Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0431

 

2025 06 04                          128/ШШ2025/0431

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч А.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Г*******,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Н*******, Л.О*******

Маргааны төрөл: хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, иргэдийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 дугаар хариу хууль бус болохыг тогтоолгож, М******* ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0425 дугаар шийдвэрээр М******* ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэх, 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгасан байна. 

3.Мөн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 дугаар шийдвэрээр М******* ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сараас 2011 оны 03 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын тайланг залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгажээ.

4.М******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн татварын албанд гаргасан тус компанийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулах, залруулах тухай хүсэлтэд Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 02/4912 дугаартай албан бичгээр ...2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/72 дугаартай албан бичигтэй танилцлаа. Тус компани нь 2014 оны 10 сараас тасарсан тайлан, баланс нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст даалгаж өгнө үү" гэх нэхэмжлэлийг 2022 онд захиргааны хэргийн шүүхэд хандан гаргаж байсан. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно" гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүхээс 2014 оноос тасарсан татварын тайланг залруулж нөхөн тайлагнах боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд танай 01/72 дугаартай албан бичигт дурдагдсан тайлан залруулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж хариу өгсөн байна. 

5.Нэхэмжлэгчийн зүгээс тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Татварын ерөнхийн газарт 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр албан бичиг хүргүүлсэн боловч Нийслэлийн Татварын газраас 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03/739 дүгээр албан бичгээр Танай 2024 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 01/80 дугаартай албан бичигт дурдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 128/ШШ2023/0425, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 дугаар шийдвэрүүдэд тус тус татварын тайлан залруулах талаар дурдагдаагүй. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно" гэж заасан байна. Иймд танай компанийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны Хувь хүний орлогын албан татварын тайланг залруулж бүртгэх боломжгүй байна гэх хариуг өгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

6.Улмаар нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот хариу хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/Ш32024/7347 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж,

Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0828 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т заасныг баримтлан М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сонгинохайрхан дүүргийн татварын албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн татварын албаны 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот албан хариуг хууль бус болохыг тогтоож, М******* ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын албанд даалгасугай гэж Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 221/Ма2024/0777 дугаар магадлалаар ... Анхан шатны шүүх нэхэмжлэгч М******* ХХК-ийн татварын тайланд залруулга хийх боломжтой хэмээн маргаж буй үндэслэлтэй холбогдуулан татварын хууль тогтоомжоор тогтоосон татварын тайлан залруулах хуулиар тогтоосон журам мөрдөгдөх эсэх, уг үндэслэл няцаагдах тохиолдолд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх сэргээн тогтоож хамгаалах өөр бусад хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа эсэхэд зайлшгүй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. 

8.Улмаар тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/2251 дүгээр албан бичгээр ...Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй эс үйлдэхүй нь улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол захиргааны акт гаргахыг даалгах юм. Иймд дээрх нэхэмжлэлийг шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар үндэслэлээ тодруулж ирүүлэх шаардлагатай гэж нэхэмжлэгч М******* ХХК-иас тодруулахад 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/33 дугаар албан бичгээр ...орлогын албан татварын тайланг хуульд нийцүүлж залруулснаар М******* ХХК-ний санхүүд бий болсон зөрчил арилж, бүртгэл үнэн зөв болсноор үйл ажиллагаа хэвийн явуулахад зөрчигдөж байгаа нөхцөл байдал арилах юм гэжээ.

9.Харин тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/2252 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас ...шүүхийн шийдвэрийн дагуу 2010 оны 04 дүгээр сараас 2011 оны 03 дугаар сар дуустал хугацааны болон 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэсэн эсэх мөн 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэсэн эсэх талаар лавлагаа...-г тодруулахад 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар албан бичгээр ... М******* ХХК-ас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/13 дугаар албан тоотод Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/Ш32024/0680 тоот захирамжтай тус компанийн 2010 оны 4 сараас 2011 оны 3 сар дуустал хугацааны тайланг залруулах, эсэх" хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу тайланг залруулж, нөхөн төлөх шимтгэл тодорхой болгосноор тус компани шимтгэлээ төлж барагдуулахыг мэдэгдэж байна гэсэн хойшлуулах утга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн байна. Мөн Ж******* ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/166 тоотоор ирүүлсэн ... М******* ХХК-н хамаарах дээрх шүүхийн шийдвэрүүдэд заасан хугацааны тайлан залруулах ажлыг Цэцийн дүгнэлт гарах хүртэл хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэсэн албан бичгийн дагуу 0425 болон 0413 тоот шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах ажил хүлээгдэж байгаа болно гэх хариуг ирүүлсэн байна.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, Л.О******* нар 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа ...3. Нэхэмжлэгч татварын тайлангаа засварлах үндэслэл болгоод байгаа Ц.Г*******ын нийгмийн даатгалын тайланд орж буй залруулга нь татвар төлөгчийн хувьд төлөх татварын хэмжээ нэмэгдэх өөрчлөлт юм. Хувь хүний орлогын албан татварын тухайн хуулийн 14 дүгээр зүйл. "Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох" 14.1.Энэ хуулийн 7.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна. гэж заасны дагуу татвар төлөгч тайландаа нийгмийн даатгал 10% -р тооцсон хасагдах зардал 8% болж буурсан тул тэр зөрүүгээр татвар ногдох орлого өсөж төлөх татварын хэмжээ нэмэгдэх тооцоолол гарч байна. Иймд татварын тайланд залруулга хийснээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сэргэхгүй бөгөөд төлөх татварын хэмжээ нэмэгдэж эрх зүйн байдал дордохоор байна. Татварын ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд хөөн хэлэлцэх дууссан асуудлаар тайланг засаж татвар нөхөн ногдуулах боломжгүй юм. Мөн татварын улсын байцаагч 2011-2014 оны хооронд үүссэн Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутган тайлагнасан 1,071,930 төгрөгийн татварын өрийг төлүүлэх талаар М******* ХХК-ийн захирал Ц.Г*******ыг дуудан уулзахад тухайн өрийг төлөхгүй шүүхийн шийдвэрийн дагуу тайлангаа засварлаж ногдолгүй Х тайлан гаргаж өргүй болно гэх асуудлыг ярьж байгаа нь хууль зүйн хувьд боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0425, 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2024/0413 шийдвэрүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтууд баримтлан М******* ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих, тухайн үед мөрдөж байсан хувь хэмжээгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ дагуу дээрхи хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварт өөрчлөлт орж, залруулах хүсэлт гаргахад дүүрэг, Нийслэлийн Татварын алба татгалзан санхүү, бүртгэлийн ажилд саад учруулж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот хариу хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг бүртгэхийг даалгаж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0425/ шийдвэрийг үндэслэн шүүхийн зардал төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

12.Нэхэмжлэгч компаний захирал Ц.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компаниас тайлан бүртгүүлэх нэхэмжлэл гаргаагүй. Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны шийдвэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээнд өөрчлөлт оруулж бүртгэхийг дүүргийн нийгмийн даатгалд даалгасан нь урд тайлан гаргаад баталгаажуулчихсан байсан хүн амын орлогын албан татварыг залруулах зайлшгүй шаардлага бий болсон. Тухайн татвар нь урд баталгаажсан тайлангийн төлөх татвараас хоёр хувиар нэмэгдэж байгаа. Аж ахуй нэгж тайлангаа үнэн зөв тайлагнах хуулиар хүүлээсэн үүрэгтэй учраас тайлангаа хууль журмын дагуу үнэн зөв болгож залруулах шаардлага бий болсон. Энэ нь 2008 оноос 2019 оны хооронд мөрдөж байсан Татварын ерөнхий хуулиар тайланг залруулахад ямар нэгэн хугацаа заагаагүй. Урд нь эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй нийгмийн даатгалын төлөх шимтгэлийг ямар хувь хэмжээгээр төлөх нь тодорхойгүй байсан тул хуульд заасан шаардлагын нийгмийн даатгал болоод санхүүгийн тайлангаа... Урд нь баталгаажуулаад явсан байсан. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл өөрчлөгдсөнтэй холбогдуулан татварын хэмжээ өөрчлөгдөж байгаа. Хуульд заасны дагуу санхүүгийн баримтыг үнэн зөв хөтлөх үүрэг хүлээсэн тул залруулж бүртгэх шаардлага байгаа. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 дугаартай хариуг хууль бус болохыг тогтоолгож М******* ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуусах хугацааны хүн амын орлогын албан татварыг хуульд заасан үндэслэлийн дагуу залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. 2010 оноос эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан. Тухайн хугацааны эрүүгийн хэрэгт шалгагдсан үйлдэл холбогдлуудыг гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэх үндэслэлээр эрүүгийн шүүх хүчингүй болгосон. Үүнийг үндэслээд захиргааны хэргийн шүүхээс хуульд заасан үндэслэлээр нийгмийн даатгалын тайланд төлөх татварыг найман хувиар бууруулсан гэжээ.

12.         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: М******* ХХК 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал тайлан залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана, 29.2-т Татварын тайлан тушаах татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх тайлагнах хугацаа адил байна" гэж заасны дагуу татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргах бөгөөд энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно" гэж заасны дагуу 2024 онд өмнөх он буюу 2023 оны тайланд засвар хийх боломжтой. Мөн тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан "Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ" гэх зүйл заалтад 31.1 дэх хэсэгт заагдсан хугацаа хамаарна.

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтын "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.13-т "Татварын нэгдсэн мэдээллийн систем нь хуулиар тогтоосон татварын тайлан тушаах хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл нээлттэй байна" гэж заасан тул 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны тайланг засварлах боломжгүй байна.

Уг нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2022 онд нэхэмжлэгч Ц.Г******* өөрийн эзэмшлийн "М*******" ХХК болон Ж******* ХХК гэх 2 аж ахуйн нэгж тус бүрд нь нэхэмжлэл гарган татвар, нийгмийн даатгалын тайлан засварлахыг даалгуулахаар хандаж байсан. Захиргааны хэргийн шүүх М******* ХХК болон Ж******* ХХК тус бүрд нь захиргааны хэрэг үүсгэн шалгаад Ж******* ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0337, давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалаар тус тус Татварын татварын тайланг засварлах боломжгүй байна харин нийгмийн даатгалын тайланг засварлах боломжтой гэж шийдвэрлэсэн. Харин М******* ХХК-д холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Татварын тайлан засварлах хэсгийг хасаж зөвхөн нийгмийн даатгалын тайлан засварлах нэхэмжлэлээр Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагчаар оролцож улмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-т заасан үндэслэлээр нийгмийн даатгалыг нөхөж тооцох шийдвэрийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны 128/ШШ2023/0425 шийдвэр гарсан. Уг шийдвэр нь тухайн иргэний ажилгүй болохоос өмнө авч байсан цалингийн дунджаас тооцож төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нэг удаа нөхөн төлүүлж буй шийдвэр юм. Иймд татварын хууль тогтоомжид заасан хугацаанаас хэтэрсэн татварын тайланд засвар хийх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******: Ц.Г******* гуай санхүүгийн тайланг залруулах гэж ярьдаг. Санхүүгийн тайлан, татварын тайлан гэдэг ойлголтууд тусдаа юм. Санхүүгийн тайланг дүүргийн Төрийн сангийн хэлтэст, татварын тайланг Татварын хэлтэст гаргаж өгдөг. Нэхэмжлэгч талын засварлах хүсэлтэй тайлан нь 10-15 жилийн өмнөх тайлан байгаа. Үүнийг дараах 3 үндэслэлүүдээр засварлах боломжгүй гэж хариуцагч тал үзэж байна. Нэгд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомжид татварын тайланг засварлах нь хуулиар тогтоосон хугацаанд байхаар заасан. Нийгмийн даатгалыг засварлаж байгаа учраас тайланг засаж байгаа гэж байна. Тэгэхээр нийгмийн даатгал бол иргэний тайлан, шимтгэлийг хуульд заасан үндэслэлүүдээр хөөн хэлэлцэх хугацаагүйгээр нөхөн төлүүлэх боломжуудыг заасан. Харин Татварын хуульд ийм зохицуулалт байхгүй. Тайлагнах хугацааг хуульд тодорхой заасан. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ гээд ах үүргийг хүлээнэ. 29.1.2 дугаар заалтад татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээг гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх, мөн тогтоосон хугацаанд татварын тайланг үнэн зөв гаргах гэсэн үүргүүдийг 29 дүгээр зүйлд зааж өгсөн. 31 дүгээр зүйлд зааснаар татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасан. Нэхэмжлэгч тал анх 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг бичсэн байдаг. Энэ нь татварыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ гэсэн. Тэгэхээр энэ заалтыг бичээд нэхэмжлэлээ гаргаж байгаа нь бууруулах буюу ногдлоо байхгүй болгох утгаар ярьдаг. Мөн Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан. Өмнөх хуулиар хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан 2020 оноос хойш 4 жил болсон. Эдгээр татварын хууль тогтоомжид бүгдэд нь тогтоосон хугацаанд гэдэг үг дурдагдсан байгаа. Нэг дэх үндэслэл бол тогтоосон хугацаанд өгөх асуудал татварын хууль тогтоомжид заасан учир бид хуулийг зөрчсөн 15 жилийн өмнөх тайланг авах боломжгүй нөхцөл үүсээд байна. Хуулиар бидэнд эрх олгоогүй асуудлыг биелүүлэх боломжгүй. Хоёрт 15 жилийн өмнөх татварын тайланг залруулснаар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх яагаад анхан шатны шүүх рүү буцаасан гэхээр үндэслэх хэсгийн 12 дээр М******* ХХК татварын тайланг хэрхэн гаргаж байсан, одоо хэрхэн залруулах шаардлагатай гэж үзэж байгаа, залруулга хийхийг шүүхээр даалгуулахын зэрэгцээ шаардлага, хууль зүйн үндэслэлд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх нь тодорхой бус байна гэж үзсэн. Тэгэхээр татварын алба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Үүнд М******* ХХК нь 2011 оноос 2014 он, нэхэмжлэгч өөрөө болохоор 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэл тайлангаа засварлана гээд байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч 2015 онд ямар тайлан өгснөө сайн мэдэхгүй байгаа. Манайд 2015 оны ямар ч тайлан байхгүй . Тэгэхэд 2015 оны тайлан засуулах нэхэмжлэлтэй байна. Манай дээр энэ компанийн ямар ч тайлан байхгүй. Манайд өгсөн тайлан нь 2011 оноос 2014 он хүртэл зарим саруудад тайлан өгсөн, зарим саруудад тайланг өгөөгүй байгаа. Нийт Ц.Г*******, н.З*******, н.Э******* гэсэн 3 хүнд цалин хөлс тооцож, суутган тооцож тайлан өгснөөр тухайн үед 1.071.930 төгрөгийн татварын ногдол үүсэж байсан. Гэтэл тухайн өрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Ямар үндэслэлээр төлөхгүй байгаа гэхээр компани 2015 оноос 2025 оныг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагаа бүрэн зогссон, санхүүгийн боломж байхгүй болсон, өр төлөх үүрэг хариуцах чадваргүй болсон гэх үндэслэлээр өрөө төлөхгүй явдаг. Гэтэл одоо оруулах гэж байгаа засвар нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн тайлбарын хамгийн сүүл хэсэгт тайлан залруулснаар хүн амын орлогын албан татвар хоёр хувиар нэмэгдэж байгаа гэж өөрөө бичсэн байна. Тэгэнгүүтээ энэ засварыг хийснээр компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл боломж бүрдэнэ гэдэг. Гэтэл 1.071.930 төгрөгийн өрийг төлөөгүй, санхүүгийн байдал хүндэрчихсэн аж ахуйн нэгж ахин нэмж 2%-ийн татвар төлөх засварыг тайландаа оруулснаар үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэнэ гэж тайлбартаа бичээд байдаг. Гэтэл энэ нь бодит байдалтай нийцэхгүй тайлбар бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сэргэхгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж харж байна. Гуравд нь нэхэмжлэгчийн тайлбараас харахад 10-15 жилийн өмнөх тайлангаа засварлаж татвараа хоёр хувиар нэмж ногдуулан төлнө гэсэн байгаа. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг нь татварын нөхөн ногдуулалт хийх алдангийн тухай заасан. Бид Ц.Г******* гуайн заслаа гэхэд 15 жилийн өмнөх тайлан дээр нэмж татвар авах буюу өөрөө хоёр хувь нэмнэ гэсэн тайлбарыг хэлээд байна. Тэгэнгүүт хоёр хувь нөхөж нэмээд төлөх хугацаа Татварын ерөнхий хуульд өмнө нь 5 жил байсан бол одоо 4 жил болсон буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлаар татварын алба нэмж татвар авах боломжгүй нөхцөл үүсэж байна. Иймээс 15 жилийн өмнөх тайланг засварлаж нэмж татвар, тайлан авах боломжгүй. Гэтэл нэхэмжлэгч захиргааны байгууллагыг хуулиар зааж зөвшөөрөөгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг шүүхээр даалгаж шийдвэрлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй байна гэж хариуцагч талаас үзэж байна. Тэгэхээр Ц.Г******* гуайгаас өмнөх шүүх хурал дээр ямар тайланг яаж засварлуулах талаараа дараагийн хурал дээр тайлбар бичээд ирээрэй гэсэн. Тэр талаараа тайлбар ирүүлээгүй юм шиг байна. Тэгэхээр татварын тайлангаа засварлаагүй тохиолдолд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжгүй ямар байдал үүсээд байгаа нь тодорхойгүй. байхгүй. Санхүүгийн бүртгэлээ үнэн болгох тухай байна ерөнхий нэрээр яваад байдаг. Тухайн тайлбарт ийм тайланг ингэж засаад миний энэ эрх сэргэнэ гэдэг байдлаар тайлбар байдаггүй. Зөвхөн санхүүгийн бүртгэлийг л үнэн болгоё гэсэн төөрөгдүүлсэн байдлаар тайлан залруулахыг даалгаж шийдвэр гаргуулж авах нь өөрт нь татвараа төлөхгүй байх боломжийг эрэлхийлээд байгаа асуудал яваад байгаа. Өнгөрсөн намар анхан шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* оролцож байсан. Тэр хурал дээр шүүх даалгаж шийдвэрлэсэн тул та нар татварын тайланг авах үүрэгтэй, ямар залруулга хийх нь миний эрхийн асуудал гэдэг байдлаар тайлбар хэлдэг. Энэ бол байж болохгүй асуудал юм. Компанийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн асуудал энэ тайланг залруулснаар сэргэхээргүй байна гэдэг тайлбарыг хариуцагч талаас тайлбарласан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчээс ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128ШШ2024/0425, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 дугаар шийдвэрүүд ... М******* ХХК-ний 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих, тухайн үед мөрдөж байсан хувь хэмжээгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон, ... Санхүүгийн тайлангийн дээрх хугацааны хүн амын орлогын албан татварт өөрчлөлт орж, залруулах хүсэлт гаргахад татгалзсан хариу өгсөн Татварын албаны эс үйлдэхүй хууль бус тул тус компанийн санхүү бүртгэлийн ажилд саад учруулж, бүртгэл үнэн зөв хөтлөх хуулийн заалт зөрчигдөхөд хүргэж байна, ... Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-т Татварын алба залруулсан тайланг хүлээн авахдаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж заасан ... гэсэн үндэслэлээр ...Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот албан хариу хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ...нэхэмжлэгчээс 2011-2014 онуудад цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос суутган тооцох татварын тайлан өгч татварын өр төлөгдөөгүй, татвар төлөгч тайландаа нийгмийн даатгал арван хувиар тооцсон хасагдах зардал найман хувь болгож буурсан тул тэр зөрүүгээр татвар ногдох орлого өсөж төлөх татварын хэмжээ нэмэгдэх тооцоолол гарч байх бөгөөд татварын тайланд залруулга хийснээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сэргэхгүй, талах татварын хэмжээ нэмэгдэж эрх зүйн байдал нь дордохоор байна.... гэсэн тайлбар гаргасан байна.

4.Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 43 дугаар зүйлийн 43.5.Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна., Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна. гэж, 31 дүгээр зүйлийн 31.1.Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасан ба Хувь хүний орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод татварыг сар бүрийн эцэст ногдуулж, мөн хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх үүргийг суутгагч хүлээхээр зохицуулсан байжээ.

5.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4.захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэж зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус тохиолдолд захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр гаргадаг. 

6.Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанаар тус шүүхийн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128ШШ2024/0425 дугаар,  2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 дугаар шийдвэрүүдэд заасан хугацааны нийгмийн даатгалын тайланг залруулж бүртгээгүй байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 208, 209, мөн сарын 31-ний өдрийн 227 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байна.

7.Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/4912 дугаар албан бичгээр ... Тус компани нь 2014 оны 10 сараас тасарсан тайлан, баланс нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийг 2022 онд захиргааны хэргийн шүүхэд хандан гаргаж байсан. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүхээс 2014 оноос тасарсан татварын тайланг залруулж нөхөн тайлагнах боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд танай 01/72 дугаартай албан бичигт дурдагдсан тайлан залруулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.  

8.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-11/-г дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байхад залруулаагүй байх тул хариуцагчийн татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

9.Учир нь нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын тайлан залруулсантай холбогдуулан татварын тайланг залруулж зөв болгон бүртгэснээр үйл ажиллагаа хэвийн явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэх боловч тайлан залруулах хүсэлт гаргахдаа ямар тайлан хэрхэн залруулах гэж байгааг талаарх тайлангаа хавсаргаагүй байх бөгөөд тайланг залруулаагүйгээс эсвэл татварын алба бүртгээгүйгээс ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзлээ. 

10.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ц.Г*******ын хоригдож байх хугацаанд хамаарах 2010 оны 04 дүгээр сараас Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-11/ гаргасныг татварын алба хүлээн авч байсан тус тайлангийн хадгалах хугацаа дууссан үндэслэлээр хариуцагч тайланг гаргаж ирүүлээгүйг дурдах нь зүйтэй. 

11.Мөн иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүйн дээр тайлан залруулахыг даалгаснаар нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9.Энэ бүлэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө. гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө:, 41.1.7.гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл;, 41.1.9.хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл;-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул хүсэлтийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан М******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн  2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/4912 хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ