Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/220

 

2024           02            20                                         2024/ДШМ/220

 

Ц.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Содбаяр,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч О.Санчирбал, О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Ц-д холбогдох 2302 00402 0329 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

А овогт Ц-н Ц, .... оны ... дугаар сарын ..-ний өдөр ......аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгаан системийн автоматжуулалт, хүрээлэн буй орчны мэргэжилтэй, “Г” ХХК-д сэргээгдэх эрчим хүч хариуцсан зөвлөх ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ........../;  

Шүүгдэгч Ц.Ц нь .............. газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан “төрийн захиргааны удирдах албан тушаалтан” болох нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу .............газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/24 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын дагуу тус үнэлгээний хорооны даргаар томилогдон, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/168 дугаар захирамжаар “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас санхүүжигдэх Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 2023 онд шахмал түлш сайжруулах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлаар хамгийн сайн үнэлэгдсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж-с 2023 оны 6 дугаар сард “Чингэлтэй дүүрэгт шахмал түлш тээвэрлэх” тендерт шалгаруулж өгнө гэж,

мөн 2023 оны 7 дугаар сард дээрх тендерт шалгаруулсан гэж 10.000.000 төгрөгийн хахууль өгөхийг өөрөө болон тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Б-р дамжуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Хангарьд ордны 206 тоотод тус тус шаардсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ц-г нийтийн албан тушаалтан үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт баривчилсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан миний өмгөөлөгч О.Санчирбал гомдол гаргасан бөгөөд уг гомдолтой санал нэг байна. Миний холбогдсон хэргийг худалдан авах ажиллагаа нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах түүнийг хуулийн дагуу зохион байгуулсныг үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл бусад баримтуудаар тогтоогдсон. Үнэлгээний хорооны шийдвэр олонхын шийдвэр бөгөөд хөндлөнгөөс оролцож, нөлөөлж шийдвэр гаргах боломжгүй. Сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсаны дараа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч амар хялбар аргаар ажил олох зорилгоор зохиомол байдал үүсгэж Э.Ж-с 10.000.000 төгрөг шаардсан үйлдэлдээ миний бие харамсаж гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, бусдад гэм хор уршиг учруулаагүйг болон миний хувийн байдал, өрх толгойлсон, өсвөр насны 10 настай хүүхэд, өндөр настай, архаг өвчтэй 70 гарсан настай аав минь асран хамгаалагчгүй үлдсэн зэргийг харгалзан үзэж, зүйлчлэл өөрчлөн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц нь ............ газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан төрийн захиргааны удирдах албан тушаалтан, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар А/24 тушаалаар байгуулагдсан Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 2023 онд сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа уг сонгон шалгаруулалтад оролцож байсан “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж-с тендерт шалгаруулж өгнө гэж, мөн тендерт шалгаруулсан зэргээр үргэлжилсэн үйлдлээр өөрөө болон .......... хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Б-р дамжуулан 10.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэх дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан гэрч Э.Ж, Э.Б, Э.Ц, яллагдагч Ц.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрийг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоосон. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд ........... газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/24 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын дагуу Ц.Ц нь тус үнэлгээний даргаар томилогдон, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/168 дугаар захирамжаар “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас санхүүжигдэх Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 2023 онд шахмал түлш сайжруулах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлаар хамгийн сайн үнэлэгдсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж-с мөнгө шаардсан үйл баримтад шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс огт маргаагүй болно. Харин дараах мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд мөн анхан шатны шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн дүгнэлтэд бодитой байдлаар няцаалт хийгээгүй болно. Үүнд: 1 дүгээр хавтас хэргийн 9-11 дүгээр талд гэрч Э.Б-н “...намайг “Б т х” ХХК-ийн захирал Ж-тай утсаар ярих үед тухайн тендер сонгон шалгаруулалт явагдаад дуусчихсан гэрээ байгуулах мэдэгдлийг өгчихсөн байсан” гэх мэдүүлэг, 13-14 талд гэрч Э.Ц-н “...эхний тендер нь 2023.03.06-ны өдөр зарлаж, 2023.04.06-ны өдөр нээлт хийж, 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн. Харин 10 багц буюу хоёр дахь сонгон шалгаруулалт нь 2023.04.24-ний өдөр зарлагдсан ба 2023.05.24-ний өдөр тендерээ нээгээд сонгон шалгаруулалт хийж, 2023.06.15-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтас хэргийн 21-22 талд гэрч Э.Ж-н “...би Ц.Ц даргын өрөөнд ороход би танай “Б т х” ХХК-ийг Чингэлтэй дүүрэгт шахмал түлш тээвэрлэх сонгон шалгаруулалтад шалгаруулж өгсөн, чи надад 10.000.000 төгрөг өг гэж нэхсэн” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтас хэргийн 76-77 талд яллагдагч Ц.Ц-н “...би шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтад компани шалгаруулдаг эрх мэдэл байхгүй, би сонгон шалгаруулалтад шалгарсан компанийг хуулийн дагуу шалгарсан байхад өөрөө шалгаруулж өгсөн мэтээр мөнгө нэхсэн нь үнэн” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтас хэргийн 118 талд авагдсан Үнэлгээний хороо байгуулах тухай тушаал, 1 дүгээр хавтас хэргийн 189-198 талд авагдсан 2023.06.27-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шүүх хуралдааны явцад бүрэн тогтоож чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “...Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр “үнэлгээний дүгнэлт” нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох мэдээллийг агуулсан байна” гэж заасан Ц.Ц-н даргаар ажилласан тендер сонгон шалгаруулах ажил хамтын шийдвэр буюу үнэлгээний хорооны гишүүд болох Ш.М, Р.А, Т.М, Э.Ц нарын шийдвэрээр “Б т х” ХХК нь хуулийн дагуу шалгарч, шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэх шинжүүдийг заасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг, 3.1.2-д “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг гэж тус тус заасан нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, хэм хэмжээг баримтална” гэсний дагуу дурдав. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд “Б т х” ХХК нь үнэлгээний хорооны 5 гишүүний шийдвэрээр шалгарсан байтал дээрх Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн” гэх шинж хамаарахгүй нөхцөл байдал байна. Харин шүүгдэгч Ц.Ц-н хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасан хамтын шийдвэрийг бие даан гаргадаг байдлаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөнгө нэхсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглаж, залилах гэмт хэргийг үйлдэх санаа зорилгоор завдсан үйлдэл юм. Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн материалд шат шатны прокурорт гаргаж байсан миний гомдлууд байгаа. “Гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж удаа дараа гаргасан гомдол хэрэгт авагдсан. Ж болон Б нарын үйлдэлтэй холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулахдаа процессийн хуулийг зөрчсөн. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүх хууль зөрчсөн нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иймд Ц.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Ц-г гэм буруугийн талаар маргаагүй гэж дүгнэсэн. Ц.Ц нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө 10.000.000 төгрөг шаардсан талаараа тодорхой мэдүүлсэн. ... Залилах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй. Ц.Ц нь нийтийн албан тушаалтанд хамаарагддаг. Хууль тогтоомжид заасны дагуу ажил албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор бусдаас мөнгө нэхэж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж юм. Уг гэмт хэргийн онцлог нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ямар нэгэн материаллаг хохирол шаардахгүй. Авлига өгөхийг шаардсан идэвхитэй үйлдлээрээ уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байдаг. ... Ц.Ц тухайн тендер шалгаруулалт болсонтой холбоотойгоор “Б т х” ХХК-д давуу байдал олгох зэргээр ямар нэгэн байдлаар оролцоогүй атлаа оролцсон мэтээр бусдад ойлгуулж, 10.000.000 төгрөг нэхсэн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч Ц.Ц-н албан тушаалын байдал гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга, субъектив санаа зорилгоос дүгнэн үзэхэд өмчлөх эрхийн эсрэг бус албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Хувийн байдлыг харгалзан үзэж хор уршиг учруулаагүй байна гэдэг байдлаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Ц нь ..................дарга буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан “төрийн захиргааны удирдах албан тушаалтан” болох нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу ........... газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/24 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын дагуу тус үнэлгээний хорооны даргаар томилогдон, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/168 дугаар захирамжаар “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас санхүүжигдэх Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 2023 онд шахмал түлш сайжруулах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлаар хамгийн сайн үнэлэгдсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж-с 2023 оны 6 дугаар сард “Чингэлтэй дүүрэгт шахмал түлш тээвэрлэх” тендерт шалгаруулж өгнө гэж,

мөн 2023 оны 7 дугаар сард дээрх тендерт шалгаруулсан гэж 10.000.000 төгрөгийн хахууль өгөхийг өөрөө болон тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Б-р дамжуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах .....д ордны 206 тоотод тус тус шаардсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Э.Ж-н “... 2021 онд “Б т х” ХХК-ийг гэх шахмал түлш жижиглэн борлуулах, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл захирлаар ажиллаж байна. ... .......... газраас 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендер зарлагдсан. Би уг тендерийн сонгон шалгаруулалтын зарыг тендер.gov.mn сайтаас олж мэдсэн. Би сонгон шалгаруулалтын тавигдах шаардлагын дагуу материалаа бүрдүүлж цахимаар ............ газрын цахим хаягт манай компанийн нягтлан Цэ-д явуулсан. 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр миний ... дугаарын утас руу ................. Бодлогын хэлтсийн дарга Ц.Ц гэх хүн холбогдож ирээд уулзаарай гэж хэлсэн. Ц.Ц-той уулзахаар очиход талбайн хажууд байрлах барилгын 12 давхарт нь гараад ир гэж хэлсэн. ................ дарга Ц.Ц нь тендер шалгаруулалтад материалаа өгсөн компанийн захирлуудаас мөнгө нэхдэг талаар би хүмүүсээс сонссон тул дуу хураагуураар дууг нь бичсэн юм. Ц.Ц-той уулзахад “Шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерт өрсөлдөгч компаниуд чинь том компаниуд байна, чи 2023 оны 5 дугаар сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд 10.000.000 төгрөг бэлнээр аваад ир, тэгвэл Шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийн 16 дугаар багц буюу Баянзүрх дүүрэгт шахмал түлш тээвэрлэх тендерт танай “Б т х” ХХК-ийг сонгон шалгаруулж өгье гэж хэлсэн. ... ....... тэмцэх газраас “Б т х” ХХК-ийн дотоод сүлжээ рүү 25 дугаар багц болох Чингэлтэй дүүрэгт шахмал түлш тээвэрлэх тендер сонгон шалгаруулалтад тэнцсэн гэх албан бичиг ирсэн. 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд ......... газраас Бодлогын хэлтсийн дарга Ц.Ц ирээд уулз гэж хэлсэн. Би ажил дээр нь очиход Ц.Ц болон ахлах мэргэжилтэн Э.Б нар “танай “Б т х” ХХК 25 дугаар багцад шалгарсан санхүүжилтийг чинь нягтланд хэлээд оруулчих” гээд “хэлсэн мөнгө чинь орохоор ахлах мэргэжилтэн Э.Б-т өгөөрэй” гэж хэлсэн. Би тухайн үед “за” гэж хэлчихээд яваад өгсөн. 16-17 цагийн үед Б миний утас руу залгаад “нөгөө мөнгөө яасан бэ” гэж хэлсэн. Би санхүүжилт ороогүй байна гэж хэлээд тасалсан. Миний утас руу Ц.Ц ........... дугаарын утаснаас залгахаар нь би аваагүй. Миний утас руу Ц.Ц болон Б нар удаа дараа залгасан би мөнгө нэхээд байгаа болохоор утсыг нь авахгүй байгаа юм. Надаас .................. газрын Бодлогын хэлтсийн дарга Ц.Ц 10.000.000 төгрөг хахууль өгөхийг шаардсан дууны бичлэг надад байгаа. ...” /1 хх 5-6/,

“... Ц.Ц намайг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайн хажууд байрлах Хангарьд ордны 2 дугаар давхарт ажлынхаа өрөөнд хүрээд ир гэж утсаар залгаж дуудсан. Би Ц.Ц даргын өрөөнд ороход би танай “Б т х” ХХК-ийг Чингэлтэй дүүрэгт шахмал түлш тээвэрлэх сонгон шалгаруулалтад шалгаруулж өгсөн чи надад 10.000.000 төгрөг өг гэж мөнгө нэхсэн. Би Ц.Ц-д одоохондоо мөнгө байхгүй санхүүжилтгүй байна гэх шалтгаанаар нэхсэн мөнгийг нь өгөхгүй байгаа. Би өөрийн “Б т х” ХХК-ийг Чингэлтэй дүүрэгт шахмал түлш тээвэрлэх сонгон шалгаруулалтын шалгуур шаардлагыг хангаад тэнцсэн гэж бодож байна. ...................... Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Ц, ахлах мэргэжилтэн Э.Б нарыг хахууль өгөхийг шаардсан нэхсэн гэж бодож байна. Ц.Ц надаас одоог хүртэл хахууль тендер сонгон шалгаруулалтад танай компанийг шалгарахгүй байхад шалгаруулсан уг тусын хариуд 10.000.000 төгрөг өг гэж нэхэж шаарддаг. ...” /1 хх 21-22/,

гэрч Э.Б мэдүүлсэн “... Миний шууд удирдах дарга нь Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Ц, ......... газрын дарга Б.Б нар байгаа юм. ... Тухайн үнэлгээний хорооны даргаар манай хэлтсийн дарга Ц.Ц ажилласан. Уг тендер сонгон шалгаруулалтад оролцсон “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж нь 2023 оны 6 дугаар сарын эхээр Х ордны 2 дугаар давхарт байх 206 тоот өрөөнд орж ирээд манай компани тээвэрлэлт хийх сонгон шалгаруулалтад оролцсон манай компани ямархуу байдалтай байна мэдээлэл байна уу гэж надаас асуусан. ... Би тухайн үед Ж-д “би сайн мэдэхгүй байна, үнэлгээний хорооны дарга Ц.Ц даргатай уулзаад өөрөө асуу” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь байх Ц.Ц дарга намайг өрөөндөө дуудахаар орсон. ... Тэгтэл Ц.Ц дарга “Б т х” ХХК захирал Э.Ж-с би 10 сая төгрөг авах юм аа чи утсаар яриад “Ц.Ц дарга нөгөө 10.000.000 төгрөг өгнө гэсэн яасан юм бэ гэж Ц.Ц дарга асуулгаж байна” гэж өөрийн ажлын 320059 дугаарын утсаар Э.Ж-н гар утас руу ярихад “аан за” гэж хэлээд тасалсан. Би дахиж яриагүй тэрнээс хойш энэ хоёр хүн хоорондоо мөнгө төгрөгөөр авч өгсөн эсэхийг мэдэхгүй байна. ... Би Ц.Ц дарга 10.000.000 төгрөг авах ёстой мөнгө авчирч өг гэж хэлээдэх гэхээр нь би нэг л удаа утсаар ярьсан. 2023 оны 8 дугаар сард Ц.Ц даргатай Э.Ж ирж уулзсан. Тухайн үед агуулахын гэрээ юу болж байна гэж асуусан би “боломжгүй юм байна” гэж хэлсэн. Ц.Ц дарга, Э.Ж хоёр өрөөнд уулзаад үлдсэн. ... Ц.Ц дарга надаас “Б т х” ХХК-ийн тээвэрлэлт хийсэн санхүүжилт нь орсон байна уу, асуугаадах” гэхээр нь би нягтлан бодогч Байгалмаагаас тээврийн компаниудын санхүүжилт орсон уу “...“Б т х” ХХК-ийнх орсон юм уу, Ц.Ц дарга асуулгаж байна” гэсэн чинь “гүйлгээг нь хийчихсэн санхүүжилт орчихсон гэж хэлсэн. Тэгээд би Ц.Ц даргад санхүүжилт нь орчихсон гэж байна гэж хэлсэн чинь “чи “Б т х” рүү яриад 10.000.000 төгрөг өгөх ёстой яасан юм бол асуугаад өгөөч” гэж хэлэхээр нь би “та өөрөө ярьж болохгүй юм уу” гэсэн чинь “зүгээрээ чи асуугаад яриадах, би авах ёстой юм” гэхээр нь “за за” гэж хэлээд Э.Ж-тэй утсаар яриад “танай санхүүжилт орсон байна” гэж хэлсэн чинь Э.Ж “аан за” гэж хэлээд утсаа салгасан. ...” /1 хх 9-10/,

гэрч Э.Ц-н “...2022 оны 3 дугаар сард .......... хэлтэст Байгальд ээлтэй технологи сэргээгдэх эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ... “Б т х” ХХК нь эхлээд зарласан сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн боловч төсөвт өртгийн 30 хувийг хангана гэсэн шаардлагыг хангаагүй үндэслэлээр сонгон шалгаруулалтад шалгараагүй. Тэгээд дахин зарласан 10 багц ажилд “Б т х” ХХК нь дахин оролцож шалгарсан. Гэхдээ 2 дахь сонгон шалгаруулалтыг зарлахдаа төсөвт өртгийн 30 хувийг бууруулаад 10 хувь болгосон. Сүүлд зарласан 10 багц тендерийн 5 багц тендерт нь оролцогч талуудаас сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яамнаас дахин үнэлгээ хий гэсэн зөвлөмж ирүүлж дахин үнэлгээ хийгээд өмнөх гарсан шийдвэр хүчинтэй хэвээр батлагдсан. ...” /1 хх 13-14/,

шүүгдэгч Ц.Ц-н яллагдагчаар “... Би “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж-г 2023 оны 7 дугаар сард ажлын байран дээр буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Х ордонд нэг удаа дуудаж “10.000.000 төгрөг өгөх юм бол танай компанийг Шахмал түлш тээвэрлэх ажил тендер сонгон шалгаруулалтад шалгаруулж өгье” гэж мөнгө өгөхийг шаардсан. Харин “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж миний нэхсэн 10.000.000 төгрөгийг надад өгөөгүй. Би ахлах мэргэжилтэн Э.Б-р 2-3 удаа “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж руу ярьж 10.000.000 төгрөг нэхэх талаар үүрэг өгсөн. Ахлах мэргэжилтэн Э.Б өөрийн эзэмшлийн ............. дугаарын утаснаас 2023 оны 7 дугаар сард 2-3 удаа залгаж миний хэлсний дагуу тус компанийн захирлаас мөнгө нэхсэн. “Б т х” ХХК нь Шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийн 25 дугаар багц буюу Чингэлтэй дүүрэгт шахмал түлш тээвэрлэх тендер сонгон шалгаруулалтад 2023 оны 7 дугаар сард шалгарч гэрээ захиалагчтай байгуулсан. Би “Б т х” ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсан байхад өөрийн ..... ахлах мэргэжилтэн Э.Б-н ...........дугаарын утаснаас “танай компани сонгон шалгаруулалтад шалгарсан би шалгаруулж өгсөн тул 10.000.000 төгрөгөө яаралтай бэлнээр өг” гэж хэлсэн нь үнэн. “Б т х” ХХК нь Шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийн 25 дугаар багц буюу Чингэлтэй дүүрэгт шахмал түлш тээвэрлэх тендер сонгон шалгаруулалтын шалгуур шаардлагыг хангаж байсан тул шалгарсан юм. ...” /1 хх 76-77, 3 хх 63/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн А/24 дугаартай тушаал, “Үнэлгээний хороо байгуулах тухай”, тендерийн баримт бичгүүд, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /1 хх 116, 118, 125-198/, Ц.Ц-н ажилд томилогдсон тушаалын хуулбарууд /3 хх 20-23/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-г нийтийн албан тушаалтан үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгчийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг зөв гэж дүгнэж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүх шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэмт хэрэг үйлдсэн гэмт санаа, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирчээ.

Гэвч анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэхдээ зөвхөн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн мэтээр бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах ялыг заавал хэрэглэхээр хуульчлагдсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрх хасах ялтай холбоотой хэм хэмжээг давхар баримтлах шаардлагагүй болно.

 Шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч О.Санчирбал нараас “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Ц.Ц-г нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасан хамтын шийдвэрийг бие даан гаргадаг байдлаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөнгө нэхсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглаж, залилах гэмт хэргийг үйлдэх санаа зорилгоор завдсан үйлдэл тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын тул зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн болгож авах шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр илэрдэг.  

Хэрэгт авагдсан баримтууд болох шүүгдэгч Ц.Ц-н “... Би “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж-г 2023 оны 7 дугаар сард ажлын байран дээр нэг удаа дуудаж “10.000.000 төгрөг өгөх юм бол танай компанийг Шахмал түлш тээвэрлэх ажил тендер сонгон шалгаруулалтад шалгаруулж өгье” гэж мөнгө өгөхийг шаардсан. Харин “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж миний нэхсэн 10.000.000 төгрөгийг надад өгөөгүй. Би ахлах мэргэжилтэн Э.Б-р 2-3 удаа “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж руу ярьж 10.000.000 төгрөг нэхэх талаар үүрэг өгсөн. Ахлах мэргэжилтэн Э.Б өөрийн эзэмшлийн …… дугаарын утаснаас 2023 оны 7 дугаар сард 2-3 удаа залгаж миний хэлсний дагуу тус компанийн захирлаас мөнгө нэхсэн. ...” /1 хх 76-77/, гэрч Э.Ж-н “… Ц.Ц-той уулзахад “Шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерт өрсөлдөгч компаниуд чинь том компаниуд байна, чи 2023 оны 5 дугаар сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд 10.000.000 төгрөг бэлнээр аваад ир, тэгвэл Шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийн 16 дугаар багц буюу Баянзүрх дүүрэгт шахмал түлш тээвэрлэх тендерт танай “Б т х” ХХК-ийг сонгон шалгаруулж өгье гэж хэлсэн. …” /1 хх 5-6/ зэрэг баримтуудаас үзэхэд Ц.Ц нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу “Б т х” ХХК-ийг тендерт шалгаруулж өгнө гэж Э.Ж-с 10.000.000 төгрөгийг шаардсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Өөрөөр хэлбэл, Ц.Ц нь ........... газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга буюу төрийн захиргааны удирдах албан тушаалтан, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 онд сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллаж, уг сонгон шалгаруулалтад оролцож байсан “Б т х” ХХК-ийн захирал Э.Ж-с өөрөө болон бусдаар дамжуулан 10.000.000 төгрөг өгөхийг шаардсан үйлдэл нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас хахууль өгөхийг шаардсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ц-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул “зүйлчлэлийг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Ц нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш нийт 69 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ          

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР