Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01327

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МТЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01655 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “МТЗ” ХХК”-ийн нэхэмжлэлтэй хариуцагч УБЗЗАГ ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26 556 201 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “МТЗ ХХК нь УУБЗЗАГ орон нутгийн өмчит ААТҮГ-тай 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн УБЗЗАГ/ӨГЗ-2018 тоот Өвөр гүнтийн авто замын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээнд заагдсан ажил, үүргийг зохих ёсоор хийж гүйцэтгэж, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр комиссын актаар барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу УУБЗЗАГ орон нутгийн өмчит ААТҮГ-аас ажлын гүйцэтгэлийн санхүүжилт 81 737 794 төгрөгийг төлөх байсан боловч урьдчилгаа болон гүйцэтгэлийн явцын санхүүжилтэд нийт 59 402 719 төгрөгийг төлж, үлдэгдэл 22,335,075 төгрөгийг төлөөгүй. Удаа дараа очиж уулзаж шаарддаг боловч удирдлага солигдсон, санхүүжилт байхгүй гэх үндэслэлээр хугацааг хойшлуулсаар сүүлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар харилцан тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан.

            Улмаар 2020 онд уг төлбөрийг төлөөгүй тул 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хүсэлт өгсөн боловч УУБЗЗАГ ОНӨААТҮГ-аас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд идэвхгүй оролцож, эвлэрэхээс татгалзаж, ажиллагааг дуусгавар болгосон. Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 22 335 075 төгрөгийн 0,05 хувиар бодсон алданги 4 221 126 төгрөгийг нэмж нийт 26 556 201 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс эвлэрэх саналыг хүргүүлж байсан. Уг саналд төлбөр болох 18 248 185 төгрөгийг 2021 оны 4, 5, 6 дугаар саруудад 3 хувааж төлөхөөр, гүйцэтгэсэн ажлын барьцаа 4 086 890 төгрөгийг баталгаат барьцаа чөлөөлөх журмын дагуу материал бүрдүүлэн өгч чөлөөлүүлж авах саналыг хүргүүлсэн боловч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй. Зам засварын ажил 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш эхэлдэг тул санхүүжилтийн эх үүсвэр байхгүй байна. “МТЗ ХХК нь барьцаа чөлөөлөх материалаа огт өгөөгүй нь хавсралтад байгаа эвлэрэх санал дээр тусгагдсан. Гэрээнд тусгагдаагүй тул алданги бодох төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч УУБЗЗАГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 224,373,115 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МТЗ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,221,126 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБЗЗАГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 269,625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МТЗ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 198 дугаар зүйл 198.1 дэх хэсэгт заасан “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасныг анхан шатны шүүх зөв хэрэглээгүй. Тухайлбал Өвөр гүнтийн авто замын засвар арчлалтын ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлд гэрээний үнийн дүнгээс доорх зардлуудыг хасч тооцно, 7.3-т барьцаа 5 % гээд шууд утгаар нь зааж өгсөн байтал нэхэмжлэгч талд төлөхөөр шийдвэрлэсэн. Тооцооны үлдэгдлийн баталгаанд 18 248 185 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсныг шүүгч шийдвэр гаргахдаа үнэлээгүй. Иймээс шүүхийн шийдвэрээс 4 086 089 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч МТЗ ХХК нь хариуцагч УБЗЗАГ ОНӨААТҮГ-т холбогдуулан ажлын хөлсний төлөгдөөгүй үлдэгдэл 18 248 185 төгрөг, барьцаа 4 086 890 төгрөг, алданги 4 221 126 төгрөг нийт 26 556 201 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 18 248 185 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 24/

 

Зохигчийн хооронд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр УБЗЗАГ/ӨГЗ-2018 дугаартай Өвөр Гүнтийн авто замын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэгч буюу МТЗ ХХК нь гэрээт ажлыг хийж гүйцэтгэн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад хүлээлгэн өгсөн үйл баримтын хувьд талууд маргаангүй байна./хх 6-9,10-14/

 

Түүнчлэн 5 хувийн барьцааны хэмжээ нь 4 086 890 төгрөг болох тухайд талууд маргаагүй. Мөн зохигч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусах хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бичилтээр нэг бүрчлэн нийлж үзээд ажлын хөлсний төлөгдөөгүй үлдэгдэл 18 248 185 төгрөг, баталгаа барьцаа 4 086 890 нийт 22 335 075 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан. /хх 35-36/ Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүхээс алданги 4 221 126 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Талууд барьцаа баталгаа 4 086 890 төгрөгийг нэхэмжлэгч шууд нэхэмжлэн авах эрхтэй эсэхэд маргаантай байна. Хариуцагч нь “барьцаа 4 086 890 төгрөгийг баталгаат барьцаа чөлөөлөх журмын дагуу материал бүрдүүлэн өгч чөлөөлүүлж авах ёстой, ажил гүйцэтгэх гэрээний 7.3 дах хэсэгт зааснаар барьцаа 5 хувийн гэрээний үнийн дүнгээс хасч тооцогдоно.” гэж маргажээ.

 

Талууд гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 9.1-д чанарын баталгаат хугацаа 1 жил гэж заасан. /хх 9/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажлын гүйцэтгэлийн нийт санхүүжилт 81 737 794 төгрөгийг төлөхөөс 59 402 719 төгрөгийг төлж, үлдэгдэл 22 335 075 төгрөг төлөгдөөгүй үлдсэн” гэж тодорхойлсныг хариуцагч үгүйсгэж няцааж чадаагүйгээс гадна талууд хэргийн 35 дугаар талд тооцоо нийлсэн акт үйлдэхдээ дансны өглөг 18 248 185 төгрөг, барьцааны өглөг 4 086 890 төгрөг гэж тодорхойлжээ.

 

Талуудын гэрээний 2-т гэрээний нийт үнийг 81 737 794 төгрөгөөр тодорхойлж, ажлын гүйцэтгэлд 59 402 719 төгрөгийг төлсөнөөс үзэхэд нэхэмжлэгчийн төлөгдөөгүй байгаа хөлсний үлдэгдэл 22 335 075 төгрөг гэж тодорхойлсон нь тооцооллын хувьд зөв, уг үнийн дүн дотор барьцаа баталгаа гэх 4 086 890 төгрөг орж тооцогдсон, анхан шатны шүүх гэрээний заалтыг буруу тайлбарласан гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дах хэсэгт зааснаар “чанарын баталгаат хугацаа” гэж авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш гүйцэтгэгчээс түүний чанарыг хариуцах, барилгын ажлын технологийн алдаанаас үүдэн гарсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлахаар тогтоосон хугацааг ойлгох бөгөөд ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөс хойш чанарын баталгаат хугацаа болох 1 жил өнгөрсөн тул хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар барьцаа баталгаа гэх 4 086 890 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01655 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 327 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

      

                  ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

      

               Ш.ОЮУНХАНД