Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/296

 

  2024            03            06                                         2024/ДШМ/296

 

                                                             Д.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

хохирогч Д.Ө-н өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

яллагдагч Д.Х-н өмгөөлөгч М.Чинзориг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/98 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Д.Ө-н өмгөөлөгч Т.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлоор Д.Х-т холбогдох 2005 02676 0255 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овогт Д-н Х, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “М б” ХХК-д гүйцэтгэх захиралтай ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ................/;  

Яллагдагч Д.Х нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила төвийн орчим хохирогч Д.Ө-н “Rexton” загварын тээврийн хэрэгслийг худалдаж авъя, хэмээн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, урьдчилгаа төлбөр болох 10.000.000 төгрөгийг тухайн тээврийн хэрэгслийг “Н Юнион ХЗХ” Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж өгөн, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр багтаан төлнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч, их хэмжээний буюу 74.393.530 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Х-т холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал,

1. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай” 139 дугаартай тогтоол авагджээ. Уг тогтоолд “... Прокурор нь хэрэгт цугларсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзлээ. Учир нь, “Тангас” ХХК нь Налайх дүүргийн 8 дугаар хороонд баригдаж буй орон сууцны барилгаас гадна өөр газарт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байсан эсэх, Д.Х нь Налайх дүүрэгт баригдаж буй орон сууцнаас 3 өрөө байр авах эрхтэй байсан эсэх, эсвэл компанийн өмнөөс гэрээ хийх эрхтэй байсан эсэх, тухайн тээврийн хэрэгслийг компанийн нэрийн өмнөөс захиран зарцуулах эрхтэй байсан эсэхийг тодруулаагүй атлаа эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн гэж үзлээ” гэжээ. Гэвч энэхүү дээд шатны прокурорын тогтоолын дагуу ямар нэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүйгээр дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тиймээс дээрх ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай.

2. Дээрх прокурорын тогтоолоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааснаас хойш дахин ажиллагаа хийгээгүй, хавтаст хэргийн материалтай хэргийн оролцогч нарыг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно” гэж заасныг зөрчсөн байна. Иймд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн үндэслэлээр эрүүгийн 2005 02676 0255 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаажээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг анхаарч хийгдэх боломжтой ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Ө-н өмгөөлөгч Т.Эрдэнэбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хувьд шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу давж заалдах дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Хохирогч Д.Ө нь 2020 оны 02 дугаар сард импортоор оруулж ирсэн “Rexton sport” загварын автомашинаа авто угаалгын газарт угаалгаж байхдаа Д.Х гэгчтэй тааралдаж автомашиныг сонирхоход машин үйлдвэрлэгч улс, загвар, үйлдвэрлэсэн он, импортлогдсон он, хөдөлгүүрийн багтаамж, шатахууны төрөл, суудлын тоо гэх мэт техникийн үзүүлэлтийг танилцуулж, автомашиныг худалдах зорилготой байгаа талаар ярихад тэрээр маш ихээр сонирхож худалдаж авья гэсэн саналын дагуу 75.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Д.Х нь Д.Ө-той автомашин Худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлд шилжүүлж авах үедээ нэг ч төгрөгийн урьдчилгаа төлөөгүй ба төлбөрийг дараа бүрэн төлнө гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн өмчлөлд шилжүүлж авсан ба тухайн өдрөө “Н юнион” ББСБ-д автомашиныг 9.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, мөнгийг Д.Ө-н харилцах данс руу шилжүүлсэн байдаг. Д.Ө-н зүгээс Д.Х-н автомашин худалдаж авсны төлбөр, мөн төлбөрийн тодорхой хувийг ч өгөөгүй байхдаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, банк бус санхүүгийн байгууллагад өөрийн нэр дээр зээлийн барьцаанд тавьж захиран зарцуулсан үйлдэлд эргэлзэж, ямар ч төлбөргүйгээр өөрийн эд хөрөнгийг шилжүүлсэн тул эцэст нь залилуулж хохирч магадгүй гэсэн үүднээс Худалдах, худалдан авах гэрээ байгуулсны маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулсан байдаг. Автомашин Худалдах, худалдан авах, Орон сууц захиалан бариулах гэрээ нь тус тусдаа харилцаа бөгөөд өөрөөр хэлбэл Орон сууц захиалан бариулах гэрээнээс өмнө автомашин Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн Д.Ө нь өөрийн өмчлөлд байсан нэг автомашиныг Худалдах, худалдан авах, Орон сууц захиалан бариулах хоёр гэрээний төлбөрт тус тусад нь тооцож өгөх ямар ч боломжгүй, Д.Х нь зөвхөн автомашин Худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авч банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан байдаг. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл Д.Ө нь Д.Х-т автомашин худалдах зорилготой байснаас автомашиныг орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт тооцож өгөх зорилго байгаагүй, тэрээр автомашиныг худалдаж авахын тулд хохирогчийг хуурч, машины төлбөр 75.000.000 төгрөгийг төлнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон, мөн худалдах, худалдан авах гэрээнд машин худалдаж авсны төлбөрийг төлнө гэж заасан байгаагаас орон сууц захиалан бариулах талаар огт дурдагдаагүй, орон сууц захиалан бариулах гэрээнээс өмнө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.Х-н өмчлөлд автомашиныг шилжүүлсэн, дээрх хоёр гэрээ цаг хугацааны хувьд хоорондоо зөрүүтэй байгуулагдсан, тэрээр автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлж банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсны дараа өөрийн менежерээр ажилладаг “Тангас” ХХК-ийн барьж байгаа орон сууцанд захиалгын гэрээ байгуулсан зэргээс үзвэл Д.Х нь эхнээсээ гэрээгээр халхавчилж, залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Д.Х-н бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлд прокуророос өмнө нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн ба яллагдагчийн өмгөөлөгчөөс Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргаж, дээд шатны прокуророос гомдол, хэргийн материалыг хянаад прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Прокурорын тогтоолд “Т” ХХК нь Налайх дүүргийн 8 дугаар хороонд баригдаж буй орон сууцны барилгаас гадна өөр газарт орон сууцны барилга барьж байсан эсэх, Д.Х нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт буй орон сууцнаас 3 өрөө байр авах эрхтэй байсан эсэх, компанийн өмнөөс гэрээ хийх эрхтэй байсан эсэх, тухайн тээврийн хэрэгслийг компанийн нэрийн өмнөөс захиран зарцуулах эрхтэй байсан эсэхийг тодруулаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж дурдсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг нотолно” гэж заасан ба прокуророос Д.Х-т холбогдох зөвхөн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрила төвийн орчимд Д.Ө-н өмчлөлийн 75.000.000 төгрөгийн үнэтэй “Rexton sport” загварын автомашиныг худалдаж авъя гэж Худалдах, худалдан авах гэрээ байгуулж тухайн өдрөө “Н юнион” банк бус санхүүгийн байгууллагад уг автомашиныг 9.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, мөнгийг Д.Ө-н харилцах данс руу шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 74.393.530 төгрөгийн хохирол учруулж, залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс яллах дүгнэлтийн хүрээнд бус, яллах дүгнэлтэд тусгагдаагүй, хэрэгт ач холбогдолгүй асуудлыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг прокурорт буцаасанд гомдолтой байна. Иймд яллагдагч Д.Х-т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/98 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.Х-н өмгөөлөгч М.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн автомашинд шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчид танилцуулаагүй. Нийслэлийн прокурорын газраас өмгөөлөгч миний гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзээд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор яллах дүгнэлт хүчингүй болгосон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн материалыг оролцогч нарт танилцуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдалтай холбогдуулан анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг гаргасан. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын зүгээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Яллагдагчийн өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хавтаст хэргийн материал танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй гэсэн гомдол, хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс яллах дүгнэлт гардуулахаар яллагдагч болон түүний өмгөөлөгчид утсаар ярьж мэдэгдэхэд “шүүх дээр танилцана, очих боломжгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн тул хэргийг шүүхэд шилжүүлсэн. Бидний зүгээс холбогдох ажиллагааг хийсэн. Хохирогчийн зүгээс машин худалдах, худалдан авах гэрээнд байр барьцаалсан гэж тайлбарласан. Энэ байр нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан байр боловч бусдын өмчлөлд шилжсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаалаа гэхэд хэргийн материал танилцуулахаас өөр хийх ажиллагаа байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.         

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс Д.Х-т холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай” 139 дугаартай тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй, хавтаст хэргийн материалтай хэргийн оролцогч нарыг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт                   “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.

Яллагдагч Д.Х-т холбогдох хэрэгт нотолбол зохих бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” 1.6 дахь хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэргийг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоох шаардлагатай.

Тухайлбал, Д.Х нь Налайх дүүрэгт баригдаж буй орон сууцнаас 3 өрөө байр авах эрхтэй байсан эсэх, эсвэл компанийн өмнөөс гэрээ хийх эрхтэй байсан эсэх, тухайн тээврийн хэрэгслийг компанийн нэрийн өмнөөс захиран зарцуулах эрхтэй байсан эсэхийг нэг мөр тодруулснаар түүний гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хуульд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоох шаардлагатай байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Д.Ө-н өмгөөлөгч Т.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/98 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  хохирогч Д.Ө-н өмгөөлөгч Т.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ                                                 ШҮҮГЧ                                                                  Т.ШИНЭБАЯР

                     ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР