Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/205

 

   2024           02            15                                         2024/ДШМ/205

 

Н.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,  

шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1578 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.З-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306017643736 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Э овгийн Н-н З, .. оны .. дүгээр сарын 08-ны өдөр ............ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ............ тоотод оршин суудаг, /РД: ......../,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Н.З нь 2022 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” оффисын 101 тоотод байрлах “Х” ХХК-ийн оффист байрлах цоожтой шүүгээнээс 31.9 гр алт болон 310.000 иень зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 14.512.765 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” оффисын 101 тоотод байрлах “Х” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох суурин компьютер дагалдах хэрэгслийн хамт 4 ширхэг, принтер 1 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, микроскоп 1 ширхэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 6.580.240 төгрөг, нийт 21.093.005 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.З-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э овогт Н-н З-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.З-с 21.093.005 төгрөгийг гаргуулж хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-д олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.З гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруутай үйлдэлд маргахгүй байгаа бөгөөд хохирогч талыг хохиролгүй болгох хүсэлтэй байгаа. Өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж, ар гэрийн тусламжтайгаар хохирогчийн хохирлыг барагдуулах бүрэн чадвартай. Уг хэргийг үйлдсэний дараагаар цагдаагийн газарт өөрийн биеэр залган мэдүүлж, цагдаагийн хэлтэст өөрөө очин хэргээ хүлээсэн болно. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.З-н өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.З-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Н.З нь анх өөрөө гэмт хэрэг үйлдсэн талаар цагдаагийн байгууллагад мэдүүлсэн, мөн тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Дээрх 2 үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Н.З нь гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байгаа байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Н.З нь хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хохирогчид 21.093.005 төгрөг төлөхөөс 5.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирлыг графикийн дагуу сард 800.000 төгрөгийг төлж барагдуулахаар тухайн компанийн татан буулгах комиссын дарга н.Т-д хүсэлт гаргаад гэрээ байгуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг үндэслээд хохирохоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Н.З-н үйлдэл нь 2022 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн. Прокуророос 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг харгалзан үзээд 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.З нь 2022 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” оффисын 101 тоотод байрлах “Х” ХХК-ийн оффист байрлах цоожтой шүүгээнээс 31.9 гр алт болон 310.000 иень зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 14.512.765 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” оффисын 101 тоотод байрлах “Х” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох суурин компьютер дагалдах хэрэгслийн хамт 4 ширхэг, принтер 1 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, микроскоп 1 ширхэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 6.580.240 төгрөг, нийт 21.093.005 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-н “...Н.З нь “Х” ХХК-д 2019 оны 11 сард цахилгаанчнаар анх ажилд ороод Япон хэлтэй учир менежерээр дэвшин ажилласан. ... 2022 оны 7 дугаар сард офиссын цоожтой шүүгээнээс 31.9 гр алт, 310.000 иен бэлэн мөнгө зэргийг авсан байсан бөгөөд тэрийгээ хүлээн зөвшөөрч төлөхөөр хүсэлт бичиж өгсөн. Гэтэл дахин иж бүрэн компьютер, нөүтбүүк, принтер, микроскоп зэрэг эд зүйлсийг авсан байсан. ...” /хх 19-20/,

гэрч Б.Б-н “... Манай нөхөр Н.З надад хэлэхдээ “... би өөрийн ажилладаг ажил дээрээ их хэмжээний өрөнд орсон” гэсэн. Тэр үед Н.З-н утас нь дуугарсан. Тэгэхээр нь би аваад ярьтал цагдаагийн байгууллагаас “энэ гар утаснаас 102-т дуудлага өгсөн байна” гэж хэлсэн. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад “би ажлынхаа газарт их хэмжээний өрөнд орсон” гэх зүйл ярьж байхад цагдаагийн албан хаагч нар ирсэн. ...” /хх 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 44-46, 51-52/, “Хонгор Кэй Жи” ХХК-ийн үндсэн эд хөрөнгийн тайлан /хх 82/, Н.З-н авсан эд зүйлээ буцаан төлөх талаар бичсэн тайлбар /хх 90/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.З-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.З-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Н.З-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн талаараа сайн дураар илчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэд хэдэн төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-н цагдан хоригдсон 59 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /59 хоног х 8 цаг=472 цаг/, эдлэх 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж /500 цаг – 472 цаг= 28 цаг/ нийт биечлэн эдлэх ялыг 28 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.З-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн ял шийтгэлийн талаар бичихдээ 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн байхад 2023 онд шийтгүүлсэн мэтээр бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Шүүгдэгч Н.З нь хэргийг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хонгорзулд 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1578 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Н.З-д 1 /нэг/ жил хорих ял оногдуулсугай.” гэснийг “... шүүгдэгч Н.З-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /59 хоног х 8 цаг=472 цаг/, эдлэх ялаас хасаж /500 цаг – 472 цаг= 28 цаг/, нийт биечлэн эдлэх ялыг 28 /хорин найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн,

“Шүүгдэгч Н.З нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо 5.000.000 /таван сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хонгорзулд төлсөн болохыг дурдсугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.З-г нэн даруй сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР