булгийн задгайд байж байхад шөнө 00:00 цаг өнгөрч байхад манай хорооны хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл ирэхээр нь би жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б-ийн хамт очиход тухайн задгай гэх хаяганд Ю.Ж-, Э.П- гэх хоёр хүн хоёулахнаа архи уучихсан согтуу байсан. Юу болсон талаар асууж тодруулахад Ж- нь хутгалуулсан гэдгээ нуугаад зүгээр, зүгээр гэхээр нь би Ж-ын цамцыг сөхөөд харсан чинь хэвлий хэсэгтээ хутгалсан гэмээр цус гарчихсан байхаар нь шууд түргэн дуудаад Ж-ыг эмнэлэг явуулсан. Тухайн үедээ би хэлтсийнхээ жижүүрт энэ хэргийн талаар мэдэгдэж цаашид ямар арга хэмжээ авах шуурхай бүрэлдэхүүн явуулах талаар асууж тодруулсан чинь Ж-ыг эмнэлэгт өгөөд явуулна биз, хутгалсан гэх П-ийг гэрт нь байгаа хутга, архины шилтэй нь хурааж аваад дагуулаад ир гэхээр нь би тэнд нь байсан цэнхэр өнгийн хуванцар иштэй хэрэглээний нэг ширхэг хутгыг, 2 ширхэг Монгол Стандарт гэх нэртэй архины шилний хамт аваад П-ийг цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгөөд явсан. Би тэр үед дуудлаганд очсон талаараа илтгэх хуудас бичиж өгсөн. Хутга архины шил хурааж авсан талаар тэмдэглэл хөтлөөд хүлээлгэн өгсөн. Би тэр үед нь хэлтсийн жижүүрийн ахлахтай утсаар яриад хэргийн газрын үзлэг хийлгэх талаар хэлсэн чинь жижүүрийн бүрэлдэхүүн дуудлага ихтэй байна, очиж амжихгүй нь хутгыг нь хураагаад хутгалуулсан хүнээ эмнэлэгт хүлээлгэн өгөөд, хутгалсан хүнийг нь аваад ир гэж хэлсэн.  Тэгээд хэргийн газрын үзлэг хийгдээгүй юм. Хэрэг гарсан гэх газар их хол, зайдуу газар гэрэл цахилгаан байхгүй эзгүй хээр зэлүүд газар юм. Яг юунаас болоод яагаад хутгалсан талаар асуухад хэлэхгүй нуугаад байсан, архи уугаад маргасан юм байна лээ. Харанхуй гэрэл цахилгаангүй байсан болохоор би гар чийдэн тусгаад хутга хурааж авсан. Авсан хутгаа бичгийн цаасанд ороогоод авч явсан. Цус болсон эсэх талаар нь нарийн сайн хараагүй. Миний хувьд хутгыг угааж цэвэрлэсэн зүйл байхгүй, шууд цаасанд боогоод тэмдэглэл бичээд хүлээлгэж өгсөн. Дуудлаганд очоод хэргийн газрын нөхцөл байдлын талаар фото зураг авагдаагүй. Б- бид хоёр хамт очсон болохоор надтай адилхан зүйл ярих байх. Анх дуудлага өгсөн Олзцэцэг гэдэг хүн манай гэрт хутгалуулсан хүн орж ирээд гарлаа гэж дуудлага өгч байсан. Тэр хүн 0000000 дугаарын утастай юм байна лээ.  Би гэрт нь байсан архины шил, хутга, Ю.Ж-ын иргэний үнэмлэх зэргийг П-ийн гэрээс хурааж авсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Э.Ж-сайханы мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...Манай ах Э.П-ийн холбогдох хэргийн талаар ганцаараа ногоо тариад амьдардаг ба сүүлд нь нэг эрэгтэй хүнтэй хамт барилгын ажил хийж манай гэрт хамт амьдарч байгаа гэж хэлж байсан. Тэр хүнтэйгээ архи ууж байгаад нэгнийгээ хутгалсан гэснээс өөр зүйлийн талаар мэдэхгүй байна. Манай ах Э.П- нь айлын том хүү байгаа юм. Манай ах бага насаа аав, ээжийн гар дээр өсч хүмүүжсэн. Бүрэн бус дунд боловсролтой, цэргийн алба хааж байгаагүй, мэргэжилтэй. 1990 онд Х гэх эмэгтэйтэй гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Манай ах хэрэгт холбогдон шалгагдаж хорих ял эдэлж гарч ирээд эхнэртэйгээ таарч тохирохоо больж 2000 оноос хамт амьдраагүй салсан. Түүнээс хойш манай ээжтэй хамт амьдарч байгаад ээж 2010 онд нас барж, манай ах ганцаараа амьдрах болсон. Залуу насанд архи ууж хүнтэй маргаж хүний биед гэмтэл учруулж олон удаа ял эдэлж байсан. Тэр болгоныг нь би сайн санахгүй байна. Манай ах өөрөө бол тийм элдэв зан ааш байхгүй, дуу цөөтэй, хүнтэй байнга харьцаад хэрүүл хийгээд байдаггүй. Хүн өөрийнх нь дургүй хүргэхээр л тэр хүнтэй маргаад янз бүр болдог юм шиг байгаа юм. Би тэр болгон хамт байдаггүй болохоор архи уусан үед ямар зан ааш гаргаж юунаас болж хүнтэй маргадаг талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай ах архи уусан үедээ гэр орон, эхнэр, хүүхэд, ах дүү нартаа агсан тавьж хэрүүл маргаан хийгээд байдаггүй, чимээгүй унтаад өгдөг хүн байгаа юм. Ер нь бол хүнтэй юм ярьдаггүй их бүрэг хүн юм. Одоо манай ах гэртээ ганцаараа ногоо тарьж тэр хавийн айлуудын ажилд тусалж амьдардаг юм. Бид нар хааяа очиж хоол хүнсний зүйлийг нь дөхүүлж өгдөг байсан. Ахтай хамт амьдарч байсан хүний нэрийг нь хэн гэдэг, хаана амьдардаг, хэзээнээс манай ахтай хамт нэг гэрт амьдрах болсон талаар мэдэхгүй. Ер нь бол Э.П- нь архи уусан үедээ гэртээ орж ирэхгүй, бид нараас зугтаад байдаг. Үүнээс өөрөөр агсан тавьж хэрүүл маргаан хийгээд байдаггүй. ...” гэх мэдүүлэг [3],

 

4. Гэрч Э.Б-ы мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “... Миний ах Э.П- нь ганцаараа амьдарч, хийсэн ажилгүй өдийг хүрч байгаа юм. Уг нь эхнэр, гурван хүүхэдтэй бөгөөд эхнэр нь архи уугаад байхаар нь 2005 онд салаад түүнээс хойш ах маань ганцаараа амьдарч байна. Зан байдлын талаар гэвэл архи уух дуртай, архи уусан үедээ орон гэртээ агсан тавиад, бусдад гай тараад яваад байхгүй, мөрөөрөө байдаг юм. ...” гэх мэдүүлэг [4]

 

5. Э.П-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбогдуулан асуух зүйл байхгүй. айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Манай аав Г гэдэг хүн байсан гэсэн манай ээжийг С.Э гэдэг би ээжээрээ овоглодог. Би бага насаа хөдөө мал маллаж ээжийн гар дээр өнгөрүүлсэн. Би аавынхаа талаар сайн мэддэггүй.....  ногооны пойлонд ногоо тарьж манаачийн ажил хийж ганцаараа амьдардаг. 2015 онд манай хажуу талын айлын хүн болох М-гийн байшинд засвар хийж байгаад танилцсан Ю.Ж- гэх хүн манай гэрт 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн. Хүүхдүүд намайг архи уугаад байна гээд ад үзээд байна, би чамтай өвөлжинө гэж ярьж байсан. Тэгээд бид тэр хавиараа айлын адууны чүчээ барьж, ойр зуурын ажил хийж хамт 10 гаран хоносон. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ю.Ж- бид хоёр 16 цагийн үед гэртээ 0,75 граммын Монгол Стандарт нэртэй хоёр шил архи хувааж уусан. Би тухайн үед болсон үйл явдлын талаар сайн санахгүй байсан. Сүүлд нь бодоод байхад би нэлээн согтоод унтах гээд хэвтэж байсан чинь Ж- миний түрийвчийг дэрэн доороос надад мэдэгдэхгүйгээр авсан. Тэгэхээр нь би “чи миний юмыг хулгай хийлээ” гэж уурлаж босч ирээд цохиж, ширээн дээр байсан хутга авч айлгах санаатай гэдэс рүү цохьтол, чи намайг хутгалчихлаа гээд цамцаа сөхсөн. Тэгсэн чинь хэвлийн хэсэгт нь хутганы сорви байхаар нь би Ж-ыг хутгалсан гэдгээ мэдсэн. Тэгээд удаагүй хоёр цагдаа нар ирээд Ж- бид хоёрыг аваад явсан. Ж-ыг эмнэлэг авч явсан гэдгийг нь би мэдээгүй. Би тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор болсон үйл явдлын талаар бүрэн санахгүй байна. Бид хоёр хоёулахнаа гэртээ архи уугаад сууж байсан. Манай гэрт гаднаас ямар нэгэн хүн байгаагүй. Бид хоёр хоорондоо хэрэлдэж маргасан асуудал байхгүй. Би Ж-ыг дэрэн доороос түрүүвч авснаас болж хоорондоо маргах явцад санаандгүйгээр хутгалсан юм шиг байна. Бид хоёр өмнө нь хэрэлдэж маргаж байгаагүй, хамт ажил хийгээд бие биендээ түшиг болоод сайхан байсан. Бид хоорондоо өглөг авлага, өс хонзонгийн асуудал болон хувийн ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй. Ю.Ж- нь эхнэр хүүхдээсээ салчихсан. хүүхдийнхээ гахайн ферэм дээр ажилладаг байсан. Тэгээд архи уугаад байна гээд хүүхдүүд, дүү нар нь дургүйцээд хөөгөөд байна гээд над дээр ирсэн. Ю.Ж- нь архи уучихаарай их яриа болчихдог. Ю.Ж- хүмүүстэй утсаар ярихад цаад хүмүүс нь агсан тавьсан талаар яриад байдаг. Өөрөө ч гэсэн би архи уучихаарай айлд агсан тавьсан тухай ярьж байсан. Миний хажууд болон надад агсан тавьж байгаагүй. Бид хоёр нэлээн согтолттой байсан, би зарим үйлдлээ сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг [5],

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14739  тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Хэвлийн зүүн дээд хэсэгт босоо байрлалтай 2,6см урт мэс заслын 3 ширхэг оёдол бүхий шархтай, орчны эд цус хуралттай, хэвлийн булчин чангарсан.

Цэргийн төв эмнэлгийн 014441 тоот өвчний түүхээс: Өвчний түүх нээсэн: 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр.

Хэвтэх үеийн зовиур: Аюулхай болон зүүн хавирганы нум орчим өвдөнө. Өвчний түүх: 01 цагийн үед бусдад хутгалуулж гэмтсэн. 103-р хүргэгдэж ирсэн.

Яаралтай тусламжийн хуудаснаас: Зовиур: Шархаар өвдөнө. Аюулхай орчим, зүүн цээжээр өвдөнө. Хэсэг газрын үзлэгт: Зүүн хавирганы нуман дээр хатгагдсан гүн шархтай, 10-р хавирга хугарсан. Урьдчилсан онош: Хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 10-р хавирганы хугарал. Хэвлийн эход: Моррисонд зурвас шингэнтэй гэжээ. 2017 оны 11 дүгээр сарын 26, 2017 оны 11 дүгээр сарын 27, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдийн хэвлийн давтан эход сул шингэнгүй байна.

Дүгнэлт:

1.Ю.Ж-ын биед хэвлийн зүүн дээд хэсгийн 10-р хавирга дайрсан нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Г.Ханхүү/...” гэсэн дүгнэлт [6],

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11402 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн ноосон цамц, шоо хээтэй ногоон эрээн өнгийн цамцан дээр цус илэрсэн.

2.Хар хөх өнгийн ноосон цамц, шоо хээтэй ногоон эрээн өнгийн цамц дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

3.12см цэнхэр өнгийн хуванцар иштэй 27 см урттай хутган дээр цус илрээгүй /шинжээч Ц.Бямбадорж/ гэсэн дүгнэлт [7],

 

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

“...Миний гаргасан дүгнэлтэд тухайн хутганд цус байгаа эсэхийг ус төрөгчийн хэт эслээр шинжилэхэд цусны урвал өгөөгүй учраас цус илрээгүй гэж дүгнэлт гарсан. Ер нь цус илрэхгүй байх тохиолдол гэвэл тухайн хутгыг угааж цэвэрлэсэн эсвэл сайтар арчсан тохиолдолд цус илрэхгүй байх боломжтой. Өөр цус илрэхгүй байх шалгаан байхгүй. ...” гэх мэдүүлэг [8],

 

9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 6601 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн цамцнуудад уранхай үүссэн байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх цамцанд гарсан 2 см, ногоон цамцанд  гарсан 2,2см хэмжээтэй  уранхай хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүгсэгдсэн уранхай байна.

3.Уг уранхайнууд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна /шинжээч Ж.Баттулга/...” гэх дүгнэлт [9],

10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгйин Кримналистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6606  тоот:

-Шинжилгээнд ирүүлсэн архины шилнээс гарын мөр илрээгүй. /шинжээч Б.Мөнхбат/...” гэх дүгнэлт [10],

 

11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн биологийн шинжээчийн 11402 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн ноосон цамц, шоо хээтэй ногоон эрээн өнгийн цамцан дээр цус илэрсэн.

2.Хар хөх өнгийн ноосон цамц, шоо хээтэй ногоон эрээн өнгийн цамц дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

3.12 см цэнхэр өнгийн хуванцар иштэй 27 см урттай хутган дээр цус илрээгүй /шинжээч Ц.Бямбадорж/...” гэх дүгнэлт [11] ,

 

12. Цэргийн төв эмнэлгийн Ю.Ж-д нээсэн өвчний түүх /хэвтэх үеийн зовиур: Аюулхай болон зүүн хавирганы нум орчим өвдөнө, 01 цаг 00 минутын үед бусдад хутгалуулан гэмтсэн гэж, 103-р хүргэгдэн ирсэн/ [12],

 

13. Э.П-ийн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөдр эрүүлжүүлэгдсэн бүртгэл, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булгын задгайд Ю.Ж-ыг согтуурсан үедээ хутгаласан тухай тэмдэглэл [13],

 

14. Шүүгдэгч Э.П-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [14], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [15], шийтгэх тогтоолын хуулбарууд, магадлал, суллагдсан тухай тодорхойлолтууд[16] хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа [17] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр  шинжлэн судалсан болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.П- нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их булгийн” задгайд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ю.Ж-тай архи уун согтуурсан үедээ, шалтаг шалтгаангүйгээр зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн Ю.Ж-ын хэвлийн тус газар нь хутгалж, түүний биед хэвлийн зүүн дээд хэсгийн 10-р хавирга дайрсан нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч Ю.Ж-ын мөрдөн байцалтад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн үед, ...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булаг гэх газарт ногооны талбай дээр байхад хамт ажилладаг П-той хамт хоёр шил архины нэгийг нь уугаад, нэг нь талдаа ороод байж байсан юм. Тухайн үед бид хоёроос өөр хэн ч байгаагүй, тэгээд архиа уугаад сууж байсан чинь П- миний цээж хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон, эхэндээ би хутгалчихлаа гэж ерөөсөө бодоогүй, П-ид “чи чинь яаж байна аа” гэж хэлчихээд байж байсан чинь цээж дагаад халуун зүйл урсаж байгаа мэт мэдрэмж төрөөд цамцаа сөхөөд хартал цус гоожиж байсан. ...Тэгээд удалгүй цагдаа, түргэн ирээд П-ийг авч явсан. Намайг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед бид хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдсон асуудал юу ч байхгүй, зүгээр сууж байсан чинь л намайг хутгалчихсан. Бид хоёулаа согтолттой байсан, гэхдээ тасартлаа согтуу байгаагүй. Чи яагаад намайг цохиод авав гэж хэлэхэд юу ч дугараагүй, тэгээд дараа нь цусаа хараад гараад зугтчихсан. ...П- намайг эмнэлэгт хэвтэхэд эмчилгээний мөнгийг төлөөд өгчихсөн. ...” гэх мэдүүлэг [18],

-Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...Би Ж-ант тосгоны орчмоор албан үүргээ гүйцэтгэн эргүүл шалгалт хийгээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн харьяа Ж-антын цагдаагийн тасгийн шөнө 00:00 цаг өнгөрч байхад хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл ирэхээр нь жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б-ийн хамт очиход тухайн задгай гэх хаяганд Ю.Ж-, Э.П- гэх хоёр хүн хоёулахнаа архи уучихсан согтуу байсан. Юу болсон талаар асууж тодруулахад Ж- нь хутгалуулсан гэдгээ нуугаад зүгээр, зүгээр гэхээр нь би Ж-ын цамцыг сөхөөд харсан чинь хэвлий хэсэгтээ хутгалсан гэмээр цус гарчихсан байхаар нь шууд түргэн дуудаж, Ж-ыг эмнэлэг явуулсан. ...би тэнд нь байсан цэнхэр өнгийн хуванцар иштэй хэрэглээний нэг ширхэг хутгыг, 2 ширхэг Монгол Стандарт гэх нэртэй архины шилний хамт аваад П-ийг цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн. Би тэр үед дуудлаганд очсон талаараа илтгэх хуудас бичиж өгсөн. Хутга, архины шил хурааж авсан талаар тэмдэглэл хөтлөөд хүлээлгэн өгсөн. Би тэр үед нь хэлтсийн жижүүрийн ахлахтай утсаар яриад хэргийн газрын үзлэг хийлгэх талаар хэлсэн чинь жижүүрийн бүрэлдэхүүн дуудлага ихтэй байна очиж амжихгүй нь хутгыг нь хураагаад хутгалуулсан хүнээ эмнэлэгт хүлээлгэн өгөөд хутгалсан хүнийг нь аваад ир гэж хэлсэн. Тэгээд хэргийн газрын үзлэг хийгдээгүй юм. ...Яг юунаас болоод яагаад хутгалсан талаар асуухад хэлэхгүй нуугаад байсан. ...Миний хувьд хутгыг угааж цэвэрлэсэн зүйл байхгүй, шууд цаасанд боогоод тэмдэглэл бичээд хүлээлгэж өгсөн. ...би гэрт нь байсан архины шил, хутга, Ю.Ж-ын иргэний үнэмлэх зэргийг П-ийн гэрээс хурааж авсан. ...” гэх мэдүүлэг [19],

-Э.П-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ю.Ж- бид хоёр 16 цагийн үед гэртээ 0,75 граммын Монгол Стандарт нэртэй хоёр шил архи хувааж уусан. Би тухайн үед болсон үйл явдлын талаар сайн санахгүй байсан. Сүүлд бодоход...би “чи миний юмыг хулгай хийлээ гэж уурлаж босч ирээд цохиж, ширээн дээр байсан хутга авч айлгах санаатай гэдэс рүү нь цохьтол чи намайг хутгалчихлаа” гээд цамцаа сөхсөн. Тэгсэн чинь хэвлийн хэсэгт нь хутганы сорви байхаар нь би Ж-ыг хутгалсан гэдгээ мэдсэн. Тэгээд удаагүй хоёр цагдаа нар ирээд Ж- бид хоёрыг аваад явсан. ...Би Ж-ыг ...санаандгүйгээр хутгалсан юм шиг байна. ...” гэх мэдүүлэг [20],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14739  тоот дүгнэлт [21], Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 6601 тоот дүгнэлтийн “... шинжилгээнд ирүүлсэн цамцнуудад уранхай үүссэн байна, шинжилгээнд ирүүлсэн хар хөх цамцанд гарсан 2 см, ногоон цамцанд  гарсан 2,2см хэмжээтэй  уранхай хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүгсэгдсэн уранхай байна. ...” гэсэн хэсэг [22], Цэргийн төв эмнэлгийн Ю.Ж-д нээсэн өвчний [23], Э.П-ийн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөдр эрүүлжүүлэгдсэн бүртгэл, Ю.Ж-ыг согтуурсан үедээ хутгаласан тухай тэмдэглэл [24] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.П- нь гэм буруугийн талаар маргаагүй болно. Харин шүүгдэгч Э.П- нь “би их согтсон байсан, сүүлд бодоод байхад хохирогч Ю.Ж- миний түрийвчийг хулгайлснаас болж түүний хутгалсан байх” гэж мэдүүлсэн, харин хохирогч Ю.Ж-аас “...архиа уугаад сууж байсан чинь П- миний цээж хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон эхэндээ би хутгалчихлаа гэж ерөөсөө бодоогүй. Тэгээд би П-ид “чи чинь яаж байна аа” гэж хэлчихээд байж байсан чинь цээж дагаад халуун зүйл урсаж байгаа мэт мэдрэмж төрөөд цамцаа сөхөөд хартал цус гоожиж байсан.  Бид ямар нэгэн зүйлийн талаар хэрэлдэж маргалдаагүй...” гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж,  харин дээрх хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан ба, мөрдөн байцаалтад хохирогч Ю.Ж-д хууль сануулж авсан дээрх мэдүүлгийг үгүйсгэх баримтгүй байна. Иймд тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч Э.П-, хохирогч Ю.Ж- нар архидан согтуурсаны улмаас гарсан байна гэж дүгнэв. Харин Э.П-ийн түрийвчийг хохирогч Ю.Ж- хулгайлсан гэх хохирогчийн зүй бус ажиллагаа байсан эсэх нь тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас хэрэгт авагдсан мөрдөгч З.Л-ын 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн “ хутга 1 ширхэг, Монгол стандарт” нэртэй архины шил зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн эд мөрийн баримтаар хутга, архины шил зэргийг тооцох тухай тогтоол зэргийг яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтэд дурдсан, мөн гэм буруугийн хуралдаанд яллах талын нотлох баримтаар шинжлэн судалсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна” гэж заасан ба мөрдөгч З.Л- нь прокурорын зөвшөөрөлгүйгээр архины шил, хутга зэргийг хураан авсан, мөн эд мөрийн баримтаар тооцох тогтоол үйлдсэн нь нотлох баримтыг цуглуулах хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан байна. Иймд мөрдөгч З.Л-ын 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн “ хутга 1 ширхэг, Монгол стандарт” нэртэй архины шил зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн эд мөрийн баримтаар хутга, архины шил зэргийг тооцох тухай тогтоол зэргийг шүүх нотлох баримтаас хасч шийдвэрлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.П- нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Хохирогч хэргийн эх сурвалжийг шууд зааж шүүгдэгч Э.П- хутгалсан гэж мэдүүлдэг. Иймээс шүүгдэгч Э.П-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч Ю.Ж- нь “П- түүнийг хутгаар хутгалсан талаар мэдүүлсэн, мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн хийсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14739  тоот дүгнэлт [25]-ээр Ю.Ж-ын биед учирсан гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэж дүгнэсэн, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.Ж-ын гэмт хэрэг гарах үед өмсөж явсан цамцыг шинжилгээнд хүргүүлж шинжлүүлэхэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 6601 тоот дүгнэлтээр “...хар хөх цамцанд гарсан 2 см, ногоон цамцанд  гарсан 2,2см хэмжээтэй  уранхай хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүгсэгдсэн уранхай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан [26], түүнчлэн шүүгдэгч Э.П-оос мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гаргасан мэдүүлэгтээ “ширээн дээр байсан хутгыг авч Ю.Ж-ыг айлгах санаатай гэдэс рүү нь цохьтол, чи намайг хутгалчихлаа гээд цамцаа сөхсөн....” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.П- нь хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон.

Зэвсэг гэдэгт “иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх ... эд зүйл, хэрэгслийг хамааруулж ойлгох бөгөөд Э.П- нь гэмт хэрэг үйлдэхдээ ахуйн хэрэглээний хутгыг хэрэглэсэн байх бөгөөд хутгийг зэвсэгт хамааруулна.

Иймд шүүгдэгч Э.П-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба, зэвсэг хэрэглэсэн нь тус гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн зүйл, хэсгээр  хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан хуульчилсан хуулийн заалтад “зэвсэг”-ийг хамааруулж зохицуулсан байдаг. Зэвсэг хэрэглэн үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Тиймээс шүүгдэгч Э.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч Э.П-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Ж-ын бие махбодид хүнд хохирол учирсан ба мөрдөн байцаалтад хохирогч Ю.Ж-аас Э.П- нь эмчилгээний зардалд 350.000 төгрөг төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн [27] байх тул шүүгдэгч Э.П-ийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, удаа дараа ял шийтгүүлсэн шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Э.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “шүүгдэгч Э.П- урьд удаа дараа ял шийтгэгдэж байсан боловч хорих ялаа эдэлж дууссан учраас энэ нөхцөл байдал нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Энэ гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас буюу Э.П-ийн түрийвчийг хохирогч Ю.Ж- хулгайлснаас гарсан байна. Иймд Э.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.4 дэх заалтад “хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний гурваны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг хэрэглэж хорих ялыг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Шүүхээс шүүгдэгч Э.П-ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.П- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол, магадлал, суллагдсан тухай тодорхойлолт зэргээр 8 удаа ял шийтгэгдсэн байх бөгөөд ...... тус хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ийн тэнсэн суллагдсан 1 жил 3 сар 19 хоногийн хорих ял хэрэгсэхгүй болж, ялгүй болсон байна.

Нөгөө талаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдлын тухай зохицуулалт байхгүй болсон болно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Шүүхээс шүүгдэгч Э.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж,

 -1.4 дэх заалтадэнэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар” хэрэглэж болно” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” хуульчилсан.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан саналыг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч Э.П- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 12 см урттай цэнхэр өнгийн хуванцар иштэй нийт 27 см урттай хутга нэг ширхэг, хоосон архины шил 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Э.П-ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч Э.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.П-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.П-ийг 4 (дөрөв) жил хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ид оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Э.П- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ю.Ж-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ажлын хэсэг нь 12 см урттай цэнхэр өнгийн хуванцар иштэй нийт 27 см урттай хутга нэг ширхэг, хоосон архины шил хоёр ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.П-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       Г.МӨНХЗУЛ

 

                                                                        Л.БААТАР

 

 


[1] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 102-104 дүгээр тал.

[3] хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 100-101 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 54-57 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[7] хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[8] хавтаст хэргийн 97 дугаар тал.

[9] хавтаст хэргийн 40-43 дугаар тал.

[10] хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[11] хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[12] хавтаст хэргийн109-116 дугаар тал.

[13] хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 62 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 65-95 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 102-104 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 54-57 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[22] хавтаст хэргийн 40-43 дугаар тал.

[23] хавтаст хэргийн109-116 дугаар тал.

[24] хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[26] хавтаст хэргийн 40-43 дугаар тал.

[27] хавтаст хэргийн 119 дүгээр тал.