| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0243/Э |
| Дугаар | 249 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 249
2018 03 21 249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч А.А-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1913/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овгийн А.А-эд холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Хатгин овгийн А.А- Монгол Улсын иргэн, ....... төрсөн, эрэгтэй, 22 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, .............ажилтай, ам бүл ...., эхнэр, ......насны хүүхдийн хамт амьдардаг, ..................... оршин суух бүртгэлтэй, одоо ...................... түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:............../.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч А.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед .............тоотод “хүүхдийнхээ хувцасыг угаасангүй, гэрээ цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр О.С-ийг 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А- мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа тараад 21 цагийн үед гэртээ очсон. Гэртээ эхнэртэйгээ гэр орны ажлаас болж маргалдсан. Маргалдсаны дараа орон дээрээ хэвтэж байсан чинь эхнэр “босч хоолоо хий” гээд намайг татаж аваад цохиод байхаар нь “ажлаас ядарч ирж байхад” гэж хэлээд босоод гараараа эхнэрийнхээ нүүрэнд хоёр удаа цохисон. Өөрөөр зодсон асуудал байхгүй. Гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч О.С-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би 2011 онд А.А-тэй Улаанбаатар хотод танилцсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй. 2016 оны 09 дүгээр сарын 07-нд бид хоёр дундаасаа хүүтэй болсон. Хүүхэд маань нэг нас 6 сартай А.А-тэй хамт байгаа. Одоо би 7 сартай жирэмсэн. А.А-ийн ургийг тээж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ хүүхэд, хоёр дүү Б, Э нарын хамт байсан чинь А.А- 17 цагийн орчим ажлаа тараад орж ирсэн. А.А- хувцсаа сольчихоод тамхи байхгүй гээд уурлаад ер нь гаднаас орж ирэхдээ уур уцаар ихтэй орж ирсэн. Тэгэж байтал хүүхдийн цамц норчихсон байна гэж үглээд гэр орноо цэвэрлэхгүй яасан юм. Хувцас юм аа угаахгүй гэж уурлаад хүүхдийн цамцыг тайлаад, миний нүүр лүү шидээд намайг “арчаагүй янхан гичий” гэж хэлээд үсдэж гараараа алгадсан. Би хувцаснаас нь зулгаасан, тэгсэн чинь миний нүүр лүү алгадаж авсан. Миний хамраас цус гарч, намайг гэрээс зайл гээд хөөсөн. Би утсаар 102-т дуудлага өгчихөөд хөөгөөд байхаар нь би гэрээсээ хүүхдээ авч яваад цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [1],
2. Гэрч А.С-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...2015 оноос 2016 оны хооронд А.А-, С хоёр манай хашаа болох ......Тэр хугацаанд харж байхад хоорондоо таарамж муутай хэрүүл маргаан хийдэг байсан. Энэ талаар цагдаа болон эмнэлэгт үзүүлээд явж байсан талаар мэдэхгүй. Ер нь таарамж муутай хэрүүл маргаан хийдэг хүмүүс. ...” гэх мэдүүлэг [2]
3. А.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчим ажлаа тараад гэр болох ................. тоотод очсон. Гэрт эхнэр, хүүхэд А-, хоёр дүү Г, Э хоёр байсан. Цай ундаа уучихаад унтаж байгаад 21 цагийн орчим сэрээд орой хоол идэх гэсэн чинь хоол хийгээгүй байхаар нь мах гаргаад өөрөө хоол хийж идчихээд хүүхэд А- шалан дээр сууж өмдөндөө шээчихсэн байхаар нь өмдийг нь солих гэтэл хуурай өмд олдохгүй байхаар нь С-д уурлаж “өдөр гэртээ зүгээр байж байхаар хүүхдийнхээ хувцсыг угааж байхад яадаг юм” гээд хэрүүл эхэлж, С- гэрээсээ явна гэж уурлаад “чи өөрөө хувцсыг нь угааж байхгүй юу” гэхээр нь би “за хоёулаа хэрүүл маргаан хийгээд яахав гээд хоёр дүүгээ “хоол унд хий, би ядраад байна” гээд орон дээр хэвтсэн чинь С- ирээд “чи бос” гээд нүүр ам самардаад авахаар нь би уур хүрээд С- нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. Би гэрээс гарах гэсэн чинь С- хаалга барьчихаад гаргахгүй хажууд хүүхэд орилоод С- надаас “айна гэж юу байдаг юм” гээд орилоод байхаар нь би хадам ээж рүү утсаар залгаж хэлсэн. ...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, уурлаж байгаад цохисон. Ажлаасаа ирээд ядарчихсан байсан болохоор цохичихсон юм. С-ийг жирэмсэн гэдгийг ж байсан. Жирэмсэн болсон үед нь бид хоёр эход үзүүлж байсан юм. ...” гэх мэдүүлэг [3],
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1688 тоот дүгнэлтийн:
“...Хэсэг газрын үзлэгт: 2 нүдний зовхи эргэн тойрон хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, хаван хавдартай, тэмтрэхэд эмзэглэлтэй. ...”.
Дүгнэлт хэсэгт:
1.С- биед хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Б.Ганзориг/...” гэсэн дүгнэлт [4],
5. Цагдаагийн ерөнхий газрын мэдээдэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаа /2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цаг 48 минут 12 секундэд С-ос “нөхөр намайг зодлоо” гэх дуудлага бүртгэгдсэн тухай/ Аюулын зэргийн үнэлгээ [5], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл [6], С- жирэмсний картын хуулбар [7]
6. А.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [8], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [9], банкуудын лавлагаа [10], А.А-ийн анкет [11] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.А-эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналыг, яллагдагчид оногдуулах ялын төрөл, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч А.А- нь ......................... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед “хүүхдийнхээ хувцасыг угаасангүй, гэрээ цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С- 5 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож биед нь хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч С- хэрэг бүртгэлтэд өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ...Одоо би 7 сартай жирэмсэн. А.А-ийн ургийг тээж байгаа. А.А- 17 цагийн орчим ажлаасаа ирсэн, хувцсаа солчихоод тамхи байхгүй гэж уурласан, ер нь гаднаас орж ирэхдээ уур уцаар ихтэй байсан. Тэгэж байтал хүүхдийн цамц норчихсон байна гэж үглээд “гэр орноо цэвэрлэхгүй яасан юм. Хувцас юм аа угаахгүй” гэж уурлаад хүүхдийн цамцыг тайлаад миний нүүр лүү шидээд “намайг арчаагүй янхан гичий” гэж хэлээд үсдэж алгадсан. ...миний нүүр лүү алгадаж авсан. ...” гэх мэдүүлэг [12],
-А.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой ...хүүхэд А- шалан дээр сууж өмдөндөө шээчихсэн байхаар нь өмдийг нь солих гэсэн чинь хуурай өмд олдохгүй байхаар нь С-д уурлаж “өдөр гэртээ зүгээр байж байхаар хүүхдийнхээ хувцсыг угааж байхад яадаг юм” гээд хэрүүл эхэлсэн. С- гэрээсээ явна гэж уурлаад “чи өөрөө хувцсыг нь угааж байхгүй юу” гэхээр нь би “за хоёулаа хэрүүл маргаан хийгээд яахав” гээд ...орон дээр хэвтсэн чинь С- ирээд чи бос гээд нүүр ам самардаад авахаар нь би уур хүрээд С- нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. Б.С-ийн жирэмсэн гэдгийг мэдэж байсан ...” гэх мэдүүлэг [13],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1688 тоот дүгнэлт [14], Аюулын зэргийн үнэлгээ [15], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл [16], С- жирэмсний картын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч А.А- нь үл ялих зүйлээр шалтаглан буюу “хүүхдийн хувцас угаасангүй, гэрээ цэвэрлэсэнгүй” гэх зүйлээс болж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн хүний эсрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс энэ гэмт хэрэг нь хохирогч О.С-, шүүгдэгч А.А- нарын хэн хэнийх нь хүлээцгүй байдлаас гарсан байна. Гэм буруугийн талд маргахгүй, хохирогчтой эвлэрсэн гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч А.А- нь гэм буруугийн талаар маргаагүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч, хохирогч нарын хоорондох гэр бүлийн таарамжгүй харилцаа, бие биенийгээ хүндлэхгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг тодорхойлсон байдаг ба, тус хуулийн 3 дугаар зүйлд:
-эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд….гэх зэрэг этгээдийг ойлгохоор,
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилжээ.
Хохирогч О.С-, шүүгдэгч А.А- нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 2 жил хамтран амьдарсан, хамтран амьдрагч нар болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Шүүгдэгч А.А- нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч С- бие махбодид халдаж, түүнийг зодон хөнгөн гэмтэл учруулсан, тухайн гэмт хэрэг гарсан өдөр хохирогч О.С- нь 5 сартай жирэмсэн байсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, С- жирэмсний карт зэргээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Хүндрүүлэх нөхцөл байдалд “жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдснийг хамааруулахаар хуульчилсан, эдгээр шинжийг хангасан бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч А.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хамтран амьдрагч С- 5 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.А-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Шүүгдэгч А.А- нь хохирогч С- бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч О.С- нь гэм хорын хохирол, хор уршигийн талаар нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд хэрэг бүртгэлтэд хохирогчоор мэдүүлэхдээ “нэхэмжлэх зүйлгүй” [17] гэсэн байх тул шүүгдэгч А.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч А.А- нь ажил хөдөлмөр эрхэлдэг, энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нь шүүгдэгч А.А- нь догшин ширүүн хүн бол биш бөгөөд ажил эрхэлдэг зэргийг харгалзан үзнэ үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч А.А-эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.А- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч А.А- нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа буюу 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагчид танилцуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч А.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг, мөн хуульд зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч А.А-эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч А.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгрөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-эд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, А.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.С- нь гэм хорын хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 26-28 дугаар тал.
[2] хавтаст хэргийн 29-30 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 38 дугаар тал.
[5] хавтаст хэргийн 11-12 дугаар тал.
[6] хавтаст хэргийн 13-23 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 45 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 46 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 52-54,57 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 60 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 26-28 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.
[14] Хавтаст хэргийн 38 дугаар тал.
[15] хавтаст хэргийн 11-12 дугаар тал.
[16] хавтаст хэргийн 13-23 дугаар тал.
[17] хавтаст хэргийн 75 дугаар тал