| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0682/З |
| Дугаар | 128/ШШ2025/0603 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “*********” ХХК /РД:*********/
Хариуцагч: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М********* нарын хооронд үүссэн улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б********* , хариуцагч улсын байцаагч А.М********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Гомдол гаргагч “******* ******* *******” ХХК нь “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М********* 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0122619 дугаартай шийтгэлийн хуудсаар 3 000 000 төгрөгийн торгууль ногдуулсан хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08-00-02/19 дугаартай “Савласан цэвэр ус, төрөл бүрийн ундаа, шүүсний үйлдвэр, цехэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжийн[1] дагуу Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М********* гомдол гаргагч “*********” ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
2.2. Улсын байцаагчаас хяналт шалгалтын хийх тухай мэдэгдлийг “*********” ХХК-ийн захирал П.Т*********т 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гар утсаар мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн.[2]
2.3. Хяналт шалгалтын явцад “… “*********” ХХК нь технологийн дамжлагын дагуу үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг байрлуулж суурилуулаагүй, ус зөөлрүүлэгч, шүүгчийн гэрээт ханган нийлүүлэгчгүй, баталгаажилтгүй, ус зөөлрүүлэгч шүүгчийг зааврын дагуу хугацаанд сольж сэргээсэн тухай бүртгэл хөтлөлтгүй, хүнсний үйлдвэрийн зориулалтын байргүй, савласан цэвэр усанд мэдрэхүйн, физик-химийн, эрдсийн агууламж, эмгэг бичил төрөгч зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлуулдаггүй, хүнсний зориулалтын сав баглаа боодлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрийн орчны чийглэг, хэм, агаарын урсгал, гэрэлтүүлэг зэргийг хэмж******* хэрэгслүүд нь баталгаажилтгүй, ус хадгалах агуулахын хэм, чийглэг зэрэгт хэмжилт хийж бүртгэл хөтөлдөггүй, бэлэн бүтээгдэхүүнийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрийн ажиллагсдыг хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалтад хамруулдаггүй, аж ахуйн нэгжид дотоод хяналтын ажилтан томилж, дотоод хяналт шалгалтын журам хэрэгжүүлэн ажилладаггүй, зах зээлээс буцаан татан авсан бүтээгдэхүүнийг тусгай тэмдэг тэмдэглэлээ хийж хадгалдаггүй, бэлэн бүтээгдэхүүний шошгын мэдээлэл шаардлага хангаагүй” зэрэг зөрчил илрүүлсэн тухай улсын байцаагч 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэл үйлдсэн.[3]
2.4. Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд “*********” ХХК-д холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор ********* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.[4]
2.5. Хяналт шалгалтын явцад ********* дүүрэг, 1 дүгээр хороо, ********* тоотод байрлах хаягт үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-ийн байранд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийж, улсын байцаагчаас “Үзлэг хийсэн тухай” тэмдэглэл үйлдэж, фото зургаар бэхжүүлж тэмдэглэлд хавсаргасан.[5]
2.6. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлаар “…Хүнсний үйлдвэрийг зориулалтын байранд явуулдаггүй, бэлэн бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, ажилчдад хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт явуулаагүй, аж ахуйн ахуйн дотоод хяналтын ажилтан томилоогүй, бүтээгдэхүүний шошгын мэдээлэл шаардлага хангаагүй” гэж тэмдэглэлд тусгасан.
2.7. Үзлэгийн явцад Савласан ус MNS 5007:2002 стандарт заагдсан шаардлагыг хангасан эсэхийг шалгуулах шинжилгээнд хамруулахаар “… “*********” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үйлдвэрлэсэн 0.5 литр савлагаатай ********* цэвэр ус 20 литр, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үйлдвэрлэсэн “*********” мөс 4.5 кг” дээж авсан тухай тэмдэглэл үйлдэж[6], СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд өгсөн.[7]
2.8. “*********” ХХК-ийн үйлдвэрлэдэг “*********” цэвэр усны шошгын мэдээлэлд “…********* усны ач тус: цусны даралтыг сааруулна, ясны төлжилтөд сайн, илүү бат бөх ус, хүчиллэгийг бууруулдаг, зүрхний зохилтыг тогтворжуулна, сэтгэлийн сэрэмжтэй байдлыг нэмэгдүүлдэг, биеийн өөхийг зохицуулдаг, артритийг арилгана, арьсны тэжээлийг *******эсгэдэг, биеийн идэвхт байдлыг нэмэгдүүлдэг … MNS 5007-2007” гэж тэмдэглэсэн шошго зөрчлийн хэрэгт авагдсан.[8]
2.9. Дээрх шошгын мэдээлэл нь Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тав******* шаардлага MNS 6648:2016 стандартын Ерөнхий зарчмын 4.1-д “Хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь буруу ташаа, хууран мэхэлсэн эсвэл хүнсний шинж чанарын талаар төөрөгдөлд хүрэхүйц, буруу ойлголт төрүүлэхүйц байж болохгүй”, Эрүүл мэндийн мэдэгдлийн 5.13.1.1-д “Мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан байх” зэрэг шаардлагыг зөрчсөн гэж улсын байцаагчаас үзсэн.[9]
2.10. Улсын байцаагчаас 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавраар “... ******** усны шошгод хэвлэсэн мэдээллүүдийг батлуулж тэмдэглэх, бүтээгдэхүүний шошгод хүчингүй болсон стандарт тэмдэглэхгүй байх” зэрэг ажлуудыг хийж зөрчлийн үр дагаврыг арилгахыг “********” ХХК-ийн захирал П.Т********т даалгасан.[10]
2.11. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М********с 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 0122619 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч ******** ХХК-ийг “шошгын мэдээлэл шаардлага хангаагүй” гэж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгийн торгууль ногдуулсан.[11]
2.12. Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “…Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.6 дахь хэсэгт “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэж заасныг тус тус зөрчсөн гэж маргаж, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
2.13. Гомдол гаргагчийн зүгээс “...Захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагаанд тухайн албан байгууллагыг оролцуулах шаардлагатай байдаг. Хуульд заасан хэмжээгээр итгэмжлэл олгосон байхад захиргааны байгууллагаас тухайн итгэмжлэлийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Хууль бусаар нэмэлт баримтууд шаардаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокурор хянаж байгаа нэрийдлээр оролцуулаагүй нь захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа аж ахуйн нэгжийн оролцоог хангаагүй. Шошгод бичигдсэн зүйлсийг батлуулаагүй гэдэг үндэслэл ярьж болохоос биш батлагдаад дотор нь байгаа агуулгаар хөөвөл орц бүтээгдэхүүнүүд хүний биед хэрэгтэй зүйлүүд усанд агуулагдаж байгаа баримтуудыг төлөөллүүд бичсэн байна. Зөрчлийн тухай хуулиар зөрчил тав******* нөхцөл бүрдээгүй байхад зөрчил тавьсан байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.14. Хариуцагчийн зүгээс “...******** цэвэр усны үйлдвэр нь “********” ХХК-ийн оффисын суурийн давхар буюу подвалд үйл ажиллагаа явуулдаг. Цэвэр усны наад захын шаардлага хангаагүй. Ажилчид нь халаалтын системийн өрөөнд хувцсаа сольдог. Үйлдвэрийн цэвэр ус, халуун ус зэргэлдээ шугамаар явдаг. Цэвэр, бохир усны өнгө ялгалт хийгдээгүй. Савласан баллонтой усны шүүлтүүрийг сольсон тэмдэглэл байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар, хяналтын хуудсаар хийгдэж байгаа шалгалт. Ямар нэгэн бүртгэл огт байхгүй. Сав суулга, тоног төхөөрөмжийг угааж байгаа холбогдох материалууд, тоног төхөөрөмжүүд нь ажиллаагүй зөрчилтэй байсан. ******** усны шошгод бичсэн мэдээлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан байх шаардлагыг зөрчсөн. Хүчингүй болсон стандартыг шошго дээрээ тэмдэглэсэн байсан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасны дагуу цувралын дугаар огт тэмдэглэгдэхгүй байна, хүчингүй болсон стандарт тэмдэглэгдээд яваад байгаа учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шошгын мэдээлэл шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулсан” гэжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “********” ХХК нь ******** гэх цэвэр усны чиглэлээр 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг. Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хяналт шалгалт хийсэн. Хяналт, шалгалт хийхдээ улсын байцаагч А.М******** өөрийн биеэр хяналт шалгалт хийсэн. Тухайн үед манай компаниар ирээд хяналтын дотоод хэлтэс ажиллуулаагүй байна гэдэг үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авна гэсэн тайлбар хэлээд явсан. Хяналтын дотоод хэлтсийн ажилтан декретээ аваад амарсан байсан учраас бичиг баримт нь байгаагүй. Нөхөөд явуулъя гэхэд одоо байхгүй бол байхгүй гээд хяналтын нэгж ажиллуулаагүйн төлөө зөрчлийн арга хэмжээ авна гэдэг агуулгаар мэдэгдсэн. Д.Б******** миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай танилцахаар биечлэн очсон. Улсын байцаагч А.М******** нь хуульд заасан итгэмжлэлээс гадна өөр баримт бичгүүдийг шаардсан. Миний бие хуульд заасны дагуу итгэмжлэлээ аваад ирсэн учраас итгэмжлэлийн хүрээнд оролцоно гэтэл хуульчийн гэрчилгээ, ажилд авсан тушаал зэрэг баримтуудыг нэмж шаардсан. Гаргаж өгөх боломжгүй хуульд заасан итгэмжлэл байгаа гэдэг агуулгаар тухайн үед үл ойлголцоод өнгөрсөн. Тухайн үед манай захирал зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байсан.
Шийтгэлийн хуудсыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгдүгээрт захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагаанд тухайн байгууллагыг оролцуулж, оролцоог нь хангах ёстой. Гэтэл оролцоог хангаагүй. Итгэмжлэлийг хууль бус гэдэг нэрийдлээр халхавч хийж оролцуулаагүй. Хоёрдугаарт ******** цэвэр усны шошгод батлагдаагүй мэдээллийг байршуулсан нь зөрчил тав******* үндсэн шалтгаан болсон. Тухайн үед зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.М******** байцаагч дотоод хяналтын нэгж байхгүй гэдэг үндэслэлээр зөрчил ноогдуулна гээд явсан. Д.Б******** миний бие тухайн үед итгэмжлэлээ өгөөд оролцуулна, оролцуулахгүй гэдэг маргаан үүссэнээс хойш манай компани дээр дахин биечлэн ирж шошгыг нэмж аваад энэ үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авсан. Захиргааны байгууллага албан тушаалтан байгууллага аж ахуйн нэгжийг хохироож байна. Зөрчлийн арга хэмжээ хуульд заасан шаардлагыг хангаагүй.” гэжээ.
3.2. Хариуцагч улсын байцаагч А.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9.3-д заасны дагуу ******** ХХК-ийн захирал П.Т********ын ******** дугаарт 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр залган төлөвлөгөөт шалгалт хийгдэнэ удирдамж болон хяналтын хуудсаа татаж аваад шалгалтдаа бэлдээрэй гэдэг чиглэлийг өгсөн. ******** цэвэр усны үйлдвэр нь ******** ХХК-ийн оффисын суурийн давхар буюу подвалд үйл ажиллагаа явуулдаг. Цэвэр усны наад захын шаардлага хангаагүй. Ажилчид нь халаалтын системийн өрөөнд хувцсаа сольдог. Үйлдвэрийн цэвэр ус, халуун ус зэргэлдээ шугамаар явдаг. Цэвэр, бохир усны өнгө ялгалт хийгдээгүй. Савласан баллонтой усны шүүлтүүрийг сольсон тэмдэглэл байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар, хяналтын хуудсаар хийгдэж байгаа шалгалт. Ямар нэгэн бүртгэл огт байхгүй. Сав суулга, тоног төхөөрөмжийг угааж байгаа холбогдох материалууд, тоног төхөөрөмжүүд нь ажиллаагүй зөрчилтэй байсан.
Засгийн газрын 2014 оны 311 дүгээр тогтоолын дагуу Аж ахуйн нэгж, иргэд заавал дотоод хяналтын нэгж ажилтантай байна. Засгийн газрын 157 дугаар тогтоол буюу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн дотоод хяналтыг хэрэгжүүлэхэд холбогдох дүрэм журам стандартыг баталсан. Дотоод хяналтын нэгж, ажилтан гэж байхгүй байна вэ танайх дотоод хяналтын тайлангаа үзүүл би хөндлөнгийн хяналт хийж байгаа учраас танай компанийн дотоод хяналтын тайланг үзье гэдэг шаардлага хэлсэн. Хяналт шалгалт 42 хоногийн дараа энэ компанид хийгдсэн. Тэгэхэд ямар нэгэн бүртгэл, холбоотой мэдээлэл байхгүй. Дотоод хяналтын ажилтан байсан ч жирэмсний амралтаа авсан гэдэг тайлбар хэлсэн. Танай шошго анхаарал татаж байна. Эрүүл мэндийн мэдэгдэл гээд даралт бууруулна, сэтгэлийн сэрэмжтэй байдлыг нэмэгдүүлнэ гээд олон тайлбар бичсэн байсан. Савласан бүтээгдэхүүний шошгод тавигдах стандартаар эрүүл мэндийн мэдэгдлийг бичсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаар заавал баталгаажуулна. Шошгод хэрэглэгчийг төөрөгдүүлсэн мэдээлэл бич*******гүй гэдэг заалтууд байдаг. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр захирал П.Т********н итгэмжлэлтэй хуульч. Д.Б********т зөрчлийн хэргийг танилцуулсан. Хувцас сол******* өрөөгөө засъя тэр хүмүүс халуун усны систем дотор гутлаа тайлаад сууж байна. Халуун усны шугам задарвал хүмүүст эрсдэлтэй. Наад захын агуулгын шаардлага хангахгүй байна. Савласан бүтээгдэхүүний баллоныг шинжилгээнд хамруулахгүй байна. 2 зэрэгцээ шугамынхаа нэг нь цэвэр усны шугам нэг нь усны шугам гэдэг холбогдох ажлуудыг хийе гэдэг зүйлүүдийг Д.Б********т танилцуулсан.
Усны шошгод цусны даралтыг сааруулна, ясны төлжилтөд сайн, илүү бат бөх ус, хүчиллэгийг бууруулна, зүрхний цохилтыг тогтворжуулна, сэтгэлийн сэрэмжтэй байдлыг нэмэгдүүлнэ, биеийн өөхийг зохицуулна, артритийг арилгана, арьсны тэжээлийг *******эсгэнэ, биеийн идэвхт байдлыг нэмэгдүүлнэ гэсэн нь савласан усны стандартаар зохицуулдаг. Эрүүл мэнд, ямар нэгэн эмчилгээ сувилгааны ус биш. Хүчингүй болсон стандартыг шошго дээрээ тэмдэглэсэн байсан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасны дагуу цувралын дугаар огт тэмдэглэгдэхгүй байна, хүчингүй болсон стандарт тэмдэглэгдээд яваад байгаа учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шошгын мэдээлэл шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулсан.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагч “********” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаж буй 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0122619 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэн 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2. Шийтгэлийн хуудаст дурдсан бодит үндэслэлийн хувьд гомдол гаргагчийг “шошгын мэдээлэл шаардлага хангаагүй” гэж буруутгасан байна.
3. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэжээ.
4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно торгохоор зохицуулжээ.
5. Тус хуулийн хэм хэмжээнд заасан “шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн” гэх зөрчил нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээлэлд тавигдах шаардлагатай шууд холбогдохоор байна.
6. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчаас гомдол гаргагчийг “бүтээгдэхүүний цувралын дугаар бичээгүй, хүчингүй болсон стандарт тэмдэглэсэн, эрүүл мэндийн байгууллагаар баталгаажуулаагүй мэдээлэл бичсэн зэрэг нь шошгын мэдээлэл шаардлага хангаагүй” гэж үзсэн талаар тайлбарласан болно.
7. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад "хүнсний бүтээгдэхүүн гэж Хүнсний тухай хуулийн 3.1.1-д зааснаас гадна савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлтийг;”, 4.1.17 дахь заалтад "бүтээгдэхүүний цуврал" гэж үйлдвэрлэлийн технологийн нэг удаагийн шат дамжлагаар үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний багцын тоо хэмжээг;” гэж тус тус заасан.
8. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна:” гээд, мөн зүйлийн 12.4.3 дахь заалтад “хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар;”, 12.7 дахь хэсэгт “Дараах тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буруу шошголсон гэж үзнэ:” гээд, мөн зүйлийн 12.7.4 дэх заалтад “Энэ хуулийн 12.4, 12.5.2-т заасан шошгод тавьсан шаардлагыг хангаагүй;”, гэж тус тус зохицуулсан.
9. Түүнчлэн мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт “Хүнсний шошгод агуулагдах нэмэлт мэдээллийг олон улсын болон Монгол Улсын техникийн зохицуулалт, стандартаар зохицуулж болно.” гэж заажээ.
10. Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тав******* шаардлага MNS 6648:2016 дугаартай стандартын 5.13.1.1-д “Мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан байна.” гэжээ.[12]
11. Хууль болон стандартын дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, аливаа савласан ус нь хүнсний бүтээгдэхүүн болох бөгөөд хүнсний бүтээгдэхүүн болохын хувьд тухайн савласан усны хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаартай байх, шошго нь хууль болон холбогдох стандартад заасан шаардлагыг хангасан байх шаардлага тавигдаж байна.
12. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гомдол гаргагч компанийн савлан худалдаалдаг ******** нэртэй усны[13] шошгод ямар нэг цувралын дугаар бичигдээгүй, “********” гэх эрүүл мэндийн мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан, эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан байх шаардлагыг хангаагүй, мөн түүнчлэн Монгол Улсад хүчингүй болсон стандарт болох MNS 5007-2007 гэх стандартыг бичсэн[14] болох нь тогтоогдов.
13. Дээрхээс дүгнэхэд, гомдол гаргагч ******** ХХК-ийн савлан худалдаалдаг ******** цэвэр усны шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дээр дурдсан холбогдох зохицуулалтад нийцээгүй болох нь нотлогдож байна.
14. Тиймээс хариуцагч улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудас үндэслэлтэй.
15. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагаанд тухайн албан байгууллагыг оролцуулах шаардлагатай байдаг. Хуульд заасан хэмжээгээр итгэмжлэл олгосон байхад захиргааны байгууллагаас тухайн итгэмжлэлийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Хууль бусаар нэмэлт баримтууд шаардаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокурор хянаж байгаа нэрийдлээр оролцуулаагүй нь захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа аж ахуйн нэгжийн оролцоог хангаагүй...” гэх зэрэг агуулгаар маргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн аваагүй. Тодруулахад:
16. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.” гэж заасны дагуу хариуцагч улсын байцаагчаас энэ зөрчлийн хэрэгт холбогдогчоор хуулийн этгээд буюу “********” ХХК-ийг татан[15], улмаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг тус хуулийн этгээдэд оногдуулсан, түүнчлэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох П.Т********[16], түүний томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б********[17] зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа холбогдон, энэ талаар тэмдэглэл үйлдсэн, эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангасан зэрэг нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх бүхий этгээдийг оролцуулаагүй, оролцоог хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.
17. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчаас “... хүчингүй стандарт хэрэглэсэн, цувралын дугаар тэмдэглэдэггүй, эрүүл мэндийн мэдэгдэл бол төөрөгдөлд хүрэхүйц мэдэгдэл. Магадгүй танай усыг уугаад миний даралтыг бууруулсангүй гэсэн асуудал гарвал нөхөн төлбөрийн асуудал яригдана ...” гэсэн агуулга бүхий тайлбар хэлсэн нь гомдол гаргагч компанийн үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх агуулгатай байх тул үүнийг гомдол гаргагч ******** ХХК нь цаашид өөрийн үйл ажиллагаандаа анхаарах ёстойг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.17 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, 12.4.3 дахь заалт, 12.7 дахь хэсэг, 12.7.4 дэх заалт, 12.9, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ******** ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М******** 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0122619 дугаартай шийтгэлийн хуудсаар 3 000 000 төгрөгийн торгууль ногдуулсан хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 26-29 дэх тал
[2] Хх 25 дахь
[3] Хх 30 дахь тал
[4] Хх 21 дэх тал
[5] Хх 31-35 дахь тал
[6] Хх 36 дахь тал
[7] Хх 38 дахь тал
[8] Хх 58-59 дэх тал
[9] Хх 59-69 дэх тал
[10] Хх 74 дэх тал
[11] Хх 76 дахь тал
[12] Хх 67 дахь тал
[13] Хх 58-59 дэх тал
[14] Хх 83 дахь тал. Стандарт, хэмжил зүйн газрын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/902 тоот албан бичгээр хүчин төгөлдөр стандартын талаар шүүх тодруулсан болно.
[15] Хх 21 дэх тал
[16] Хх 25, 31-32 дахь тал
[17] 50-57 дахь тал