| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0270/Э |
| Дугаар | 277 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 277
2018 04 02 277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Д.Ганчимэг,
хохирогч Ц.Х-,
шүүгдэгч Н.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-т холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Харагчин овгийн Н.С- Монгол Улсын иргэн, ........... төрсөн, ...... настай, эрэгтэй, .......... боловсролтой, “................ ажилтай, ам бүл 4, эхнэр, 0-5 насны 2 хүүхдийн хамт амьдардаг,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.С- нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ц.Х-тай маргалдаж, улмаар түүний нүүр болон хүзүүн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С-: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Х- мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчим .......... автобусанд суух гэтэл автобусны жолооч Н.С- нь “би явахгүй, урд талын автобусанд шилжээд суучих” гэсэн. “Би чи яагаад явахгүй гэж байгаа юм” гэхэд “гөлөг минь явахгүй гэж байгаа юм биш үү” гэхээр нь би эхэлж шанаа хавьцаа нь түүнийг цохисон. Гэтэл Н.С- зөрүүлээд нүүрэнд цохиж, нүднээс цус гарч, би 102 дуудсан. Энэ гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт ор хоногийн төлбөр 60,000 төгрөг төлсөн. Мөн толгойны тариа 200,000 төгрөгөөр авсан. Би Н.С-аас эмчилгээний зардалд 500,000 төгрөг нэхэмжилсэн. Надад байцаагчийн өрөөнд 500,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдөр би хүнтэй 0,5 гр архи хувааж уусан байсан гэв.
Хоёр. Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Ц.Х-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд О- эцэс дээр автобусанд суутал жолооч гэх залуу “шилжээд суучих” гэхээр нь би “чи яагаад явахгүй байгаа юм” гэтэл “юм хэлээд байгаа юм биш үү гөлөг минь” гээд босоод ирэхээр нь би цохиод авсан. Тэгсэн намайг зөрүүлээд цохисон, миний нүүрнээс цус гараад эхэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Миний биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нүдний ухархайн дотор, доод талын ханын зөрүүтэй хугарал, баруун талын элхэг ба хоншоорын хөндий дэх цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний дотор булан, хамрын хажуу хэсгийн зулгаралт, баруун нүд, баруун чамархай, баруун хацар, шанаа, эрүү, хүзүү орчмын арьсан доорх хий хуралдалт бүхий гэмтлүүдийг Сэргэлэнбаатар гараараа цохиж зодсноос үүссэн гэмтлүүд юм. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 0.75 литрийн хэмжээтэй архины талыг л уусан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],
2. Н.С-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн:
“...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд О- эцсийн буудал дээр хүмүүсээ буулгачихаад буцаж явах гээд байж байтал нэг согтуу хүн автобусанд суусан, дахиад 2 согтуу хүн суусан. Орж ирээд “картаа дарах юм уу” гэхээр нь “урд талын автобусанд суучихаа” гэж хэлсэн чинь “гөлөг минь пиздаа минь суухгүй” гэсэн. Тэгэхээр нь би за за наанаа суучихаа гэсэн. Тэгсэн “суух, суухгүйгээ чамаар заалгахгүй гөлөг” минь гээд маргалдсан. Тэгээд би хөдлөөд явсан. Замдаа явж байтал ирээд толгой нүүр ам руу алгадаад байсан. Тэгээд би зогсоод маргалдсан. 14-ийн түлхүүрээ бариад далайсан. Түлхүүрээ хойш нь тавьчихаад хөдлөх гэтэл дахиж чангаагаад, хэл амаар доромжлоод байсан. Би “та яах гээд байгаа юм бэ” гэтэл намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Тэгсэн нүүр амнаас нь цус гарсан. Намайг согтуу хэл амаар доромжлоод байсан, шалтгааныг нь мэдэхгүй. Бид хоёрыг маргалдаж байхыг харсан үзсэн өөр хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг [2],
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2571 тоот дүгнэлтийн:
Болсон хэргийн товч: 2018 оны 2 дугаар сарын 13-нд автобусны жолоочид зодуулсан гэх.
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхинд улаан хүрэн цус хуралттай, хавдартай, нүдний завсар нарийссан, баруун нүдний дотор буланд 1.5х0.3см, хамрын баруун хажуу дунд хэсэгт 1x0.5см хүрэн улаан тав бүхий зулгаралтай.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 01425 тоот өвчний түүхээс: эмнэлэгт хэвтсэн: 2018.02.14. Хэвтэх үеийн зовиур: Хоолой өвдөнө, толгой өвдөнө, баруун нүд өвдөнө, амьсгал бөглөрөх гэж байгаа юм шиг болно. ...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүд орчим маш их хаван хавдартай, баруун хацар хүзүү орчим тэмтрэхэд их хэмжээний хийтэй.
2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн толгойн компьютер томографт: тархины эдэд голомтот болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. ...Баруун талын нүдний алимны эргэн тойрон болон баруун чамархай, хацар, шанаа, хоёр талын залгиурын ойролцоох болон эрүү, хүзүүний 2 баруун чамархай, зөөлөн эдэд их хэмжээний хий тодорхойлогдоно. Баруун талын хацар орчмын зөөлөн эдэд 0,9х03см өндөр нягттай гадны биет тодорхойлогдоно. Онош: Баруун нүдний ухархайн далд хугарал, хүзүү, хацрын арьсан доорх хий хуралдалт гэжээ.
Дүгнэлт:
1.2.Ц.Х-гийн биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын зөрөөтэй хугарал. Баруун талын элхэг ба хоншоорын хөндий дэх цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор булан, хамрын хажуу хэсгийн зулгаралт, баруун нүд, баруун чамархай, баруун хацар, шанаа, эрүү, хүзүү орчмын арьсан доорхи хий хуралдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /шинжээч Б.Ундармаа/...” гэсэн дүгнэлт [3],
4. Шүүгдэгч Н.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [4], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [5], ХХК-ний 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Голомт” банкинд гаргасан тодорхойлолт /Н.С- нь ХХК-нд ...............ажилладаг тухай/ [6], Голомт банкны дансны хуулга [7], хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа [8], Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа /[9], Н.С-ын хүсэлт [10], хохирогч Ц.Х-н хүсэлт [11], хохирол нэхэмжилсэн баримтууд [12], Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер _.........2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн илтгэх хуудас [13] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Н.С-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналыг, яллагдагчид оногдуулах ялын төрөл, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.С- нь ................ ажилладаг байх ба 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дээрх компанийн .............. ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт, О- эцэст өөрийн жолоодон явсан автобусан дотор иргэн Ц.Х-тай маргалдаж, улмаар түүний биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын зөрөөтэй хугарал, баруун талын элхэг ба хоншоорын хөндий дэх цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор булан, хамрын хажуу хэсгийн зулгаралт, баруун нүд, баруун чамархай, баруун хацар, шанаа, эрүү, хүзүү орчмын арьсан доорхи хий хуралдалт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
-хохирогч Ц.Х-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны 17 цагийн орчимд О- эцэс дээр автобусанд суутал жолооч гэх залуу “шилжээд суучих” гэхээр нь би “чи яагаад явахгүй байгаа юм бэ” гэтэл “юм хэлээд байгаа юм биш үү гөлөг минь” гээд босоод ирэхээр нь би цохиод авсан, тэгсэн намайг зөрүүлээд цохиж, миний нүүрнээс цус гараад цагдаа дуудсан. ...Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ... ” гэх мэдүүлэг [14],
-Н.С-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд О- эцсийн буудал дээр хүмүүсээ буулгачихаад буцаж явах гээд байж байтал эхлээд нэг согтуу хүн, дахиад хоёр согтуу хүн автобусанд сууж, картаа дарах юм уу гэхээр нь “урд талын автобусанд суучихаа” гэж хэлсэн чинь “гөлөг минь пиздаа минь суухгүй”, ...“суух, суухгүйгээ чамаар заалгахгүй гөлөг” минь гээд маргалдсан, ...хэл амаар доромжлоод, ...намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон чинь нүүр амнаас нь цус гарсан. ...” гэх мэдүүлэг [15],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2571 тоот дүгнэлт [16], Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер Б.Элдэв-Очирын 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн илтгэх хуудас[17] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Ц.Х- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ нийтийн тээвэрээр үйлчлүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобусны жолооч Н.С-ыг хэл амаар доромжилж, улмаар хэрүүл маргааныг үүсгэн, Н.С-ын бие махбодид халдаж, цохисон хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлжээ.
Нөгөө талаар шүүгдэгч Н.С- нь нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа ажилтны хувьд үйлчлүүлэгчийг хүндлэх, тэдэнтэй зөв боловсон харьцах зэрэг ёс суртахууны дутагдлын улмаас үйлчилгээнд явж байсан автобусанд орж ирсэн үйлчлүүлэгч Ц.Х-тай маргаж, түүн рүү автомашины багажны түлхүүр барин далайх, гөлөг минь гэх зэргээр доромжлох үйлдэл гаргасан нь үйлчилгээний стандарт, дүрмийг мөрдөөгүй байгааг дурдах нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Н.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Хохирогч Ц.Х-н бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогчоос эмчилгээний зардлын талаарх 181,570 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлж, 500,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Н.С- нь түүнд 500,000 төгрөг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Х-гийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.С-ын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.С- нь торуулын ялын талаар маргаагүй.
Шүүхээс шүүгдэгч Н.С-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.С- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Н.С- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа буюу 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагчид 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч Н.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч Н.С-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Г.Баярмагнайгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, Н.С- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Х-д төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 4-6 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 15-18 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 27 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 42 дугаар тал.
[6] хавтаст хэргийн 26 дугаар тал.
[7] хавтаст хэргийн 29-34 дүгээр тал.
[8] хавтаст хэргийн 28 дугаар тал.
[9] хавтаст хэргийн 44 дүгээр тал.
[10] Хавтаст хэргийн 47 дугаар тал.
[11] хавтаст хэргийн 38 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 35 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 36 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 4-6 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 15-18 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.
[17] Хавтаст хэргийн 36 дугаар тал.