Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/196

 

2024           02            14                                           2024/ДШМ/196

 

Ц.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

хохирогч М.Г-н өмгөөлөгч Г.Баяржаргал,

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч П.Баасанжав,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.У-н өмгөөлөгч П.Баасанжавын  гаргасан давж заалдах гомдлоор Ц.У-д холбогдох 2202 00000 0459 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт Ц-н У, .............-ны өдөр Улаанбаатар төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, .......................ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .............../;  

Шүүгдэгч Ц.У нь 2020 онь 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 201 тоот өрөөнд 04 цаг 02 минутад гэрчээр мэдүүлэг өгөхдөө, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “М.Г нь .. зочид буудлын .. тоот өрөөнд гэнэт огцом уурлаад миний толгой руу цохиод, сууж байсан сандалтай намайг түлхсэн бөгөөд би газар унасан, би босоод хаалганы хажууд суух үед миний зүүн хавирга руу 7-8 удаа өшиглөсөн бөгөөд үргэлжлүүлээд үснээс маань зулгааж, үсдэж чирээд ор луу шидсэн, хананд толгойгоор 3-4 удаа савсан” хэмээн М.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэж  мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.У-г гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.У-г 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.У-г торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.У-н өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргав. Давж заалдах гомдлыг үндэслэл:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “... Ц.У-с мэдүүлэг авахдаа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 201 тоот өрөөнд авсан байдал нь мөрдөгч мэдүүлгийг шаардлага хангасан өрөөнд авсан гэж үзэх үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн атлаа “...Ц.У-д холбогдох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй ба хуульд нийцсэн бичгийн нотлох баримтууд гэж үзэв” гэж дүгнэлт хийжээ. Хууль зөрсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч түүнийгээ дараагийн дүгнэлтээр үндэслэлгүйгээр үгүйсгэсэн нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаараагүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, үндэслэлгүйгээр ял оногдуулахад нөлөөлсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна” мөн зүйлийн 17-д “... Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг Улсын Ерөнхий прокурор батална” гэж хуульчилжээ. Хуулийн энэ заалтын дагуу УЕП-ын 2017 оны А/57 тоот тушаалаар мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг баталжээ. Гэтэл мөрдөгч нь Ц.У-с шөнийн цагаар мэдүүлэг авахдаа шаардлага хангасан өрөөнд аваагүй, хууль заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байна. Үүнээс шалтгаалан Ц.У мэдүүлэг өгөх үед биеийн байдал нь ямар байсан, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар бүрэн нотлох боломжгүй болжээ. Хэрэв хууль, журамд нийцсэн тусгайлан тоноглосон байцаалтын өрөөнд мэдүүлэг авсан бол энэ асуудлыг бүрэн нотлох боломжтой байсан ч мөрдөгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж Ц.У үндэслэлгүйгээр яллагдахад хүрч байна. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч дэслэгч Б.Баярболд нь Ц.У-с 2020 оны 9-р сарын 25-ны шөнө мэдүүлэг авахад тэрээр тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдгээ мэдүүлсэн ба мөрдөгч түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаагүй, согтуу, өөрийн үйлдлийг ойлгож мэдэх чадваргүй үед нь мэдүүлэг авсан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, согтуу үедээ өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн нөхцөлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зайлшгүй шалгах ёстой. Түүнийг согтуу байсан эсэхийг тухайн үед мэдүүлэг авсан мөрдөгч Б.Баярболдоос гэрчийн мэдүүлэг авч тэрээр согтуу байгаагүй гэсэн мэдүүлэг өгснөөр Ц.У-г санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан байна. Хэрэгт Ц.У-г тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан гэдгийг нотлох дараах нотлох баримтууд хэрэгт авагджээ. Жижүүрийн ахлах мөрдөгч хошууч С.Баярсайханы илтгэх хуудаст /2 хх 3/ “...Дуудлагыг ахмад Ц.Мөнхбат, ахлагч С.Анхбаяр нарт хуваарилан шалгуулахад “...” зочид буудлын ресепшин С.У архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо маргалдаад гарсан гэж хэлсэн. Дуудлага өгсөн утас уруу залгаж асуухад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой эмэгтэй хүн “би Нисдэг машины эсрэг талд байна” гээд утсаа салгаад, авахгүй байв. Дахин 13 удаа залгахад аваагүй, мөн дэд ахлагч Б.Ууганбат “6 удаа залгахад авахгүй байв” гэжээ. Мөн түүнийг согтуу байсан гэдгийг гэрч Ц.Д /2 хх 31/, ГССҮТ-ийн эмч С.З /хх 44-45/ нар тус тус мэдүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар Ц.У-с мэдүүлэг авах үед тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан гэдэг нь нотлогдсон гэж шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан боловч шүүх огт дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “...Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэжээ. Хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж авсан дээрх мэдүүлэг нь худал мэдүүлэг өгсөн хэрэгт яллах үндэслэл, гол нотлох баримт болж түүний эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийг чанд мөрдөнө”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, зарчмыг тодорхой хуульчилжээ. Хуулийн энэ зохицуулалтаар хууль зөрчсөн ажиллагаа, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт зайлшгүй хүчингүй болох ёстой. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, Ц.У-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдол, тайлбартай санал нэг байна. ...” гэв.

Хохирогч М.Г-н өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх М.Г-г хохирогчоор тогтоож, хохирогчийн мэдүүлэг авахаар дуудахад тэрээр “надад хохирсон үйлдэл байхгүй. Зүгээр л хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа тул энэ талаар шалгаж, нягталж өгнө үү” гэж илэрхийлдэг. Шүүгдэгч Ц.У-г гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах тухай тогтоолыг 2023 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хууль зөрчиж, нотлох баримт цуглуулж, үндэслэлгүйгээр яллагдагчаар татаж, ял сонсгосон гэх үндэслэлээр хүчингүй болгосныг өөр прокурорт шилжүүлж тухайн тогтоолыг хүчингүй болгосон. Хэрэгт авагдсан баримтаар согтуу хүнээс мэдүүлэг авсан болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд согтуу хүнээс мэдүүлэг авахдаа Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолыг зөрчиж, гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгт үндэслэж Ц.У-г яллаж байгаа нь үндэслэлгүй байна. ...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “мэдүүлэг авахад согтуу байсан” гэж ярьдаг энэ талаар нотолсон баримт байхгүй. Шүүгдэгчийг согтуу эсэхийг тусгай төхөөрөмж, эсхүл ямар нэгэн тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн мөрдөн шалгах ажиллагааг үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ц.У-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.У нь 2020 онь 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 201 тоот өрөөнд 04 цаг 02 минутад гэрчээр мэдүүлэг өгөхдөө, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “М.Г нь .... зочид буудлын ... тоот өрөөнд гэнэт огцом уурлаад миний толгой руу цохиод, сууж байсан сандалтай намайг түлхсэн бөгөөд би газар унасан, би босоод хаалганы хажууд суух үед миний зүүн хавирга руу 7-8 удаа өшиглөсөн бөгөөд үргэлжлүүлээд үснээс маань зулгааж, үсдэж чирээд ор луу шидсэн, хананд толгойгоор 3-4 удаа савсан” хэмээн М.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэж  мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ц.У-н гэрчээр өгсөн: “... Тэгээд бид 2 манай ажлаас гараас шууд “...” зочид буудлын өрөө лүү орсон. Буудалд ороод бид хоёр 5 литрийн коктейль задлаад би 3 хундага уусан. Харин Г нь үлдсэнийг нь уусан. Тэгээд ууж байх явцад миний бие түүнд зав гаргасангүй гэж хэлэхэд гэнэт огцом уурлаад миний толгой руу цохиод эхэлсэн. Яг хэдэн удаа цохисныг нь би сайн санахгүй байна. Тэгээд үргэлжлүүлээд уурлаж, орилоод миний сууж байсан сандалтай хамт намайг түлхсэн бөгөөд би газарт унасан. Тэгээд би босоод хаалганы хажууд суух үед миний зүүн хавирга руу 7-8 удаа өшиглөсөн бөгөөд үргэлжлүүлээд үснээс маань зулгааж чирчихээд намайг орхиод буудлаас гараад явах гээд байсан ба би хөлөөс нь тэвэрсэн. Тэгтэл Г нь миний нүцгэн зургийг цахим орчинд байршуулна хэмээн сүрдүүлсэн ба намайг үүднээс үсдэж чирээд ор луу шидсэн. Тэр үед би түүнд хандаж “би цонхоор үсэрлээ” гэж хэлэхэд Г нь “би өөрөө чамайг ална” гэж хэлээд намайг хэвтүүлээд миний хоолойноос багалзуурдсан. Багалзуурдах үед би амьсгалж чадахгүй байсан бөгөөд би бөөлжсөн. Үргэлжлүүлээд миний үснээс зулгаагаад хананд толгойгоор 3-4 удаа савсан... ” /1 хх 5-6/, мөн гэрчээр дахин өгсөн “... Тухайн үед бид хоёр зүгээр л маргалдсан юм. Түүнээс М.Г нь намайг зодоогүй, би мэдүүлэг өгөхдөө яагаад ингэж мэдүүлснээ ойлгохгүй байна. М.Г нь намайг хаяж явах гээд байхаар нь би уурлаад шарлахаад л яваад байсан юм. Тэгээд дээрээс нь тэр үед хувийн стресс ихтэй байсан, бас Г-с ганц хоёр зүйл гуйж байсныг бүтээж өгөөгүй зэргээс шалтгаалаад маргалдсан. Түүндээ гоморхоод ийм зүйл хийчихлээ. Би тасарчихсан байна лээ. ...” /1 хх 32-33/,

хохирогч М.Г-н “... У-г одоогийн гүтгэсэн гээд яллагдагчаар татаад байгаа мэдүүлгийг худал гээд үнэн ярьсан мэдүүлгүүдийг худлаа гээд шүүхээр намайг оруулсан. Тэгээд гурван шатны шүүхээр ороод миний хэрэг цагаатгагдсан...” /4 хх 105-106/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Ц.У-н гаргасан өргөдөл /1 хх 4/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол /3 хх 217-228/,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 692 дугаар магадлал /4 хх 6-15/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.У-г мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

     Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.У-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолгүй гэснийг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

      Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь шүүгдэгч Ц.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах байр суурьтай оролцсон давж заалдах гомдлын үндэслэлээ: “...мөрдөгч нь Ц.У-с шөнийн цагаар мэдүүлэг авахдаа шаардлага хангасан өрөөнд аваагүй, хууль заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, мөн түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаагүй, согтуу, өөрийн үйлдлийг ойлгож мэдэх чадваргүй үед нь мэдүүлэг авсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, согтуу үедээ өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй. ...” гэж тайлбарласан.

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан нийтлэг журмыг баримтлан мэдүүлэг авах ажиллагаа хийсэн бөгөөд мөрдөгчийн дээрх ажиллагааг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэл хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлсэн, энэ талаар хэн аль нь маргаагүй боловч Ц.У нь мэдүүлэг өгөх чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Ц.У нь согтууруулах ундаа хэрэглэснээс хойш мэдүүлэг өгөх хүртэл тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд Ц.У нь мэдүүлэг өгөх боломжтой, мөн мэдүүлгийнхээ үр дагаврыг өөрөө хариуцах болохыг ойлгож мэдэх боломжит цаг хугацаа өнгөрсөн байна.

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол /3 хх 217-228/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 692 дугаар магадлал /4 хх 6-15/ зэрэгт хэргийн үйл баримтын талаар тодорхой дүгнэсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, оролцогчийн эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.  

Иймд шүүгдэгч Ц.У-н өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.У-н өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР