Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/286

 

 2024            03            05                                         2024/ДШМ/286

 

                                                        М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч Д.Бат-Оргил,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Б.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, шүүгч А.Батмандах, Ч.Алдар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/1524 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Б-д  холбогдох 2206 00000 0524 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн М-н Б, …………-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт …………….тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо …………. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: …………./;

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 13 цагийн орчим …………… амь хохирогч С.Н-той үл ялих зүйлээр маргалдан түүний нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохиж, улмаар амь хохирогч газарт унах явцдаа гавал тархины битүү гэмтэл авч амь нас нь хохирч, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 126 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-с 90.720.041 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүх эмнэлгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд, түүнийг тайлбарласан эмч нарын мэдүүлэгт “тархины гэмтэл 2 удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээс үүссэн”, “цусан хураа бүлэн гэмтэл авснаас хойш 6-24 цагийн хооронд үүссэн”, “М.Б-н хохирогчид учруулсан нүүрэн тус газрын гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”, “хохирогчийн зүүн шуу, баруун бугалганы цус хуралт, доод эрүү, зүүн шилбэний зулгаралт зэрэг гэмтлийг 5-7 хоногийн өмнө авсан байх боломжтой” гэсэн мэдүүлгүүдээс харахад миний бие хохирогчийн  нүүр лүү цохисон үйлдлээс болж нас барсан гэж дүгнэх боломжгүй юм. Тодруулбал, хохирогч нь надтай уулзахаас өмнө эрүүл мэндийн ноцтой гэмтэл авсан байсан болох нь тогтоогдож байдаг.

2. Шийтгэх тогтоолоор надаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-д сэтгэцэд учруулсан хохирол болох 90.720.041 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх ёстой. Сэтгэл санаанд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1, 40.3-т заасныг зөрчсөнөөс гадна хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаар тушаал 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс мөрдөгдсөн байна.

            Миний бие хэрэв гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд дээрх хохирлыг Иргэний хуулийн дагуу иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Эргэлзээтэй мэдүүлгүүд, нотлох баримтаар хүний амь насыг хохироосон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Хүний амь нас хохироосон гэх миний үйлдлийг эргэлзээгүй тогтоож, хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, мөн зүйлийн 2.4-д “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт “ -ийг хийлгүй прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтууд болох гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүдийг хуулан бичлэг хийж байгаа мэтээр ямар ч хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүй бичсэн байна. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 4-д “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэснийг баримтлан шинжээчийн /2022 оны 02 сарын 28-ны өдөр шинжээч Б.Баяртогтохын гаргасан 508 дугаар, 2022 оны 04 сарын 27-ны өдөр шинжээч М.Энхбаяр, Г.Ханхүү, Б.Сэргэлэн нарын гаргасан 360 дугаар, 2023 оны 03 сарын 27-ны өдөр шинжээч Б.Ганзориг, О.Нансалмаа, Э.Баасанжав нарын гаргасан 291 дүгээр/ дүгнэлтүүдэд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нарын өгсөн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтэд нэмэлт шинжилгээгээр авсан эд эсийн шинжилгээний хариуд дурдсан цусан бүлэнгийн нөжрөлтийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гистологийн шинжээч эмч Б.Энхжингийн мэдүүлэгт үндэслэн хуулийн зүйл, хэсэг дээр маргаж байгаа өөрийн дүгнэлтийг хийсэн. Гэтэл ямар баримт нотолгоог үндэслэн өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэж байгааг бичээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-д “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн журмыг баримтлаагүй, хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүй, гагцхүү гэрч Т.Б-н мэдүүлэгт ач холбогдол өгч дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэрэг учрал гарсан байдлыг 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим гэж тогтоосон ба энэ нь шуурхай албаны 102 дугаарт ирсэн дуудлагаар батлагдана. Мөн амь хохирогчийг ухаан алдсаны дараа яаралтай түргэн тусламж дуудсан ба дуудлагаар ирсэн эмч Ө.Мөлдир гэрчийн мэдүүлэгт “... би согтуу эрэгтэйд үзлэг хийх гэхэд тухайн эрэгтэй согтуу тасарсан байдалтай асуултад хариулахгүй үзүүлэхээс татгалзаж гараа татаад намайг үзлэг хийх гэсэн боловч үзүүлэхгүй гээд салаавч гаргаад байсан. Яаралтай түргэн тусламжийн дуудлагын хуудаст эрүүл мэндийн амин үзүүлэлтийг даралт 120/80, зүрхний цохилт минутад 86, хүчил төрөгчийн хангамж 97” гэж тэмдэглэсэн нь шинжээч эмч нарын мэдүүлэгт дурдсан тархины гэмтлийн улмаас ухаан алдаж унасан гэж үзэх эрүүл мэндийн шинж тэмдгүүд илрээгүй байгаа юм. Шинжээчийн дүгнэлтүүдэд үхлийн шалтгааныг тодорхойлохдоо “их тархины зүүн тал бөмбөлгийн дух чамархай, дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хажуугийн ховдол, 3, 4 дүгээр ховдлын цусан хурааны улмаас тархи дарагдаж нас барсан” гэж оношилсон байдаг. Шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэгт “… Гавлын дагзны баруун талд болон зүүн талд 2 хугарал байгаа. ... энэ хоёр хугарал нь аль, аль нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Цацраг хэлбэрийн хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлээр, шугаман хугарал нь хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, баруун талын цацраг хэлбэрийн хугарал нь уналтаас үүсэхгүй... мод чулуу гэх мэт зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ... зүүн талын шугаман хугарал нь өргөн гадаргуутай зүйл дээр унах үед үүсэх боломжтой, өөрөөр хэлбэл толгойгоороо савж унах үед үүсэх боломжтой. Нүүр лүү нь гараараа цохих үед дээрх хугарал үүсэхгүй. Гавлын ясны хугарлаас болж хүн нас барахгүй, хэдий хугацаанд ч амьд явж болно” гэснээс үзэхэд гэрч Т.Б-н мэдүүлэгт дурдсан хохирогч унах үедээ дүгнэлтэд дурдсан хугарлыг авах боломжтой боловч энэ нь амь насыг хохироох байдалд хүргэхгүй болохыг баталж байгаа юм. Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн мэдүүлэгт “…хатуу хальсан доорх цусан хураа нь үүсэж эхэлснээс 24-с дээш цаг өнгөрсөн тохиолдолд бүрэн биежсэн, барзгар шинжтэй болдог, харин дээрх цусан бүлэн нь бүрэн биежээгүй, зөөлөн, гадаргуу гялалзсан, шингэн цустай байгаа нь 6-21 цагийн хооронд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн, 360, 291 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч нар М.Энхбаяр, Б.Сэргэлэн нарын мэдүүлэгтэй адил мэдүүлэг өгдөг. Хэрэв амь хохирогчийн үхлийн шалтгаан нь их тархины зүүн тал бөмбөлгийн дух чамархай, дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цусан хураа хохирогчийн амь насанд аюултай гэмтэл юм бол нас барах хүртэл буюу тархи дарагдах хүртэл доод тал нь 6 цагийн өмнө авсан байх боломжтой байгаа юм.

Хэргийн газрын үзлэгт үзлэг хийсэн цагийг 15 цагт эхэлж 15 цаг 30 минутад дуусгасан гэж тэмдэглэгдсэн. Хоёр дахь яаралтай түргэн тусламжийн эмч Лхагвасүрэн ирж үзээд амь хохирогчийг нас барсан болохыг тодорхойлсон. Гэрч О.Тэмүүлэн, Х.Эрдэнэбулган нарын мэдүүлэгт “... 103-ын эмч 15 цагийн үед ирээд Цогоо гэх хүнийг үзээд нас барсан байна гэж хэлсэн” зэргээр амь хохирогчийг нас барсан цаг хугацааг 15 цагийн орчмоос тооцоход М.Б-н хохирогчтой маргаж нүүрэн тус газар нь цохисон гэх үйлдэл хийсэн хугацаанаас хойш 02 цаг болсон байгаа юм. Шинжээч эмч Б.Баяртогтохын мэдүүлэгт “…талийгаачид учирсан их тархины зүүн тал бөмбөлгийн дух чамархай, дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цусан хураа нь хэр хурдацтай нэмэгдэж тархи дарагдах хэмжээнд хүртэл амьд явах боломжтой ... тухайн гэмтлийг аваад 24 цагийн дотор үүссэн гэж үзэж болно” гэжээ. Гэтэл шинжээч эмч Б.Баяртогтохын мэдүүлэгт дурдсан 24 цагийн дотор гэснийг эд эсийн шинжилгээ хийсэн гистологийн шинжээч эмч Б.Энхжин нь “508 тоот дүгнэлтэд тусгагдсан их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /бүлэн/ нь 6-24 цагийн доторх өөрчлөлт болно” гэж амь хохирогчид учирсан үхэлд хүргэсэн гэмтлийг авах хугацааг доод тал нь 6 цаг гэж тодорхойлсон байна. Энэ талаар шинжээч эмч М.Энхбаяр, Г.Ханхүү, Б.Сэргэлэн, Б.Ганзориг, О.Нансалмаа, Э.Баасанжав нарын мэдүүлэгт амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийг анх авсан хугацааг 6 цаг гэж тодорхойлсон ба хугарал нь дангаараа амь насыг хохироохгүй, үхэлд хүргэсэн гэмтэл нь хавсарсан байдлаар учирсан гэх баримт нь дээрх тогтоогдсон цагаар үгүйсгэгдэж байхад энэ талаар шинжээч нарын мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгч харьцуулан, алийг нь үндэслэж байгаагаа тогтоолын тодорхойлох хэсэгтээ дурдаагүй байна. Мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгээр М.Б-н үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хоорондох шалтгаант холбоог тогтоогоогүй, хүний амь хохироосон хэрэгт ял шийтгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, М.Б-н амь хохирогчийн нүүрний зүүн хэсэгт баруун гараараа 3-4 удаа цохиход дүгнэлтэд учирсан гэмтлийг авсан гэдгийг шинжээч эмч нар мэдүүлгээрээ үгүйсгэж байгааг шүүх анхааралгүй орхигдуулсан гэж үзэж байна. Хэрэв гэрч Т.Б-н мэдүүлэгт дурдсанаар хохирогч нэг удаа толгойгоороо газар унасан нь үнэн бол хоёр дахь хугарлыг хаанаас хэдийд авсан болохыг тогтоох зайлшгүй шаардлагатай байсан. Иймд М.Б-г хүний амь насыг хохироосон гэх байдлыг эргэлзээгүй буюу хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдоогүй эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан зарчмыг үндэслэн М.Б-г гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан хуулийн зүйл, хэсгийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. …” гэв. 

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад дараах үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх М.Б-г хохирогчийг цохиж, үүний улмаас хохирогч савж унан гавал тархины битүү гэмтэл авч нас барсан болох нь хоорондоо шалтгаант холбоотой байна хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь: (A) Удаа дараагийн шүүхийн шинжилгээний дүгнэлтүүд болон эдгээрийг тайлбарласан шинжээч нарын мэдүүлэгт гавал тархины гэмтлийг хоёр удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээс үүснэ. (Б) Цусан хураа бүлэн гэмтэл авснаас хойш 6-24 цагийн хооронд үүссэн байна. Гэмтэл авснаас хойш 2-3 цагийн хооронд үүсэхгүй хэмээн гистологийн шинжээчийн мэдүүлэгт тодорхой мэдүүлжээ. (B) Шүүх шинжилгээний 360 тоот дүгнэлтэд М.Б-н хохирогчид учруулсан нүүрэн тус газрын гэмтлүүдийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэснийг шүүх шинжилгээний гурав дахь удаагийн буюу 291 тоот дүгнэлтэд үүнийг үгүйсгээгүй бөгөөд 360 тоот дүгнэлт үндэслэлтэй хэмээн дүгнэсэн. (Г) амь хохирогч С.Н-н цогцосны гадна үзлэгээр илэрсэн зүүн шуу, баруун бугалганы цус хуралт, доод эрүү, зүүн шилбэний зулгаралт гэмтлийг 5-7 хоногийн өмнө авсан байх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэг гэж дүгнэсэн. Гэтэл энэ гэмтлийг хэн учруулсныг тогтоогоогүй, бодит байдалд урьд нь тархиндаа гэмтэл авч явсаар тархинд цусан хураа бүлэн үүссэн байж болзошгүй бөгөөд саруул үедээ явж байгаад М.Б-н нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисноос саруул үе дуусаж ухаан алдсан байх магадлалтай гэж өмгөөлөгчийн хувьд үздэг юм. Иймд амь хохирогч С.Н-н амь хохирсон шалтгаан болон М.Б-н цохисон үйлдэл 2-ын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгаа талаар бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын багийн ахлагч тэргүүлэх зэргийн шинжээч эмч маш нарийн тайлбарлаж мэдүүлэг өгсөн. Энэ нь амь хохирогч 24 цагийн өмнө тархиндаа хүнд гэмтэл авсан болох нь цусны бүлэнгийн нөжрөлтөөр нарийн тогтоогдож байгааг мэдүүлсэн байцаалтад хохирогчийн өмгөөлөгч бид нар хамт байлцсан. Тэрээр амь хохирогчийн амь нас хохирсон тархины хүнд гэмтлүүдийг урьд нь авсан байсан. 3 цагийн дотор ийм нөжрөлт үүсэхгүй. Энэ гэмтлүүдийг аваад тухайн хүний эрүүл мэндийн байдлаас болж хэдий ч хугацаанд амьд явж болно. М.Б-н нүүр лүү цохисон үйлдэл, амь хохирогч нас барсан асуудалд шууд шалтгаант холбоо байхгүй байна.

2. Энэ хэргийн гол гэрч Г.Б-н 2 дахь удаагийн мэдүүлэг буюу “Цогоо ах хойш саваад толгой хэсгээрээ унасан” гэсэн мэдүүлгийг анхан шатны шүүх нотлох баримтаар тооцож, шийтгэх тогтоолд тусгажээ. Хэрвээ савж унаснаас болж тархины хугарал үүссэн нөхцөлд шинжээч эмч Г.Ханхүү, Б.Сэргэлэн нар нь мэдүүлэгтээ “Гавал тархины хугарал нь дангаараа үхэлд хүргэхгүй” гэж тайлбарласнаас харахад М.Б-г бусдын амь нас хохироосон гэх зүйлчлэлээр бус бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх зүйлчлэлээр зүйлчлэх байжээ.

3. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралд энэ зүйлчлэлийг өөрчлөхийг санал болгосон бөгөөд 60 хоногийн хугацаатай прокурорт буцааж, тусламж үзүүлээгүй цагдаа, түргэний эмч нарт гэм буруутай эсэх асуудлаар шүүх эмнэлгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байсан билээ. Учир нь, шүүх эмнэлгийн дүгнэлтээр яаралтай эмнэлгийн тусламж авсан нөхцөлд амь аврагдах боломжтой байсан хэмээн дүгнэсэн. Иймд эргэлзээтэй нотлох баримтаар бусдыг хүний амь хохироосон хэрэгт гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. …” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-н өмгөөлөгч Д.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг шийдсэн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байгаа. Шүүгдэгч М.Б хохирогч С.Н-н нүүрэн тус газарт 5-6 удаа цохиж, тархиараа газар унаж гавал тархины хүнд гэмтэл авсны улмаас амь насаа алдсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. 3 удаагийн шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч нарын өгсөн мэдүүлгээр хохирогч С.Н гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан, эдгээр гэмтлүүдийг нэг цаг хугацаанд авсан шинэ гэмтлүүд гэж дүгнэсэн. Мөн шинжээч нар мэдүүлэг өгөхдөө энэ талаар тайлбарласан. 24 цагийн дотор авсан шинэ гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл гэдгийг мөн М.Б-д цохиулснаас болж хохирогч дээрх гэмтлийг авсан гэдгийг шинжээч эмч нар тогтоож өгсөн. Хохирогчийг саруул үедээ явж байхад М.Б нүүр лүү нь цохиход саруул үе нь дуусаад нас барсан гэж тайлбарлаж байна. Шинжээч эмч нарын дүгнэлтээр шинэ гэмтэл гэж тогтоосон байхад дээр дурдсан үйл баримт болсон байх боломжгүй. Шинжээч эмч нар цусан бүлэнг бүрэн биежээгүй, 24 цагаас дээш хугацаанд цусан бүлэнг үүссэн бол биежсэн байна гэж хэлдэг. Шүүгдэгч М.Б-н давж заалдах гомдолд дурдагдаад байгаа хөнгөн гэмтлүүдэд хохирогчийн амь насаа алдсан гэмтэл холбоогүй. Шүүгдэгч М.Б-н үйлдэл, хохирогч С.Н-н амь насаа алдсан шалтгаан хоорондоо холбоотой гэдэг нь хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч болон шүүгдэгч М.Б-н гаргасан давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Гол маргаан шинжээч нарын дүгнэлт, амь хохирогчийн нас барсан гэмтэл буюу цогцост задлан шинжилгээ хийсэн цусан бүлэн, тархинд үүссэн гэмтэл хугаралтай холбоотой асуудлыг ярьж байна. Цусан бүлэн 6-24 цагийн дотор үүсэх боломжтой гэж тодорхойлсон. Энэ талаар шүүх хуралдааны явцад шинжээч нараас мэдүүлэг авахад цагийг баримжаалж хэлсэн гэдэг. ... Цогцост 20 цаг 20 минутад үзлэг хийсэн тэмдэглэлд амь хохирогч нас бараад 5-6 цаг болсон гэх талаар дурдсан. Гэрч н.Мөнх-Эрдэнээс мэдүүлэг авахад амь хохирогч жилийн өмнө тоосгоор тархиндаа цохиулж байсан, хэнд цохиулсныг нь мэдэхгүй” гэдэг. Амь хохирогч 13-14 цагийн хооронд нас барсан. Өмнө нь нэг удаа түргэн тусламжийн төвөөс ирээд эмч үзэхэд амин үзүүлэлт хэвийн биед нь үзлэг хийхэд эсэргүүцэл үзүүлж байсан гэдэг. Тухайн эмч, шинжээч нараас мэдүүлэг авахад амин үзүүлэлтүүдээр биед үзлэг хийгээд гавал тархины гэмтлийг нарийн шинжлэн тогтоох боломжтой юу” гэхэд “боломжгүй үүнийг нарийн лабраторийн аргаар тогтооно” гэж хэлдэг. Тухайн үед амь хохирогчийн амин үзүүлэлтүүд хэвийн, өөрөө биеэ үзүүлэхгүй эсэргүүцэл үзүүлсэн учраас түргэн тусламжийн эмч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөрэй гэж хэлээд явсан. Маргаад байгаа цусан бүлэн, гавал тархины хоёр хугарлыг дангаараа авсан тохиолдолд  4-7 хоногийн дотор амьд явах боломжтой гэж шинжээч дүгнэсэн. Дахин дүгнэлт гаргасан шинжээч Б.Сэргэлэн, Г.Ханхүү нараас мэдүүлэг авахад гавал тархины хугарал ямар гадаргуу дээр унаж байгаагаас хамааран хэдэн удаагийн үйлдэл, үйлчлэлээр үүсэх боломжтой гэдэг. Задлан шинжилгээ хийж гавал тархины гэмтлийг оношлоход хатуу хальсан доорх цусан хурааг байгаагаар нь гарч ирж байгаа цаг хугацаанаас 6-24 цаг гэж тоолно гэж прокурорын зүгээс үзсэн. Задлан шинжилгээ хийж байгаа цаг хугацаа оройн 20 цаг 00 минутад эхэлж 20 цаг 20 минутад дууссан. Нас барсан хугацаа 5-6 цагийн үед гэж тогтоогдсон. Үүнээс үзэхэд гэмтэл аваад 14-15 цагийн хооронд нас барсан байгаа нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байгаа юм. Задлан шинжилгээ хийж гавал тархины гэмтлийг тогтоох үед 6-24 цагийн өмнө цусан бүлэн үүссэн байна гэх дүгнэлт гаргасан. Энэ үйл явдал болох үед амь хохирогч С.Н, шүүгдэгч М.Б, Т.Б гэх 3 хүнээс өөр хүн байгаагүй. Тухайн үед Т.Б-с мэдүүлэг авахад тухайн өдөр өглөө таараад архи хувааж уусан” гэдэг. Үүний дараа хүнсний дэлгүүр лүү орж архи авч байгаа камерийн бичлэг байгаа. Тиймээс эдгээр хүмүүстэй уулзахаас өмнө өөр хүмүүстэй уулзаж гэмтэл авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэрч Т.Б эхний хоёр мэдүүлэгтээ савж унасан” гэдэг, сүүлийн хоёр мэдүүлэгтээ “цохиулаад мөрөөрөө гулжганаж унасан” гэж мэдүүлдэг. Ар гэрийнхнээс нь мэдүүлэг авахад хавирга хугарсан нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтэд дурьдаад байгаа гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн гэдгийг тогтоосон. Үүнээс өмнө биедээ гэмтэл авсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгч М.Б-н үйлдэл амь хохирогчийн нас барсан үйлдлийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтад дүгнэлт хийж гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 13 цагийн орчим …дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах …..урд хэсэгт амь хохирогч С.Н-той үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохиж, улмаар амь хохирогч газарт унах явцдаа гавал тархины битүү гэмтэл авч амь насыг нь хохироосон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-н “... Намайг 2022 оны 02 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед аав С.Н-н гэрт байх үед хүн цонх тогших шиг болохоор нь хартал аав С.Н байсан. Гараад очиход согтууруулах ундааны зүйл нэлээд хэрэглэсэн байдалтай … байсан. Гэрт нь оруулж бүх хувцсыг нь сольж угааж өгчихөөд унтаж амрахаар явсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед золгохоор ирэхэд аав С.Н байхгүй байсан. …” /1 хх 45-46/,  

гэрч Т.Б-н “... Хараа архи, … худалдаж аваад дэлгүүрээс гарч дэлгүүртэй байрны хойд талаар тойрох гэж байхад найз М.Б ямар нэгэн үгийн зөрүү байхгүй гэнэт талх Цогоо ахын баруун шанаа хэсэгт баруун гараар 5-6 удаа хүчтэй цохиход нь талх Цогоо ах онгорхой хашлаганы голоор дагз хэсгээр машин явдаг зам хэсэг рүү унахаар нь очоод өндийлгөх гэхэд бие нь суларчихсан өргөж дийлдэхгүй ухаан алдчихсан болохоор нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр 103 дугаарт дуудлага өгөхөд удалгүй эмч ирж үзээд даралт хэвийн “наад хүн чинь архины гүн хордлогод орчихсон байна, цагдаа дуудаж эрүүлжүүлэх байранд оруул” гэж хэлээд явчихаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд болсон асуудлын талаар тодруулж асуухад нь эмчийн хэлснийг хэлэхэд цагдаа нар “өнөөдөр шинийн нэгэн юм чинь эрүүлжүүлэх байранд оруулаад яах вэ, танай гэрт аваачиж өгье” гэж хэлээд Баянзүрх дүүргийн …………..тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг нийтийн байрны гадна ирж миний түрээслэдэг өрөөнд оруулж өгөөд орон дээр хэвтүүлээд хэсэг ажиглахад унтаж байгаа юм шиг дуугарч байсан ба цагдаа маскийг нь доошлуулахад хамар хэсгээс нь цус гарсан учир эмч дууд гэж хэлэхэд 103 дугаарт дуудлага өгөхөд эмч ирж үзээд нас барсан гэж хэлэх шиг болсон... Намайг талх Цогоо ахтай уулзахад нүүр хэсэгт нь ямар нэгэн шарх сорви байгаагүй. Харин М.Б-г цохисны дараа хамар болон ам хэсгээс нь цус гарсан харагдсан, халцарч барьсан зүйл ажиглагдаагүй. Найз М.Б надад хэлэхдээ “болсон асуудлын талаар битгий хэлээрэй, найз нь шоронд орох болчихоод байна” гэж гуйгаад байсан учир худал хэлсэн. С.Н-г М.Б цохиж байхыг надаас өөр Чүлтэм ах харсан байж магадгүй. ...” /1 хх 51-52/,

“Чүлтэм ах, М.Б, талийгаач С.Н ах бид дөрөв хамт дэлгүүр орж юм худалдаж авсан. Тэгээд дэлгүүрээс гараад явж байтал М.Б Цогоо ах руу “би чамайг цохино шүү, чи намайг өмнө нь цохиж байсан биз дээ” гээд Цогоо ахын нүүр, шанаа, толгой хэсэг рүү нийтдээ 5-6 удаа гараараа хүчтэй цохисон. Тэгэхэд Цогоо ах хойш саваад толгой хэсгээрээ унасан... М.Б Цогоо ахыг 5-6 удаа хүчтэй цохиход Цогоо ах хойш савж унасан... Цогоо ах унаснаасаа хойш ямар нэг зүйл яриагүй, амьсгалаад байж байсан, дэлгүүр орох болон гарах үед Цогоо ах өөрөө хэвийн алхаад явж байсан. М.Б-д цохиулж унахаас өмнө Цогоо ахын биеийн байдал хэвийн, зүгээр байсан бөгөөд биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Талийгаач болон М.Б, Ч ах бид хэд тийм айхтар согтуу байгаагүй...” /1 хх 54-55/,

 “...М.Б амь хохирогчийг цохих үед Ч ах явсан байсан бөгөөд М.Б болон Цогоо ах бид гурав байсан. М.Б талийгаачийн шанаа хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод, чихнийх нь ар хэсэгт нэг удаа гараараа цохисон. ... 2022 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 06:40 цагийн орчимд “Өндөр цайз” худалдааны төвийн хашаанд таарсан. Тэр үед амь хохирогч эрүүл байсан бөгөөд тэр үед тархи толгой өвдөж байна гэдэг зүйл хэлээгүй. Талийгаачийн чихний ар хэсэгт 2 удаа цохисон. Толгойгоороо ямар нэгэн зүйл цохиогүй, мөр хэсгээрээ гулжиганаад унасан. ... Хэрэг болдог өдөр М.Б Цогоо ахад хэлэхдээ чи дандаа хүний авсан юмыг уудаг гэх мэт зүйлээс болж маргаан үүссэн. ... М.Б амь хохирогчийг цохихоос өмнө Ч ах явсан, тухайн үед байгаагүй. Мөн Ч ах бид хоёр амь хохирогчийг өргөж зам дээр унагаасан асуудал байхгүй. ...”,

 “...Тэгэхэд М.Б С.Н-д хандаж “чи дандаа хүний авсан архи ууж иддэг, хүнд архи авч өгдөггүй” гэж хэлээд маргалдаад зогсоход би тэр хоёрт хандаж “шинийн нэгний өглөө муудалцахгүй шүү” гэж хэлэхэд С.Н “харин тийм ээ” гээд куртикнийхээ халаасанд 2 гараа хийгээд зүгээр зогсож байсан. Тэгтэл М.Б гэнэт баруун гараараа С.Н-н нүүр, шанаа, уруул орчимд нь гараараа 4-5 удаа хүчтэй цохисон. Тэгэхэд С.Н хүнд цохилт аваад ухаан алдсан юм шиг 2 өвдгөөрөө өвдөглөөд, 2 гар нь куртикний халаасанд байгаа хэвээрээ зүүн хажуу тал руугаа сараалжин хашааны завсраар цементэн замын боржур хэсэг рүү зүүн талаараа унасан. Тэгэхээр нь бид хоёр тойрч очоод С.Н-г өндийлгөөд замын боржур орчимд налуулж суулгахад С.Н огт ухаангүй, юм ярихгүй, сэргэхгүй байсан учир 3-4 орчим минут болоод би түргэн рүү залгаж дуудлага өгсөн. ... Мөрөөрөө хажуу тийш унахдаа толгойгоороо цаад талын зам дээр цохисон юм болов уу гэж бодож толгойгоороо унасан гэж мэдүүлсэн. …” /3 хх 181-182/,

гэрч Ц.Ч-н “... Би дэлгүүрээс гараад явсан бөгөөд Б, С.Н, М.Б гурав хийдийн тэнд үлдсэн. Хоорондоо огт хэрэлдэж маргалдсан асуудал болоогүй, намайг явсны дараа муудалцсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг явах үед С.Н-н биеийн байдал хэвийн, ил харагдах шарх гэмтэл юу ч байгаагүй, талийгаач өөрөө алхаад хэвийн явж байсан. Бид хэд тийм айхтар согтуу байгаагүй, намайг хүн дуудаад байсан учир дэлгүүр орж картаараа архи авч өгчихөөд би явсан...” /1 хх 68-69/,

гэрч Э.Ч-н “...Би 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр их эмч Мөлдирийн хамт ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан. ... Бид хоёрыг яваад очиход 40-50 орчим насны эрэгтэй согтоод тасарсан юм шиг байдалтай байсан ба нөгөө хоёр эрэгтэй нь харин согтуу байсан. Нөгөө хоёр согтуу залуутай хамт нөгөө эрэгтэйг өргөж машин дээрээ авчраад машин налуулж суулгаж байгаад эмч Мөлдир биед нь үзлэг хийсэн. Тухайн үед тэр хүний даралтыг үзэхийн тулд куртикыг тайлан шаардлагатай байсан ба би куртикнээс татахад гараа зөрүүлж татаад хариу үйлдэл үзүүлж байсан. ...” /1 хх 71/,

гэрч Ө.Мөлдирийн “... Би жолооч Э.Ч-н хамт тухайн согтуу хүнийг машины хажууд аваачиж куртикийг нь тайлаад малгай маскыг авч биед үзлэг хийхэд толгойд ямар нэгэн хавдар хаван байгаагүй хамраас бага зэрэг цус гарсан байсан ба өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй тул эрүүл мэндийн амин үзүүлэлтүүдийг үзэхэд даралт 120/80-тай зүрхний цохилт минутад 86 удаа цохилсон, хүчил төрөгчийн хангамж 97-той байсан. Тухайн хүнд үзлэг хийгээд хамт байсан хүмүүсээс нь юу болсон талаар асуухад өглөөнөөс хойш хамт архи уусан, бид хоёр дэлгүүр орж архи аваад гараад ирэхэд манай найз тасраад унаад болохгүй болохоор нь түргэн тусламж дуудсан гэсэн. Тэгээд тэр хоёроос нь энэ хүний хамраас яагаад цус гарсан юм та нар зодолдсон юм уу гэж асуухад “үгүй бид гурав хамт явж байгаад машинд мөргүүлэх шахсан, тэгэхдээ хамар нь гэмтсэн байж болзошгүй, архаг хууч өвчин байхгүй даралтны эм уудаггүй ер нь хааяа архи уугаад байдаг” гэсэн. … Тухайн хүний амны хаалтыг авахад хамраас цус гарсан байдалтай байхаар нь арчиж харахад хамрын хажуу талд бага зэрэг шалбарсан байсан ба тэндээс нь цус гарсан юм шиг байсан. Өөр нүүр болон биед ил харагдах гэмтэл шархгүй байсан. Би тэр хүний биед үзлэг хийхдээ нүдний хүүхэн хараа гэрлийн урвалд хэр байгааг шалгахад хэвийн байсан, хүзүү чихэнд ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Тухайн хүний амин үзүүлэлтүүд хэвийн байсан учир ямар нэгэн эмчилгээ хийж эм тариа өгсөн зүйл байхгүй. ...” /1 хх 73/,

гэрч О.Т-н “... Дуудлагын дагуу 13 цаг 40 минутад очиж шалгахад хийдийн гадна төв хаалганы урд согтуу эрэгтэй хүн цагаан машины хойд талын гүпер налаад газар согтуу байдалтай сууж байсан. Тухайн хүнийг ахлагч Х.Э очоод сэрээх гэхэд сэрэхгүй тасарсан байдалтай согтуу асуусан асуултад хариулах чадваргүй байсан ахлагч Х.Э намайг “103 луу түргэн дууд” гээд 13 цаг 44 минутад ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлага өгөөд байж байхад удалгүй 45-50 орчим насны өндөр, намхан хоёр эрэгтэй хүн гарч ирээд бид хоёр энэ хүнтэй хамт яваа юм бид хоёр найз нь байгаа юм 103-д үзүүлэхэд “эрүүлжүүлж болно архины гүн хордлоготой байна” гэж хэлээд явсан гээд 103-ын эмчийн цагаан нарийн хуудас үлдээгээд явсан байсныг Б гэх хүн надад өгсөн. … Б-н гэрийн гадаа очоод би “биеийн байдлыг нь шарх сорви байна уу, үзье” гээд машинаас буулгаж байхад хар өнгийн маск нь газар унаад талийгаачийн нүүрийг харахад уруулын баруун дээд тал нь хавдсан хамар амнаас нь цус гарч доошоо гоожоод хатсан байсан. … Тэгээд 103-ын эмч 15 цагийн үед ирээд С.Н гэх хүнийг үзээд нас барсан байна гэж хэлсэн... Тухайн хүн анх дуудлага дээр нь очиход болон Б гэх хүний гэрт өргөж оруулах үед амьсгалж байсан бөгөөд амьд байсан. Хамгийн сүүлд 14 цаг 51 минут өнгөрч байхад 103 хурдан ирэхийг шаардаж залгасны дараа талийгаач хөдөлгөөнгүй амьсгалж байгаа нь мэдэгдэхгүй болсон байсан. Түргэн 15 цагийн орчимд ирсэн. Түргэн Т.Б-н гэрийн гадна очоод 13 цаг 57 минутад дуудсан. Мөн түргэн ирэхийг 14 цаг 25 минут, 14 цаг 26 минут, 14 цаг 51 минутад хурдан ирэхийг шаардаж Т.Б-н утаснаас 3 удаа албаны табаар хамгийн сүүлд би залгаж шаардсан...” /1 хх 76-77/,

гэрч Х.Э-ны “...Амгалан хотхоны баруун талын хийдийн гадна төв хаалганы урд 50 орчим насны хар өнгийн богино куртиктэй, жинсэн өмдтэй согтуу эрэгтэй хүн цагаан машины хойд талын гүпер налаад газар согтуу байдалтай сууж байсан. ...О.Т 103 луу 13 цаг 44 минутад “ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлага” өгөөд байж байхад удалгүй 45-50 орчим насны өндөр, намхан хоёр эрэгтэй хүн гарч ирээд “бид хоёр энэ хүнтэй хамт яваа юм, бид хоёр найз нь байгаа юм 103-д үзүүлсэн” гээд эмчийн цагаан нарийн хуудас үлдээгээд явсан байсныг Б гэх хүн дэд ахлагч О.Т-д өгсөн. ...” /1 хх 79-80/,

гэрч Э.А-н “... Талийгаач маань нас барахаасаа 7 хоногийн өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хавирга өвдөөд байна, хугарсан юм шиг байна гээд ёолоод байхаар нь яасан юм гэхэд тодорхой зүйл хэлээгүй. … Манай нөхөр толгой өвдөж байна гэж огт хэлээгүй, толгойн хэсэгт нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. … Нөхөр маань битүүний өмнөх өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн төрсөн эгч С.Ч-н гэрт хоносон. Тэрний өмнөх 2 хоногт буюу 01 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд гэртээ ирээгүй. 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 3 хоногийн өмнө буюу 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ирээд хавирга өвдөөд байна гэж хэлж байсан. Гэхдээ яг хаагуур хэнтэй явсныг нь би мэдэхгүй байна. …” /1 хх 90/,

гэрч Н.Ц-н “... Манай аав толгой өвдөж байна гэж огт хэлээгүй, толгойн хэсэгт нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Харин хавирга өвдөж байна гэж хэлж байсан, тэр үед нь би хавирганых нь орчимд наалт нааж өгч байсан бөгөөд усанд оръё гэхэд нь аавын толгойг угааж өгч байсан, тэр үед тархи толгой өвдөж байна гэж огт хэлээгүй, зүгээр байсан...” /1 хх 93/,

гэрч С.Ч-н “... Дүү манай гэрт ирэхдээ хавирга өвдөөд байна, амьсгал давчдаад байна гээд хажуу тийш харж хэвтээд байхаар нь би лент нааж өгөөд, өвчин намдаах эм уулгаж байсан. … Нүүр аманд нь өөр айхтар илтэд мэдэгдэх гэмтэл байгаагүй. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дүү маань манай гэрт хоносон, тэрний өмнө 01 дүгээр сарын 27, 28-ны өдөр бас манай гэрт хоносон. Тэгэхээр 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө хавирга гэмтсэн гэж хэлж байсан, би яг хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Дүү маань толгой өвдөж байна гэж хэлж байгаагүй. ...” /1 хх 96/,

шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “… Цогоо ах, Чүлтэм ах Б бид дөрөв үлдээд гандангийн урд талд байдаг дэлгүүрээс би 0.5 литрийн шилтэй Арвай гэх нэртэй архи авсан. Тэгтэл Цогоо ах намайг “чи 0.5 литрийн шилтэй архи авлаа, 0.75 литрийн шилтэй архи авахгүй яасан юм” гэхээр нь “би ер нь дандаа архи авдаг, яахаараа би ер нь дандаа та нарт архи авч өгөх ёстой” юм гэж хэлэхэд “чи муу юу гээд томроод байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад Цогоо ахын нүүр, шанаа хэсэгт 3-4 удаа гараараа хүчтэй цохиход хүнд цохилт аваад /накаут гэх/ унаж байгаа юм шиг шууд унасан. Тухайн үед Цогоо ах бид хоёроос өөр маргаж муудалцсан хүн байхгүй, надаас өөр Цогоо ахыг цохисон хүн байхгүй, би л цохисон. ... Талийгаач архи уусан байсан, өөрөөр биеийн байдал нь зүгээр хэвийн байсан. Ил харагдах шарх гэмтэл байгаагүй. …” /1 хх 236-237/,

шинжээч Б.Баяртогтохын “… Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүнийг хэдий хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийж явахыг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачид учирсан их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хажуугийн ховдол болон 3, 4-р цусан хураа нь хэр хурдацтай нэмэгдэж тархи дарах хэмжээнд хүртэл амьд байх боломжтой. Нүүрний хэсэгт цохиулаад унах үйлдэлд дээрх гавал тархины гэмтэл үүсэх боломжтой. Шинжилгээний явцад дээрх цусан хурааны байдлаас харж, цусан хураа үүссэн цаг хугацааг баримжаалах боломжтой. Дүгнэлтэд шинэ гэмтэл гэж тусгасан бөгөөд тухайн гэмтлийг аваад 24 цаг дотор болсон /үүссэн гэх/ гэж үзэж болно... Тархинд гэмтэл учрахад буюу авсан даруйд цусан бүлэн үүсч эхэлнэ. 1-2 цагийн дотор дээрх бүлэн үүсэх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй шинэ гэмтэл гэж үзэж байгаа. Амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй. Нүүр рүү цохиод унах үед үүсэх боломжтой. Тархины няцрал нь тухайн хүч үйлчилгээ хэсэгт болон хүчний эсрэг талд үүсч болно. …” /1 хх 136-137/,

шинжээч М.Энхбаярын “… Гавлын дагзны баруун талд болон зүүн талд 2 хугарал байгаа. Нэг нь дагзны баруун талд доош суурь ясны баруун ар хонхор болон нугасны том нүх хүрсэн зүүн дээшээ дагзны баруун дээд хэсэг хүрсэн 4 тийш цацарсан цацраг хэлбэрийн хугарал, нөгөө 1 хугарал нь суурь ясны зүүн ар хонхорт нугасны том нүхний зүүн талд хэлбэрийн баруун тийш явж нугасны том нүх рүү дамжин дагз ясны баруун талын хугаралтай нийлмэл хугарал байсан. Гавлын яс нь хэлбэрийн хувьд зууван дугуй хэлбэртэй боловч ерөнхийд нь хавтгай яс гэж үздэг. Хавтгай ясанд хугарал үүсэх механизм нь хугарал үүсэх зүйлээсээ хамаардаг. Энэ 2 хугарал аль аль нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Цацраг хэлбэрийн хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлээр, шугаман хугарал нь хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл баруун талын цацраг хэлбэрийн хугарал нь уналтаас үүсэхгүй, хязгаарлагдмал гадаргуутай /мод, чулуу гэх мэт/ зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, харин зүүн талын шугаман хугарал нь өргөн гадаргуутай зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл, толгойгоороо савж унах үед үүсэх боломжтой. … Гэмтэл авснаас хойш 24 цаг болоход цус бүрэн бүлэгнэсэн байна, 3 цаг болоход бага зэрэг бүлэнтэй байх боловч цус шингэн байна. Бүлэгнэлтийн байдлаараа 24 цаг орчим болсон бүлэн байсан. Тархины гэмтэл авсан хүнд гавал тархины гэмтлийн ерөнхий шинжүүд болох толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, бөөлжис цутгах гэх шинжүүд илэрч болно. Ийм шинж тэмдэг илрээд хэсэг хугацаанд /хэдэн цагаас хэд хоног, зарим тохиолдолд 7 хоног хүртэл/ үйл хөдлөл хийгээд ухаантай яваад байж болно. Нэг хугацаанд үүссэн байж болно, гэхдээ хугарал хэзээ үүссэн хугацааг нарийн хэлэх боломжгүй. Үхэлд хүргэсэн гэмтэл буюу хатуу хальсан доорх болон ховдол дахь цусан хураа 24 цагийн өмнө үүссэн. Энэ хугацаанд талийгаачийн тархи дарагдаагүй бол ухаантай, үйл хөдлөл хийгээд явж байж болдог. Анагаах ухаанд үүнийг саруул үе гэдэг. Саруул үед явж байгаа үед ханиад томуу хүрэх, архи уух, цохиод доргилт авах зэргээс ухаан алдаж, саруул үе таслагддаг. Ухаан алдаж саруул үе тасалдах нь гэмтлийн шалтгаан биш. ...” /1 хх 152-154/,

шинжээч Б.Энхжингийн “...508 дугаартай шинжилгээнд цусан бүлэнг энгийн будгийн аргаар будаж шинжлэхэд цусан бүлэнд үүссэн үрэвслээс болон фесбриний байдал нь 6-24 цагийн доторх өөрчлөлт болно …” /1 хх 156/,

шинжээч Б.Сэргэлэнгийн “…Дээрх гавал тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх 2 хугарал гэмтлүүд нь нас барахаас өмнө буюу 24 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. Гавал ясны хугарлууд нь 1 цаг хугацаанд буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ хугарлууд байна. Гавал ясны шугаман болон цацраг хэлбэрийн хугарал нь тархины эдийн няцрал хатуу хальсан доорх цусан хураа, баруун хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт зэрэг гэмтлүүдгүйгээр дангаараа байвал нас барахгүй байх боломжтой. Гавал ясны хугарал нь дээрх гэмтлүүдтэйгээ хавсарч тархи дарагдаж нас барахад хүргэж байгаа юм. Хатуу хальсан доорх цусан хураа нь үүсч эхэлснээс 24-с дээш цаг өнгөрсөн тохиолдолд бүрэн биежсэн, барзгар шинжтэй болдог. Харин дээрх цусан бүлэн нь бүрэн биежээгүй, зөөлөн, гадаргуу гялалзсан, шингэн цустай байгаа нь 6-24 цагийн хооронд үүсгэгдсэн байх боломжтой. Задлан шинжилгээ хийж гавал тархины гэмтлийг оношлон хатуу хальсан доор цусан хураа байгааг шинжлэх явцаас эхэлж тоолно. …” /2 хх 178-179/,

шинжээч Г.Ханхүүгийн “… Тархины гэмтлийн хувьд нүүрний урд хэсэгт цохигдоод арагш савж унах үед үүсэх боломжтой. Дагз ясны хугарлын хувьд тэгш гадаргуу дээр унасан гэж үзвэл 2 удаагийн үйлчлэлээр үүсэхээр харагдаж байна, тэгш бус гадаргуу дээр унасан гэж үзвэл 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж харагдаж байна. Тархины эдэд үүссэн цусан хурааны өнгө, хэлбэр хэмжээнээс харахад 24 цагийн дотор үүссэн шинэ цусан хураа байна. Дээрх 2 хугарал нь ойролцоо буюу 1 цаг хугацаанд үүссэн хугарал тул аль нь түрүүлж үүссэнийг тогтоох боломжгүй. Гавлын ясны хугарлын улмаас үхэлд хүргэхгүй. Харин хугарлын улмаас үүссэн цусан хураа, тархины няцралын улмаас үхэлд хүргэнэ. Дээрх гавал тархины гэмтэл нь 6-24 цагийн өмнө үүсгэгдсэн шинэ гэмтэл байсан. Ийм төрлийн гавал тархины гэмтэл авсан хүн идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломж багатай, дийлэнх тохиолдолд тэр даруйд ухаан алдана. …” /2 хх 215-216/,

шинжээч Б.Ганзоригийн “…Цусан хурааны хугацааг тогтоохдоо шинжилгээний үеийн цус хуралтын шинж чанар болон уг цус хуралтыг эд эсийн шинжилгээний өөрчлөлтүүдийг үндэслэн баримжаалан тогтоогдог. Талийгаачийн хувьд эдгээр өөрчлөлтүүдээс харахад цусан бүлэн 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Гэмтэл авсан цагийг нарийвчлан тогтоох боломжгүй. Ясны хугарал дангаараа байвал 4-7 хоногийн хугацаанд идэвхтэй үйлдэл хийгээд явах боломжтой. Харин тархинд байгаа хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал зэрэг нь хугаралтай цуг нэг дор үүссэн тохиолдолд тухайн нөхцөлд ухаан алдах шинж тэмдэг илэрнэ. 508 дугаартай задлан шинжилгээгээр талийгаачийн биед тогтоогдсон дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийн шинж чанараас үзэхэд тухайн гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Практикийн хувьд тийм тохиолдол байдаг. Гэхдээ талийгаачийн хувьд судас гэмтсэн тархины хатуу хальсан доорх зай болон аалзан хальс доорх замд цус хуралттай, тархины эдийн няцралттай байна. Нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Задлан шинжилгээний явцаас харахад зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гүйцэт биежээгүй /бүлэн/, шингэн цус байхгүй байгаагаас үзэхэд 2 цагаас дээш хугацаа өнгөрсөн байна гэж үзэхээр байна. …” /3 хх 178- 179/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаачийн С.Н-н цогцост гавлын дагз, суурь ясны хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн дэлбэн дэх эдийн няцрал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, дагз, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн дэх хатуу хальсан доорх, баруун хажуугийн ховдол болон гурав, дөрөвдүгээр ховдол дахь цусан хураа /бүлэн/, толгойн хуйхны дотор гадаргуун дагз, зүүн чамархайн хэсгийн цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын өнгөц шарх, зүүн хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад зулгаралт, баруун 9, 10, 11-р хавирганы хуучин хугарал, зүүн шуу, баруун бугалгад цус хуралт, доод эрүү, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба гэмтэл учирсан дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гавлын дагз, суурь ясны хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн дэлбэн дэх эдийн няцрал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, дагз, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн дэх хатуу хальсан доорх, баруун хажуугийн ховдол болон гурав, дөрөвдүгээр ховдол дахь цусан хураа /бүлэн/, толгойн хуйхны дотор гадаргуун дагз, зүүн чамархайн хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээд, доод уруулын дотор салстын өнгөц шарх, зүүн хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд цусан хурааны үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Харин зүүн шуу, баруун бугалганы цус хуралт, доод эрүү, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь нас барахаас 5-7 хоногийн өмнө учирсан байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун 9,10,11-р хавирга нь хуучин бороо үүссэн хугарал байна. Талийгаач нь дээрх гавал, тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байжээ. Талийгаачийн ходоодонд 30мл орчим хар хүрэн өнгийн шингэн агууламжтай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаар дүгнэлт /1 хх 120-132/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “… М.Б-н биед хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр 1-3 хоногийн дотор үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2542 дугаар  дүгнэлт /1 хх 103-104/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “… С.Н-н их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн дэх хатуу хальсан доорх цус хураа, баруун хажуугийн ховдол болон гурав, дөрөвдүгээр ховдол дахь цусан хурааны байдлаас харахад уг гавал тархины гэмтлийг нас барахаас 24 орчим цагийн өмнө авсан байхаар байна. Дээрх гэмтлийг авсан үеэс хойш хэдий хугацаанд амьд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд гэмтлийг цаг алдалгүй эмчилсэн бол амь насыг нь аврах боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дагзны баруун хэсэг, суурь ясны зүүн ар хонхорт 2 хугаралтай, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн дэлбэнгийн эдэд няцралтай байгаагаас харахад дагз хэсэгт мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр, 2 удаа үйлчилснээс дээрх гавал тархины гэмтэл үүссэн байх боломжтой байна. Амь хохирогч С.Н-н нүүр рүү 3-4 удаа цохиход гавал, тархинд дээрх гэмтэл үүсэх боломжгүй, харин дээд, доод уруул, зүүн хацрын төвгөр, чамархай хэсэг дэх шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралууд нь үүссэн байх боломжтой байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн дүгнэлтэд цусан хурааны үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэснээс бусад нь үндэслэлтэй байна. …” гэсэн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 360 дугаартай дахин шинжилгээ хийсэн дүгнэлт /1 хх 142-148/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн“… Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртканд 50мм татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, цэнхэр өнгийн жинсэн өмдөнд 42х25мм, саарал өнгийн өмдөнд 25x10 мм хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гогодолтууд үүссэн байна” гэсэн 604 дугаар дүгнэлт /1 хх 175-182/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын “… 2022.04.27-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №508 дугаартай шинжилгээгээр … Гавлын дагз, суурь ясны хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн дэлбэн дэх эдийн няцрал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, дагз, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан харьсан доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн дэх хатуу хальсан доорх, баруун хажуугийн ховдол болон гурав, дөрөвдүгээр ховдол дахь цусан хураа /бүлэн/, толгойн хуйхны дотор гадаргуу дагзны хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээд, доод уруулын дотор салстын өнгөц шарх, зүүн хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалгын зулгаралт гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Тогтоогдсон шинэ гэмтлүүд нь 2022.02.02-ны өдрийн №508 дугаартай шинжилгээ болон эд эсийн шинжилгээний өөрчлөлтөөс харахад нас барахаас өмнө 24 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл үүссэн тохиолдолд ихэвчлэн толгой эргэх, өвдөх, бөөлжих, цочромтгой болох зэрэг шинж илрэх ба цаашлаад хүүхэн хараа өөрчлөгдөх, хэл яриа тэнцвэрийн өөрчлөлт үүсэх, амьсгал олшрох, судасны цохилт нэмэгдэх, даралт ихсэх, татах, ухаан алдаж ухаангүй болох зэрэг шинжүүд илэрч болно. Толгойд хүч үйлчлэх, цохих, цохигдох, доргих механизмаар цохилтын хүч үйлчилсэн цэгт гавал ясны хугарал, зөөлөн эд хуйх, ясны хальс зэрэгт цус хуралт үүснэ. Гавал ясны хугарал үүссэн тохиолдолд тархины хальснуудын болон эдийн гэмтэл ихэвчлэн хамт үүсдэг. …” гэсэн дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /3 хх 167-174/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн “… М.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн 188 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 222-223/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 5-11/, илтгэх хуудсууд /1 хх 12-15/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 20-24/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 39-40/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 109-119/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч М.Б-с “... хүний амь насыг хохироогоогүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн,

түүний өмгөөлөгч Ж.Энхтуяагаас “… М.Б-г хүний амь насыг хохироосон гэх байдлыг эргэлзээгүй буюу хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан зарчмыг үндэслэн М.Б-г гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан хуулийн зүйл, хэсгийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. …” гэсэн,

өмгөөлөгч Б.Наранцэцэгээс “… амь хохирогч С.Н урьд нь тархиндаа гэмтэл авч явсаар тархинд цусан хураа бүлэн үүссэн байж болзошгүй бөгөөд саруул үедээ явж байгаад М.Б-н нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисноос саруул үе дуусаж ухаан алдсан байх магадлалтай, … хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр М.Б, С.Н, Т.Б, Ц.Ч нар хамт архи уугаад Ц.Ч нь Т.Б-д архи авч өгөөд явсан, уг архийг уухаар М.Б, С.Н, Т.Б нар хамт явж байгаад М.Б нь С.Н-г “архины мөнгө өгдөггүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисны улмаас С.Н газар унаж босож ирээгүй хэргийн үйл баримт нь гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон.

Гэрч О.Тэмүүлэнгийн “... Тэгээд 103-ын эмч 15 цагийн үед ирээд Цогоо гэх хүнийг үзээд нас барсан байна гэж хэлсэн…  анх дуудлага дээр нь очиход болон Т.Б гэх хүний гэрт өргөж оруулах үед амьсгалж байсан бөгөөд амьд байсан. Хамгийн сүүлд 14 цаг 51 минут өнгөрч байхад 103 хурдан ирэхийг шаардаж залгасны дараа талийгаач хөдөлгөөнгүй амьсгалж байгаа нь мэдэгдэхгүй болсон байсан. ...” /1 хх 76-77/ гэх мэдүүлэг, болон цагдаагийн энгэрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 31-38/ зэргээр талийгаачийн нас барсан цаг хугацаа тогтоогдсон ба “... Талийгаач нь дээрх гавал, тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” гэсэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 120-132/, “… С.Н-н их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн дэх хатуу хальсан доорх цус хураа, баруун хажуугийн ховдол болон гурав, дөрөвдүгээр ховдол дахь цусан хурааны байдлаас харахад уг гавал тархины гэмтлийг нас барахаас 24 орчим цагийн өмнө авсан байхаар байна. … Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн дүгнэлтэд цусан хурааны үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэснээс бусад нь үндэслэлтэй байна. …” гэсэн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 360 дугаартай дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 142-148/, “… тогтоогдсон шинэ гэмтлүүд нь 2022.02.02-ны өдрийн №508 дугаартай шинжилгээ болон эд эсийн шинжилгээний өөрчлөлтөөс харахад нас барахаас өмнө 24 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. …” гэсэн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр амь нас нь хохироход хүргэсэн гэмтлийг талийгаач нас барахаас 24 цагийн дотор авсан байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 Учир нь, шинжээч Б.Баяртогтох “… Шинжилгээний явцад дээрх цусан хурааны байдлаас харж, цусан хураа үүссэн цаг хугацааг баримжаалах боломжтой. Дүгнэлтэд шинэ гэмтэл гэж тусгасан бөгөөд тухайн гэмтлийг аваад 24 цаг дотор болсон /үүссэн гэх/ гэж үзэж болно...” /1 хх 136-137/, шинжээч М.Энхбаяр “…Гавлын ясны хугарлаас болж хүн нас барахгүй, хэдий ч хугацаанд амьд явж болно, гэхдээ энэ гэмтэл нь хүнд гэмтэл. Гэмтэл авснаас хойш 24 цаг болоход цус бүрэн бүлэгнэсэн байна, 3 цаг болоход бага зэрэг бүлэнтэй байх боловч цус шингэн байна. ...” /1 хх 152-154/, шинжээч Б.Энхжин “...508 дугаартай шинжилгээнд цусан бүлэнг энгийн будгийн аргаар будаж шинжлэхэд цусан бүлэнд үүссэн үрэвслээс болон фесбриний байдал нь 6-24 цагийн доторх өөрчлөлт болно …” /1 хх 156/, шинжээч Б.Сэргэлэн “…Хатуу хальсан доорх цусан хураа нь үүсч эхэлснээс 24-с дээш цаг өнгөрсөн тохиолдолд бүрэн биежсэн, барзгар шинжтэй болдог. Харин дээрх цусан бүлэн нь бүрэн биежээгүй, зөөлөн, гадаргуу гялалзсан, шингэн цустай байгаа нь 6-24 цагийн хооронд үүсгэгдсэн байх боломжтой. Задлан шинжилгээ хийж гавал тархины гэмтлийг оношлон хатуу хальсан доор цусан хураа байгааг шинжлэх явцаас эхэлж тоолно. …” /2 хх 178-179/, шинжээч Г.Ханхүү “… Тархины эдэд үүссэн цусан хурааны өнгө, хэлбэр хэмжээнээс харахад 24 цагийн дотор үүссэн шинэ цусан хураа байна. Дээрх 2 хугарал нь ойролцоо буюу 1 цаг хугацаанд үүссэн хугарал тул аль нь түрүүлж үүссэнийг тогтоох боломжгүй. … Дээрх гавал тархины гэмтэл нь 6-24 цагийн өмнө үүсгэгдсэн шинэ гэмтэл байсан. Ийм төрлийн гавал тархины гэмтэл авсан хүн идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломж багатай, дийлэнх тохиолдолд тэр даруйд ухаан алдана. …” /2 хх 215-216/, шинжээч Б.Ганзориг “…Цусан хурааны хугацааг тогтоохдоо шинжилгээний үеийн цус хуралтын шинж чанар болон уг цус хуралтыг эд эсийн шинжилгээний өөрчлөлтүүдийг үндэслэн баримжаалан тогтоогдог. Талийгаачийн хувьд эдгээр өөрчлөлтүүдээс харахад цусан бүлэн 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. …Задлан шинжилгээний явцаас харахад зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гүйцэт биежээгүй /бүлэн/, шингэн цус байхгүй байгаагаас үзэхэд 2 цагаас дээш хугацаа өнгөрсөн байна гэж үзэхээр байна. …” /3 хх 178- 179/ гэж талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлийг авсан цаг хугацааг болон үхлийн шалтгааныг тодорхой мэдүүлсэн бөгөөд М.Б-н үйлдлээс өмнө талийгаачийн тархинд цусан хураа бүлэн үүссэн байж болзошгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч эмч нарын мэдүүлгүүдийг хэрхэн үнэлсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.    

Дээрх байдлуудыг нэгтгэн, шүүгдэгч М.Б-н амь хохирогч С.Н-г цохисон үйлдлийн улмаас хохирогчид гавал тархины гэмтэл учирсан, тус учирсан гавал тархины гэмтлээс шалтгаантайгаар хохирогч нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байхаас гадна шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн нас барсан шалтгаан хоёр нь шууд холбоотой болох нь нотлогджээ гэж дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Харин анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын дагуу 82,500,000 төгрөгийг шүүгдэгч М.Б-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэнийнх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн гэм хор учирсан болохыг нотолсон баримт авагдаагүй байхын зэрэгцээ зөвхөн Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13/7398 дугаартай албан бичгийг үндэслэн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох боломжгүй юм. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/,-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.”-аар, 39 дүгээр зүйлийн  39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.

 Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэний сэтгэцэд гэм хор учирсан болохыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж заасны дагуу хуулийн шаардлага хангасан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд эдгээр үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн амь хохирогчийн оршуулгын зардалд  9,220,041 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 3,600,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,620,041 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.Б нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/1524 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-с 5,620,041 /таван сая зургаан зуун хорин мянга дөчин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-д олгосугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 88 /наян найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ  

 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                 ШҮҮГЧ                                                            М.АЛДАР