| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0252/Э |
| Дугаар | 276 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 276
2018 03 30 276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч Т.Г-,
өмгөөлөгч С.Батболд (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0899) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхзимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох 000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Т.Г- Монгол Улсын иргэн, ...........төрсөн, 27 настай, эрэгтэй, .......боловсролтой, ................. мэргэжилтэй, “.......................... ажилтай, ам бүл ....., эцэг, ах, эхнэр, ........... насны хүүхдийн хамт амьдардаг,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Г- нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 21 цагийн үед Нийслэлийн .......................тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” ...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Чыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г- мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчим ............................ хохирогч Д.Чыг мөргөсөн. Машинаасаа буугаад очиход хохирогч Д.Ч газар хэвтэж байсан. 103 дуудсан боловч ирээгүй тул би өөрийн автомашинаар Д.Чыг Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэж, үзүүлсэн. Хохирогчийн эмчилгээний зардалд 600,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш хугацаанд хохирогч 5,000,000 төгрөг нэхсэн. Ингээд энэ мөнгийг чинь өгөх боломжгүй гээд холбогдох цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлье гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Чад 2,000,000 төгрөг нэмж төлж хохиролгүй болгосон. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байна, гэмшиж байна. Би залуу хүн учраас ялаас чөлөөлж өгнө үү гэв.
Хоёр. Эрүүгийн 00000000000000000 дугаартай хэргээс:
1. Хохирогч Д.Чын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим гэрээсээ гараад хүнсний дэлгүүр орж хүнсний зүйл авах санаатай эхнэр Ө-ын хамт .......уруудан зам гарахаар хойноос урд чиглэлтэй явган хүний гарцаар гарах гээд .....................автомашин нь зүүн талын гэрэл хэсгээр миний баруун хөлний дашаан толгой хэсгээр мөргөсөн. Би түр зуур ухаан алдчихсан байсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороод би хаачих гэж байна вэ гэхэд мөргөсөн машины жолооч гэмтлийн эмнэлэг аваад явж байна гэхээр нь “чи чинь яаж байна” гэхэд “харин би сая таныг харсангүй мөргөчихлөө, уучлаарай, би таны эмчилгээний бүх зардлыг гаргаж өгнө, та цагдаагийн байгууллагад битгий мэдэгдээрэй” гэхээр нь би “за тэгье” гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах дээр үзүүлсэн. Хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд Гавал тархины тасагт 7 хоног цус шимэгдүүлэх эмчилгээ хийлгээд 10 дугаар сарын 15-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ эмчилгээ хийлгэж байна. Тухайн үед намайг мөргөсөн автомашины жолооч эмчилгээний зардал мөнгө гаргаж өгнө гээд байхаар нь би 7 өдрийн ор хоногийн 46.000 төгрөг, гаднаас цус шимэгдүүлэх тариа 200.000 төгрөг, бусад зардалд 400.000 төгрөг жолооч залуугаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхдаа авсан. Эмнэлгээс гарснаас хойш зардлыг чинь би өгөх боломж байхгүй гэхээр нь цаашид гарах зардлыг нэхэмжилэхээр цагдаагийн байгууллагад хандсан. Намайг мөргөсөн машин цаанаас 30 орчим км цагийн хурдтай ирээд мөргөсөн. Зогсох үйлдэл ч тухайн үед хийгээгүй. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, явган хүний гарц байсан болохоор бүх машин зогсчихсон байсан байхаа. Замын хажуугийн гэрэл асаалтай байсан. Үзэгдэх орчин цас орж байсан болохоор нээх сайн байгаагүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, жолооч бас хэрэглээгүй байсан байх. ...” гэх мэдүүлэг [1],
2. Гэрч С.Ө-ын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчим нөхөр Ч-ын хамт гэрээсээ гараад .............. туслах зам дээр нөхөр урд, би хойно нь явган хүний гарцан дээр алхаж байхад миний өмнө явсан Ч-ыг ............. автомашин мөргөхөд Ч- 2 эгнээ замын зүүн баруун чиглэлийн зам руу 2-3 орчим метр шидэгдээд газар унасан. Яваад очиход цустай холилдсон, хиймэл шүд нь хугарсан байдалтай байхаар нь “түргэн дуудаарай” гэхэд жолоочтой цуг явж байсан хүн түргэн дуудсан. Түргэн ирэхгүй болохоор жолооч эмнэлэг рүү авч яваад үзүүлэхэд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд шууд гавал тархины тасагт хэвтэж 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байна. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Ч- бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед харанхуй утаатай, цас, бороо холилдож орж, зам бага зэрэг гулгаатай байсан. ...” гэх мэдүүлэг [2],
3. Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим хүргэн гэрт ирээд ................... авто машинтай хүү машин жолоодсон, ын хойд замд баруунаас зүүн чиглэлийн замаар явган хүний гарц өнгөрөөд явж байхад эсрэг урсгалаас дотуур өмдтэй нэг эрэгтэй хүн гэнэт гараад ирсэн. Жолоочид хажуу талаас хүн гэхэд тоормослож зогсоод бид хоёр буугаад очиход газар уначихсан байдалтай ёолоод байсан. Тэгээд би өөрийн 0000000000000 дугаарын утсаар 103 дугаар утсанд дуудлага өгөөд ирэхгүй болохоор нь машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр орж үзүүлэхэд цаашид тасагт шилжүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд тасаг руу аваад орсон. Удалгүй явган зорчигчийн эгч нь гарч ирээд хүүг машинтай чинь яваад өмсөх хувцсыг аваад ирье гээд явсан. ..Би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гаднаас такси бариад гэр лүүгээ явсан. Ямар ч байсан архи уусан байсан. Би очиход үнэртэж байсан. Жолооч бол согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 20-30 км/цагийн хурдтай явж байсан байхаа, зам түгжирсэн байсан. Тухайн авто машинд жолооч бид хоёр л явж байсан. Замын хөдөлгөөн сийрэг, цас, бороо зэрэг орж байсан болохоор үзэгдэх орчин муу байсан, замын хажуугийн гэрэл асаалттай байсан. ...” гэх мэдүүлэг [3],
4. Гэрч Д.Ч-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 08-ны мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 03 цагийн орчим манай дүү Ч-ын эхнэр Ө- миний утас руу залгаад “Ч- машинд дайруулчихлаа, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал нурууны тасагт хэвтэх гэж байна, хүрээд ирээч” гэсэн. Бага дүү Ш-ын хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдэнд очиход Д.Чыг мөргөсөн гэх Т.Г- гэх залуу би “.......................... хадам аавтайгаа явж байгаад анзаараагүй энэ ахыг мөргөчихлөө” гэхээр нь за энэ хүний тархины зураг авахуул гэж байна гэхэд Т.Г- гэх залуу эхнэрээсээ 80.000 төгрөг авч зургийг нь авахуулсан. Эмчид үзүүлэхэд Д.Чыг тасагт шилжүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд тасагт шилжүүлэн эмчилгээ хийлгэсэн. Удалгүй 3 хоногийн дараа жолооч Г- бид хоёр эмчлэгч эмч болох Б- гэх эмчтэй уулзахад Т.Г- эмчээс “энэ гэмтлийн аль зэрэгт орох бэ” гэж асуухад эмч “тархины гэмтэл бол хүнд зэрэгт хамаарна” гэхэд Г- гэх залуу надтай “битгий цагдаад мэдэгдээрэй би эмчилгээний зардлыг гаргаж өгье” гээд эмчилгээний зардал болох мөнгийг бол бүгдийг өгсөн. Хамгийн гол нь цаашид гарах эмчилгээний зардал Д.Чын ажлын цалин болох 5 сая төгрөгийг нэхэмжилэхэд 5 сая төгрөг өгч чадахгүй, цагдаад мэдэгдэхгүй юу гэсэн. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Жолооч Т.Г- бол согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай дүү Д.Ч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Манай бага дүү Ш- жолооч Т.Г-ас “чи ер нь яг мөргөхдөө харсан уу” гэхэд “би юу ч хараагүй миний автомашины зүүн талын шил арчигч муу ажилдаг юм уучлаарай” гэж байсан. ...” гэх мэдүүлэг [4],
5. Т.Г- мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... 2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цаг 30 минутаас 21 цаг 50 минутын хооронд би өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн “...............тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа хадам аав Ц.Х-, хамаатны эгч нарын хамт Б................. Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж хадам аав Ц.Х-ын гарыг үзүүлэх зорилгоор ......................... ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 30 гаран км/цагийн хурдтай явж байх үедээ баруун гар талынхаа толиндоо харж байхад хойноосоо урагшаагаа чиглэлтэй нэг эрэгтэй хүн явж байна шүү гэж хадам аав Ц.Х- хэлсэн. Тэгтэл яах ийхийн зуургүй миний машины зүүн урд хэсэгт тухайн хүн нь мөргөгдөөд зам дээр унасан. Энэ үед би тэр хүнийг харангуутаа тоормосоо гишгэсэн боловч амжилгүй мөргөчихсөн. Тэгээд би машинаас хадам Ц.Х-ын хамт бууж очиход тухайн хүн нь биеийнхээ баруун хажуу хэсгээр зам дээр хөндлөн байрлалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод “ахаа таны биеийн байдал яаж байна” гэж асуухад ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Тэр үедээ тэр хүний ухаан нь балартчихсан байсан болов уу гэж бодсон. Гэхдээ тухайн хүнээс архи үнэртэж байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа тэр хүний ар гэрийнх нь бололтой нэг эмэгтэй хүрч ирээд “энэ хүн манай нөхөр байгаа юм аа, энд юу болсон юм бэ” гэж асуухаар нь “энэ хүнийг мөргөчихлөө л” гэж хэлсэн. Ингээд би хадам аав Ц.Х-ын юнителийн утасны дугаараас 103-т дуудлага өгсөн. Тэгээд би хадам аав болон хамаатныхаа эгчтэйгээ түргэн тусламжийг ойролцоогоор 5-10 минут хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь тэр хүнийг эхнэртэй нь машиндаа суулгаж гэмтлийн эмнэлэг рүү авч очиж эмнэлэгийн анх шатны тусламж үзүүлээд байж байтал эмч нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний хүүгийнх нь хамт гэр лүү нь очиж хуурай хувцас, ариун цэврийн хэрэгсэл авчирч өгсөн чинь тухайн хүний эгч нь бололтой нэг эмэгтэй хүн ирчихсэн байсан. Надад тухайн эмэгтэй хүн нь хэлэхдээ “чи цагдаатай уулзаж яах юм бэ” бид нар өөрсдөө унаад ийм болчихлоо гэж хэлье, цагдаагийн байгууллагаар явахаар цаг зав их гарздана, энэ хавиараа шийдье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үедээ за за тэгье гэж хэлээд зөвшөөрсөн. Ингээд би тэр хүнийг эмнэлгийн байгууллагад хэвтэж байх хугацаанд нийт 600 гаран мянган төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан. Тэгтэл тухайн хүн нь эмнэлгээс гарсныхаа дараа л цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж шалгуулахаар болсон байсан. Би машин жолоодож явахдаа хадам аав хүн гэж хэлэхэд нь явган зорчигчийг машин дотроос ойролцоогоор 1 метр зайнд тулж харсан. Тухайн үед би эрүүл машин жолоодож явсан. Явган зорчигч нь явган хүний гарцнаас 10 гаран метрийн зайнд л гүйж л гарч ирсэн болов уу. Ослын улмаас миний машины зүүн урд хэсэгт хонхойж, зүүн урд их гэрэл хагарсан байсан. Замын хөдөлгөөн сийрэг талдаа л байсан. Зам орчны байдал нь үзэгдэх орчин муу, явган хүний гарцтай, хальтиргаа гулгаатай, нойтон цас орж байсан бөгөөд хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ асфальтан зам байсан. Зам эвдрэлгүй. Осол болох үед би машиныхаа гэрлийг ойр дээр нь тавьж явсан. Тухайн үед яараагүй тогтуун л явж байсан. Цагдаагийн байгууллагад хохирогчийн зүгээс өргөдөл гаргаснаас хойш миний бие одоогоор мөнгө, төгрөг өгсөн зүйл байхгүй. Ослоос хойш хохирогч болон намайг байлцуулан ослын газарт Замын цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүнийг авч очиж хэмжилт хийлгэхэд хохирогч нь мөргүүлсэн газраа явган хүний гарцан дээр тавьж үзлэгийг хийлгэж дуусгасан. ...” гэх мэдүүлэг [5]
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13514 дугаартай дүгнэлтийн:
Болсон хэргийн товч: 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг, -ын урд замд зам тээврийн осолд орсон гэх.
Хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяны гадна дунд хэсэгт Зх2см тав унасан цайвар ягаан өнгийн нөсөөтэй. Зүүн гарын сарвууны ар хэсэгт 2x1см цайвар ягаан өнгийн тав унасан нөсөөтэй. Зүүн хацарт 2,5х0,7см цайвар ягаан өнгийн тав унасан зулгаралттай.
Амбулаторийн картнаас: 2017 оны 10 дугаар сарын 30-ны Нүд: Баруун 0,5, зүүн 0,5 онош: Даралт ихсэлтийн гаралтай судасны эмгэгшил 2-р зэрэг. 2017.10.30-ны ШУГТЭГ онош: сонсгол бууралт гэжээ.
2017 оны 10 дугаар сарын 07-ны Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографикт: Толгойны томограммуудад дагзны төвгөрөөс дагзны том нүх дайрсан шугаман хугаралтай. Хамар яс, нүдний ухархайн дотор ханын хуучин хугаралтай. ...Дагзны зүүн хэсэг тархины эдэд 1,1х0,7см хэмжээтэй +60НU нягтралтай эпидурал цус хуралттай. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан. Субарахнойдал зайнууд өөрчлөлтгүй. Ховдлуудын хэлбэр хэмжээс хэвийн. Голын бүрдэл хазайлтгүй. 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн /Д.Ундармаа/ гэжээ.
2017 оны 10 дугаар сарын 15-ны Меd trauma-н компьютер томографикт: Зүүн талын дагз ясанд шугаман хугаралтай. Зүүн талын дагзны дэлбэнд 1,3х1,3см хэмжээтэй 0,8см зузаан +60НU нягтралтай шимэгдэж буй байдалтай эпидурал цус хуралттай. Зүүн талын духны дэлбэнд 1,9х1,8см хэмжээтэй нягтрал буурсан зонтой. ...2 талын сильвиевийн ховил өргөссөн. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. 2 талын хажуугийн ховдлууд болон 3, 4-р ховдлуудын байрлал хэлбэр хэмжээ хэвийн. Субарахнойдал зайнууд хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Голын бүрдэл хазайлтгүй. 2 талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нүдний ухархайн арын эслэг зайд эмгэг өөрчлөлт үгүй. Нүдний гадна ба дотно шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн. Хамар яс цөмөрсөн нийлмэл хугаралтай. Хамрын таславч деформаци алдагдсан ба урд хэсгээрээ зүүн тийш мурийлттай. Хамрын дайвар хөндийнүүд агааржилт хэвийн. 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. /Л.АмарБ-/ гэжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 11932 тоот өвчний түүхээс: Хэвтсэн 2017 оны 10 дугаар сарын 08, гарсан 2017 оны 10 дугаар сарын 13.
Хэсэг газар: ил шарх үгүй. Нүүр болон зүүн гарт зулгарсан шархтай. Толгойн ар дагз хэсэг хаван хавдартай.
Клиникийн оношийн үндэслэл:... Тархины дунд зэргийн няцрал, дагз ясны хугарал, дагз хэсгийн хатуу хальсан дээрх нимгэн цусан хураа гэжээ.
Сонсгол бууралт хэмжүүлэхээр явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав.
Дүгнэлт:
1.Д.Чын биед дагз ясны хугарал, тархины дунд зэргийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүр, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /шинжээч М.Аригуунтөгс/ гэсэн дүгнэлт [6],
7. Замын цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт дэх:
“....1................. тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн
2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байна.
2.Явган зорчигч Д.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3.Асуултанд дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй болно /шинжээч Р.Цогтоо/ ” гэсэн дүгнэлт [7];
8. Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол хэрэг гарсан гэх газрын ерөнхий байдлыг баруунаас зүүн зүгт харуулсан гэрэл зураг [8], Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас [9],
9. Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хохирогч Д.Чын хэвтэн эмчлүүлсэн талаарх 11932 дугаар өвчний түүх [10], Хохирогч Д.Чын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжилсэн баримтууд [11],
10. Шүүгдэгч Т.Г- иргэний үнэмлэхийн лавлагаа [12], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [13], ......................... тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Г- болох тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [14], Т.Г- оршин суугаа хаягийн тодорхойлолт, Т.Г- ам бүл 6 оршин суудаг тухай . Т.Г- суурь боловсрол гэрчилгээ, бакалаврын дипломын хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн нотлох баримтаар үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.Г-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхийн хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Г- нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ын хойд замд 2017 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 21 цагийн үед өөрийн эзэмшлийн 000000 улсын дугаартай “Toyota premio” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” ...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Чыг мөргөж, түүний биед дагз ясны хугарал, тархины дунд зэргийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Д.Чын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим гэрээсээ гараад хүнсний дэлгүүр орж хүнсний зүйл авах санаатай эхнэр Ө-ын хамт ээс доош уруудан зам гарахаар хойноос урд чиглэлтэй явган хүний гарцаар гарах гээд 4 эгнээ замын баруунаас зүүн чиглэлийн 2 дугаар эгнээнд алхаж байхад автомашин нь зүүн талын гэрэл хэсгээр миний баруун хөлний дашаан толгой хэсгээр мөргөсөн. Би тэр зуур ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороод би хаачих гэж байна вэ гэхэд мөргөсөн машины жолооч Гэмтлийн эмнэлэг аваад явж байна гэхээр нь чи чинь яаж байна гэхэд харин би сая таныг харсангүй мөргөчихлөө уучлаарай би таны эмчилгээний бүх зардлыг гаргаж өгнө та цагдаагийн байгууллагад битгий мэдэгдээрэй ...эмчилгээний зардал мөнгө гаргаж өгнө гээд байсан. ...” гэх мэдүүлэг [15],
-Гэрч С.Ө-ын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчим нөхөр Ч-ын хамт гэрээсээ гараад ээс доош уруудаж “Хар хорих” захын хойд туслах зам дээр нөхөр урд би хойно нь явган хүний гарцан дээр алхаж байхад миний өмнө явсан Ч-ыг 000000 улсын дугаартай .............автомашин мөргөсөн. Ч- хоёр эгнээ замын зүүн баруун чиглэлийн зам руу 2-3 орчим метр шидэгдээд газар унасан. Очиход цустай холилдсон, хиймэл шүд нь хугарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг [16],
-Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ...21 цагийн орчим гэрээсээ Гэмтлийн эмнэлэг орж миний гарыг үзүүлэх санаатай хүүгийн 000000 улсын дугаартай саарал өнгийн ............. маркийн авто машинтай, хүү машин барьчихсан ын хойд замд баруунаас зүүн чиглэлийн замаар явган хүний гарц өнгөрөөд явж байхад эсрэг урсгалаас дотуур өмдтэй нэг эрэгтэй хүн гэнэт гараад ирэхээр нь жолоочид хажуу талаас хүн гэхэд тоормсолж зогсоод, бид хоёр буугаад очиход газар уначихсан байдалтай ёолоод байсан. ...” гэх мэдүүлэг [17],
-Гэрч Д.Ч-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 08-ны мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 03 цагийн орчим манай дүү Ч-ын эхнэр Ө- миний утас руу залгаад “Ч- машинд дайруулчихлаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал нурууны тасагт хэвтэх гэж байна, хүрээд ирээч” гэсэн. ...Дүү Ш-ын хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдэнд очиход Д.Чыг мөргөсөн Т.Г- гэх залуу би “ын хойд замд хадам аавтайгаа явж байгаад анзаараагүй энэ ахыг мөргөчихлөө” гэсэн. …жолооч Г- бид хоёр эмчлэгч эмч болох Б- гэх эмчтэй уулзахад Т.Г- эмчээс “энэ гэмтлийн аль зэрэгт орох бэ” гэж асуухад эмч “тархины гэмтэл бол хүнд зэрэгт хамаарна” гэхэд Г- гэх залуу “битгий цагдаад мэдэгдээрэй би эмчилгээний зардлыг гаргаж өгье” гэсэн. ...Тухайн үед манай бага дүү Ш- жолооч Т.Г-ас “чи ер нь яг мөргөхдөө харсан уу” гэхэд “би юу ч хараагүй миний автомашины зүн талын шил арчигч муу ажилладаг юм уучлаарай” гэж байсан. ...” гэх мэдүүлэг [18],
-Т.Г- мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цаг 30 минутаас 21 цаг 50 минутын хооронд би өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн .............. маркийн 000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа хадам аав Ц.Х-, хамаатны эгч нарын хамт ...Сонгинохайрхан дүүргийн нутаг ын хойд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 30 гаран км/цагийн хурдтай явж байх үедээ баруун гар талынхаа толиндоо харж байхад хойноосоо урагшаагаа чиглэлтэй нэг эрэгтэй хүн явж байна шүү гэж хадам аав Ц.Х- нь хэлсэн. Тэгтэл яах ийхийн зуургүй миний машины зүүн урд хэсэгт тухайн хүн нь мөргөгдөөд зам дээр унасан. Энэ үед би тэр хүнийг харангуутаа тоормосоо гишгэсэн боловч амжилгүй мөргөчихсөн. Би машинаас хадам Ц.Х-ын хамт бууж очиход тухайн хүн нь биеийнхээ баруун хажуу хэсгээр зам дээр хөндлөн байрлалтай хэвтэж байсан. ...би очоод ахаа таны биеийн байдал яаж байна гэж асуухад ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан ...Би машин жолоодож явахдаа хадам аав хүн гэж хэлэхэд нь явган зорчигчийг машин дотроос ойролцоогоор 1 метр зайнд тулж харсан. ...Ослын улмаас миний машины зүүн урд хэсэгт хонхойж, зүүн урд их гэрэл хагарсан байсан. ...” гэх мэдүүлэг [19],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13514 дугаар дүгнэлт [20],
-Замын цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар дүгнэлт дэх “....1.Т.Примо маркийн 000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”,...” гэсэн дүгнэлт,
-зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол хэрэг гарсан гэх газрын ерөнхий байдлыг баруунаас зүүн зүгт харуулсан гэрэл зураг [21], Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас [22], Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хохирогч Д.Чын хэвтэн эмчлүүлсэн талаарх 11932 дугаар өвчний түүх [23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагч Н.Анхбаяраас шүүгдэгч Т.Г- Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Өмгөөлөгч С.Батболдоос шүүгдэгч Т.Г- нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй. Мөрдөн байцаалтад анхнаасаа асуудлыг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Хохирогчид яаралтай эмнэлгийн тусламжийг үзүүлж, хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөн болно гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Д.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгч Т.Г- нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.
Зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Д.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Т.Г- авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Замын цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэнд “...шүүгдэгч Т.Г- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: үүнд в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байх боловч хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын төвийн дуудлагын бүртгэлийн лавлагаанаас үзвэл 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 цаг 50 минут 59 секундэд 000000000 дугаараас Т.Г-тай хамт явсан Ц.Х-аас “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, 32 дугааар байрны арын зам дээр машинд шүргүүлсэн хүн ухаангүй гэсэн дуудлагыг өгсөн бүртгэл бүртгэгдсэн байна. Харин хохирогчид эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлэхээр өөрийн автомашинаар Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хохирогчийг хүргэсэн талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Т.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Д.Чын биед дагз ясны хугарал, тархины дунд зэргийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, асаргаатай холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.
Хохирогч Д.Чаас өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан эмчилгээ, сувилгааны болон бусад зардлын талаар баримтуудыг хэрэгт ирүүлсэн байх ба үүнд эмчилгээний зардалд гарсан 516,203 төгрөгийн баримтыг, мөн эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эхнэр Ө- ажлаасаа 10 хоногийн чөлөө авч, асарч сувиласан гэх ба түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс, өөрийн цалин хөлс зэргийг нэхэмжилж, С.Ө- нь “Абсалют Кэш Энд Керри” ХХК-ний дэлгүүрт савлагчаар сарын 555,000 төгрөгийн цалинтай тухай, Д.Ч нь “Таримал загийн төгөл” ХХК-нд гэрээт ажилтнаар ажиллаж байсан, өдрийн үндсэн цалин 25,000 төгрөг, унааны зардал 4500 төгрөг, нийт 29,500 төгрөгийг өдрийн хөлсөнд тооцож олгогддог тухай тодорхойлолтуудыг тус тус ирүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Г- нь хохирогч Д.Чыг Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь 646,000 төгрөгийг нөхөн төлсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 3 дугаар сарын 28-нд 2,000,000 төгрөгийг нэмж хохирогчид нөхөн төлсөн болох нь хохирогч Д.Чын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн шүүхэд ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд хохирогчоос ирүүлсэн баримтад цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Г- энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах тухай дүгнэлтийг гаргасан.
Өмгөөлөгч С.Батболдоос шүүгдэгч Т.Г- хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Мөн тухайн гэмт хэрэг гарсан өдөр харагдах үзэгдэх орчин муу, хязгаарлагдмал байсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд шүүгдэгчид хэрэглэх ёстой. Иймд шүүгдэгч Т.Г- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн, ажил эрхэлж гэр бүлээ тэжээдэг, залуу хүн зэргийг харгалзаж, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг доод хэмжээ 6 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж, мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Т.Г- нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй [24] байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Г- нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Г- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн ба, шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.
3.Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч Т.Г- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 853348 дугаартай жолоочийн үнэмлэх баримтыг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т.Г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Г- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Г- тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Т.Г- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 00000 гаартай үнэмлэх баримтыг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
6. Шүүгдэгч Т.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
7. Шүүгдэгч Т.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогч Д.Чад энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] хавтаст хэргийн 18-19 дүгээр тал
[2] хавтаст хэргийн 50-51 дүгээр тал
[3] хавтаст хэргийн 52 дугаар тал.
[4] хавтаст хэргийн 53 дугаар тал.
[5] хавтаст хэргийн 68-70 дугаар тал.
[6] хавтаст хэргийн 57 дугаар тал
[7] хавтаст хэргийн 61-62 джгаар тал.
[8] хавтаст хэргийн 9-12 дугаар тал.
[9] хавтаст хэргийн 82 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 24-30 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 39-45 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 77 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 79 дүгээр тал.
[14] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.
[15] хавтаст хэргийн 18-19 дүгээр тал
[16] хавтаст хэргийн 50-51 дүгээр тал
[17] хавтаст хэргийн 52 дугаар тал.
[18] хавтаст хэргийн 53 дугаар тал.
[19] хавтаст хэргийн 68-70 дугаар тал.
[20] хавтаст хэргийн 57 дугаар тал
[21] хавтаст хэргийн 9-12 дугаар тал.
[22] хавтаст хэргийн 82 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 21-33 дугаар тал.
[24] хавтаст хэргийн 91 дүгээр тал