Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2025/0576

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******,                

Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А***** нарын хооронд үүссэн шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийг шийтгэл оногдуулж шийдвэрлэхээр өөрчлөх, шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, хяналтын прокурор Н.Б*******, хариуцагч улсын байцаагч Д.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С****** нь “...Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А*******гийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн О.О******, Э.Г******* нарыг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг шийтгэл оногдуулж шийдвэрлэхээр өөрчлөх, шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх” шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/06 дугаартай “Эм хангамж, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжийн дагуу хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А******* нь УБТЗ-ын төв эмнэлэгт хяналт шалгалт хийсэн.[1]

2.2. УБТЗ-ын төв эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 дугаартай тушаалаар зөрчилд холбогдогч Э.Г*******г Эм зүйн тасгийн эрхлэгчээр ажилд авч[2] ... мөн өдрийн Б/35 дугаартай тушаалаар зөрчилд холбогдогч О.О*******г тус газрын Эм зүйн тасгийн дефектараар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.[3]

2.3. Улмаар улсын байцаагч Д.А*******г УБТЗ-ын төв эмнэлэгт хяналт шалгалт хийх үед тус эмнэлгийн Эм зүйн тасгийн эрхлэгчээр Э.Г*******, тус тасгийн эм зүйчээр О.О******* нар ажиллаж байсан.

2.4. Хяналт шалгалтын явцад “…эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлээгүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг бүртгэх, устгах журмыг зөрчсөн гэх үйлдэлд УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга Э.Г*******, эм зүйч О.О******* нарт холбогдуулан 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.[4]

2.5. Зөрчлийн хэрэгт авагдсан тус эмнэлэгт эмчлүүлэгч М.Ө*******ын бөглөсөн “Гаж нөлөөг мэдээлэх хуудас”-т гаж нөлөө үзүүлсэн эмийн мэдээлэл хэсэгт “Никотины хүчил” гэж, илэрсэн гаж нөлөөний шинж тэмдэг хэсэгт “...бүх бие, нүүр хоёр гараар жижиг тууралт гарч загатнасан” гэх тэмдэглэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн.[5]

2.6. Дээрх гаж нөлөө үзүүлсэн эмийн мэдээллийг УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албанаас Мансууруулах сэтгэц нөлөөт эмийн бүртгэл, Мансууруулах эмийн бүртгэл, Сэтгэц нөлөөтэй эмийн бүртгэлд тус тус бүртгэж, тэмдэглэл үйлдээгүй байна.[6]

2.7. Зөрчилд холбогдогч Эм зүйн тасгийн эрхлэгч Э.Г*******с 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд “…мансууруулах сэтгэцэд нөлөөт эмтэй холбоотой зөрчил бол нөөцийн тасгийн эм зүйчийн хариуцах ажил ... эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журмыг хэрэгжүүлэх боломж гараагүй яагаад гэвэл тухайн үед би ажлаа бүрэн гүйцэд хүлээн аваагүй байсан” гэж мэдүүлсэн байна.[7]

2.8. Зөрчилд холбогдогч эм зүйч О.О*******с 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд “…бүртгэлээ тухай бүр хөтлөөгүй ажил ихтэй байсан учраас ийм асуудал гарсан” гэж мэдүүлсэн байна.[8]

2.9. УБТЗ-ын төв эмнэлгийн даргын баталсан Эм зүйн тасгийн эрхлэгчийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтын[9] 1.11-д “Эмийн гаж нөлөөг эрт илрүүлэх, бүртгэн мэдээлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээг зохион байгуулах, удирдлагаар хангана” гэж заасны дагуу зөрчилд холбогдогч Эм зүйн тасгийн эрхлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж улсын байцаагчаас үзсэн.

2.10. Улсын байцаагчийн Д.А*******с 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавраар “...эмийн эмчилгээг зохицуулах хороог журмын дагуу ажиллуулах, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журмыг хэрэгжүүлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлагын бүртгэлийг тухай бүр хөтөлж, устгалыг журмын хүрээнд хэрэгжүүлэх, мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг хадгалалтын шаардлага хангасан орчин нөхцөлд хадгалах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга Э.Г*******”-д даалгажээ.[10]

2.11. Харин 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Шийтгэлээс чөлөөлөх хуудсаар зөрчилд холбогдогч УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга Э.Г********, эм зүйч О.О******** нарыг “төрийн албанд ажилладаг” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн.[11]

2.12. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******гаас “...зөрчилд холбогдогч О.О*******, Э.Г******* нарыг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг шийтгэл оногдуулж шийдвэрлэхээр өөрчлөх, шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх” шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан.

2.13. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/1325 дугаартай “Арга хэмжээ авхуулах тухай” албан бичгээр “…Хяналт шалгалтын явцад Эм зүйн албаны дарга Э.Г****** нь эмийн гаж нөлөөг зохих журмын дагуу бүртгэн мэдээлээгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 29 дэх заалтыг, нөөцийн тасгийн эм зүйч О.О****** нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн орлого зарлагын бүртгэлийг бүрэн хөтлөөгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг зохих журмын дагуу устгуулаагүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.9 дахь заалтыг тус тус зөрчиж байна ... Иймд холбогдох албан хаагчдад Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцож, хариуг ирүүлнэ үү” гэж УБТЗ-ын төв эмнэлгийн даргад хандсан байна.[12]

2.14. Нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Ц-1/3574 дугаартай “Эрх залгамжлагчаар томилох тухай” албан бичгээр “…Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С****** нь Тээврийн прокурорын газарт шилжин томилогдсон ... 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт тус прокурорын газрын хяналтын прокурор Н.Б*******г эрх залгамжлагчаар томилон оролцуулж өгнө үү” гэсэн байх тул тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналтын прокурор Б.С******гийн эрх залгамжлагчаар хяналтын прокурор Н.Б*******ийг шүүх хуралдаанд оролцуулсан болно.[13]

2.15. Прокурорын зүгээс улсын байцаагчийн шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг шийтгэл оногдуулж өөрчлүүлэхээр гаргасан дүгнэлтдээ “...УБТЗ-ын төв эмнэлгийн эм зүйн тасгийн эрхлэгч Э.Г******* нь эмийн гаж нөлөөг зохих журмын дагуу бүртгэн мэдээлээгүй, эм зүйн тасгийн дефектар О.О******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг зохих журмын дагуу бүртгээгүй, устгаагүй зөрчлийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн эм зүйн тасгийн эрхлэгч Э.Г*******, эм зүйн тасгийн дефектар О.О******* нарын хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл биш буюу ажил, чиг үүрэгт нь байхгүй, шийтгэл оногдуулж шийдвэрлэх үйлдэл зөрчилд хуулийг буруу хэрэглэн холбогдогч нарыг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэн хууль зөрчсөн” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.16. Хариуцагчийн зүгээс “...УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга Э.Г******* нь Эм зүйн албаны даргын үүрэгт ажлыг 2025 оны 01 дүгээр сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын байрны тодорхойлолтод нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 29 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Мөн эмнэлгийн Эм зүйн албаны нөөцийн тасгийн эм зүйч О.О******* нь уг үүрэгт ажлыг 2025 оны 01 дүгээр сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын байрны тодорхойлолтод нь Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2.5, 2.9 дэх заалтад заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгагдсан байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх албан тушаалтнуудыг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэлээс чөлөөлсөн болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу УБТЗ-ын төв эмнэлгийн удирдлагад мэдэгдэн зөрчлийн холбогдогч нарт хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлүүлсэн болно.” гэж тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******гаас шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “…Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А****** нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн "... Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн эм зүйн алба нь эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлээгүй, мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг бүртгэх, устгах журмыг зөрчсөн" гэх зөрчилд, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Э.Г******г Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 29 дэх заалтад заасан "Эмийн гаж нөлөөг зохих журмын дагуу бүртгэн мэдээлээгүй" гэх, холбогдогч О.О******г Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.9 дэх заалтуудад заасан "Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг зохих журмын дагуу бүртгээгүй, устгаагүй" гэх зөрчлийг тус тус үйлдсэн боловч Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл гэж дүгнэж, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тэднийг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн зөрчлийн ****** дугаартай хэргийг шалгалтын явцад хянав.

Зөрчлийн хэрэгт цугларсан, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээх тухай 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол (1-р хуудас), хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийг илрүүлсэн тухай 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл (2-р хуудас), хяналт шалгалтын удирдамжийн хуулбар (3- 6-р хуудас), үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хуулбарласан баримтууд (7-8, 9-20-p хуудас), холбогдогчоор Э.Г******, О.О****** нараас авсан мэдүүлэг, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар (21-22, 23, 24-25, 26-р хуудас), холбогдогч нарын ажилд томилогдсон тушаал болон ажлын байрны тодорхойлолт зэргийн хуулбар (28-31, 32-р хуудас), эрх бүхий албан тушаалтны даалгавар (33-р хуудас), шийтгэлээс чөлөөлөх тухай хуудас (35, 36-р хуудас) зэрэг баримтуудаар:

Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн эм зүйн тасгийн эрхлэгч Э.Г****** нь эмийн гаж нөлөөг зохих журмын дагуу бүртгэн мэдээлээгүй, эм зүйн тасгийн дефектар О.О****** нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг зохих журмын дагуу бүртгээгүй, устгаагүй зөрчлийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд, шийтгэлээс чөлөөлөх үндэслэлийн 4 дэх хэсэгт "Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ." гэж хуульчилсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн эм зүйн тасгийн эрхлэгч Э.Г******, эм зүйн тасгийн дефектар О.О****** нарын хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл биш буюу ажил, чиг үүрэгт нь байхгүй, шийтгэл оногдуулж шийдвэрлэх үйлдэл зөрчилд хуулийг буруу хэрэглэн холбогдогч нарыг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэн хууль зөрчжээ.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад "Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн", "Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх" гэх, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтад "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэх заалтыг тус тус зөрчсөн.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, мөн хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А******н 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн О.О******, Э.Г****** нарыг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй, хууль зүйн хувьд алдаатай шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх шаардлага үүсэж байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг, шийтгэл оногдуулж шийдвэрлэхээр өөрчлөх шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

3.2. Хяналтын прокурор Н.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Зөрчлийн тухай хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үздэг. Мөн Зөрчлийн тухай хууль нь захиргааны хэм хэмжээний актын зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэлийг шударгаар оногдуулах, шударга ёсыг тогтоох зорилготой. Зөрчлийн тухай хуулийн 6.6-д заасан Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг Э.Г****** болон О.О****** нар зөрчсөн зөрчил үйлдсэн гэдгийг эрх бүхий албан тушаалтан нотолсон. Үүнтэй маргахгүй байна. Тус зөрчил нь 2024 онд шинэчлэн батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг. Тус хууль хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгслийн импортлох, экспортлох, ханган нийлүүлэх, түгээх харилцааг зохицуулдаг. Энэ хуулийг зөрчсөн зөрчил нь зөрчилд тооцогддог. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаанд тодорхой үйлдлийг журамлаж, зохицуулж, хориглож, зөвшөөрсөн харилцаатай. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар эмийн гаж нөлөө, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын бүртгэлийг хөтлөхийг тодорхой үүрэг болгосон зохицуулалттай. Энэ хүрээнд эмийн эмчилгээний хороог ажиллуулж, энэ харилцааг тусдаа журмаар зохицуулна гэж хуульд заасны дагуу УБТЗ-ын төв эмнэлэгт эмийн эмчилгээний зохицуулах хороог 2019 онд шинэчлэн байгуулсан. Эм зүйн албаны тасгийн эрхлэгч албан тушаалын чиг үүргийнхээ хүрээнд эмийн гаж нөлөө бүртгэх үүрэгтэй этгээд юм. Өөрөөр хэлбэл хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар үүрэг болгосон буюу хуулиар хүлээсэн болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн албан тушаалтанд шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад зөрчлийн шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй гэж хуулийг буруу хэрэглэсэн. Зөрчлийн тухай хуулийн 2.3.4-т “...хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй...” гэж заасан. Тэрнээс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчсөн үйлдлийг зөрчлийн шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд хамааруулахгүй.

Өөрөөр хэлбэл хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Зөрчлийн тухай хуульд заасан үйлдэл, үр дагавар гарсан тохиолдолд энэ харилцааг мөн хуулийн 2.3.4-т зааснаар чөлөөлөх үндэслэл болно. Гэтэл хуулиар, журмаар, ажлын байрны тодорхойлолтоор үүрэг болгосон чиг үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчиж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд хамаарна. Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан хариуцлагыг тооцохоос гадна тухайн албан тушаалтанд ажлын байрны тодорхойлолтод заасан, төрийн албан хаагчийнхаа хувьд хүлээсэн чиг үүрэгт хариуцлага оногдуулах асуудал Зөрчлийн тухай хуулиас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй. Зөрчлийн тухай хуулийн 2.3.4 буюу шийтгэлээс чөлөөлөх үндэслэл нь зөрчлийн үр дагавар, зөрчлийн үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлтэй холбоотойгоор чөлөөлөх үндэслэл болохоос биш чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчиж байгаа үйлдлийг зөвтгөөд хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох ёсгүй. Тиймээс шийтгэлээс чөлөөлсөн шийдвэр үндэслэлгүй. Эрх бүхий албан тушаалтны хийсэн хяналт шалгалт нь хүн амын эрүүл мэндийн асуудлыг хянах, зохицуулах, эмийн гаж нөлөө, эмийн нөлөөллийг судлаад ямар төрлийн эм ямар үйлчилгээтэй байгаа талаар, цаашлаад ямар төрлийн эмийг тендерээр худалдан авах юм, ямар эмийн үйлчилгээ нь илүү нөлөөтэй байгаа, ямар нь гаж нөлөө үүсгээд байгаа талаар буюу хүн амын эрүүл мэндийн асуудлыг дүгнэх эрх бүхий байгууллагыг зөв мэдээллээр хангах чиг үүргийн үр дагавар нь өөр. Энэ үр дагаврыг биелүүлээгүй, цаашдаа энэ үйлдлийг илрүүлж таслан зогсоохгүй, хариуцлага тооцоож журам тогтоохгүй бол энэ хуулийн ач холбогдол байхгүй болно. Энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй дээр нь хариуцлага тооцож Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байгаа юм. Харин “Энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа чинь зөв байна. Хуульд заасан эрхээрээ зөвхөн сахилгын шийтгэлээр хариуцлага оногдуулна” гэх юм бол хуулийн зорилго, ач холбогдол алдагдана. Ийм учраас хуульд заасан шийтгэлийг оногдуулах нь үндэслэлтэй.” гэжээ.

3.3. Хариуцагч улсын байцаагч Д.А****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...УБТЗ-ын Эм зүйн албаны дарга Э.Г****** нь Эм зүйн албаны даргын үүрэгт ажлыг 2025 оны 01 дүгээр сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын байрны тодорхойлолтод нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 29 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Мөн эмнэлгийн Эм зүйн албаны нөөцийн тасгийн эм зүйч О.О****** нь уг үүрэгт ажлыг 2025 оны 01 дүгээр сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын байрны тодорхойлолтод нь Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2.5, 2.9 дэх заалтад заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгагдсан байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх албан тушаалтнуудыг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт (Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж) заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэлээс чөлөөлсөн болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу УБТЗ-ын төв эмнэлгийн удирдлагад мэдэгдэн зөрчлийн холбогдогч нарт хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлүүлсэн болно.

Иймд Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Б.С******гаас гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх прокурорын дүгнэлт, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтэд дурдсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А******н 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Э.Г******г шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг шийтгэл оногдуулж шийдвэрлэхээр өөрчлөх, шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А******н 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн О.О******г шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Шүүх Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А******н 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн О.О******г шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж заасан нөхцөл байдал дараах агуулгаар бий болсон гэж үзсэн.

2. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/06 дугаартай “Эм хангамж, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжийн дагуу хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А****** нь Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын төв эмнэлэгт хяналт шалгалт хийжээ.

3. УБТЗ-ын төв эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 дугаартай тушаалаар зөрчилд холбогдогч Э.Г******г Эм зүйн тасгийн эрхлэгчээр ажилд авч[14] ... мөн өдрийн Б/35 дугаартай тушаалаар зөрчилд холбогдогч О.О******г тус газрын Эм зүйн тасгийн дефектараар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар улсын байцаагч Д.А******г УБТЗ-ын төв эмнэлэгт хяналт шалгалт хийх үед тус эмнэлгийн Эм зүйн тасгийн эрхлэгчээр Э.Г******, тус тасгийн эм зүйчээр О.О****** нар ажиллаж байсан.

 4. Хяналт шалгалтын явцад “…эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлээгүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг бүртгэх, устгах журмыг зөрчсөн гэх үйлдэлд УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга Э.Г******, эм зүйч О.О****** нарт холбогдуулан 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор ********* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.

5. Зөрчлийн хэрэгт авагдсан тус эмнэлэгт эмчлүүлэгч М.Ө*********н бөглөсөн “Гаж нөлөөг мэдээлэх хуудас”-т гаж нөлөө үзүүлсэн эмийн мэдээлэл хэсэгт “Никотины хүчил” гэж, илэрсэн гаж нөлөөний шинж тэмдэг хэсэгт “...бүх бие, нүүр хоёр гараар жижиг тууралт гарч загатнасан” гэх тэмдэглэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн бөгөөд дээрх гаж нөлөө үзүүлсэн эмийн мэдээллийг УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албанаас Мансууруулах сэтгэц нөлөөт эмийн бүртгэл, Мансууруулах эмийн бүртгэл, Сэтгэц нөлөөтэй эмийн бүртгэлд тус тус бүртгэж, тэмдэглэл үйлдээгүй байна.

6. Зөрчилд холбогдогч Эм зүйн тасгийн эрхлэгч Э.Г*********с 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд “…мансууруулах сэтгэцэд нөлөөт эмтэй холбоотой зөрчил бол нөөцийн тасгийн эм зүйчийн хариуцах ажил ... эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журмыг хэрэгжүүлэх боломж гараагүй яагаад гэвэл тухайн үед би ажлаа бүрэн гүйцэд хүлээн аваагүй байсан” гэж мэдүүлжээ.

7. Зөрчилд холбогдогч эм зүйч О.О*********с 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд “…бүртгэлээ тухай бүр хөтлөөгүй ажил ихтэй байсан учраас ийм асуудал гарсан” гэж мэдүүлсэн байна.

8. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дүгнэлт гаргагч прокурор “...УБТЗ-ын төв эмнэлгийн эм зүйн тасгийн эрхлэгч Э.Г********* нь эмийн гаж нөлөөг зохих журмын дагуу бүртгэн мэдээлээгүй, эм зүйн тасгийн дефектар О.О********* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг зохих журмын дагуу бүртгээгүй, устгаагүй зөрчлийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн эм зүйн тасгийн эрхлэгч Э.Г******, эм зүйн тасгийн дефектар О.О******** нарын хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл биш буюу ажил, чиг үүрэгт нь байхгүй, шийтгэл оногдуулж шийдвэрлэх үйлдэл зөрчилд хуулийг буруу хэрэглэн холбогдогч нарыг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэн хууль зөрчсөн ...” гэх агуулгаар, хариуцагч улсын байцаагч “...УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга Э.Г******** нь Эм зүйн албаны даргын үүрэгт ажлыг 2025 оны 01 дүгээр сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын байрны тодорхойлолтод нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 29 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Мөн эмнэлгийн Эм зүйн албаны нөөцийн тасгийн эм зүйч О.О******** нь уг үүрэгт ажлыг 2025 оны 01 дүгээр сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын байрны тодорхойлолтод нь Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2.5, 2.9 дэх заалтад заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгагдсан байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх албан тушаалтнуудыг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэлээс чөлөөлсөн ...” гэх агуулгаар маргасан.

9. Энэхүү захиргааны хэрэг маргаанд шүүхээс тогтоон тайлбарлах эрх зүйн гол асуудал нь Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрхэн ойлгож хэрэглэх тухай асуудал байх тул шүүх эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах системчилсэн тайлбарын аргын хүрээнд дараах эрх зүйн дүгнэлтийг хийлээ. Тодруулахад:

10. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж заасан.

11. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж заажээ.

12. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс авч үзэхэд, зөрчилд холбогдогч албан тушаалтан нь төрийн албан хаагч байгаа тохиолдолд /үүнд төрийн жинхэнэ болон бусад албан хаагч аль аль нь хамаарна/ Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд тооцогдох үйлдэл, эс үйлдэхүй нь түүний албаны чиг үүрэгтэй шууд холбоотой бол /үүнийг албан тушаалын тодорхойлолтыг зайлшгүй үзэх замаар тодорхойлно/ төрийн улс төр, үйлчилгээний албан хаагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл, харин төрийн тусгай, захиргааны албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай болон холбогдох бусад эрх зүйн байдлыг тодорхойлсон материаллаг хуулиар сахилгын шийтгэл оногдуулахаар зохицуулжээ.

13. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хууль тогтоогчоос “нэг зөрчилд шийтгэл давхардуулан оногдуулахгүй байх зарчим”-ыг[15] хуульчилжээ.

14. Маргаан бүхий энэ тохиолдолд УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга Э.Г********, эм зүйч О.О******** нар нь төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд Э.Г********г прокуророос “Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 29 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн байхад шийтгэлээс чөлөөлсөн” гэж, О.О********г “Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.9 дэх заалтад заасан зөрчил үйлдсэн байхад шийтгэлээс чөлөөлсөн” гэж хариуцагчийг буруутгаж байна.

15. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.6 дугаар зүйлийн 29 дэх хэсэгт “Эмийн гаж нөлөөг илрүүлэх, үнэлэх, тандан судлах, урьдчилан сэргийлэх, хянах журмыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж, мөн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг:” гээд, мөн зүйлийн 2.5 дахь заалтад “бүртгэх;”, 2.9 дэх заалтад “устгах журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус зохицуулжээ.

16. Энэ тохиолдолд хариуцагч улсын байцаагч нь УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга Э.Г********н албан тушаалын тодорхойлолтыг үзэх шаардлагатай бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд улсын байцаагч нь түүний албан тушаалын тодорхойлолтыг татан авч үзсэн болох нь тогтоогдож байна.[16]

17. Тус албан тушаалын тодорхойлолтын 1.11-д “Эмийн гаж нөлөөг эрт илрүүлэх, бүртгэн мэдээлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээг зохион байгуулах, удирдлагаар хангана” гэж зааснаас үзвэл, УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга Э.Г********н тухайд түүний албан тушаалын тодорхойлолтод Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.6 дугаар зүйлийн 29 дэх хэсэгт заасан зөрчилд тооцогдох үйлдэл, эс үйлдэл түүний төрийн албан хаагчийн албаны чиг үүрэгт тусгагдсан байгаа нь тогтоогдов.

18. Тиймээс энэ тохиолдолд хариуцагч улсын байцаагч нь УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга Э.Г********д холбогдох энэ хэсэгт Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэж, нэг зөрчилд шийтгэл давхардуулахгүй байх зарчмын үүднээс түүнийг зөрчлийн шийтгэлээс чөлөөлсөн нь үндэслэлтэй.

19. Иймд прокурорын дүгнэлтийн түүнд хамаарах хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

20. Харин хариуцагч улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа УБТЗ-ын төв эмнэлгийн Эм зүйн албаны эм зүйч О.*******гийн албан тушаалын тодорхойлолтыг татан аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”, 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно.” гэсэнд нийцсэнгүй.

21. Өөрөөр хэлбэл, хариуцагч улсын байцаагч хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу УБТЗ-ын төв эмнэлгээс Эм зүйн албаны эм зүйч О.О******н албан тушаалын тодорхойлолтыг зайлшгүй татан авах шаардлагатай байсан, ингэснээрээ О.О******н гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хамаарах байсан эсэхийг тогтоох учиртай байжээ.

22. Иймд хариуцагчаас энэхүү ажиллагааг дутуу хийсэн байх тул прокурорын дүгнэлтийн О.О********д холбогдох хэсгийг хангаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А********н 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн О.О********г шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

23. Хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 20-21-д дурдсан нягтлан тодруулах ажиллагааг хийж, холбогдох нотлох баримтыг зөрчлийн хэрэгт бүрэн цуглуулах үүрэгтэй болохыг тэмдэглэхээс гадна шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдаж байна.

24. Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, хариуцагчаас нэмэлт тодруулах ажиллагааг хийж дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзсэн тул энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр зөрчилд холбогдогч О.*******г татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

25. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.9 дэх заалт, 6.6 дугаар зүйлийн 29 дэх хэсэгт хууль тогтоогчоос “хүн, хуулийн этгээд”-д шийтгэл оногдуулахаар тогтоосон байгаа нь эрх зүйн хийдэл үүсгэсэн, тодруулбал, хууль зүйн агуулгаараа “хүн” гэх ойлголт нь бодгаль этгээд тул “албан тушаалтан” гэх ойлголтоос ялгаатай болохыг тэмдэглэх нь зүйтэй.

26. Хэдий тийм боловч хуулийн дээр дурдсан зохицуулалтад заасан зөрчилд тооцогдох үйлдэл, эс үйлдлийг хувь хүн үйлдэх боломжгүй, зөвхөн албан тушаалтан үйлдэх боломжтой байх тул хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн зорилгод тохируулан эдгээр хэм хэмжээг хэрэглэх нь үндэслэлтэй болохыг онцлон дурдаж байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11, 106.3.13 дахь заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.9 дэх заалт, 6.6 дугаар зүйлийн 29, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.С******гаас гаргасан гомдолд дурдсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А********н 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Э.Г********г шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг шийтгэл оногдуулж шийдвэрлэхээр өөрчлөх, шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А********н 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн О.О********г шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 23-т заасан ажиллагааг хийх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхээс тогтоосон дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн О.О********г шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэр хүчингүй болохыг тогтоосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 


[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 7-10 дахь дахь тал

[2] Хх 34 дэх тал

[3] Хх 39 дэх тал

[4] Хх 5 дахь тал

[5] Хх 13-14 дэх тал

[6] Хх 21-27 дахь тал

[7] Хх 28-29 дэх тал

[8] Хх 28-29 дэх тал

[9] Хх 35-38 дахь тал

[10] Хх 40 дэх тал

[11] Хх 42-43 дахь тал

[12] Хх 57 дахь тал

[13] Хх 56 дахь

[14] Хх 34 дэх тал

[15] Эрх зүйн онолд энэхүү зарчмыг “ne bis in idem” зарчим гэдэг.

[16] Хх 35-38 дахь тал